| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржсүрэнгийн Алтаннавч |
| Хэргийн индекс | 174/2024/0051/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/44 |
| Огноо | 2024-02-14 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Жамъяндорж, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 2024/ШЦТ/44
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтаннавч даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,
Улсын яллагч Б.Жамъяндорж,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн 2330003780017 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, .... оны ... дүгээр сарын ...-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, барилгын дотор засал чимэглэлийн ажил эрхэлдэг, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын .... дугаар баг .... тоотод оршин суух, Б овогт А-ын Э
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ буюу 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ... дугаар баг .... тоотод гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эмэг эх *******ыг “үглэлээ, мөнгө өгсөнгүй” гэх шалтгаанаар уурлаж түүний цээж, хоёр гарын бугалга, нуруу руу олон удаа гараараа цохиж эрүүл мэндэд нь “тархи доргилт, баруун, зүүн бугалга, цээж, нуруунд цус хуралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах мэдүүлэг, нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би тэр өдөр найзуудтайгаа хоёр пиво уусан. Тэгээд согтсоны улмаас ийм хэрэг үйлдчихлээ. Одоо би ажил хийгээд эрүүл мэндийн даатгалын санд гарсан төлбөрийг төлнө. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин ийм үйлдэл хийхгүй. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд буруу зүйл хийчихлээ. Эмээ минь намайг хараагаад байсан юм. Эмээгээс мөнгө нэхээгүй, эмээ минь яагаад ингэж хэлсэн байгааг гайхаж байна. Эмээгээсээ уучлалт гуйсан. Би эмээтэйгээ жаахан байхаасаа хамт амьдарсан. Эмээ минь үглээд байвал би гараад явчихдаг байсан.” гэв.
Эрүүгийн 2330000000209 дугаартай хэргээс:
2. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт (хх 27-28 дугаар хуудас),
Дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.
2. Эрх зүйн дүгнэлт:
2.1. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэдэгт “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан”-ыг ойлгоно.
Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэдэгт “Эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд, тусдаа амьдарч байгаа төрүүлсэн, үрчлэн авсан хүүхэд, төрсөн, үрчлэн авсан эцэг, эх, ах, эгч, дүү нар хамаарна” гэж Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд тодорхойлжээ.
Тодруулбал, шүүгдэгч ******* нь эмээтэйгээ хамт амьдардаг бөгөөд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эмээ *******ыг “мөнгө өгсөнгүй” гэх шалтгаанаар биед нь халдаж, зодон эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан нь хор уршиг бүхий гэмт үйлдлийн болон үр дагаврын хоорондох шалтгаант холбоог бүрдүүлж байна.
2.2. Шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсээр байж, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хохирогч *******ын биед халдаж эрүүл мэндэд нь “тархи доргилт, баруун, зүүн бугалга, цээж, нуруунд цус хуралт гэмтлүүд” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
2.3. Прокуророос шүүгдэгч *******ийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
3. Эрүүгийн хариуцлагын талаар:
3.1. Шүүхээс шүүгдэгч *******ийг “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан “эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх”, 6.6 дугаар зүйлд заасан “эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх” нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч *******ийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял” шийтгэхээр хуульчилжээ.
3.2. Шүүхийн хэлэлцүүлэгт талууд эрүүгийн хариуцлагын талаар:
3.2.1. Улсын яллагч: “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч ******* нь хохирогчоос уучлалт гуйж сайн дураараа эвлэрсэн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгч гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн, мөн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгчийг баривчлаагүй, цагдан хориогүй учир эдлэх ялд оруулан тооцуулах саналгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шүүгдэгчээс гаргуулах зардал байхгүй, хохирогчийн зүгээс гэмт хэргийн улмаас гарсан зардлыг Иргэний шүүхэд нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх, гэмт хэргийн улмаас хохирогч *******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны үед хохирол нэхэмжилсэн баримт гаргаж өгөөгүй болно. Хохирогч ******* нь өөрийн биед учирсан дээрх гэмтлийг үзүүлж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан байх бөгөөд түүний биед учирсан гэмтлийг эмчлэн эмчилгээ, тусламж, үйлчилгээ үзүүлсний төлбөр 1,354,000 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас олгосон, шүүгдэгч *******ээс Эрүүл мэндийн даатгалын сангаас олгосон дээрх төлбөрийг гаргуулж эрүүл мэндийн даатгалын санд буцаан олгуулах саналтай. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх” гэх,
3.2.2. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг: “Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Энэ зүйл ангид ялын сонголтууд байгаа тул түүний хийсэн хэрэгтээ дүгнэлт хийж гэмшиж байгаа, хохирогчоос уучлалт гуйсан, мөрдөн байцаалтын шатнаас хийсэн хэргээ үнэн зөв мэдүүлсэн, анх удаа гэмт хэрэгт холбогдож байгаа, мөн түүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж түүнд 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг оногдуулж өгнө үү” гэх санал, дүгнэлтийг гаргаж мэтгэлцэв.
3.3. Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хөнгөн” ангиллын гэмт хэрэгт холбогдсон, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, үйлдсэн гэмт хэрэгт оногдуулах ялыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Сүхбаатар аймагт оршин суух хаягтай боловч Улаанбаатар хотод ажил хөдөлмөр эрхэлдэг зэргийг үндэслэн улсын яллагчаас 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх, өмгөөлөгчөөс 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах санал гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзсэн болно.
Хохирогч “...гаргах гомдол санал байхгүй. Миний сэтгэл санаанд ямар нэгэн хор уршиг учраагүй” (хх 91) гэж хүсэлт гаргасан, шүүгдэгч хохирогчоос уучлалт гуйж, хохирогчтой эвлэрсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгийн торгох ял оногдуулахаар шийдвэрлэж, түүний цалин хөлс, бусад орлого олох боломж, торгуулийн хэмжээ зэргийг харгалзан дээрх ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
4.1. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан бөгөөд хохирогч ******* нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хор, сэтгэл санааны хохиролтой холбоотой нэхэмжлэл гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Хохирогч энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой зардлын нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхих нь зүйтэй гэж үзлээ.
4.2. Хохирогч ******* нь өөрт учирсан гэмтэлтэй холбоотойгоор эмнэлгээс 1,354,000 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан бөгөөд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.1-т “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж зааснаар Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсээс нэхэмжилсэн хохирогч *******ын эмчилгээний төлбөр 1,354,000 төгрөгийг шүүгдэгч Б.Эрдэнэбилэгээс гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэх нь зүйтэй.
5.1. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон хураан авсан эд зүйлгүй, иргэний бичиг баримт хавсаргагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болно.
5.2. Шүүгдэгч Б.Эрдэнэбилэг нь энэ гэмт хэргийн улмаас 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 09 цаг 30 минутаас 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 12 цаг 00 минут хүртэлх хугацаанд саатуулагдсан болох нь эрх бүхий албан тушаалтны 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн “Согтуурсан мансуурсан хүнийг саатуулах тухай” тогтоол, “Саатуулсан хүнийг сулласан тухай тэмдэглэл” (хх 52)-ээр тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно.”, 2 дахь хэсэгт “Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож эдлэх ялаас хасна.” гэж хуульчилсан байх тул түүний саатуулагдсан хугацааг торгох ялаас хасаж тооцох нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.2, 36.3, 36.5, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт А-ын Э-ийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******т оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч *******т шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эрдэнэбилэгээс 1,354,000 (нэг сая гурван зуун тавин дөрвөн мянга) төгрөгийг гаргуулж Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.
7. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч ******* гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдсугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******ийн саатуулагдсан 1 (нэг) хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
9. Хохирогч ******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
11. Шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан болон хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАННАВЧ