| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2022/0368/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/232 |
| Огноо | 2024-03-05 |
| Зүйл хэсэг | 17.2.1., |
| Улсын яллагч | З.Өлзийхүү |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 2024/ШЦТ/232
2024 03 05 2024/ШЦТ/232
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,
Улсын яллагч З.Өлзийхүү,
Шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Т.Мөнхбадрах /ҮД:0274/,
Өсвөр насны шүүгдэгч Б.О, түүний хууль ёсны төлөөлөгч Д.Б, тэдгээрийн өмгөөлөгч Г.Бат-Отгон /ҮД:0509/,
Өсвөр насны шүүгдэгч Б.П, түүний хууль ёсны төлөөлөгч Д.Ч, тэдгээрийн өмгөөлөгч Ц.Мандал /ҮД:1494/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Б, Б.О, Б.П нарт холбогдох 2306 00000 3871 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, 2000 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, найз охины хамт амьдардаг, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Хангай хотхоны 508 дугаар байрны 2 дугаар орц 145 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Оймууд овогт Гын Б /РД: /,
2. Монгол Улсын иргэн, 2006 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Ерөнхий боловсролын 16 дугаар сургуулийн 12 дугаар ангийн Б бүлгийн сурагч, ам бүл 6, эцэг, эх, эгч, 2 дүүгийн хамт амьдардаг, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхоны 508 дугаар байрны 2 дугаар орц 145 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Х овогт Бийн О /РД: /,
3. Монгол Улсын иргэн, 2008 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 15 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Ерөнхий боловсролын 84 дүгээр сургуулийн 10 дугаар ангийн 11 дүгээр бүлгийн сурагч, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Дунд дарь эхийн 2032 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Номч овогт Бгийн П /РД: /.
Хэргийн товч агуулга:
Яллагдагч Г.Б, өсвөр насны яллагдагч Б.О, Б.П нар нь бүлэглэн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр Сансарын тунель орчимд иргэн С.Мөнхнарангийн эзэмшлийн Самсунг Глакси эс 20 ультра /Samsung Galaxy S20 ultra/ загварын 710.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, илээр, хууль бусаар булаан авч, дээрэмдэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б өгсөн мэдүүлэгтээ: “...Тухайн үед энэ хэргийг үйлдэхийг мэдэж байсан. Тэгээд энэ хоёр хүүхдийг би уруу татаад, энэ хэргийг хийгээд ир гэсэн үг үйлдэл хэлээгүй. Мэдүүлэгт дээр намайг уруу татсан гээд мэдүүлэг байгаа. Түүн дээр би энэ хоёр хүүхдийг уруу татаад, дарамтлаад тэр хүний утсыг аваад ир гэж хэлээгүй...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Б.О өгсөн мэдүүлэгтээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.П өгсөн мэдүүлэгтээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Б.Огийн хууль ёсны төлөөлөгч Д.Б өгсөн мэдүүлэгтээ: “... Би 3 охин, 1 хүүтэй. Манай хүү 17 настай. Зан ааш нь аймхай талдаа. Хүний үг авдаг, дуулгавартай хүүхэд. Дотоод сэтгэл нь өрөвч зөөлөн, хөдөлмөрч, сурах эрмэлзэл дүүрэн байдаг. Өнөөдөр би бол хүүхдийнхээ өмнө хариуцлага хүлээх ёстой. Би хүүхдэдээ итгэж байна. Би хүүхдээ хүмүүжүүлж чадаагүй байна. Би өөртөө хариуцлага хүлээлгэж байгаа. Цаашдаа хүүхдэдээ нээлттэй харилцана гэж бодож байна. Цаашдаа суралцах хүсэлтэй, гэрэлт ирээдүй гэж бодож байгаа. Бат-Эрдэнийн найз охин буюу охиндоо би Амьдрал гэж нэр өгсөн. Нэрээс нь эхлүүлээд хүүхдүүдээ сайн сайхан явуулна гэж бодож байсан. Миний буруу. Энэ парти зохион байгуулахын тулд хүүхдийн мөнгийг барьцаад тавьсан байсан. Тэгээд тэр утсыг нь авч өгөхийн тулд манай Манай эхнэрээс сая төгрөг авсан байсан. Тэгээд ээжийнхээ мөнгийг ажил хийж төлж чадахгүй юм чинь хүний утсыг булааж ав гэж гэж хэлсэн гэж ойлгож байгаа. Энэ 3 бага шийтгэл өгнө үү. Энэ гурав бүгд миний хүүхдүүдээс ялгаагүй. Эгч нь 12 дугаар ангиа төгсөхөд нь Солонгос улсад суралцуулах гэж байгаа. Амьдралынх нь гэрэлт ирээдүй нь болох гэж байгаа...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Пын хууль ёсны төлөөлөгч Д.Ч өгсөн мэдүүлэгтээ: “... Би Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Сургуулийн өмнөх боловсролын цэцэрлэгийн багш мэргэжилтэй. Мэргэжлээрээ 10 гаран жил ажиллаж байна. Ар гэрийн шалтгаанаас болоод одоогоор түр ажилгүй байгаа. Миний хүү П нэг эгч, нэг дүүтэй. Айлын дундах хүүхэд. Манай хүү сургуулиас зохион байгуулсан ажилд идэвхтэй оролцдог, тусархуу, өрөвч, хүний үгэнд оромтгой. Тэр өдөр унтах гээд орондоо орсон байсан чинь О дуудаад байсан. Гарах гэхээр нь “яах гээд байгаа юм” гэхэд “ээжээ би ойрхон гудамжны үзүүрээс юм аваад ирнэ” гэхээр нь итгээд гаргасан. О сүүлд надад “эгчээ Б ах заавал дууд гэхээр нь би дуудаад гаргасан, уучлаарай” гэж хэлсэн...” гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулсан дараах нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын хүсэлтээр, тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар шинжлэн судлав. Үүнд:
Хэргийн үйл баримтын талаар:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлүүд /хх.19/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Мөнхнарангийн өгсөн: “... 2023 оны 11 дүгээр сарын 09-нд Халдвартад найзтайгаа 3 шилтэй Калтенберг нэртэй 0,5 литрийн пиво уугаад шөнө 02 цагийн орчимд найзтайгаа хамт Сансарын үйлчилгээний нэг караокед орсон. Ороод бид дуу дуулаад 2 ширхэг пиво би уусан, харьцгаая гээд найзтайгаа хамт И-март луу уруудаж байгаад миний утас дугараад цүнхнээсээ аваад гаргаад чихэндээ наатал араас үл таних эрэгтэй хүн миний эзэмшлийн Самсунг Галакси Эс 20 ултьра гэх утсыг маань шүүрээд гүйчихсэн...” гэх мэдүүлэг /хх.25, 27-28/,
Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрч Д.Эмүжингийн өгсөн: “... Одоо бол эд хөрөнгийн асуудал байхгүй. Өмнө нь 2023 оны 10 дугаар сарын сүүлээр Б, О, П нар өмнө нь миний Айфоне 12 про загварын гар утсыг авч ломбардад тавьж байсан. Тухайн үед Бат-Эрдэнийн санаачилгаар миний rap утсыг ломбардад тавьсан, би Бд сайн дураараа утсаа өгсөн. Миний утсыг тухайн үед хаус парти буюу гэрийн үдэшлэг Баруун салаанаас хойшоо байх Бумбатын рашаанд хаус түрээсэлж хийхэд шаардагдах мөнгийг олохоор ломбардаж байсан юм, тухайн үдэшлэгийг Б зохион байгуулсан. Тэгээд дараа нь О өөрөө ээжээсээ мөнгө авч байж миний гар утсыг ломбардаас авч өгсөн. Б Од “ээжээсээ мөнгө аваад миний гар утсыг авчих” гэж хэлсэн учраас О ээжээсээ мөнгө авсан...” гэх мэдүүлэг /хх.49-50/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Гын өгсөн: “... Миний сувдан цагаан өнгийн хуучин 93-64 УАЕ улсын дугаартай Hyundai Grandeur TG загварын тээврийн хэрэгслийг хүргэн Баяржаргал, хүү Б хоёр авч үлдсэн. Би тухайн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хөдөө ажилтай байсан...” гэх мэдүүлэг /хх.52/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Орхонжаргалын өгсөн: “... Би эх хүний хувьд бол бага сага гарын мөнгө өгдөг. Сүүлд 2023 оны 11 дүгээр сарын эхээр “тэтгэврийн 3 сарын зээл аваад өгөөч, хэрэг төвөгт орчихлоо, өрөнд орчихлоо, хүүхдийн утасны асуудалд орчихлоо” гээд уйлаад, нэхээд гуйгаад байхаар нь би Од 3 сарын зээл байхгүй гэсэн. Гэвч би хүүгээ гуйгаад байхаар нь аргагүйн эрхэнд өөртөө хадгалж байсан банкин дахь мөнгөнөөсөө 1.000.000 гаран төгрөг гаргаж бэлнээр хүүдээ өгсөн. Өөрөөр бол ихээр өгөөгүй...” гэх мэдүүлэг /хх.54/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Мөнхтүвшингийн өгсөн: “... Ломбардын 2023 оны мэдээллийн бүртгэлээс үзэхэд Г.Б гэх хүн үйлчлүүлсэн байна. Тухайн үед би энэ хүнтэй барьцаанд зээлийн 4548 дугаартай гэрээ байгуулж Samsung S20 Ultra загварын дэлгэцийн шил нь хагархай гар утас барьцаанд авч түүнд 400.000 төгрөг зээлдүүлсэн байна. Дараа нь хэд хоногийн дараа буюу зээлийн хугацаа хэтэрсний дараа алданги төлж тус гар утсыг авсан...” гэх мэдүүлэг /хх.60/,
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх.61-63/,
Сиди 1 ширхгийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх.64/,
Эд зүйл хүлээн авсан тэмдэглэл /хх.66-67/,
Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх.68-71/,
Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх.72/,
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх.73-77/,
4548 дугаартай Барьцаат зээлийн гэрээг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх.79/,
“Дамно” ХХК-й алдагдсан зүйлсийн үнэлгээний тайлан /хх.83-84/,
Өсвөр насны яллагдагчид эрх, үүрэг тайлбарласан баталгаа /хх.156-157/,
Мөрдөн шалгах ажиллагаанд өсвөр насны яллагдагч Б.Огийн өгсөн: “... П машин дотор Бд “ахаа наанаа эргээд зогсоорой” гэж хэлээд зогссон машинаас буусан. Тэгээд П машинаас маш хурдан буугаад явсан учраас араас нь дагаад буугаад явсан. П дээшээ өгсөөд Сансар туннелээр өгсөх шат руу хурдтай алхсан, харин би араас нь холгүй дагаад алхахад замд хоёр согтуу эмэгтэй явж байсан. Тэр эмэгтэйчүүд согтуу байдалтай гуйваад алхсан ба хоёулаа цагаан өнгийн куртиктэй харагдсан хоёр эмэгтэй туннелээр өгсөөд явж байхдаа цонхоор харсан юм. П хоёр эгчийн хажуугаар хурдтай гүйж өнгөрөөд цаашаа гүйсэн. Би араас нь гүйгээд Пыг дагаж гүйсээр 33 дугаар сургууль орчим очсон. Бид 2-г очиход П дээшээ хараад хэвтээд өгсөн. Би Паас “яав, юу болсон бэ” гэж асуухад тэрээр “андаа, би гар утсыг нь шүүрч аваад гүйчихлээ” гэж надад хэлсэн, тухайн үед би Пыг анх хоёр эмэгтэйгээс гар утас авсан тухай мэдээгүй байсан. Би Пыг ойролцоо байдаг замын хойд талын CU ороод байж бай гээд явуулсан. Араас нь би дараа нь очоод Птай уулзсан. Тэр үед П шүүрч авсан гар утсаа надад “май, чи энэ утсыг яахаа өөрөө мэд” гээд өгсөн. Бид хоёр CU-д очоод Б ах руу залгаад хаана байгааг асуухад Б “Сансараас хөдлөөгүй байна, 33 дугаар сургуулийн баруун доод хэсэгт зогсоолд байна, Оргил гэдэг найзтайгаа уулзчихаад харилаа гэж хэлсэн тул түүн дээр яваад очсон бөгөөд ах бид хоёр хүүхэдтэй муудалцчихлаа яваарай гээд хөдөлцгөөсөн. Ах дээр очоод Пыг гэрт нь хүргэж өгөөд гэртээ харьцгаасан. Маргааш нь 14 цагийн үед би гэрээсээ гараад нөгөө гар утсыг ломбардад тавих гээд гарсан боловч би насанд хүрээгүй тул ломбардад тавьж чадаагүй тул Б ахыг дуудаад Сансар дээр уулзаад Гэгээ гэдэг ломбардад түүний нэрээр 400.000 төгрөгөөр тавиулсан. Мөнгийг нь надад бэлнээр өгсөн ба бид хоёр салсан. Тэр мөнгийг би найз Мичидмаа гэх хүүхдэд өрөндөө өгчихсөн... гэм буруу үйлдэл хийсэндээ гэмшиж байгаа...” гэх мэдүүлэг /хх.46, 158/,
Өсвөр насны яллагдагчид эрх, үүрэг тайлбарласан баталгаа /хх.165-166/,
Мөрдөн шалгах ажиллагаанд өсвөр насны яллагдагч Б.Пын өгсөн: “... 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр намайг О гэх найз намайг өөрийнхөө 80991907 дугаараас миний 85811212 дугаар луу залгаад “намайг гараад ир, хийх юм байна” гэж хэлсэн тул би гэрээсээ гарахад О хүргэн ах болох Б ахтайгаа хамт түүний машинд байсан. Б намайг ятгаад О бид хоёроор дээрэм хийлгэхээр болсон. Би Б бид гурав нэлээн явж байгаад баар байдаг хэсгүүдээр эргэлдэж сүүлдээ Сансар ирсэн. Сансарын туннелээр гараад доошоо эргээд туслах зам руу Б ах хүн заасан тул заасан зүг рүү нь О бид хоёр харахад согтуу эмэгтэй хүн туннелийн шат орчим явж харагдсан. О бид хоёр машинаас буугаад, би эхлээд тэр хоёр эмэгтэй рүү туннелээр дээшээ гүйгээд нэг эмэгтэйн гартаа барьсан байсан гар утсыг нь шүүрч булааж аваад цааш чигээрээ гүйсэн, харин араас О гүйж байсан. Тухайн үед О надтай хамт Б ахын машинаас буухдаа цуг хэрэг хийх гэж л бууж О бид хоёр гүйсээр байгаад 33 дугаар сургуулийн гадаа очсон ба О надаас нөгөө булааж авсан гар утсыг авсан. Тухайн үед би ямар гар утас авснаа сайн хараагүй байж байгаад Од өгсөн. Бид хоёр дараа нь Сансарын түнелийн дээд талд байдаг СиЮу худалдааны төвийн гадаа очсон. Тухайн О өмсөж байсан куртикээ надтай сольж өмсөөд тэрээр Б ах р; явсан. Удалгүй О эргэж ирэхдээ надаас авсан утсаа ахдаа өгчхөөд ирсэн. Тэгээд бид хоёр Б ах руу явсан ба Б ах руу очиход тэрээр бид хоёрыг 33 дугаар сургуулийн ертөнцийн зүгээр зүүн талд авто зогсоолд хүлээж байсан. Б ах болон О хоёр намайг хүргэж өгсөн ба би гэртээ орсон. Хэрэг болсноос 2 хоногийн дараа О надад тухайн гар утсыг ломбардсан гэсэн ба Б ах нь ломбардсан гар утаснаас олсон мөнгийг өөрөө бүгдийг нь аваад явчихлаа гэсэн. Би тэр гар утас ломбардад барьцаанд тавьж олсон мөнгөнөөс юу ч аваагүй. Б ах О бид хоёрыг дээрэлхэх гээд байдаг талтай болохоор би Б ахаас жаахан айдаг юм...” гэх мэдүүлэг /хх.167-168/,
Яллагдагчид эрх, үүрэг тайлбарласан баталгаа /хх.173-174/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Бат-Эрдэнийн яллагдагчаар өгсөн: “... Тэд нар насанд хүрээгүй учраас би ломбардсан. Эмүжин өөрөө надаас гуйж ломбардаас авсан мөнгийг миний данс руу хийлгүүлсэн. Огийн өгсөн гар утсыг ломбардсан асуудал нь би түүний өмнөөс ломбардаж ломбардаас бэлэн мөнгө өгсөн. Би Огийн гар утсыг тухайн үед гэмт хэргийн улмаас олдсон гар утас гэдгийг мэдээгүй. Би дээрэмдэх гэмт хэргийг зохион байгуулаагүй. О болон П нартай урьдчилан тохиролцоогүй. Би Од өгсөн бэлэн мөнгийг ямар нэгэн байдлаар хувьдаа хэрэглээгүй...” гэх мэдүүлэг /хх.177/,
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоол /хх.204-209/,
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:
Өсвөр насны шүүгдэгч Б.Огийн хувийн байдлын талаарх баримтууд /хх.78, 96-124, шинээр гаргасан 1 хуудас/,
Өсвөр насны шүүгдэгч Б.Огийн нас тоолсон тэмдэглэл /хх.93/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх.94/,
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх.95/,
Өсвөр насны шүүгдэгч Б.Пын нас тоолсон тэмдэглэл /хх.130/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх.129/,
Төрсний гэрчилгээний хуулбар /хх.131/,
Өсвөр насны шүүгдэгч Б.Пын хувийн байдлын талаарх баримтууд /хх.125-128, 132-144/,
Шүүгдэгч Г.Бат-Эрдэнийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх.146/,
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх.148/,
Шүүгдэгч Г.Бат-Эрдэнийн хувийн байдлын талаарх баримтууд /хх.149-154/ зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасны дагуу хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэр.эг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байх тул шүүх эдгээр нотлох баримтыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой юм.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулж, шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
Үйл баримтын талаарх дүгнэлт:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг баримтлан, шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн бодитой, харьцуулж шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Г.Б, өсвөр насны шүүгдэгч Б.О, Б.П нар нь бүлэглэн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр Сансарын тунель орчимд иргэн С.Мөнхнарангийн эзэмшлийн Самсунг Глакси эс20 ультра /Samsung Galaxy S20 ultra/ загварын 710.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, илээр, хууль бусаар авсан болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хэргийн үйл баримтын талаар нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой дээрх нотлох баримтуудаар тухайн үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, хэргийн талаар нотолбол зохих байдал хангалттай тогтоогджээ.
Шүүхээс хэргийн нотлох баримтыг харьцуулж шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалган, хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлсэн болно.
Эрх зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г.Б, Б.О, Б.П нарыг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлд “Дээрэмдэх” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан” гэж уг гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлсон байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар иргэний өмчлөх эрхийг баталгаажуулжээ.
Дээрэмдэх гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар авсан гэмт үйлдлийн улмаас хохирол учирсан байхыг шаардахгүй, үйлдэл хийснээр төгсдөг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг юм. Өөрөөр хэлбэл, энэ гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хууль ёсны өмчлөгч, эзэмшигч, итгэмжлэн хариуцсан, хамгаалах үүрэг бүхий хүнээс өөртөө шилжүүлэн авснаар төгсдөг.
Хууль бусаар авсан гэж бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр авч, үнэ төлбөргүйгээр өөртөө болон бусдын өмчлөлд бүр мөсөн авсныг, илээр авсан гэж бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигч болон бусад хүмүүст мэдэгдэж, илээр тэдний нүдэн дээр авсныг тус тус ойлгоно.
Хүч хэрэглэхгүйгээр гэж бусдын амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулж, халдаагүй үйлдсэнийг ойлгоно. Өөрөөр хэлбэл, хохирогчид бие махбодын болон сэтгэл санааны ямар нэг хүч хэрэглээгүй, хэрэглэхээр заналхийлээгүй, зөвхөн ил аргаар эд хөрөнгийг салган авч, тэр даруйдаа хохирогчоос зугтан зайлсхийсэн шинжтэй үйлдэл хамаарна.
Шүүгдэгч Г.Б, өсвөр насны шүүгдэгч Б.О, Б.П нар нь бүлэглэн хохирогч С.Мөнхнарангийн эзэмшлийн 710.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, илээр, хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Дээрэмдэх” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б, өсвөр насны шүүгдэгч Б.О, Б.П нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэсэн дүгнэлтийг улсын яллагч гаргасан бөгөөд гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нар маргаагүй болно.
Шүүгдэгч Г.Б, өсвөр насны шүүгдэгч Б.О, Б.П нарын бүлэглэж үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлттэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ” гэж,
Мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно” гэж,
3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэргийг өөрөө, бусадтай бүлэглэн, ял оногдуулах насанд хүрээгүй хүнийг, хэрэг хариуцах чадваргүй хүнийг, гэмт хэргийг хамтран үйлдээгүй ба гэмт хэрэг үйлдэгдэж байгааг ойлгож мэдээгүй бусад хүнийг, мал, амьтан ашиглан үйлдсэн хүнийг гэмт хэргийн гүйцэтгэгч гэнэ” гэж,
3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн хүнийг гэмт хэргийн хамжигч гэнэ” гэж тус тус хуульчилжээ.
Шүүгдэгч Г.Б нь гэмт хэрэг үйлдэхийг санаачилсан, удирдсан, төлөвлөсөн, гэмт хэрэг хамтран үйлдэгчдийн үүрэг, оролцоог хуваарилж зохион байгуулсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тэрээр гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилж үгсэн тохиролцож, урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж хамжигчаар хамтран оролцсон, өсвөр насны шүүгдэгч Б.О, Б.П нар нь гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож, гэмт хэргийг өөрөө, бусадтай бүлэглэн үйлдэж гүйцэтгэгчээр тус тус хамтран оролцсон гэж үзэхээр байна.
Иймд шүүгдэгч Г.Б, өсвөр насны шүүгдэгч Б.О, Б.П нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирол, хор уршгийн талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заажээ.
Хохирогч С.Мөнхнаран нь “эд зүйлээ бүрэн хүлээж авсан, нэмж нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй” гэсэн байх тул шүүгдэгч Г.Б, өсвөр насны шүүгдэгч Б.О, Б.П нарыг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж хуульчилсан байна.
Шүүгдэгч Г.Б, өсвөр насны шүүгдэгч Б.О, Б.П нар нь бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нарын гэмт хэргийн сэдэлт, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэгт хамтран оролцогчдын бүлэглэж гүйцэтгэсэн үүрэг, ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгч нарын ар гэрийн болон хувийн байдал, тэдэнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагч, шүүгдэгчдийн өмгөөлөгч нарын дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзаж үзсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 8.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 8.7 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.П, Б.О нарт тус бүр ял оногдуулахыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч, хянан хүмүүжүүлэх хугацаанд хараа хяналтдаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг эцэг, эхэд нь даалгахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Г.Б, өсвөр насны шүүгдэгч Б.О, өсвөр насны шүүгдэгч Б.П нарт 1 жилийн хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тус тус авах нь зүйтэй.
Тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Г.Б, өсвөр насны шүүгдэгч Б.П, Б.О нарт сануулж байна.
Шүүгдэгч Г.Б, өсвөр насны шүүгдэгч Б.О, Б.П нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “учруулсан хохирлыг төлсөн” гэж заасныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэж заасныг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцсон болно.
Бусад асуудлаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн Сиди 1 ширхэг, 004548 дугаартай барьцаат зээлийн гэрээ 1 хуудас зэргийг хавтаст хэрэг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт үлдээж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Б, өсвөр насны шүүгдэгч Б.О, Б.П нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Шүүгдэгч Г.Б, өсвөр насны шүүгдэгч Б.О, Б.П нарт урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Оймууд овогт Гын Б, өсвөр насны шүүгдэгч Х овогт Бийн О, Номч овогт Бгийн П нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 8.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 8.7 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.П, Б.О нарт тус бүр ял оногдуулахыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч, хянан хүмүүжүүлэх хугацаанд хараа хяналтдаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг эцэг, эхэд нь даалгасугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2, 2.5 дахь хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч Г.Б, өсвөр насны шүүгдэгч Б.О, өсвөр насны шүүгдэгч Б.П нарт 1 жилийн хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар, тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Г.Б, өсвөр насны шүүгдэгч Б.П, Б.О нарт сануулсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн Сиди 1 ширхэг, 004548 дугаартай барьцаат зээлийн гэрээ 1 хуудас зэргийг хэрэг хадгалах хугацаа дуусах хүртэл хавтаст хэрэгт үлдээсүгэй.
6. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Б, өсвөр насны шүүгдэгч Б.П, Б.О нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.Б, өсвөр насны шүүгдэгч Б.П, Б.О нарт урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР