| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Наранчимэг |
| Хэргийн индекс | 134/2020/00260/И |
| Дугаар | 134/ШШ2021/00025 |
| Огноо | 2021-01-14 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 134/ШШ2021/00025
Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Наранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, өөрийн байранд байрлах ******* ХХК /РД:2578697, утас 99074808/-ийг төлөөлж, Чойр салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 1974 онд төрсөн, 47 настай, эмэгтэй, Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 1 дүгээр баг 105 дугаар байрны 15 тоотод оршин суух, Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 1 дүгээр багийн Засаг дарга ажилтай, Хэрээд овогт Н-н М /РД:УР74081964, утас 94081519/-т холбогдох
үндсэн зээлийн төлбөр 822 964 төгрөг, 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн байдлаарх зээлийн хүү 2 557 144 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 511 429 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 12 900 төгрөг, нийт 3 904 437 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Жаргал, хариуцагч*******, нарийн бичгийн дарга Б.Азжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч*******т холбогдуулан үндсэн зээлийн төлбөр 822 964 төгрөг, 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн байдлаарх хүү 2 557 144 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 511 429 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 12 900 төгрөг нийт 3 904 437 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
Нэхэмжлэгч ******* ХХК-ийн Чойр салбарын захирал Л.Гантулга шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Иргэн******* нь *******тай 2009 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 41001735 дугаартай цалингийн зээл, барьцааны гэрээ байгуулан 2 000 000 төгрөгийг жилийн 30 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Банк нь 2009 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр зээлдэгч*******ийн ******* дахь 20002074 дансанд 2 000 000 төгрөгийг шилжүүлэн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 1 177 036 төгрөг, зээлийн хүүд 404 306.36 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 10 895.47 төгрөгийг төлсөн. Гэтэл зээлдэгч нь банктай байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2010 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн төлөлгүй, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 3796 хоног хугацаа хэтрүүлээд байна. ******* нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж байсан бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Мөн 2011 оноос зээлдэгчийн хаяг тодорхойгүй, уулзах болон утсаар ярих боломжгүй байсан тул*******ийг эрэн сурвалжлуулах хүсэлтийг шүүхэд гаргаж, Говьсүмбэр аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 82 дугаартай шийдвэрээр эрэн сурвалжлуулахаар шийдвэрлэсэн. Уг шүүхийн шийдвэрээр хариуцагчийг эрэн сурвалжлах ажиллагаа хийгдэж, Цагдаагийн байгууллагаас хариуцагчийн хаягийг тодорхойлсон болно. Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон гэрээний дагуу төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 822 964 төгрөг, 2020 оны 11-р сарын 09-ний өдрийн байдлаарх хүү 2 557 144 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 511 429 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 12 900 төгрөг, нийт 3 904 437 төгрөгийг Нэргүйн Мөнгөнцэцэгээс гаргуулж өгнө үү. Хуулиар төлбөр гаргуулж болохгүй гэж зааснаас бусад хариуцагчийн хөрөнгө, орлогоос шийдвэр гүйцэтгэх бүхий л ажиллагааг явуулж Шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шүүхийн шийдвэрт тухайлан зааж зөвшөөрөл олгож өгнө үү.
Зээлийн дүнг 3,873,296.83 төгрөг болгон өөрчилж байна.******* нь зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт төлөхийг зөвшөөрч эвлэрвэл нэхэмжилсэн хүү, нэмэгдүүлсэн хүүний тавин хувийг бууруулах боломжтой юм гэжээ.
Нэхэмжлэгч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Жаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн******* нь 2009 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 41001735 дугаартай цалингийн гэрээ байгуулан 2 000 000 төгрөгийг жилийн 30 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай зээлсэн. Банк 2 000 000 төгрөгийг шилжүүлэн гэрээний үүргийг биелүүлж зээлийг олгосон. Гэрээний хугацаанд зээлдэгч маань үндсэн зээл 1 777 036 төгрөг, зээлийн хүү 404 306 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10 896 төгрөг төлсөн.******* нь 2010 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн зээлээ огт төлөөгүй. 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн байдлаар 3758 хоног зээлийг хугацаа хэтрүүлсэн. Энэ хугацаанд*******ийн хаягийг тогтоох боломжгүй байсан учраас 2011 онд шүүхэд*******ийг эрэн сурвалжлах хүсэлтийг гаргасан.*******ийг эрэн сурвалжлах хүсэлт гаргаснаас хойш Цагдаагаас эрэн сурвалжлахтай холбоотой мэдээлэл ирээгүй. Тэгээд 2020 онд албан тоот ирж иргэн*******ийн хаягийг тодруулсны дагуу шүүхэд үлдэгдэл зээл болон төлөгдөөгүй хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү 3 904 437 төгрөгийг нэхэмжилсэн байгаа. Дахин зээлийн үлдэгдэл болон ашигласан зээл төлөгдөөгүй хугацаа дээр хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцоод нийт 3 873 296 төгрөг 83 мөнгө болгож зээлийн дүнг багасгасан байгаа. Үүн дээр нотариатын үйлчилгээний зардал 12 900 төгрөг нэмэгдэнэ. Хэрвээ******* хүлээн зөвшөөрвөл хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоолол дээр 50 хувийг хасаж болно гэсэн саналтай байна.
Гол нь гэрээний дагуу хэн нэгнээр эрж хайлгаад байх шаардлагагүй, өөрөө зээлийн үлдэгдэлтэй гэдгээ мэдэж байгаа учраас банктай харилцах нь тухайн харилцагчид өөрт нь байсан. Банк санаатайгаар хугацаа явуулж зээлийн төлбөр ихэсгэх гэсэндээ биш гэрээний дагуу үлдэгдлээр бодогдсон дүн. Зөвшөөрөхгүй байгаа учраас 50 хувиар багасгахгүй нийт 3 873 296 төгрөг 83 мөнгөн дээр нотариатын үйлчилгээний зардал нэмээд нэхэмжилнэ гэв.
Хариуцагч******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие******* нь *******наас 2009 онд цалингийн зээл авсан нь үнэн. 2010 онд ажлаас гарч зээлээ төлж чадахгүй болсон. Тухайн үед банкны эдийн засагч байнга ирж уулзаж байсан ба би төлөх боломжгүй нэг сар болоод намайг шүүхэд өгч хүүг нь зогсоох арга хэмжээ авахыг 3 удаа ирэхэд нь хэлсэн болно. Иймд банк санаатай хүү, алданги тооцож байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Би Дорноговь аймгийн Сайншанд суманд багийн нийгмийн ажилтнаар ажиллаж байгаад 2011 оны 02 дугаар сард төрөөд 04 дүгээр сард Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, Хас банктай байранд амьдарч байгаад 2011 оны 09 дүгээр сард Баянтал сум руугаа ирсэн. Хэдхэн сар Дорноговь аймгийн Сайншанд суманд багийн нийгмийн ажилтан хийж байгаад, хотод очиж 3 сар болоод Говьсүмбэр аймагтаа ирээд сумандаа амьдарсан. Өнөөдрийг хүртэл Баянталд ажиллаж, амьдарч байгаа. 2015 оноос хойш Талын илч гээд дулааны байгууллагад хүний нөөц, бичиг хэргийн ажилтнаар ажилласан. 2015 оноос хойш тасралтгүй ажил хийж байгаа. 2017 онд Тамгын газарт ажилд орсон. Үндсэндээ сүүлийн 5 жил тасралтгүй ажил хийж байна. 2011 оноос хойш нэг ч удаа ямар нэгэн бичиг баримт болон мөнгө шаардаж над дээр ирээгүй. 9,10 жилийн дараа санаатай мэт хүү, алданги бодоод иргэнийг хохироох гэж байгаа юм шиг асуудал гаргаж байгаад дургүй байгаа. Тиймээс банкнаас нэхэмжилж байгаа мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй. Гэхдээ үндсэн авсан зээлээ иргэн хүнийхээ хувьд төлнө. Банк 50 хувиар хүүг бууруулъя гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй, шүүхийн шийдвэрийн дагана гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч*******т холбогдуулан үндсэн зээлийн төлбөр 822 964 төгрөг, 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн байдлаарх хүү 2 557 144 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 511 429 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 12 900 төгрөг, нийт 3 904 437 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Чойр салбарын захирлаас үндсэн зээлийг 822 963 төгрөг 83 мөнгө, зээлийн хүүг 2 541 944 төгрөгөөр, нэмэгдүүлсэн хүүг 508 389 төгрөгөөр багасгаж, нийт зээлийн дүнг 3 873 286 төгрөг 83 мөнгө болгосон тайлбарыг ирүүлсэн.
Хариуцагч нь үндсэн зээлийн төлбөрийн талаар маргаангүй, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг ...энэ олон жилийн хугацаанд надаас нэг ч удаа нэхэмжилж байгаагүй үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй гэж маргана.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс харьцуулан үзээд үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв. Үндэслэл нь:
Нэхэмжлэгч *******, хариуцагч******* нарын хооронд 2009 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 2 000 000 төгрөгийг 30 хоногт 2,5 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай зээлсэн 41001735 дугаартай зээлийн гэрээ байгуулагдсан болох нь хэрэгт авагдсан зээлийн гэрээ, талуудын маргаангүй тайлбараар тогтоогдож байх бөгөөд гэрээний агуулга, зорилго болон талуудын илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийллийн хувьд Иргэний Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 452 дугаар зүйлийн 452.2, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 22 дугаар зүйлд заасан шаардлагад нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байна.
Хөөн хэлэлцэх хугацааны талаар:
Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 76.2-т зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс тоолдог бөгөөд шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан үеэс үүснэ.
Мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг гурван жил байх ба Иргэний хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д зааснаар тухайн шаардлагад хөөн хэлэлцэх богиносгосон хугацаа тогтоосон байсан ч шүүхийн шийдвэрийн үндсэн дээр уг шаардлага хуулийн хүчин төгөлдөр бол түүний хөөн хэлэлцэх хугацаа арван жил байна.
Талуудын хооронд банкны зээлийн гэрээний харилцаа үүссэн бөгөөд гэрээний хугацаа дуусаагүй байхад хариуцагч нь эргэн төлөлтийн дагуу 2010 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс хойш зээлээ төлөөгүй нь банкинд шаардах эрхийг үүсгэсэн.
Гэвч иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд******* нь хаана оршин суугаа болох нь мэдэгдэхгүй байсан үндэслэлээр ******* 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд хүсэлт гаргаж, улмаар Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 82 дугаар шийдвэрээр*******ийг эрэн сурвалжлах шийдвэр гарч, уг ажиллагааг хийж гүйцэтгэхийг Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтэст даалгажээ.
Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтсийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 33д/2915 дугаар албан бичгээр*******ийн оршин суугаа хаягийг тогтоосон тухай нэхэмжлэгч *******ны Чойр салбарт мэдэгдэж, банк шүүхэд 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр гэрээний үүргийг шаардаж, нэхэмжлэл гаргасан байна.
Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-т зааснаар тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, ...бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана.,
мөн 79.2-т зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргасан бол хөөн хэлэлцэх хугацааны тасалдал нь шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох, эсхүл хэрэг шийдвэрлэх ажиллагаа бусад хэлбэрээр дуусгавар болох хүртэл үргэлжилнэ.,
79.3-т зааснаар талууд эвлэрсэн, эсхүл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг бусад хэлбэрээр үргэлжлүүлэх боломжгүй болсон бол талууд болон шүүхээс явуулсан сүүлийн ажиллагаа дуусгавар болсноор хөөн хэлэлцэх хугацааны тасалдал зогсоно.,
79.4-т зааснаар энэ хуулийн 79.3-т заасан тохиолдолд хөөн хэлэлцэх хугацааг шинээр эхлэн тоолох боловч талуудын аль нэг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэхээр бол шаардлага гаргасны нэгэн адил үзэж хөөн хэлэлцэх хугацаа дахин тасалдана.
Дээрх нөхцөл байдлыг хуулийн зохицуулалтын хүрээнд дүгнэхэд банк шүүхэд эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан үеэс хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэх бөгөөд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноор хөөн хэлэлцэх хугацааны тасалдал зогсох хэдий ч иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа газрыг Цагдаагийн байгууллагаас олж тогтоосны дараа банк, зээлийн гэрээний үүрэг шаардах эрх нь хэрэгжих боломжтой, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжлэхээр байсан учир шаардлага гаргасны нэгэн адил үзэж хөөн хэлэлцэх хугацаа дахин тасалдсан гэж үзлээ.
Иймд Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.7-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр тоолно гэсний дагуу нэхэмжлэгч ******* нь хөөн хэлэлцэх хугацааны дотор шаардах эрхээ хэрэгжүүлсэн байна.
Үндсэн маргааны талаар:
Хариуцагч******* нь зээлийн гэрээний дагуу төлбөр төлөх үүргээ 2010 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс хойш биелүүлээгүй, гэрээний хугацаа 2011 оны 03 дугаар сарын 03-ны өдөр дууссан болох нь зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн дансны хуулгуудаар тогтоогдсон.
Үндсэн зээлийн үлдэгдэл 822 963 төгрөг 83 мөнгийг хариуцагч нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн, энэ нь зээлийн дансны хуулгаас харагдана.
Банк 2010 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл нийт 3758 хоногийн хугацаагаар тооцож, зээлийн хүү 2 541 944 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 508 389 төгрөг гэж гаргасан бөгөөд энэхүү тооцоололд хариуцагчийн зүгээс маргаагүй, зөвхөн тухайн орон нутагтаа байсаар байтал зээлийн хүүг зогсоож, шаардах эрхээ хэрэгжүүлээгүй хугацаа алдсан гэж маргасан.
Шүүх, нэхэмжлэгчийн шаардах эрхээ хэрэгжүүлэх хөөн хэлэлцэх хугацааны талаар дээр дүгнэсэн бөгөөд банкны зээлийн хүү нэмэгдэхэд нэхэмжлэгчийн зүгээс буруутай болох нь нотлох баримтаар үгүйсгэгдсэн, нөгөө талаар хариуцагч хариу тайлбараа нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй.
Харин зээлийн гэрээний дагуу төлбөр төлөх үүрэг нь гэрээний 2.2.1-д Зээл, хүүгийн төлбөрийг энэхүү гэрээний хавсралт 1-д заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх үүрэгтэй., 3.1-д Зээлдэгч зээлийн үндсэн төлбөр болон хүү төлөх үүргээ гэрээнд заасан хугацаанд биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,1%-иар тооцож нэмэгдүүлсэн хүү төлөх ба нэмэгдүүлсэн хүүгийн нийт хэмжээ нь зээлийн төлөгдөөгүй үндсэн төлбөрт ногдох үндсэн хүүгийн 20%-иас хэтрэхгүй байна., Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ., 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. гэснээр хариуцагчид өөрт нь байжээ.
Мөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө. гэснээр нэхэмжлэгч ******* нь хугацаа хэтрүүлсэн 3758 хоногоор тооцож зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй.
Түүнчлэн Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг шаардах эрхтэй тул нотариатын үйлчилгээний хөлс 12 900 төгрөгийн шаардлага үндэслэлтэй байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч*******ээс үндсэн зээл 822 963 төгрөг 83 мөнгө, зээлийн хүү 2 541 944 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 508 389, нотариатын үйлчилгээний хөлс 12 900 төгрөг нийт 3 886 196 төгрөг 83 мөнгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 77 421 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 77 129 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Нэхэмжлэгч, шүүхэд нэхэмжлэл гаргахдаа төлбөр гаргуулж болохгүй гэж зааснаас бусад хариуцагчийн хөрөнгө орлогоос шийдвэр гүйцэтгэх бүхий л ажиллагааг явуулж шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шүүхийн шийдвэрт тухайлан зааж зөвшөөрөл олгож өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасныг хангаж, шүүхийн шийдвэрт дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1-т зааснаар хариуцагч*******ээс үндсэн зээл 822 963 төгрөг 83 мөнгө, зээлийн хүү 2 541 944 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 508 389, нотариатын үйлчилгээний хөлс 12 900 төгрөг нийт 3 886 196 төгрөг 83 мөнгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 77 421 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 77 129 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д зааснаар хариуцагчийн, хуулиар төлбөр гаргуулж болохгүй гэж зааснаас бусад хөрөнгө, орлогоос шийдвэр гүйцэтгэх бүхий л ажиллагааг явуулж шүүхийн шийдвэр биелүүлэх арга хэмжээ авахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НАРАНЧИМЭГ