Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 2024/ШЦТ/59

 

 

 

 

 

 

 

 

 

2024         02           06                                            2024/ШЦТ/59

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.А даргалж

 

Нарийн бичгийн дарга Д.У

Улсын яллагч Ж.Б

Шүүгдэгч Ж.М  нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.М-т холбогдох эрүүгийн 2425000000031 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Ч овгийн Ж-ийн М

            Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Ж.М нь 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 16 цаг 30 минутын орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн 3-2 дугаар байрны гадна хохирогч согтууруулах ундааны зүйл хэрэглэн байхад нь унагах, толгой хэсэгт нь цохих, өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь гавал яс, их зулайнаас урагш духны баруун хэсэг, хойш шулуун заадас дагуу бага зулай хүртэл үргэлжилсэн шугаман хугарал, дух болон зулайн дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины баруун зүүн тал бөмбөлөг хоорондын цус хуралт, тархины зүүн тал бөмбөлгийн тархины эдийн няцрал, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ж.М-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.М мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.Хохирогчид 3 350 000 төгрөгийн хохирол төлсөн. Прокуророос танилцуулсан торгох ялыг зөвшөөрч байна” гэв.

 

Хохирогч Ц.Ц “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. Хохирогч Ц.Ц-н “Би 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр гэртээ байж байхад 13 цагийн үед манай найз Э-н  машин нь Аз хотхоны гадаа асахгүй байна, ирээд асаалцаад өгөөч гэхээр нь би явж очсон юм. Тэгээд тэндээ машин нь асахгүй байхаар нь гэрт орж нэг шил архи уучхаад би тэднийхээс гараад такси бариад хорооллын эцэст ээжийн ажил дээр очиж мөнгө авчхаад сууж явсан таксигаараа гэртээ буюу 3-2 дугаар байр болон 3-3 дугаар байрны голд буусан. Тэгээд би яг юу болсноо санахгүй байгаа юм. Таксинаас буугаад хүнд зодуулчихсан юм байна лээ. Тэгээд гэртээ орж унтаад маргааш өглөө буюу 11 дүгээр сарын 29-ний өглөө сэрсэн чинь миний толгой аймар өвдөж сэрээд босоод явах гэсэн чинь толгой эргээд өвдөөд босож болохгүй байсан. Тэгээд гэртээ 6 хоноод бүр болохгүй болохоор нь Бүсийн оношилгоо эмчилгээний төвд очиж үзүүлэхэд гавлын яс цуурсан байна, бас цус хурсан байна, шүд хугарсан байна гээд шууд эмнэлэгт гэмтлийн тасагт хэвтүүлчихсэн. Тэгээд би цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан юм. Толгой өвдөөд гэртээ байж байх үедээ хальт гарч тамхи татсан юм. Тэгэхэд манай байрны зүс таних ах надад “чи дээр хүнд зодуулаад алуулангаа алдсан ш дээ гайгүй юу” гэж надаас асуусан юм. Тэгж би хүнд зодуулснаа мэдсэн. Би эмчилгээний төлбөр бусад зардал гэж 3,350,000 төгрөг Ж.М аас авсан. Одоо надад гомдол санал байхгүй. Миний сэтгэцэд учирсан хохирол байхгүй, миний сэтгэл санаанд хохирол учраагүй нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг. /хх-н 11-12, 14-р тал/

2. Гэрч Б.Э-ны  “Миний төрсөн ах Ц.Ц нь Орхон аймгийн Баян-Өндөр сум, Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах **** тоотод эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг юм. Тэгээд 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр ах Ц.Ц нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд өдөр 16 цагийн үед хорооллын эцсээс ээж Б  нь таксинд суулгаж өгөөд гэр рүү нь явуулсан байна. Ингээд ах 3-3 дугаар байрны гадаа буугаад гэр рүүгээ орох замдаа гудамжинд үл таних хүнтэй маргалдаж толгойн тус газартаа гэмтэл авсан байна. Өөрийнх нь ярьж байгаагаар тухайн үед толгой тархи нь өвдөлттэй байсан учраас зүгээр больчих байх гэж бодоод гэртээ 2-3 хоног харсан ба өчигдөр толгой нь нэлээн өвдөөд байхаар нь БОЭТ-ийн хүлээн авах тасагт үзүүлж толгойны зураг авхуулахад толгойны зулай хэсэгт цус хуралтай гэсэн онош гарсан болохоор тухайн үед ахыг маань цохиж зодсон гэх хүнийг олох зорилгоор цагдаагийн байгууллагад хандаж байна. Одоо ах Ц.Ц нь гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа ба зарим зүйлээ сайн санахгүй байна. Өөрөө тухайн үед нэлээн согтолттой байсан” гэх мэдүүлэг. /хх-н 18-19-р тал/

3. Гэрч М.Э-ны “Би Орхон аймгийн Баян-Өндөр суманд ажиллаж амьдардаг 2023 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 16 цагийн үед миний төрсөн охин Э  над руу гар утсаар залгаж өвөө М  нь ажлынхаа хүнтэй архи уучихсан байдалтай гэрт орж ирлээ, нөгөө ажлын газрын хүн нь унтаад өглөө гэж хэлсэн. Намайг гэртээ ирэх үед аав унтаж байсан ажлын газрын хүнийг хаашаа явсан талаар ээжээс асуух үед ээж би тухайн хүнийг сэрээгээд гэрээс гаргаад явууллаа гэж хэлсэн. Тухайн үед манай нөхөр Өмнөговь аймаг руу ажлаар явсан байсан учир би өөрийн гурван хүүхдийг аав ээжийн гэрт амьдруулж байсан. Аав М нь хүнтэй маргалдсан муудалдсан зодолдсон шинж тэмдэг ажиглагдаагүй. Аавын биед ил харагдах гэмтэл шарх байгаагүй. Манай аав уг нь архи согтууруулах ундааны хамааралтай хүн биш, тухайн өдөр л архийг их хэмжээгээр уусан юм шиг байгаа юм. Манай аав уян зөөлөн хүн байгаа юм, амархан гомддог дөлгөөн, урьд гэмт хэрэгт холбогдож байгаагүй. Одоо манай аав ээж хоёулаа амьдарч байгаа, аав залуугаасаа мужааны мэргэжил эзэмшиж, ширээ сандал хийж барилгын засал чимэглэл хийж амьдарсан хүн” гэх мэдүүлэг. /хх-н 21-р тал/

4. Гэрч Э.Э-н  “2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 11 цагийн үед би өөрийн гэр болох Орхон аймгийн Баян-Өндөр сумын **** тоотод байж байх үед миний гар утас дуугарч над руу найз Ц  залгаад хүрээд ир гэж хэлсэн. Би гэрт нь очоод Хараа нэртэй 0.75 литрийн 1 шил архийг хувааж уугаад 12 цагийн үед би Аз хотхоны гражинд хүний машин янзалж өгнө гээд хэлчихсэн болохоор тэнд очиж машин янзлахаар болж өөрийн эхнэрийг дуудаж намайг машинаар ирээд аваадах гэж хэлсэн. Манай эхнэр ирээд Ц  бид хоёрыг аваад Аз хотхон дээр очоод би машинаас буугаад Аз хотхон руу орсон, эхнэр Ц тай үлдсэн. Би машинаа янзлаад буцаад машин дээрээ иртэл Ц  яваад өгчихсөн байсан. Би эхнэрээс Ц  хаашаа явсан талаар асуух үед Ц  ээжийнх рүүгээ явна гэж хэлсэн. 3 хоногийн дараа би Ц ын гэрт очтол Ц  нь хүнд зодуулсан байдалтай байсан, би юу болсон талаар асуух үед би хүнд зодуулсан, манай байрны ах салгасан гэж хэлсэн. Өөр зүйл хэлээгүй” гэх мэдүүлэг. /хх-н 23-р тал/

5. Гэрч Ж.Н-н “2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 08 цагийн үед ажлаасаа буугаад гэр рүүгээ харих замдаа талбайн хажууд өөрийн найз М тай таарсан, би ойр зуур юм ярьж байгаад ганц шил архи хувааж уухаар тохироод 0.75 литрийн Хараа нэртэй архи дэлгүүрээс аваад М ын гэр рүү явсан. М ын гэрт очоод архиа хувааж ууж дуусаад М  би нэг шил архи худалдаж авна гээд М  дэлгүүрээс 0.5 литрийн Хараа нэртэй архи аваад ирсэн. Бид хоёр тус өдрийн орой нойргүй хоносон учир архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд их муудсан, худалдаж авсан архиа ууж дуусаад байж байтал М  ахиад нэг шил архи аваад ирье гэж хэлсэн. Би тэгээд унтаад өгсөн. Унтаж байх үед М ын эхнэр намайг сэрээгээд гэртээ харь гэсэн би босоод хартал М  нойлынхоо хаалганы урд шалан дээр тасарчихсан унтаж байсан, М ын гэрээс гараад өөрийн гэр рүүгээ явсан” гэх мэдүүлэг. /хх-н 25-р тал/

6. Гэрч О.Г-н “Би 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 16 цагийн үед би гэрээсээ гараад машинаа халааж байх үед Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн 3-02 байр, 3-3 дугаар байрны дунд машин зогсоолын хажууд М  гэх хүн нь Ц ыг цохиж унагаагаад унасны дараа дээрээс нь толгой руу нь цохиод өшиглөөд байсан би явж очоод М ыг болиулахад тухайн хүн нь чамд ямар хамаатай юм, хуцаад бай гэх мэтчилэн дайраад байсан. Тэр үед хажуугаар явж байсан үл таних нэг ах хүрч ирээд М ыг болио, цаашаа бай гэх үг хэрэглээд М ыг цаашлуулсан, би Ц  дээр очих үед Ц ын хамраас цус гарчихсан, биеэ авч явах чадваргүй, их хэмжээний согтолттой, газар суучихсан байсан. Би ажил ихтэй байсан учир машиндаа суугаад яваад өгсөн. Маргааш нь би орцны үүдэн дээр Ц тай таараад чи гайгүй юу, чи хүнд зодуулаад алуулангаа алдлаа шүү гэж хэлсэн. Тэр үед Ц  хүнд зодуулснаа санахгүй байсан. Тэр хоёр хоорондоо маргалдаад байсан, яг ямар зүйлийн талаар талаар ярьж маргалдсан талаар санахгүй байна” гэх мэдүүлэг. /хх-н 27-р тал/

7. Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 26 дугаартай: “Ц.Ц-н биед гавал яс, их зулайнаас урагш духны баруун хэсэг, хойш шулуун заадас дагуу бага зулай хүртэл үргэлжилсэн шугаман хугарал, дух болон зулайн дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины баруун зүүн тал бөмбөлөг хоорондын цус хуралт, тархины зүүн тал бөмбөлгийн тархины эдийн няцрал, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ, эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна” гэх дүгнэлт. /хх-н 30-32-р тал/

8. Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “Бичлэгийн 04 минут 44 секундэд хохирогч Ц.Ц-г бор өнгийн үстэй савхин куртик өмссөн эрэгтэй хүн /Ж.М / нь баруун гараараа түлхэж газарт унагаж байна. 04 минут 58 секундэд хохирогч Ц.Ц-г бор өнгийн үстэй савхин куртик өмссөн эрэгтэй хүн /Ж.М / нь баруун гараараа толгой тус газар цохиж байна. Бичлэгийн 06 минут 18 секундэд хохирогч Ц.Ц-г /Ж.М / нь хөлөөрөө өшиглөж, толгой хэсэгт гараараа цохиж байв. 06 цаг 52 секундэд хохирогч Ц.Ц-г /Ж.М / нь толгойн хэсэгт гараараа цохиж байгааг харуулав. 08 минут 00 секундэд баруун гараараа цохиж байгааг харуулав. 08 минут 03 секундэд баруун гараараа цохиж унагааж байгаад хөлөөрөө өшиглөж байгааг харуулав. 09 минут 08 секундэд Ж.М ыг үл таних 2 эрэгтэй хүн ирж салгаж байгааг харуулав.” гэх тэмдэглэл, гэрэл зураг. /хх-н 35-41-р тал/

9. Яллагдагч Ж.М ын “Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ухамсарлаж байна. Болсон зүйлийн талаар сайн санахгүй байна. Архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсний улмаас өөрийн хийсэн үйлдлийг ухамсарлахгүй, ийм үйлдэл хийчихлээ, намайг уучлаарай. Би хохирогчийн хохирлыг барагдуулсан. Хохирогчоос уучлалт гуйсан байгаа. Миний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх мэдүүлэг, /хх-н 51-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Ж.Б  дүгнэлтдээ “Шүүгдэгч Ж.М  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 16 цаг 30 минутын орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн 3-2 дугаар байрны гадна талд хохирогч Ц.Ц-г согтууруулах ундааны зүйл хэрэглэн байхад нь унагах, толгой хэсэгт нь цохих, өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь гавал яс, их зулайнаас урагш духны баруун хэсэг, хойш шулуун заадас дагуу бага зулай хүртэл үргэлжилсэн шугаман хугарал, дух болон зулайн дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины баруун зүүн тал бөмбөлөг хоорондын цус хуралт, тархины зүүн тал бөмбөлгийн тархины эдийн няцрал, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 11.000 нэгжтэй тэнцэх хэмжээгээр торгох ял оногдуулж 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна гэв.

Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Ц.Ц-н “би яг юу болсноо санахгүй байгаа юм. Таксинаас буугаад хүнд зодуулчихсан юм байна лээ. Тэгээд гэртээ орж унтаад маргааш өглөө буюу 11 дүгээр сарын 29-ний өглөө сэрсэн чинь миний толгой аймар өвдөж сэрээд босоод явах гэсэн чинь толгой эргээд өвдөөд босож болохгүй байсан. Тэгээд гэртээ 6 хоноод бүр болохгүй болохоор нь Бүсийн оношилгоо эмчилгээний төвд очиж үзүүлэхэд гавлын яс цуурсан байна, бас цус хурсан байна, шүд хугарсан байна гээд шууд эмнэлэгт гэмтлийн тасагт хэвтүүлчихсэн” гэх мэдүүлэг, гэрч Б.Э-ны  “Одоо ах Ц.Ц нь гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа ба зарим зүйлээ сайн санахгүй байна” гэх мэдүүлэг, гэрч М.Э-ны “Аав М  нь хүнтэй маргалдсан муудалдсан зодолдсон шинж тэмдэг ажиглагдаагүй. Аавын биед ил харагдах гэмтэл шарх байгаагүй” гэх мэдүүлэг, гэрч Э.Э-н  “3 хоногийн дараа би Ц ын гэрт очтол Ц  нь хүнд зодуулсан байдалтай байсан, би юу болсон талаар асуух үед би хүнд зодуулсан, манай байрны ах салгасан гэж хэлсэн” гэх мэдүүлэг, гэрч О.Г-н “Би 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 16 цагийн үед би гэрээсээ гараад машинаа халааж байх үед Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн 3-02 байр, 3-3 дугаар байрны дунд машин зогсоолын хажууд М  гэх хүн нь Ц ыг цохиж унагаагаад унасны дараа дээрээс нь толгой руу нь цохиод өшиглөөд байсан. Ц  дээр очих үед Ц ын хамраас цус гарчихсан, биеэ авч явах чадваргүй, их хэмжээний согтолттой, газар суучихсан байсан” гэх мэдүүлэг, Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 26 дугаартай дүгнэлт, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, яллагдагч Ж.М ын “Болсон зүйлийн талаар сайн санахгүй байна” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Ж.М  нь 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 16 цаг 30 минутын орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн 3-2 дугаар байрны гадна хохирогч Ц.Ц-г согтууруулах ундааны зүйл хэрэглэн байхад нь унагаж, толгой хэсэгт нь цохих, өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь гавал яс, их зулайнаас урагш духны баруун хэсэг, хойш шулуун заадас дагуу бага зулай хүртэл үргэлжилсэн шугаман хугарал, дух болон зулайн дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины баруун зүүн тал бөмбөлөг хоорондын цус хуралт, тархины зүүн тал бөмбөлгийн тархины эдийн няцрал, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт бүхий хүнд хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтын талаар улсын яллагч болон хохирогч, шүүгдэгч нараас зөрүүтэй санал дүгнэлт гараагүй бөгөөд хэрэг учрал болсон цаг хугацаа, газар, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шалтгаан, оролцогчдын үйлдэл оролцоо, учирсан хохирол, хор уршиг зэрэг нотлогдвол зохих зүйлүүд хангалттай нотлогдож тогтоогдсон байна

            Шүүгдэгч Ж.М ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ж.М ыг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

            Гэмт хэргийн улмаас Ц.Ц-н эрүүл мэндэд гавал яс, их зулайнаас урагш духны баруун хэсэг, хойш шулуун заадас дагуу бага зулай хүртэл үргэлжилсэн шугаман хугарал, дух болон зулайн дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины баруун зүүн тал бөмбөлөг хоорондын цус хуралт, тархины зүүн тал бөмбөлгийн тархины эдийн няцрал, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт бүхий хүнд хохирол учирсан бөгөөд хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна. Хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирч шүүгдэгч эмчилгээний зардалд 3 350 000 төгрөгийг төлсөн боловч хохирогчид учирсан гэмтэл бүрэн эдгэрсэн эсэх нь тодорхойгүй байх тул цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдав.

 

            2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх тухай улсын яллагчийн санал хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 1 ширхэг хуурцгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгэр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ч овгийн Ж-ийн М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.М-ыг 11 000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 11 000 000 /арван нэгэн сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.М-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.М-т оногдуулсан 11 000 000 төгрөгөөр торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 1 ширхэг хуурцгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч Ц.Ц нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.

 

  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.А

Ж