| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2022/1493/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/235 |
| Огноо | 2024-03-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Нямжав |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 2024/ШЦТ/235
2024 03 05 2024/ШЦТ/235
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,
Улсын яллагч М.Нямжав,
Шүүгдэгч З.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн З.Нт холбогдох 2306 05301 0249 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2002 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, авто засварын инженер мэргэжилтэй, “АПУ” ХХК-д агуулахын туслах ажилтай, ам бүл 4, эх, эгч, дүүгийн хамт амьдардаг, Орхон аймгийн Баян-Өндөр сумын 7 дугаар баг, Зүүн дэнжийн 5 дугаар гудамжны 32 тоотод оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 40 дугаар хороо, Монгол хотхон 66а байрны 50 тоотод түр оршин суух, улсаас авсан шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б овогт Зын Н /РД: /,
Хэргийн товч агуулга:
З.Н нь 2023 оны 10 дугаар сарын 09- ний өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын 142 дугаар дунд сургуулийн спорт зааланд сагсан бөмбөг тоглож байгаад хохирогч Э.Амар-Энхтэй маргалдаж улмаар түүний биед нь халдаж, эрүүл мэндэд нь нэг шүдний хугарал, уруулд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З.Н өгсөн мэдүүлэгтээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Гэм буруугийн талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг баримтлан, шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн бодитой, харьцуулж шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
З.Н нь 2023 оны 10 дугаар сарын 09- ний өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын 142 дугаар дунд сургуулийн спорт зааланд сагсан бөмбөг тоглож байгаад хохирогч Э.Амар-Энхтэй маргалдаж улмаар түүний биед нь халдаж, эрүүл мэндэд нь нэг шүдний хугарал, уруулд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээс гадна,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.05/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Амар-Энхийн өгсөн: “Би 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 142 дугаар сургуулийн зааланд өөрийн танил болох найз Эрхэмбаяр, дүү Билгүүн нарын хамт 18 цагаас заал авч сагсан бөмбөг тоглосон. Тоглож байхдаа тухайн зааланд тоглож байсан залуутай алдаанаас болж маргалдсан гэтэл тухайн залуу над руу дайраад намайг баруун гараараа боогоод унагаасан тэгээд зүүн гараараа 1-2 удаа цохисон тэгээд би босож ирээд хартал миний уруулаас цус гарчихсан зүүн дээд нэгдүгээр шүд хугарчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх.09/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.Баяндоогийн өгсөн: “... Н тэр залууг заамдаад шүдний доор шахаад төмөр хэсэгт нь цээж рүү нь заамдсан чигтээ дарж байсан, тэгэхээр нь манай ажлынхан Ныг салгаж авсан... нөгөө залуу Нтай муудалцаад салгасны дараа Эрхэмбаярт миний шүд хугарсан байна гэж хэлсэн байсан, тэгээд хувцсаа солиод нөгөө залуу заалнаас ганцаараа гараад явсан, удаагүй нөгөө залуу цагдаа дуудаад цуг орж ирсэн...” гэх мэдүүлэг /хх.14-15/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ү.Эрхэмбаярын өгсөн: “... Би Улаанбаатар хотод “АПУ” ХХК-д ажилладаг юм аа. Манай ажлын хамт олон гэрээт заал болох Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо байх 142 дугаар сургууль дээр долоо хоног бүрийн нэг дэх өдөр очиж заал авдаг. Тэгээд 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр манай компани цуг ажилладаг болон тэдгээр хүмүүсийн найз нөхөд нь гээд нийт 11-н очиж зааланд сагсан бөмбөг тоглосон. Тэгээд хоёр талдаа тав таваараа тоглож байхад манай багын залуу болох манай найз Э.Амар-Энх нөгөө багын залуу болон манай компани найз З.Нтай бөмбөгөн дээрээс болж маргалдсан. Би тухайн үед эсрэг талын шийдэн дээр тоглож байгаад тэр хоёр хоорондоо заамдалцаад байхаар нь очиход Э.Амар-Энхийн амнаас бага зэрэг цус гарсан байсан ба З.Н унахдаа мөргөсөн гэж байсан. Тухайн үед яг хэн хэн байсан талаар сайн мэдэхгүй байна... Миний харснаар бол Э.Амар-Энх болон З.Н хоёр шүдний ар талд бие бие ээ заамдаад зогсож байсан ба З.Н Э.Амар-Энхийг заамдангаа түлхээд, унагаж байхыг харсан. Харин тухайн үед яваад очиход Э.Амар-Энхийн амнаас цус гарч байсан...” гэх мэдүүлэг /хх.38-39/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Ш.Цэцэгмаагийн 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 12955 дугаартай:
1. Э.Амар-Энхийн биед нэг шүдний хугарал, уруулд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна” гэх дүгнэлт /хх.16-17/,
Хохиролд 500.000 төгрөг шилжүүлсэн тухай дансны хуулганы хуулбар /хх.27/,
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтол /хх.63-65/,
Яллагдагчид эрх үүрэг тайлбарласан баталгаа /хх.68/,
Мөрдөн шалгах ажиллагаанд З.Нын яллагдагчаар өгсөн: “... би үйлдсэн хэрэг, тогтоолоо хүлээн зөвшөөрч байна. Би хохирогчид эмчилгээний зардал гэж 900.000 төгрөг дансаар нь өгсөн байгаа...” /хх.69-70/,
Хохирол бүрэн авсан цаашид гомдолгүй тухай хохирогч Э.Амар-Энхийн гаргасан тайлбар /хх.29/
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай шүүгдэгч З.Нын гаргасан хүсэлт /хх.78/,
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай прокурорын тогтоол /хх.82/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч З.Н өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирогч Э.Амар-Энх нь хохирол бүрэн барагдуулж авсан, гомдол саналгүй, өөр нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч З.Ныг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар З.Нт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч З.Нт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч З.Нт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “учруулсан хохирлыг төлсөн” гэж заасныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
З.Нын хувийн байдлыг харгалзан үзэж, түүнд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч З.Н нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол З.Нт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Зын Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Нт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч З.Нт оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулсугай.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч З.Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Э.Амар-Энх нь гомдол саналгүй, өөр нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР