Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 134/ШШ2021/00012

 

 Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Наранчимэг даргалж, шүүгч П.Цогзолмаа, Ц.Наранчимэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Ж.Самбуугийн гудамж, Засгийн газрын 11 дүгээр байранд байрлах Т /утас:264216/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: 1980 онд төрсөн, 40 настай, эмэгтэй, Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 1 дүгээр баг, 14 дүгээр байрны 70 тоотод оршин суух, Б овогт Д.О /РД:ЗЕ800....., утас ..../-д  холбогдох

 

төрд учирсан хохирол 6 665 190 төгрөгийг гаргуулах  тухай нэхэмжлэлийг 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ж, хариуцагчийн өмгөөлөгч Б.С, төрийг төлөөлж прокурор Б.М, иргэдийн төлөөлөгч Б.С, нарийн бичгийн дарга Б.А нар оролцов.

                                                  ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Т нь Д.Од холбогдуулан төрд учирсан хохирол  6 665 190 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Нэхэмжлэгч Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар төрийн албанаас чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ”, 50.2-т “Төрийн албаны төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана” гэж тус тус заасан. Д.О нь Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг даргын тамгын газрын даргаар ажиллаж байхдаа 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Б/14 дүгээр тушаалаар О.Дыг төрийн сангийн мэргэжилтний албан тушаалаас халжээ. О.Д нь тушаалыг эс зөвшөөрч Тд гомдол гаргасан. Тийн 2019 оны 04/1201 дүгээр албан бичгээр О.Дт халах сахилгын шийтгэл ногдуулсан Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны Б/14 дүгээр тушаалыг хүчингүй болгож, хариу мэдэгдэх хугацаатай үүрэг даалгавар өгсөн. Шивээговь сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/39 дүгээр тушаалаар О.Дыг төрийн сангийн мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилсон. О.Д нь ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг Шивээговь сумын Засаг даргын Тамгын газар нь хүлээн зөвшөөрсөн тул Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 134/ШШ2019/00203 дугаар захирамжаар О.Дын ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 5 924 613 төгрөг болон эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх талаар зохигчдын эвлэрлийг баталж шийдвэрлэсэн байна. Тус шүүхийн шийдвэрийн дагуу Шивээговь сумын Засаг даргын Тамгын газраас 6 665 190 төгрөгийг төлж барагдуулсан байна. Хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох нийт 6 665 190 төгрөгийг /төлбөр төлөх дансны дугаар Төрийн банк 100900021501/ буруутай албан тушаалтан Д.Оаас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төөс нэхэмжлэл гаргасан үндэслэл нь Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг даргын тамгын газрын даргаар ажиллаж байсан Д.О 2019 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Б/14 дугаартай тушаалаар төрийн сангийн мэргэжилтэн О.Дыг төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. Уг сахилгын шийтгэл ногдуулсан тушаалд О.Д нь гомдол гаргасан. Төөс гомдлыг хянаад Тийн 2019 оны 04/1201 дугаартай албан бичгээр О.Дт төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь Төрийн албаны тухай хууль тогтоомжийг зөрчсөн байна гэж үзээд ажилд нь эгүүлэн томилоод хариуг Тд ирүүл гэсэн бичиг явуулсан. Үүний дагуу Шивээговь сумын Засаг даргын тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний Б/39 гэсэн тушаалаар О.Дыг сумын Засаг даргын төрийн сангийн мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилсон байдаг. О.Д нь ажилд орсны дараа шүүхэд ажилгүй байсан хугацааны цалин болох нөхөх олговрыг гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх хугацааны явцад талууд эвлэрэх хүсэлт гаргаад О.Дт ажилгүй байсан хугацааны цалин 5 924 613 төгрөгийг олгох байдлаар эвлэрэх хүсэлт гаргасан. Үүнийг шүүх баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон. Шивээговь сумын Засаг даргын тамгын газрын 4 удаагийн гүйлгээ хийсэн. Үүнд 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 1 421 907.50 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 4 000 000 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 872 124 төгрөг, 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 371 158.98 төгрөг гээд нийт 4 удаагийн гүйлгээ хийгдэж сумын Засаг даргын тамгын газрын төрийн сангийн данснаас нийт 6 665 190 төгрөгийн гүйлгээ гарч О.Дын дансанд орсон байдаг. Төрийн албаны тухай хууль 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр батлагдаад 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн байгаа. Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-т зааснаар төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас  хууль бусаар түр чөлөөлсөн, халсныг Төрийн албаны төв байгууллага буюу Т эсхүл шүүх тогтоосон бол төрд учирсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар  нөхөн төлүүлнэ. Мөн зүйлийн 50.2-т Төрийн албаны төв байгууллага, шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд  төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана гэж заасан. Энэ нь Тийн ажил. Иймд Төөс төрд учруулсан хохирол болох 6 665 190 төгрөгийг буруутай албан тушаалтан буюу тухайн үед Засаг даргын тамгын газрын даргаар ажиллаж байсан Д.Оаас гаргуулж төрийг хохиролгүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагчийн өмгөөлөгч хоёр үндэслэлийн хүрээнд тайлбар гаргаж байна. Нэгдүгээрт нь буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлэх гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ нэхэмжлээд байгаа үнийн дүн бага байх ёстой гэдэг зүйлийг яриад байна.  Шүүхээс эвлэрлийг баталсан нь 5 924 160 төгрөг эсвэл 6 665 190 төгрөг байна уу? Тд хамаагүй. Яг бодит учирсан хохирол нь хэд байна, тэрийг Т нөхөн төлүүлэх эрхтэй. Тэр хүрээндээ 6 665 190 төгрөг гэж тодорхойлсон. Дараагийн зүйл нь Т О.Д гэдэг хүний гомдолд маргаан үүсгэх ёстой, хуульд заасан хугацаа хэтэрсэн гэсэн зүйлийг ярьж байна. Энэ нь төрд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх шүүхэд гаргах нэхэмжлэлийн шаардлагатай буюу нэхэмжлэлийн үндэслэлтэй хамаарахгүй гэж бодож байна. Нэхэмжлэлийн шаардлагаас өөр зүйл яриад байна. О.Д нь 2019 оны 02 дугаар сард Б/14 гэсэн тушаалаар ажлаас халагдсан. Ингээд Тд 2019 оны 03 дугаар сарын 22-нд гомдол ирүүлсэн. Уг гомдолд маргаан яагаад үүсгээгүй вэ? гэхээр Төрийн албаны тухай хуулийн 75 дугаар зүйл, Улсын Их Хурлын 2019 оны 20 дугаартай тогтоолоор баталсан маргаан хянан шийдвэрлэх журам гэж байгаа. Дээрх журманд заасны дагуу Т гомдлыг хүлээж аваад маргаан үүсгэх эсэх нь өөрийн эрх хэмжээний асуудал. Ирсэн гомдол болгонд маргаан үүсгэ гэж хэн нэгэн хөндлөнгийн этгээд шаардлага тавих боломжгүй. Эрх учраас энэ эрхээрээ шийдвэрлэсэн. Монгол Улсын сайд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга болон Тийн даргын хамтарсан 36,32 дугаар тушаал байдаг. Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах түүнд гомдол гаргах журам, хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хэм хэмжээний актын 8.2-т Төрийн албаны  тухай хуулийн 48.1.1, 48.1.2-т заасан шийтгэл ногдуулсан шийдвэрийн талаар Тд, 48.1.3, 48.1.4-т заасан шийтгэл ногдуулсан шийдвэрийн талаар шүүхэд гомдол гаргана гэж заасан. Өөрөөр хэлбэл О.Дт ногдуулсан халах шийтгэл нь өөрөө Төрийн албаны тухай хуулийн 48.1.3 буюу төрийн албанаас халах гэсэн сахилгын шийтгэл ногдуулсан. О.Д нь өөрөө шууд захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах бүрэн эрхтэй байсан. Гэхдээ хаана, хэнд гомдол гарах гэдэг нь Үндсэн хуулиар иргэнд олгосон эрх учраас Тд гомдол гаргасан. Т Монгол Улсын хэмжээнд байгаа төрийн жинхэнэ албаны статусыг мөрдүүлж, бодлого үйл ажиллагааг тодорхойлж ажилладаг, чиг үүрэгтэй байгууллага учраас О.Дын ирүүлсэн гомдлыг манайх шийдвэрлэх эрхгүй гэж шууд хүлээж авахгүй байх боломжгүй. Яагаад гэвэл төрийн албатай холбоотой маргааныг урьдчилан шийдвэрлүүлэх журам хангуулж биелүүлэхийн тулд манайд ханддаг. Манай байгууллага тэр тохиолдолд маргаан үүсгэх эсэхээ өөрөө шийдвэрлэнэ. Хэрвээ маргаан үүсэх юм бол цааш нь ажиллагаа хийгээд Тийн хуралдаанаар шийддэг. Хэрэв үүсгэхгүй бол иргэний гомдлыг холбогдох албан тушаалтанд цохолт хийгээд албан тушаалтнаас тайлбар болон нотлох баримтаа аваад, үндэслэлийг шалгаад хариу өгдөг. Энэ хариу өгөх үйл ажиллагаа нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу явагддаг. Т нэг талдаа төрийн албаны дээд байгууллага хэдий ч нөгөө талдаа захиргааны байгууллага учраас захиргааны чиг үүргийг хэрэгжүүлж ажилладаг. Энэ чиг үүргийнхээ хүрээнд О.Даас ирүүлсэн гомдлыг шийдвэрлэх үүрэгтэй байсан. Гомдлыг шийдвэрлээд ажлаас халсан тушаал буруу байна, тиймээс О.Дыг ажилд нь буцаан томил гэдэг үүрэг даалгавар биелэгдээд О.Д ажилдаа орсон. Энэ нь өөр маргаан, өнөөдөр төрд учирсан хохирлыг нөхөн төлүүлэхтэй уялдсан өөр харилцаа. Уг харилцаа нь хийгдээд дууссан. Одоо гаргаад байгаа төрд учруулсан хохирол 6 665 190 төгрөгийг нөхөн төлүүлье гэдэгтэй холих шаардлагагүй гэв.

Хариуцагч Д.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тийн нэхэмжлэлтэй танилцлаа. Хариуцагч Д.О миний бие нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Үүнд: Д.О миний бие Шивээговь сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалыг хашиж байх хугацаандаа буюу 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Б/14 тушаал гаргаж Төрийн сангийн мэргэжилтэн О.Дыг ажлаас чөлөөлсөн. Гэхдээ би Шивээговь сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалаас 2019 оны 03 дугаар сарын 25-ны Б/09 дугаар сумын Засаг даргын захирамжаар ажлаас чөлөөлөгдсөн болно. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ Тийн 2019 оны 04/1201 албан бичгээр О.Дт сахилгын шийтгэл ногдуулсан Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны Б/14 дүгээр тушаалыг хүчингүй болгож, хариу мэдэгдэх хугацаатай үүрэг даалгавар өгсөн гэжээ. Д.О би ажлаас чөлөөлөгдсөн тул дээрх албан бичигтэй танилцаагүй бөгөөд албан бичигтэй танилцсан Шивээговь сумын Засаг даргын Тамгын газрын дарга тухайн шийдвэрийг хүчингүй болгож, О.Дыг буцааж ажилд эгүүлэн томилох эрх хэмжээтэй байсан. Иймд О.Дыг ажилд эгүүлэн томилсон 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг миний бие дангаар хариуцах ёсгүй гэж үзэж байна.  

Мөн нэхэмжлэгч нь 6 665 190 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ. Тус мөнгөн дүнг тодорхойлохдоо Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 134/ШШ2019/00203 дугаар захирамжаар Зохигчдын эвлэрлийг баталсан шийдвэрийг үндэслэл болгосон байна. Тус шүүгчийн захирамж нь талуудын эвлэрлийг баталсан болохоос О.Дт олгох ажилгүй байсан хугацааны цалин хөлсний хэмжээнд дүгнэлт хийгээгүй болно. Мөн нэхэмжлэгч талаас төрд учруулсан хохирлыг бодитоор тогтоогоогүй байна. Тухайлбал О.Дыг төрийн сангийн мэргэжилтний албан тушаалаас чөлөөлсний дараа тухайн албан тушаалд шинээр ажилтан авч ажиллуулаагүй, өөр албан тушаалд ажиллаж байсан албан хаагчид 40 хувийн урамшуулал олгож, хавсарган ажиллуулж байсан. Өөрөөр хэлбэл О.Дт олгогдох байсан цалингийн 60 хувь хэмнэгдсэн. Гэтэл Төөс төрд 6 665 190 төгрөгийн хохирол учирсан гэж нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.  

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төөс төрд учирсан хохирлыг 6 665 190 төгрөг гэж үзээд нэхэмжлэл гаргасан. Хариуцагчийн зүгээс өөрийн гаргасан шийдвэрийн улмаас төрд учирсан хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлж байгаа. Хамгийн гол нь төрд учирсан хохирлыг бодитой тогтоогоод өгөөч гэж хүсч байна. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-т ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл эс үйлдэхүйгээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ гэж заасан. Мөн хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-т энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд  болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлоо гэм буруутай этгээдээс шаардах эрхтэй гэж заасан. Уг хуулийн зохицуулалтыг Төрийн албаны тухай хуульд нарийвчлан зохицуулж өгсөн буюу Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 50.2-т заасан зүйл бол Тд Иргэний хуулийн 498.5-д заасан шаардах эрхийг хуульд заасан шаардах эрхийн дагуу шилжүүлж байгаа ойлголт. Хуульд заасны дагуу шаардах эрхийг шилжүүлж авсан Т нь 498.5-т зааснаар Шивээговь сумын Тамгын газарт учирсан хохирлын хэмжээгээр шаардах эрхээ хэрэгжүүлнэ. Иргэний хуулийн 498.1-т бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг ажиллуулж байгаа байгууллага хариуцахаар заасан хэдий ч Иргэний хуулийн 498.5-т гэм хорыг арилгасан байгууллага гэм буруутай этгээдээс хариуцан арилгасан хохирлын хэмжээгээр биш харин өөрт учирсан хохирлын хэмжээгээр шаардах эрхтэйгээр заасан. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 498.1-т заасан бусдад учруулсан гэм хорын хохирол, Иргэний хуулийн 498.5-т заасан өөрт буюу байгууллагад учирсан хохирол 2  нь өөр өөр ойлголт байхаар заасан байгаа. Бусдад учирсан хохирлын хэмжээ, өөрт учирсан хохирлын хэмжээ өөр өөр байх боломжтой. Нэхэмжлэгч талын тодорхойлсон 6 665 190 төгрөг бол хариуцагчийн шийдвэрийн улмаас бусдад учирсан хохирол буюу иргэн О.Дт учирсан хохирол болно. Харин Иргэний хуулийн 498.5-т заасан гэм хорыг хариуцан арилгасан байгууллагад учирсан хохирлын хэмжээ шууд болохгүй гэж үзэж байгаа. Нэхэмжлэгч талаас Иргэний хуулийн 498.5-т заасны дагуу төрд учирсан бодит хохирлыг нэхэмжлэх ёстой. Гэтэл О.Дт учирсан хохирлын хэмжээгээр тогтоож байгаа нь үндэслэлгүй. Тухайлбал Шивээговь сумын Засаг даргын тамгын газар нь төсвийн байгууллага  учир жил болгон орон тоо болон цалин сангаа баталдаг. 2019 оны орон тоо цалин сангаа 2019 оны 01 дүгээр сарын 07-ны А/01 дугаартай тушаалаар баталсан. Энэ тушаалын хавсралтын 5 дахь хэсэгт О.Д гэдэг хүний төрийн сангийн төлөөлөгч гэсэн албан тушаалд ямар үндсэн цалин олгох, нэмэгдэл, ур чадварыг бүгдийг тооцоод 2019 оны хэмжээнд хэдэн төгрөгийн цалин хөлс авах вэ? гэдгийг тооцоод 10 163 683 төгрөг байхаар баталсан. Төрийн сангийн төлөөлөгч гэсэн албан тушаалыг хэрэгжүүлж байсан О.Д нь 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Д.Оын тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн байгаа. Энэхүү тушаалын үр дагавар 2 өөр байдлаар үүссэн нэгт нь иргэн О.Дт 6 665 190 төгрөгийн хохирол учирсан. Үүнийг холбогдох байгууллага тогтоосон байгаа. Харин хоёр нь Шивээговь сумын Засаг даргын тамгын газар О.Дт олгохоор төсөвлөсөн цалин сангаасаа 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс хойш О.Дыг буцааж томилох хүртэл буюу 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны цалинг О.Дт 2019 онд олгоогүй буюу олгох үндэслэлгүй болсон. Яагаад гэхээр тухайн албан тушаалтныг ажлаас чөлөөлсөн учраас энэ хугацааны цалин 5 924 320 төгрөг цалин сангаас гараагүй. Гэхдээ хариуцагчийн тухайд 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Б/15 тушаалыг гаргаж Төрийн албаны тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т, 43.1-т зааснаар төрийн албыг түр орлон гүйцэтгэх журмын дагуу санхүү албаны дарга У.Ч төрийн сангийн мэргэжилтнийг түр орлон гүйцэтгэгчээр томилоод 40 хувийн нэмэгдэл олгохоор шийдвэрлэсэн байдаг. Төрийн албаны тухай хуулийн 43.4-т албан үүргийг түр орлон гүйцэтгэгч албан хаагч нь үндсэн албан тушаалаас чөлөөлөгдөхгүйгээр албан үүргийн зэрэгцээ түр орлон гүйцэтгэх эрх хэмжээг хэрэгжүүлж үр дүнг нь хариуцна гэж заасан. Энэхүү заалтын дагуу санхүү албаны дарга төрийн сангийн мэргэжилтний үүргийг түр орлон гүйцэтгээд үр дүнг хариуцаад үүнийхээ үр дүнгээр О.Дт олгох байсан үндсэн цалингаас нэмэгдэл авч ажилласан. У.Чулуунцэцэгт 8 сарын хугацаанд 1 778 072 төгрөгийн нэмэгдэл цалин байдлаар олгосон. Нөгөө талаас нь харахаар О.Дт олгох үндсэн цалингийн 60 хувь, хоол, зэргийн нэмэгдэл, удаан жил ажилласан нэмэгдэл, цалингийн бусад нэмэгдлүүд цалин сангаас гараагүй. Төрийн сангийн төлөөлөгчийн батлагдсан цалин сан хэмнэгдэж байсан гэж харагдахаар байгаа. Иймд хариуцагчийн хууль бус шийдвэрийн улмаас иргэнд учирсан хохирол болох 6 665 190 төгрөгийг төрд учруулсан хохирол гэж шууд тооцох нь үндэслэлгүй. Хэмнэгдсэн цалин санг үндэслээд хариуцагчийн хариуцах хохирлын хэмжээ буурах ёстой.

Хоёрдугаарт Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцааны талаарх маргааныг хянан шийдвэрлэх тусгай зохицуулалтыг Төрийн албаны тухай хуульд зохицуулж өгсөн байдаг. Үүний дагуу О.Д нь үндэслэлгүй халагдсан гэсэн гомдлоо Тд гаргасан байдаг. Дээрх гомдлыг Т хүлээж аваад шийдвэрлэсэн гэсэн ойлголтыг авсан. Яагаад вэ? гэхээр Т шийдвэрлээд О.Д нь үндэслэлгүй халагдсан учир ажилд нь буцааж авах албан бичгийг Шивээговь сумын Засаг даргын тамгын газарт хүргүүлсэн байдаг. Гэтэл хуульд заасан маргаан шийдвэрлэх хугацаагаа баримталж ажиллаагүй байгаа.  Өөрөөр хэлбэл Төрийн албаны тухай хуулийн 75.1, 75.2, 75.3-т зааснаар тухайн маргааныг хүлээж аваад хэдий хугацааны дотор маргаан үүсгэх вэ?, хэдий хугацааны дотор шийдэх вэ?, ямар хугацаагаар сунгах боломжтой вэ? гэсэн хуулийн зохицуулалтыг нарийвчлан зохицуулаад өгсөн. Энэ хугацааг тооцоод үзэхээр Т гомдлыг хүлээж авснаас хойш 51 хоногийн дотор маргааныг шийдэх ёстой байдаг. Гэтэл Төөс гомдлыг хүлээн авсан бүртгэл болон холбогдох бусад баримтыг гаргуулах талаар хэлсэн боловч өнөөдрийн хэлсэн тайлбараас нь харахад тийм баримт байхгүй, Т маргаан үүсгээгүй гэсэн тайлбарыг ирүүлсэн байна. Гэхдээ үүнд маргаан үүсгэхгүй байх боломжгүй. Яагаад гэхээр Төрийн албаны тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-т зааснаар ямар нөхцөл байдлуудад маргаан үүсгэх вэ? гэдгийг заасан. Гэтэл О.Д гэдэг хүнийг төрийн албанаас Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т заасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн байдаг. Тэгэхээр О.Дыг чөлөөлсөнтэй холбоотой маргаан нь Тийн хуульд заасан үндэслэлийн дагуу маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд хамаарна. Гэтэл Төөс холбогдох хууль, дүрэм, журмын дагуу маргааныг хянах ажиллагаа хийгээгүй. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу тухайн гомдлыг хянан шийдвэрлэж хариу хүргүүлсэн гэсэн тайлбарыг хэлж байна. Гэтэл энэ хуульд иргэдээс авсан өргөдөл гомдлыг 30 хоногийн хугацаанд шийдвэрлэнэ, шаардлагатай тохиолдолд дээд шатны албан тушаалтан 30 хоногоор сунгаж болно. Тэгэхээр нийтдээ маргааныг хүлээж аваад 60 хоногийн хугацаанд шийдэх боломжтой байсан. Гэхдээ энэ хууль нь ерөнхий зохицуулалт, төрийн албатай холбоотой маргааныг Төрийн албаны тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-т зохицуулсан учраас энэ хуулийг биш, харин Төрийн албаны тухай хуулийг баримталж ажиллах ёстой байсан. Гэтэл Төрийн албаны тухай хуулийг баримталж ажиллаагүй, хуульд заасан хугацааг хэтрүүлсэн. О.Д нь 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн. 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүртэл энэ хүнд гомдол гаргах эрх нь нээлттэй байсан. Хугацаандаа Тд гомдол гаргасан. Төөс гомдлыг хүлээж авчихаад 7 хоногийн дотор маргаан үүсгэх эсэхийг шийдээд, 30 хоногийн дотор шийдвэрлээд, хэрвээ хугацаа нь хангалтгүй байна гэж үзвэл 14 хоногоор сунгах боломжтой байгаа. Эдгээр хугацааг тооцоод үзэхээр Т 2019 оны 05 дугаар сарын 11-ний дотор тухайн маргааныг хуульд заасны дагуу эцэслэн шийдэх ёстой байсан. Гэтэл 10 дугаар сарын 01-нд Шивээговь сумын Засаг даргын Тамгын газарт тушаал үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн албан бичиг хүргүүлсэн байдаг. Тэгэхээр 2019 оны 05 дугаар сарын 11-нээс 2019 оны 10 дугаар сарын 01-ний хүртэл хугацааны төрд учраад байгаа хохиролд хариуцагч гэм буруугүй. Харин Т хуульд заасан хугацаагаа мөрдөж ажиллаагүйгээс хохирол нэмэгдсэн гэж үзэж байна. Дээрх үндэслэлүүдээр Төрийн албаны нэхэмжлэлийн дүнгээр хүлээн зөвшөөрөх боломжгүй, хохирлыг бодитой тогтоогоогүй гэж үзэж байна гэв.

Прокурор шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг даргын тамгын газрын даргын 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Б/26 тушаалаар төрийн сангийн мэргэжилтэн О.Дыг ажлын байранд заасан чиг үүргийг удаа дараа хангалтгүй биелүүлсэн гэсэн үндэслэлээр 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс төрийн албанаас халсан байна. Уг халсан шийдвэртэй холбогдуулаад шүүхээс зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэр гаргасан. Үүнд 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 203 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрч 5 924 613 төгрөгийг гаргуулж эвлэрснээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гарсан, нэгэнт хууль бус тушаал гарсан гэдгийг Төөс тогтоосон учраас нэхэмжлэл гаргасан. Мөн шүүхээр ажилгүй байсан хугацааны цалин тэтгэмж шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн. Үүний дагуу төрөөс ажилгүй байсан хугацааны цалинд 6 665 190 төгрөг гарсан нь тодорхой байгаа. Гаргуулсан баримтууд нь хэрэгт авагдсан байгаа. Төрийн албаны тухай хууль зөрчиж буруу шийдвэр гаргасан албан тушаалтан төрд учирсан хохирлыг өөрөө төлж барагдуулах ёстой. Иймд Төөс төрийн албан хаагчийн буруутай үйл ажиллагаанаас гарсан хохирлыг төрд буцаан оруулахаар гаргасан нэхэмжлэлийг үндэслэлтэй байна гэж үзэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна.

Хариуцагчийн өмгөөлөгч нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг сайн ойлгоогүй байна, нэхэмжлэлийн шаардлага маш тодорхой. О.Д мэдээж 2019 оны 03-11 дүгээр сард ажил хийгээгүй учраас төрөөс цалин хөлс олгоогүй. Яагаад гэвэл хууль бус тушаал шийдвэрээс болоод ажил хийгээгүй, цалин аваагүй. Гэхдээ тушаал шийдвэр нь буруу байсан гэдгийг шүүх тогтоосон учраас 2020 онд түүнд бүх цалинг нь 100 хувь нөхөж олгосон. Дээрээс нь өөрийнх нь ажлыг өөр хүнээр хийлгээд 40 хувийн цалин олгосон. Хэрвээ ийм хууль бус тушаал гараагүй байсан бол ийм асуудал үүсэхгүй байсан. Ингээд нэгэнт хууль бус тушаал шийдвэр гарсан учраас төр О.Дт хохирлыг нь төлж барагдуулаад буцаагаад буруу шийдвэр гаргасан албан тушаалтнаас нэхэмжилж авах эрхтэй байна. Үүний дагуу Т 6 665 190 төгрөгийн нэхэмжлэлийг Д.Од холбогдуулан гаргасан. Буруу шийдвэр гаргасан албан тушаалтан өөрийнхөө гаргасан шийдвэрийн үр дагаврыг хариуцах ёстой. Цалингийн хэмнэлт, 40 хувийн цалин хасагдана гэдэг нь үндэслэлгүй. Хууль бус тушаал шийдвэртэй холбоотойгоор төрөөс хэдэн онд мөнгө гарсан байх нь хамаагүй.  Харин ч бүр 140 хувь болж төрд учирсан хохирол нэмэгдсэн. 2019 онд О.Д ажлаа хийж байсан бол  төсөвлөсөн 10 сая төгрөгийн  цалингаа авах байсан. Гэтэл дахиад нэг хүнд 40 хувийн цалин нэмж олгосон. Тэгэхээр нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Т нь хариуцагч Д.Од холбогдуулан Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 50.2-т заасан үндэслэлээр төрд учирсан хохирол 6 665 190 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Учир нь:

Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг даргын тамгын газрын даргын /тухайн үед хариуцагч Д.О дарга байсан/ 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Б/14 дугаартай тушаалаар Төрийн сангийн мэргэжилтэн О.Дыг ...Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3-т заасныг үндэслэн төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулжээ.

          Ажилтан О.Д нь уг тушаалыг эс зөвшөөрч 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Тд гомдол гаргаж, улмаар Тийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 04/1201 дугаар “Хууль хэрэгжүүлэн ажиллах тухай” Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Баасанбатад хаягласан “...О.Дт төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан 2019 оны Б/14 /илтэд хууль бус/ тушаалыг Та өөрийн эрх хэмжээний хүрээнд хүчингүй болгож, ...хариу мэдэгдэнэ үү.” гэсэн албан бичгийг үндэслэн Б.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/39 дугаар тушаалаар О.Дыг мөн өдрөөс Төрийн сангийн мэргэжилтнээр эгүүлэн томилсон тушаал гаргасан байна.

          Түүнчлэн Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 134/ШШ2019/00203 дугаар шүүгчийн захирамжаар О.Дын нэхэмжлэлтэй хариуцагч Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг даргын тамгын газарт холбогдох хэргийг нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын 927 969 төгрөгөөс татгалзаж, үлдэх 5 924 613 төгрөг болон эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх шаардлагыг хариуцагч нь хүлээн зөвшөөрч, зохигчид эвлэрсэн болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

          Шүүхийн шийдвэрийн дагуу Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг даргын тамгын газар О.Дт цалингийн нөхөх олговорт нийт 4 872 123.52 төгрөг олгож, Нийгмийн даатгалын шимтгэлд ажил олгогчоос 740 576.63 төгрөг, ажилтнаас 681 330.50 төгрөг, Хүн амын орлогын албан татварт ажилтнаас 371 158.98 төгрөгийг суутган тус тусын санд оруулсан байна.

          Дээрх үйл баримтууд нь хэрэгт авагдсан Тийн албан бичгүүд /хх-ийн 73-74/, Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 134/ШШ2019/00203 дугаар шүүгчийн захирамж /хх-ийн 125-126/, Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг даргын тамгын газрын Бүртгэлийн дэвтрийн хуулбар /хх-ийн 32-34/, Банкны жагсаалт /хх-ийн 63-64/, О.Дын цалингийн тооцооны хүснэгт /хх-ийн 67/, гэрч Б.Түвшинжаргалын мэдүүлэг, талуудын тайлбар /хх-ийн 22, 71, шүүх хуралдааны тэмдэглэлүүд/ зэргээр тогтоогдсон, талууд маргаангүй.

          Иймд Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар төрийн албанаас чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ.”

50.2-т “Төрийн албаны төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана.” гэснээр нэхэмжлэгч Т нь хууль бус шийдвэр гаргасан буруутай албан тушаалтан хариуцагч Д.Оаас хохирол шаардах эрхтэй байна.

          Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын дүнг О.Дт шүүхийн шийдвэрийн дагуу олгосон цалингийн нөхөх олговор болон ажил олгогчоос нийгмийн даатгалын шимтгэл төлсөн төлбөрийн нийлбэрээр тодорхойлсон. 

            Хариуцагч тал, ...хууль бус шийдвэр гаргасан үйл баримтад маргаагүй, харин Т О.Дын гомдлыг хуульд заасан хугацаа хэтрүүлж шийдвэрлэснээс төрд учирсан хохирлын хэмжээ нэмэгдсэнд буруугүй, мөн 2019 онд О.Дын цалин санд төсөвлөсөн мөнгө ажилгүй байснаас шалтгаалан төсөвт хэмнэлт болж үлдсэн учир хууль бус үйлдлийн улмаас төрд учирсан хохирлыг бодитойгоор тогтоох шаардлагатай хэмээн тайлбарлана.

          Иймээс шүүх, талуудын мэтгэлцээний хүрээнд дараах дүгнэлтийг хийх нь зүйтэй байна.

          Төрийн албаны тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д “Томилох эрх бүхий этгээд болон төрийн албан хаагч, уг албанд нэр дэвшигчийн хооронд энэ хуулийн 25, 26, 27, 45, 46, 47, 48 дугаар зүйл, 52.2, 66.1.11-д заасан асуудлаар гарсан маргаан болон төрийн жинхэнэ албан хаагчаас цалин хөлс, ажиллах нөхцөл, баталгааны талаар гаргасан бусад маргааныг хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага хянан шийдвэрлэнэ.”, 75.6-д  “Энэ хуулийн 75.1-д заасан маргааныг хүлээн авч, хянан шийдвэрлэх журмыг Улсын Их Хурал тогтооно.” гэж зохицуулсан.

          Үүний дагуу Монгол Улсын Их Хурлын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 20 дугаар тогтоолын хавсралтаар “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн албанд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг хүлээн авч, хянан шийдвэрлэх журам” батлагдаж, энэ журмын 5 дугаар зүйлийн 5.1.7-д зааснаар “Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлд заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулсантай холбогдсон маргаан”-ыг Т хянан шийдвэрлэхээр  маргааны харъяаллыг тогтоосон.

Мөн Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.9-д “Сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмыг төрийн албаны төв байгууллага, Засгийн газар хамтран батална.” гэсний дагуу Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга,Тийн даргын хамтарсан 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 36,32 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 8 дугаар зүйлийн 8.2-д “Төрийн албаны тухай хуулийн ...48.1.3...-т заасан шийтгэл ногдуулсан шийдвэрийн талаар шүүхэд гомдол гаргана.” гэж сахилгын шийтгэлтэй холбогдсон гомдлын харъяаллыг  тогтоосон.

Хуулиар маргаан хянан шийдвэрлэх харъяаллыг нарийвчлан тогтоох эрхийг тусгай субьектүүдэд олгосон байх бөгөөд үүний дагуу хоёр өөр субьектээс хоёр өөр харъяалал тогтоосон хэдий ч Т гомдлыг хүлээн авч, маргааныг хянан шийдвэрлэсэн явдалд шүүх дүгнэлт хийх шаардлагагүй.

 Учир нь, энэхүү нэхэмжлэлийн шаардлага нь дээрх үйл баримтуудтай холбоотойгоор үүссэн гэм хорын хохирлын асуудал бөгөөд үндсэн маргаан нь эрх бүхий этгээдийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон тул шүүх дахин нотлохгүй.

О.Д нь 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Тд гомдлоо гаргасан байх бөгөөд Т гомдлыг 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хянан шийдвэрлэж, 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ажилдаа эгүүлэн томилогдсон, төрөөс нөхөх олговор олгосон байх тул хариуцагч Д.О нь хууль бус шийдвэр гаргасан нь тогтоогдсон, улмаар буруутай шийдвэр гаргасны хариуцлагыг хүлээж, төрд учирсан гэм хорын хохирлыг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д зааснаар төлөх үүрэгтэй.

Ингэхдээ Т О.Дын гомдлыг хугацаа хэтрүүлж шийдвэрлэснээс төрд учирсан хохирлын хэмжээ нэмэгдсэн гэсэн хариуцагчийн тайлбарыг үндэслэн Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д заасан эд хөрөнгөд учруулсан бодит хохирлыг тогтоож, мөн хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-т зааснаар гэм хорын хэмжээг багасгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Тухайлбал, хариуцагч Д.Оын хууль бус үйлдлийн улмаас төрд ямар хэмжээний бодит хохирол учирсан гэдгийг тогтоохоос гадна гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн эсэхийг дүгнэснээр нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл тогтоогдож, энэ хэмжээгээр Д.О хариуцлага хүлээх учиртай.

Цалингийн тооцооны хүснэгтээс харахад О.Дт 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажлын 173 хоногийн цалинг төрөөс нөхөн төлсөн байх ба нийт 6 665 189.63 /олговол зохих цалин+ажил олгогчоос төлсөн НДШ/ төгрөгийн бодит хохирол төрд учирсан байна.

Т О.Дын гомдлыг 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авснаас хойш Төрийн албаны тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.3-д зааснаар  “Төрийн албаны төв байгууллага гомдлыг хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор маргаан үүсгэх эсэх талаар шийдвэр гаргаж, 30 хоногийн дотор хянан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд энэ хугацааг 14 хоногоор сунгаж болно.” гэснээр гомдлыг хянан шийдвэрлэх эцсийн хугацаа 2019 оны 05 дугаар сарын 12-ны өдөр дуусах байсан.

Гэвч хуульд заасан хугацааг ажлын 121 хоногоор /2019.05.12-2019.11.01/ хэтрүүлж шийдвэрлэснээс төрөөс О.Дт олгосон ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор, түүнтэй холбоотой ажил олгогчоос нийгмийн даатгалын санд төлөх шимтгэлийн хэмжээ нэмэгдсэн гэж үзэхээр байна.

Иймд дээрх хугацаануудыг харьцуулан үзээд, хариуцагч Д.Оаас  6 665 190 төгрөгийн 1/3 буюу 2 221 730 төгрөгийг гаргуулж, үлдэх 4 443 460 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Тодруулбал төрөөс О.Дт ажлын 173 хоногт ногдох хэмжээгээр нөхөх олговор олгосон, гэтэл Т түүний гомдлыг хуульд заасан хугацааны дотор шийдвэрлэсэн бол ажлын 52 хоногийн нөхөн төлбөр олгогдох байсан. /173:3=57 хоног/  Хугацаа хэтрүүлсэн үйл явдалд хариуцагчийн зүгээс ямар нэгэн хэмжээгээр буруутай болох нь баримтаар тогтоодохгүй байна.  

Харин хариуцагч талын, “О.Дын 2019 оны цалингийн 60 хувийн хэмнэлт, мөн орлон ажилласан ажилтанд олгосон 40 хувийн нэмэгдэл зэргийг хасч тооцуулах” гэсэн тайлбар нь үндэслэлгүй байна.

Учир нь хариуцагч Д.Оын хууль бус шийдвэрийн улмаас О.Д 2019 онд ажиллаагүй боловч төрөөс 2020 онд цалинг нөхөн төлсөн, үүнээс гадна түр орлон ажилласан ажилтанд 40 хувийн нэмэгдэл цалин олгосон  нь төрд учирсан хохирлын хэмжээг нэмэгдүүлэх болохоос хэмнэгдсэн гэж үзэж багасгах ойлголт биш юм.

Өөрөөр хэлбэл төсөвт үлдсэн 60 хувийн цалин хөлс нь Төсвийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2.4-д заасан “Төсвийн байгууллага нь батлагдсан тооноос дутуу орон тоогоор ажилласнаас бий болсон төсвийн үлдэгдэл”-д хамаарах тул мөн зүйлийн 45.2-д зааснаар төсвийн хэмнэлтэд тооцохгүй.

Иймээс хариуцагч талаас бүрдүүлсэн хавтаст хэргийн 114-120 дугаар хуудсанд авагдсан нотлох баримтууд нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй.

Энэхүү нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасан төсвийн байгууллагын нэхэмжлэл үндэслэлээр улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Д.Оаас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжинд 50 498 төгрөгийг гаргуулж орон нутгийн төсвийн орлогод оруулах нь зүйтэй.

Нэхэмжлэгч талаас, нэхэмжлэлдээ хавсарган ирүүлсэн хавтаст хэргийн 3-14 дүгээр хуудсанд авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг нь өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө” гэснийг зөрчсөн үндэслэлээр шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй бөгөөд зарим баримтуудыг нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр дахин ирүүлсэн, мөн хэргийн бусад баримтуудаар нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагад дүгнэлт хийх боломжтой гэж үзэж, шүүх эх баримтыг шаардан аваагүй болно. Нөгөө талаар эдгээр баримтуудыг хариуцагч талаас нотлох баримтын шаардлага хангаагүй гэж хасуулах хүсэлтийг гаргаагүй.

Мөн хариуцагч Д.О нь өөрийн эзгүйд шүүх хуралдааныг явуулахаар хүсэлт гаргасан учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд шүүх хуралдааныг явуулсан болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5, 514 дүгээр зүйлийн 514.1-т зааснаар хариуцагч Д.Оаас төрд учруулсан хохирол 2 221 730 төгрөгийг гаргуулж Төрийн банкны 100900021501 тоот /Төрийн сан/ дансанд оруулж, нэхэмжлэлийн шаардлагаас 4 443 460 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.    

2.Энэхүү нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч Д.Оаас улсын тэмдэгтийн хураамжид  50 498 төгрөгийг гаргуулж орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, прокурор эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                  Б.НАРАНЧИМЭГ

          ШҮҮГЧИД                  П.ЦОГЗОЛМАА

                               Ц.НАРАНЧИМЭГ