| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Халамханы Мейримбек |
| Хэргийн индекс | 110/2020/0469/И |
| Дугаар | 130/ШШ2020/00878 |
| Огноо | 2020-08-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 08 сарын 20 өдөр
Дугаар 130/ШШ2020/00878
Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулах, Р ХХК /захирал Н.Б/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б аймгийн Ө сумын 9 дүгээр багт оршин суух, Б овогт Ж.А-д /РД:000000 , утас: 000000/-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Серикжан, хариуцагч Ж.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хундыз нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 119000 төгрөг, алданги 59500 төгрөг, нийт 178500 төгрөг гаргуулах тухай.
Нэхэмжлэгч Р ХХК-ийн захирал Н.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Ж.А нь манай компанитай 2018 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 20 хоногийн хугацаатай зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээний дагуу А-92 маркын 119000 /70 литр х 1700 төг/ төгрөгийн үнэ бүхий шатахууныг худалдаж авсан. Гэрээнд заасан хугацаа дуусч манай компанийн зүгээс зээлдэгч Ж.Аоос зээлээр худалдаж авсан шатахууны үнийг төлөхийг удаа дараа шаардсан боловч төлөхгүй гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж байна. Гэрээнд зааснаар зээлдэгч нь төлбөр тооцоог гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хэтэрсэн хоног тутамд үлдэгдэл үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлөхөөр тохиролцсон.
2018 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүртэл 871 хоног хэтрүүлсний алдангийг тооцоолоход 119000 төгрөг х 0,5%=595 х 871 хоног=518245 төгрөг болж байна.
Тухайн алдангийн хэмжээ нь үндсэн төлбөрийн 50 хувиас хэтрэхгүй байх гэсэн Иргэний хуульд заасан зарчмыг үндэслэн гүйцэтгэгдээгүй үнийн дүнгийн 50 хувиар тооцоход алданги нь 59500 төгрөг болж байна. Иймд хариуцагч Ж.Аоос үндсэн зээл болох 119000 төгрөг, алданги 59500 төгрөг нийт 178500 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Хариуцагч Ж.А 2018 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 20 хоногийн хугацаатай зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээний дагуу А-92 маркийн 119 000 /70 литр*1700 төгрөг/ төгрөгийн үнэ бүхий шатахууныг худалдаж авсан. Гэрээнд заасан хугацаа дуусч тус компанийн зүгээс зээлдэгч Ж.Ааас зээлээр худалдаж авсан шатахууны үнийг төлөхийг удаа дараа шаардсан боловч төлөхгүй гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн. Гэрээгээр төлбөр тооцоог гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хэтэрсэн хоног тутамд үлдэгдэл үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлөхөөр тохиролцсон. 2018 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр шаардах эрх үүссэн ба шүүх нэхэмжлэл гаргах өдөр хүртэл 871 хоног хэтрүүлсний алдангийг тооцоолоход 518245 төгрөг болж байна. Алдангийн хэмжээ нь үндсэн төлбөрийн 50 хувиас хэтрэхгүй байх гэсэн Иргэний хуульд заасан зарчмыг үндэслэн гүйцэтгээгүй үнийн дүнгийн 50 хувиар тооцоход алданги нь 59500 төгрөг болж байна. Хариуцагчийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбараас үзэхэд уг төлбөрийг би хариуцахгүй би бензин авсан нь үнэн гэхдээ уг төлбөрийг Онцгой байдлын газар хариуцах ёстой гэсэн тайлбар ирүүлсэн. Хавтаст хэрэгт авагдсан худалдах, худалдан авах гэрээнээс үзэхэд бол Р ХХК-иас иргэн хүнтэй байгуулагддаг маягт бөглөгдсөн байсан, аж ахуйн нэгж байгууллагатай байгуулдаг гэрээний маягт өөр байдаг. Хариуцагч Онцгой байдлын газар хариуцах ёстой гэж хэлж байгаа боловч хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтад бол зээлээр худалдах, худалдан авах үүргээ Онцгой байдлын газарт шилжүүлсэн талаарх нотлох баримт байхгүй. Хариуцагч өчигдөр надтай утсаар холбогдоод би эвлэрэх хүсэлттэй байна танай захиралтай ярьсан гэж ярьсан “та ядаж Онцгой байдлын газраас хариуцна гэсэн тодорхойлолт ч бай аваад ир” гэж хэлсэн хугацаа бол хангалтай байсан боловч нотлох баримт гаргаж өгч чадаагүй. Иймд гэрээгээр хүлээсэн үүргээ Онцгой байдлын газар хэрэгжүүлэх ёстой гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Миний хувьд бол энэ байгууллагыг төлөөлж олон удаа шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа. Н.Бейбитхан захиралтай байнгын уялдаа холбоотой ажилладаг өнөөдрийг хүртэл надад “хариуцагчийн тайлбар үндэслэлтэй шүү, хариуцагчийн хэлснээр хийгээрэй” гэсэн ямар нэгэн зүйл хэлээгүй. Тийм учраас нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. Нэмж хэлэхэд өнөөдрийн шүүх хуралдаанаар энэ асуудал шийдэгдсэний дараа ч зохигчид төлбөр төлөгч, төлбөр авагчийн хувьд хоорондоо тохиролцох боломжтой. Өнөөдрийн хувьд бол хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байх гэв.
Хариуцагч Ж.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр аймгийн Онцгой байдлын газрын харьяа Улсын нөөцийн салбарын харуул Хавдрахман овогтой Серикболын Толбо сумын Хонгор өлөн багийн Үргэнчилэх гэдэг газарт оршин суудаг Абайхан гэдэг ах нь нас барсан.
Байгууллагын зүгээс тусламж үзүүлэх, буяны ажилд оролцуулах зорилгоор тухайн үеийн Онцгой байдлын газрын дарга хурандаа Ц.П Улсын нөөцийн салбарын дарга хошууч Ж.А миний бие болон Улсын нөөцийн салбарын нярав А.Е, галч, үйлчлэгч А.М, жолооч М.Х бид нарыг томилж албаны УАЗ маркийн 00000 дугаартай машинаар явуулсан.
Тухайн өдрийн УНС-ийн ээлжийн харуул бидэнд оршуулгын ажилд явах болсныг 01 дүгээр сарын 03-ны өдрийн 19 цагийн үед мэдэгдсэн. Бид Онцгой байдлын газрын даргатай утсаар холбогдоход та нар байгууллагыг төлөөлж буяны ажилд оролцох ирээрэй, одоогоор санхүүжилт хуваарилагдаж ирээгүй тул бензинийг Р ХХК-ийн шатахуун түгээх газраас аваад бичиг баримтаа нягтлан бодогч М.Е-д өгөөрэй, дараа нь шилжүүлж өгөх болно гэж хэлсэн.
01 дүгээр сарын 05-ны өглөө бид эрт Р ХХК-ийн захиралтай утсаар холбогдож, зээлээр А80 бензин 70 литрийг авч, ирсний дараа холбогдох бичиг баримтыг тухайн үеийн Онцгой байдлын газрын нягтлан бодогч М.Е-д хүлээлгэж өгсөн. М.Е 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр шөнө эрт нас барсан. Миний бие Ж.А нь 01 дүгээр сарын 18-ний өдрөөр тасалбар болгож бүх тооцоогоор нэг бүрчлэн хийж тэтгэвэрт гарсан. 2019 онд Р ХХК нь намайг дуудаж нэг удаа асуусан, би Онцгой байдлын газар төлнө гэдгийг ойлгуулж хэлсэн. Буяны ажилд гарахад болон аймагт орж ирэнгүүт журмын дагуу Онцгой байдлын газрын жижүүрт бүртгүүлж байсан. 2019 оны эхэнд нягтлан бодогч М-д Р ХХК нь шатахууны үнийг нэхэж байна гэхэд надад бид шилүүлж өгөх болно гэж хэлж байсан. Түүнээс хойш бид байгууллага төлж барагдуулсан гэж бодож байсан. Буянт ажилд биднийг албан ёсны томилж албаны машинаар явуулсан тул энэ шатахууны үнийг бид төлөх ямар ч үндэслэл байхгүй байгаа талаар тайлбараа хүргүүлж байна гэжээ.
Хариуцагч Ж.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр аймгийн Онцгой байдлын газрын нэг албан хаагчийн аав нь нас бараад байгууллагын зүгээс тусламж үзүүлэх, буяны ажилд нь оролцуулах зорилгоор 5 албан хаагчийг төлөөлүүлж явуулсан. Бид нарт орой 19:00 цагийн үед хэлж, одоогоор санхүүжилт хуваарилагдаж ирээгүй тул бензинийг дурын шатахуун түгээх газраас аваад бичиг баримтаа өгөөрэй, тооцоог өөрсдөө хийнэ гэж хэлсэн байсан. Би бензин авахдаа нэг гарын үсэг л зурсан. Тэтгэвэрт гарсны дараа ирж гэрээ хийсэн. Би буяны ажлаас ирээд бензин авсан баримтуудаа нягтлан бодогчид хүлээлгэж өгсөн. 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр би тэтгэвэрт гаргасан, 2018 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Онцгой байдлын нягтлан М.Е гэнэт нас барсан байсан. Тэгээд энэ асуудал тэр чигтээ хаягдсан. Өчигдөр Онцгой байдлын даргатай утсаар ярихад шинэ нягтлан бодогчид тайлбарлаж өгсөн тэр мөнгийг бид нар өөрсдөө төлчихнө гэж хэлсэн. Би тэр маргаан бүхий бензинийг авснаа хүлээн зөвшөөрч байгаа гэхдээ Онцгой байдал төлөх үүрэгтэй байсан. Би нэхэмжлэлийг хүлээн аваад ирж хариу тайлбар бичиж өгсөн. Дараа нь зусланд байгаа болохоор ирж чадаагүй өчигдөр Онцгой байдлын газрын даргатай утсаар яриад учраа хэлэхэд тэр мөнгийг бид төлнө гэхдээ та Р ХХК-нд хүсэлт гаргаад хүүг нь төлүүлэхгүй байх арга хэмжээ авч өгөөч гэсэн. Дараа нь би Р ХХК-ийн захиралтай яриад Онцгой байдлын газраас бензиний үндсэн үнийг төлж өгье харин хүүг нь төлөх боломжгүй байна гэж байна гэхэд болно гээд тохиролцсон байсан. 119000 төгрөгийн төлөө заавал өнөөдөр ингэж шүүх хуралдаан хийх шаардлагагүй байсан, эвлэрээд шийдчих асуудал байсан. Би гэрээ байгуулахдаа Р ХХК-ийн нягтлан бодогчид “би байгууллагыг төлөөлж явсан хүн тийм болохоор гэрээний дагуу Онцгой байдлын газраас нэхэж аваарай” гэж хэлсэн байсан нэг ч удаа нэхэмжлэлээ өгөөд нэхээгүй байна гэв.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судалж,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Р ХХК нь хариуцагч Ж.Аоос зээлээр авсан шатахууны үнэ 119000 төгрөг, алданги 59500 төгрөг, бүгд 178500 төгрөг гаргуулахыг шаарджээ.
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Р ХХК нь хариуцагч Ж.А-той 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээгээр Р ХХК нь зээлдэгч Ж.Ад А92 маркийн нэг бүр нь 1700 төгрөгийн үнэ бүхий 70 литр нийт 119000 үнэ бүхий нефтийн гаралтай бүтээгдэхүүнийг 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл 20 хоногийн хугацаатайгаар худалдан авсан байна.
Хариуцагчаас дээрх гэрээгээр зээлээр шатахуун авсан болон гэрээ байгуулж гарын үсэг зурсан талаар маргаагүй байх ба харин уг шатахууны тооцоог ажиллаж байсан байгууллага болох аймгийн Онцгой байдлын газар хариуцах ёстой гэж тайлбарлажээ.
Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар ... өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд тайлбарт дурдсан үйл баримтын талаарх нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй тул хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Дээрх гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд үлдэгдэл үнийн 0.5%-тай тэнцэх алдангийг төлөхөөр харилцан тохиролцсон тул нэхэмжлэгч нь алданги төлүүлэхээр шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгч талаас хугацаанд төлөгдөөгүй төлбөр болох 119000 төгрөгт 2018 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл буюу 871 хоногт Иргэний хуулийн дээрх заалтаар тооцоход хугацаа хэтэрсэн хоног тутамд 595 /119000 х 0,5% = 595/ төгрөгийн алданги төлөхөөр байх ба нэхэмжлэгчийн нэхэмжлэлд тусгасан 871 хоногт алданги тооцоход 518245 /595 х 871 хоног = 518245/ төгрөгийн алданги төлөхөөр байгаа боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан байх тул алдангийн хэмжээг хариуцагч Ж.А-ын гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 119000 төгрөгийн 50 хувь болох 59500 төгрөгөөр тогтоож хариуцагчаас гаргуулан Р ХХК-д олгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасныг баримтлан Ж.Аоос шатахууны үнэ 119000 төгрөг, алданги 59500 төгрөг, бүгд 178500 /нэг зуун далан найман мянга таван зуун/ төгрөгийг гаргуулан Р ХХК-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6005 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Ж.Аоос 6005 төгрөг гаргуулан Р ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М