Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 113

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, нарийн бичгийн дарга Х.Дашням, улсын яллагч Ж.Энхжаргал, шүүгдэгч П.Ганбаатар, түүний сонгон авсан өмгөөлөгч Ц.Гансүх (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 1019) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тээврийн прокурорын газраас Цэцэн овогт Пүрэвжавын Ганбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2. дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2016 2400 1080 дугаартай хэргийг 2017 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Цэцэн овогт Пүрэвжавын Ганбаатар, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1964 оны 10 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, УБЦТС ХХК-д жижүүр, монтёр ажилтай, ам бүл дөрөв, эхнэр, хоёр хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 61-701б тоотод оршин суух, регистрийн дугаар: ТЖ64100571, урьд ял шийтгүүлж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч П.Ганбаатар нь 2016 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг 52-ын давааны замд “Тоёота Ист” загварын 49-42 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.11. дэх хэсэг “Жолооч урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний зайг хөдөлгөөний хурдаас хамааруулан сонгож явна” гэснийг зөрчсөний улмаас Ч.Амартөгсийн жолоодож явсан “Самсунг ЭсЭм-5” загварын 49-98 УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж Ч.Амартөгсөд 1.020.000 төгрөгийн шууд, 1.230.400 төгрөгийн нийт хохирол, зорчигч Д.Отгонбаярын биед хүнд гэмтэл учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2. дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтыг үндэслэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 296 дугаар зүйлийн 296.1. дэх хэсэгт зааснаар ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:

1. Шүүгдэгч П.Ганбаатар: Би 2016 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Дархан хотоос 14 цагийн үед эхнэр, эхнэрийн зүс таних Отгонбаяр түүний зээ охинтой нь цуг Улаанбаатар хот руу явсан. 52-ын даваа уруудаад 61 гарамын наана тэмээтэй хөшөөний ойролцоо явж байхад урд талын машин гэнэт тоормос гишгэсэн. Тэгэхээр нь би зүүн тийш дарах гэхэд том оврын ачааны автомашин урдаас ирсэн, баруун тийшээ дарахад Приус-11 загварын ногоон өнгийн автомашин урдаас ирсэн. Би машиныхаа тоормосыг гишгээд урд талын автомашиныг мөргөсөн. Машины ард сууж байсан Отгонбаяр “гар эвгүй болчихлоо” гэж хэлсэн. Би машинаасаа буугаад цагдаа, түргэн дуудаад урд талын мөргөсөн машины хүмүүстэй уулзсан. Отгонбаярыг замын машинд суулгаж явуулсан. Отгонбаярыг эмнэлэгт байх хугацаанд 5-6 удаа эргэсэн, уучлалт гуйсан гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримт: (Эрүүгийн 2016 2400 1080 дугаартай хэргээс)

1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилт хийсэн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 3-8 дугаар хуудас),

2. Хохирогч Д.Отгонбаярын мөрдөн байцаалтад өгсөн: 2016 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 14 цагийн үед Улаанбаатар хот руу явахаар Дархан-Уул аймгийн авто вокзал орсон. Шуудангийн автобус явчихсан байхаар нь дараагийн автобусыг хүлээгээд байж байхад Мөнхбаяр эгч машинтай явж байхаар нь уулзаад “Улаанбаатар хот руу явах гэж байна” гэхээр нь машины арын суудалд суусан. Тухайн үед Мөнхбаяр эгчийн нөхөр нь машин жолоодож явсан. Тэгээд 17 цагийн үед 61-ийн гарам орох гээд явж байхад өөдөөс том оврын ачааны автомашин ирж байхаар нь би айгаад хажуу тийшээ харж байхад урд сууж явсан Мөнхбаяр эгч болон жолооч ах хоёр “хүүе, юу болж байнаа” гэхээр нь би “за нэг юм болохоо байлаа” гэж бодоод суудлын голд сууж байсан зээ охиноо баруун гар талдаа тэвэрч авах үед машин нэг юм мөргөөд зогссон. Тэгээд машинаас буух гээд хаалгаа онгойлгох гэтэл баруун гар хөдлөхгүй байхаар нь өшиглөж онгойлгоод машинаас буусан. Миний баруун гар санжиганаж байсан. Би осол яаж гарсныг хараагүй. Машинд Мөнхбаяр эгч, нэг хүүхэд, би зээгийн хамт, жолооч бид тав явж байсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй… гэх мэдүүлэг  (хх-ийн 19 дүгээр хуудас),

3. Гэрч С.Оюун-Эрдэнийн мөрдөн байцаалтад өгсөн: ...61-ийн гарам орчимд явж байхад эсрэг урсгалд явсан ачааны машины араас ногоон өнгийн Приус загварын автомашин урсгал сөрөөд гараад ирэхэд, Амартөгс ах машины хурдыг саагаад зөөлөн явахад өөдөөс орж ирсэн машин зүүн гар тал руугаа замаас гарч явах үед араас тас хийгээд л явсан. Машинаасаа буухад манай машины хойноос машин мөргөсөн байсан. Амартөгс ах машин жолоодож явсан. Цэцгээ эгч жолоочийн хажуу талд, би жолоочийн хойно, манай нөхөр бас арын суудалд сууж явсан... гэх мэдүүлэг (хх-ийн 29 дүгээр хуудас),

4. Гэрч Б.Болорбатын мөрдөн байцаалтад өгсөн: Тухайн өдөр амралтын өдөр байсан. Орхон аймгаас Улаанбаатар хот руу Амартөгс ахын машинтай эхнэр Оюун-Эрдэнэ, Амартөгсийн эхнэр Цэцгээ, түүний охин Маралаа нарын хамт 52-ын даваа орохоор тэмээтэй хөшөөний орчим явж байхад эсрэг урсгалд явсан ачааны машины араас ногоон өнгийн Приус загварын автомашин урсгал сөрөөд гараад ирсэн. Жолооч Амартөгс ах хурдаа хасаад тоормос гишгэсэн. Тэгтэл нөгөө өөдөөс орж ирсэн автомашин манай машиныг мөргөлгүй зүүн гар тал руугаа замаас гараад хунгар руу орох үед “энэ чинь яаж байна аа” гэж хэлэхийн зуургүй араас тас хийгээд л явчихсан. Машинаас буухад араас машин мөргөсөн байсан. Их хүчтэй мөргөсөн. Би ногоон өнгийн Приус загварын машин руу очиход нэг эмэгтэй хүүхэдтэйгээ хамт байсан. Мөргөсөн машин дээр буцаж очиход, арын суудалд сууж явсан эгч “гар хөдлөхгүй байна” гэж хэлэхээр нь гарыг нь Цэцгээ эгч сойж боогоод замаар явсан машинд суулгаад эмнэлэг рүү явуулсан. Амартөгс ах машин жолоодоод, Цэцгээ эгч жолоочийн хажуу талд, эхнэр бид хоёр арын суудалд сууж явсан. Манай автомашиныг мөргөсөн автомашины жолооч нас тогтсон ах байсан... гэх мэдүүлэг (хх-ийн 30 дугаар хуудас),

5. Гэрч Г.Ганзоригийн мөрдөн байцаалтад өгсөн: С.Отгонболог нь манай эхнэр байгаа юм. Есөн жил машин жолоодож байгаа. Энэ хугацаанд ямар нэгэн зам тээврийн осол гаргаж байгаагүй. Тухайн өдөр миний машиныг зөвшөөрөлтэй жолоодож явсан. Манай эхнэрт замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн буруу байгаа. Гэхдээ эсрэг урсгалд орж автомашин мөргөөгүй, харин чигээрээ явсан машины араас мөргөсөн машины жолоочийн буруу гэж бодож байна. Отгонболог нь томоотой, төлөв даруу, нийтэч зантай, ямар нэгэн муу зуршилгүй... гэх мэдүүлэг (хх-ийн 27 дугаар хуудас),

6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 195 дугаартай: Д.Отгонбаярын биед баруун атгаал ясны дээд 1/3 хэсгээс толгой хэсэг рүү үргэлжилсэн сэлтэрхий үүссэн далд хугарал гэмтэл, мэс заслын дараах байдал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.6.2. дахь хэсэгт зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. гэх дүгнэлт (хх-ийн 35 дугаар хуудас),

7. Вендо хөрөнгийн үнэлгээний газрын Ч.Амартөгсийн эзэмшлийн “Самсунг Эс Эм-5” загварын автомашинд 1.020.000 төгрөгийн шууд, 1.230.400 төгрөгийн нийт хохирол учирсан гэх үнэлгээний баримт (хх-ийн 47 дугаар хуудас),

8. Техникийн шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 06 дугаартай:

- 19-40 УНЭ дугаартай Тоёота Приус загварын автомашины жолооч С.Отгонболог нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1. дэх хэсэгт заасан “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө дараах нөхцлүүдийг анхаарч мэдсэн байвал зохино: а/ уг үйлдлийг гүйцэтгэхэд хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэх; б/ өөдөөс болон араас яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулж болзошгүй эсэх;” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.

- 42-92 УНК дугаартай Тоёота Ист загварын автомашины жолооч П.Ганбаатар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.11. дэх хэсэгт заасан “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүний мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна.

- 49-98 УБА дугаартай Самсунг Эс Эм-5 загварын автомашины жолооч Ч.Амартөгс нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна гэх дүгнэлт (хх-ийн 61-62 дугаар хуудас),

9. Техникийн шинжээч Б.Батзоригийн мөрдөн байцаалтад өгсөн: 19-40 УНЭ улсын дугаартай Тоёота Приус загварын автомашины жолооч С.Отгонболог нь зам тээврийн осол гарах нөхцөл байдлыг үүсгэсэн боловч хор уршиг учруулаагүй, осол хэрэг гарахад шууд нөлөө үзүүлээгүй. Жолооч С.Отгонболог нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн нь захиргааны арга хэмжээ авах үндэслэл болно. 42-92 УНК дугаартай Тоёота Ист загварын автомашины жолооч П.Ганбаатар нь урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй, шүргэхгүй байх хэмжээний хоорондын зайг сонгож яваагүйн улмаас урдаа явсан автомашины хойноос мөргөж, зорчигч Д.Отгонбаярын биед хүнд гэмтэл учруулсан. Уг зам тээврийн осол гарахад шууд нөлөө үзүүлж, хор уршиг учруулсан... гэх мэдүүлэг (хх-ийн 63 дугаар хуудас),

10. С.Отгонбологийн мөрдөн байцаалтад сэжигтнээр өгсөн: 2016 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 16 цаг өнгөрч байхад нөхөр Г.Ганзоригийн эзэмшлийн 19-40 УНЭ улсын дугаартай Тоёота Приус загварын автомашиныг жолоодоод найман настай эрэгтэй хүүхдийнхээ хамтаар Төв аймгийн Баянчандмань руу гэртээ харихаар ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо 52-ын даваа орохоор ойролцоогоор 40-50 км/цагийн хурдтай явж байсан. Тухайн өдөр гадаа гэгээтэй, үзэгдэх орчин чөлөөтэй, зам хуурай, гадаа нартай дулаахан байсан. Миний урд том оврын ачааны машин явж байсан. Уг автомашиныг гүйцэж түрүүлэхээр эсрэг урсгал руу орж харахад, эсрэг урсгалд нэг машин нэлээд хол зайтай ирж байгаа харагдахаар нь хажуу талаар нь гүйцэж түрүүлэхээр ороход, нөгөө том оврын ачааны автомашин хурдтай яваад байхаар нь буцаад том машины ард орох гэхэд миний ард нэг машин ойрхон байхаар нь тэр чигээрээ эсрэг урсгалд орсон. Тэр үед тоормос гишгэхэд гулгачих гээд байхаар нь замын хажуу талын цас руу явж орсон. Намайг замаас гарч зогсоход, миний өөдөөс ирж байсан автомашины хойноос нэг автомашин мөргөсөн. Би машинтай мөргөлдөөгүй. Эсрэг урсгалд ирж байгаа машин их хурдтай явж байсан. Намайг анх харахад 400 орчим метрийн зайтай харагдсан, тэгээд эсрэг урсгалд орох үед 100-150 орчим метрийн зайтай ороод ирэхээр нь зүүн гар тул руу буюу ертөнцийн зүгээр баруун зүг рүү орж, замын хажуу талын цастай шороон хэсгээр урсгал сөрж байгаад, замын хажуугийн цас руу орсон... гэх мэдүүлэг (хх-ийн 76 дугаар хуудас),

11. Шүүгдэгч П.Ганбаатарын мөрдөн байцаалтад сэжигтнээр өгсөн: 2016 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 13 цагийн үед би өөрийн 42-92 УНК улсын дугаартай Тоёота Ист загварын автомашиныг жолоодоод эхнэр Мөнхбаяр, зээ хүү Бат-Ээл, мөн танил Отгонбаяр түүний зээ охины хамт Дархан-Уул аймгаас Улаанбаатар хот руу явсан. Ингээд 16 цагийн үед ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа 65 орчим км/цагийн хурдтай 52-ын давааны орчимд явж байхад, миний урд явсан саарал өнгийн суудлын автомашин огцом тоормос гишгэхээр нь зүүн гар тийшээ жолоогоо дараад хажуу талаар нь гарах гэсэн боловч эсрэг урсгалд том оврын ачааны автомашин ирж байхаар нь буцаад баруун гар тийшээ жолоогоо дараад баруун талаар нь орох гэтэл приус загварын автомашин ороод ирэхээр нь тоормос гишгэсэн боловч чигээрээ буюу урдаа явсан саарал өнгийн автомашины хойноос мөргөсөн. Би автомашинаа зогсоохоор тоормос гишгэсэн. Миний урд явсан автомашин бүрэн зогссон эсэхийг мэдэхгүй байна. Би архи уугаагүй байсан. Би Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.11. дэх заалтыг зөрчсөнөө хүлээн зөвшөөрч байна... гэх мэдүүлэг (хх-ийн 78 дугаар хуудас),

12. Шүүгдэгч П.Ганбаатарын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: Урьд сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ хэргийн талаар дэлгэрэнгүй ярьсан, нэмж ярих зүйл байхгүй... гэх мэдүүлэг (хх-ийн 80 дугаар хуудас),

13. Шүүгдэгч П.Ганбаатарыг согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг багаж (драгер)-аар шалгахад: “0.0% буюу согтууруулах ундаа хэрэглээгүй болох нь тогтоогдов” гэсэн магадлагаа (хх-ийн 92 дугаар хуудас),

14. Тээврийн прокурорын газрын 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 09 дугаартай: Эрүүгийн 2016 2400 1080 дугаартай хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2. дахь хэсэгт зааснаар сэжигтнээр татагдсан Самбуугийн Отгонбологт холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1. дэх хэсэг заасан “гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй”  гэсэн үндэслэлээр мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1. дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосон тогтоол (хх-ийн 116-117 дугаар хуудас),

15. С.Отгонбологийг Захиргааны хариуцлагын тухай хуульд зааснаар 8000 (найман мянга) төгрөгөөр торгосон шийтгэвэр (хх-ийн 115 дугаар хуудас),

Мөн шүүгдэгч П.Ганбаатарын хувийн байдалтай холбоотой баримт болох ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 97), иргэний үнэмлэхийн лавлагаа, хорооны тодорхойлолт (хх-ийн 90-91), гэрч С.Мөнхбаярын мэдүүлэг (хх-ийн 25), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, гэм хорыг төлсөн талаарх баримт (хх-ийн 111, 112) зэрэг нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, эдгээрийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн дүгнэлтийн үндэслэл болгон үнэлэв.

Шүүгдэгч П.Ганбаатар нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн гэм бурууг хүлээн мэдүүлсэн нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар батлагдаж байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 82 дугаар зүйлийн 82.2. дахь хэсэгт зааснаар түүний мэдүүлгийг яллах үндэслэл болголоо.

Гурав. Шүүхээс тогтоосон үйл баримтын талаар:

Шүүгдэгч П.Ганбаатар нь 2016 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг 52-ын давааны замд “Тоёота Ист” загварын 42-92 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.11. дэх заалт буюу “Жолооч урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний зайг хөдөлгөөний хурдаас хамааруулан сонгож явна” гэснийг зөрчсөний улмаас Ч.Амартөгсийн жолоодож явсан “Самсунг ЭсЭм-5” загварын 49-98 УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж Ч.Амартөгсөд 1.020.000 төгрөгийн шууд, 1.230.400 төгрөгийн нийт хохирол, зорчигч Д.Отгонбаярын биед хүнд гэмтэл учруулсан болох нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн П.Ганбаатарын мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан буюу хэрэгт цугларсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг няцаан үгүйсгэх баримт байхгүй, мөн шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн зүгээс шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, мэтгэлцээгүйг тэмдэглэх нь зүйтэй.

Шүүх П.Ганбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2. дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих бүх асуудлыг нотолсон, прокурорын зүйлчлэл тохирсон гэж үзлээ.

Прокурор яллах дүгнэлт үйлдэхдээ шүүгдэгч П.Ганбаатарын жолоодож явсан тээврийн хэрэгслийн улсын дугаарыг 49-42 УНК гэж ташаа бичсэн нь техникийн шинжтэй зөрчил гэж үзэхээр байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтаар “42-92 УНК” болох нь эргэлзээгүй нотлогдсон төдийгүй шүүхийн хэлэлцүүлгээр тээврийн хэрэгслийн улсын дугаартай холбоотой маргаан гараагүй, мөн энэ зөрчил нь гэмт хэргийн зүйлчлэл, ял шийтгэлд нөлөөлөхөөргүй байх тул шүүхээс шүүгдэгч П.Ганбаатарын жолоодож явсан тээврийн хэрэгслийн улсын дугаарыг “42-92 УНК” хэмээн хэргийн үйл баримтыг зөвтгөснийг  дурдах нь зүйтэй.

Дөрөв. Гэм буруу, ял шийтгэлийн талаар:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1. дэх хэсэгт зааснаар зөвхөн шүүгдэгчийн хувьд, гагцхүү түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор хянан хэлэлцэж, шүүхээс тогтоосон үйл баримтаас дүгнэвэл; шүүгдэгч П.Ганбаатарыг “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчих” гэмт хэргийг бусдын бие махбодод хүнд гэмтэл учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2. дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл судалгаа, технологийн төвийн лавлагааны санд бүртгэгдээгүй (хх-ийн 97) байх тул шүүгдэгч П.Ганбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүндэвтэр гэмт хэргийг анх удаа үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч П.Ганбаатар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, гэмт хэрэг үйлдсэн даруйдаа хохирогчид эмнэлгийн болон бусад тусламж үзүүлснийг тус тус ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээг тогтоолоо. Харин хуульд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг тэмдэглэв.

Тэрээр хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлсэн бөгөөд түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн болон ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүх түүнд оногдуулсан хорих ялыг тэнсэж, Цагдаагийн байгууллагын хяналтад байлгах боломжтой гэж үзэв.

Хорих ял тэнсэгдсэн ялтанд хяналт тавих үүргийг П.Ганбаатарын байнга оршин суух буюу Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 61-701б тоот хаягийн харьяаллаар Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтэст даалгалаа.

Тав. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

Хохирогч Д.Отгонбаяр гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлын талаар ямар нэгэн баримт гаргаж өгөөгүй боловч шүүгдэгч П.Ганбаатар нь түүнд нийт 971.500 төгрөг өгч, гэмт хэргийн улмаас учирсан гэмтлийн эмчилгээний зардал бүхий шууд хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн, мөн иргэний нэхэмжлэгч Л.Амартөгсийн гэм хорыг арилгасан болох нь;

- хавтаст хэргийн 19 дүгээр хуудсанд авагдсан хохирогч Д.Отгонбаярын мэдүүлэг,

- иргэний нэхэмжлэгч Л.Амартөгсөд 1.300.000 төгрөг төлсөн талаарх хавтаст хэргийн 111, 112 дугаар хуудсанд авагдсан бэлэн мөнгө хүлээлгэн өгсөн баримтаар тус тус нотлогдож байна.

Иймд шүүх шүүгдэгч П.Ганбаатарыг хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Зургаа. Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний гадаад улсад зорчих эрхийг хязгаарлаагүй, жолоочийн үнэмлэхээс бусад бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүйг тус тус тогтоолд дурдлаа.

Шүүгдэгч П.Ганбаатарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэсэн тул түүний 1023431 дугаартай В ангиллын жолоочийн үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаар дамжуулан Цагдаагийн Ерөнхий газрын харьяа Лицензийн төвд хүргүүлж, түүнд оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзсан тул тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолно.

Шүүгдэгч П.Ганбаатарт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж, оролцогч нарт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарлан өгөв. 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3., 294, 296, 297, 298 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Цэцэн овогт Пүрэвжавын Ганбаатарыг “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчих” гэмт хэргийг бусдын бие махбодод хүнд гэмтэл учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2. дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ганбаатарт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасаж, 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5. дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ганбаатарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4.Энэ хэрэгт хураагдаж ирсэн П.Ганбаатарын 1023431 дугаартай В ангиллын жолоочийн үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаар дамжуулан Цагдаагийн Ерөнхий газрын харьяа Лицензийн төвд хүргүүлсүгэй.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч П.Ганбаатар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний гадаад улсад зорчих эрхийг хязгаарлаагүй, жолоочийн үнэмлэхээс бусад бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүйг тус тус дурдсугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1., 61.4. дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ганбаатарт оногдуулсан хорих ялыг тэнсэж, 1 (нэг) жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтэст даалгасугай.

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5. дахь хэсэгт зааснаар хянан харгалзах хугацаанд шүүгдэгч П.Ганбаатар нь захиргааны шийтгэл хүлээбэл цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн шүүх түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлж болох хуультайг анхааруулсугай.

8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2. дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ганбаатарт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3. дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шүүгдэгч П.Ганбаатарт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1. дэх хэсэгт зааснаар эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

11.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1. дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч П.Ганбаатарт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ                          Б.БАТАА