| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2024/0067/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/60 |
| Огноо | 2024-02-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Лхамсүрэн |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 2024/ШЦТ/60
2024 02 06 2024/ШЦТ/60
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.А даргалж
Нарийн бичгийн дарга Д.У
Улсын яллагч Ц.Л
Хохирогч Б.Э
Шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Б-д холбогдох эрүүгийн 2425000000020 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт.
Ө овгийн Д-ийн Б
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч Д.Б нь 2023 оны 12 дугаар сарын 07-ны шөнө 03 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртын гол багийн Баянталын *** тоот гэртээ өөрийн хүү Б.Э тэй маргалдаж, баруун гарын шууг заазуураар зүсэж эрүүл мэндэд нь баруун шууны гадна дунд хэсэгт 5 см өнцөг үүссэн гурвалжин шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б мэдүүлэхдээ “Согтуудаа ийм хэрэг хийсэн, юу болсныг санахгүй байгаа. Архи ууснаас ийм асуудал болсон байна, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч Б.Э мэдүүлэхдээ “Аав тухайн үед согтуу байсан болохоор зарим зүйлийг санахгүй байна. Миний өгсөн мэдүүлэгт дурьдсан үйл явдал болсон. Одоо гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд. /хх-н 7-10-р тал/
2. Хохирогч Б.Э ийн “2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 20 цагийн орчимд гэртээ харихад аав Б согтуу, гэртээ ганцаараа байсан. Би гэртээ бэлэн хоол идчихээд 0.5 лаазтай 2 пиво уучхаад 22 цагийн орчимд орондоо ороод унтах гээд хэвтэж байхад манай аав Б орилоод унтуулахгүй байсан. Би унтмаар байна, орилохоо болиоч, өглөө ажилтай гэхэд хэсэг чимээгүй болоод дахин орилсоор байгаад 00 цаг болсон. 01 цаг болж байхад аав орилохоо болихгүй, би гэртээ байна гээд орилоод байсан. Аав гэрээсээ гарч хашаан дотор орилоод байгаад байсан. Удалгүй буцаж орж ирээд орилж чарлаад агсан тавиад байхаар нь би аавыгаа тэвэрч аваад ор луу хэвтүүлэхэд аав орноосоо босоод гал тогооны өрөө рүү гүйгээд орчихсон. Би гэрээс гараад орилоод байж магадгүй гэж бодоод араас нь бариад авахад баруун гарыг хальт хумсаараа маажих шиг болсон. Гараа харахад бага зэрэг цус гарч байсан. Алчуур аваад гараа арчихад цус гараад тогтохгүй байсан. Манай аав согтуудаа миний баруун гарыг модон иштэй заазуураар гэмтээсэн” гэх мэдүүлэг. /хх-н 16-17-р тал/
3. Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 35 дугаартай “Хэсэг газрын үзлэг хэсэгт баруун шууны гадна дунд хэсэгт 5 см өнцөг үүссэн гурвалжин хэлбэр бүхий мэс заслын оёдлын шархтай. Б.Э ийн биед баруун шуунд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт. /хх-н 21-22-р тал/
4. Яллагдагч БД.Б-н “манай хүүхэд орж ирэхдээ бага зэрэг архи уучихсан орж ирэхээр нь би уурлаж яах гэж архи ууж байгаа юм гэхэд манай хүү Эрхэт та өөрөө уучихсан байхад би ууж болдоггүй юм уу гээд уурласан. Миний уур хүрээд хэвтэж байгаад босоод гал тогооны өрөө рүү орсон. Тэрнээс хойш болсон асуудлыг санахгүй байна. нэг сэргээд харахад манай гал тогооны шал нэлэнхүйдээ цус болсон, манай хүүхэд баруун гараа барьчихсан орон дээр сууж байсан. Би хүү дээрээ очоод гарыг нь харах гэхэд цагдаа дуудчихсан гэсэн. Хүү надад хэлэхдээ та миний гарыг заазуураар зүсчихлээ гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-н 5-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, өмгөөлөгч нарын санал дүгнэлт:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Ц.Л дүгнэлтдээ “Шүүгдэгч Д.Б нь 2023 оны 12 дугаар сарын 07-ны шөнө 03 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртын гол багийн Баянталын *** тоот гэртээ өөрийн хүү Б.Э тэй маргалдаж, баруун гарын шууг заазуураар зүсэж эрүүл мэндэд нь баруун шууны гадна дунд хэсэгт 5 см өнцөг үүссэн гурвалжин шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангйн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна” гэв.
Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
1.Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд, хохирогч Б.Э ийн “араас нь бариад авахад баруун гарыг хальт хумсаараа маажих шиг болсон, гараа харахад бага зэрэг цус гарч байсан. Алчуур аваад гараа арчихад цус гараад тогтохгүй байсан. Манай аав намайг согтуудаа миний баруун гарыг модон иштэй заазуураар гэмтээсэн” гэх мэдүүлэг, Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 35 дугаартай дүгнэлт, яллагдагч БД.Б-н “Хүү надад хэлэхдээ та миний гарыг заазуураар зүсчихлээ гэж хэлсэн” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Д.Б нь 2023 оны 12 дугаар сарын 07-ны шөнө 03 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртын гол багийн Баянталын *** тоот гэртээ өөрийн хүү Б.Э тэй маргалдаж, баруун гарын шууг заазуураар зүсэж эрүүл мэндэд нь баруун шууны гадна дунд хэсэгт 5 см өнцөг үүссэн гурвалжин шарх бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Б-н үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Б-г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй.
Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Э ийн эрүүл мэндэд нь баруун шууны гадна дунд хэсэгт 5 см өнцөг үүссэн гурвалжин шарх бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.
2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан зорчих эрх хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.Б оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулах нь зүйтэй.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхэр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 1 ширхэг заазуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.
Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ө овгийн Д-ийн Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-г 2 /хоёр/ сарын хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэсгэрээс гарахыг хориглож, зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 1 ширхэг заазуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
6. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.А