Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 2024/ШЦТ/05

 

 

 

 

 

 

 

 

 

2023       12          22                                               2024/ШЦТ/05

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.А даргалж

 

Нарийн бичгийн дарга Д.У

Улсын яллагч Т.Т

Шүүгдэгч М.Х нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Х-д холбогдох эрүүгийн 2325000000363 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Б овгийн М-ийн Х

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч М.Х нь 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант багийн *** тоотод Б.Т, Ш.З нартай согтууруулах ундааны зүйл хэрэглэж, Ш.З-н эзэмшлийн Самсунг галакси А-23 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 350 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч М.Х-г бусдын эд хөрөнгийг нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Х мэдүүлэхдээ “Гэм буруугаа ойлгож, гэмшиж байна, хохирлыг нөхөн төлсөн.” гэв.

 

Хохирогч Ш.З “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэжээ.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. Хохирогч Ш.З-н “Би 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр ажлаасаа тараад **** тоотод иртэл манай нөхөр болох Т нь гэртээ 30 орчим насны залуутай танилцсан гээд гэрт сууж байхаар нь би уурлаад ямар учиртай хүн гэрт аваад ирсэн талаар асуутал хоёулаа хорооллын гэртээ очиж нэг шил архи ууя гээд байхаар нь нөхөр үл таних залуу нарын хамтаар хорооллынхоо гэрт очиж архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэж байгаад нөхөр бид хоёр унтаад өгсөн. Тэгээд маргааш өглөө нь сэрэхэд Samsung A23 загварын гар утас маань алга болсон учраас би Цагдаагийн байгууллагад хандаж байна. 30 орчим насны 1 метр 50 см орчим өндөртэй туранхай бор залуу байсан, харвал танина. Надад өөрийн нэрээ Х  гэж хэлж байсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 9-10, 13-14 хуудас/

2. Гэрч Б.Т ийн “Би Согоот багийн 6-5-р байрнаас гэр лүү гээ явах гээд 6-6-р байрны ард талд 30 насны орчим эрэгтэй хүн урдаа архи тавьчихсан сууж байсан. Би хажуугаар нь гарах гэтэл надаас тамхи асуугаад бид хоёр танилцаад урдаа тавьчихсан байсан архийг хамт уусан. Тэгтэл тухайн залуу өөрийнхөө ашиглаж байсан гар утсаа Теди гар утас худалдааны төвд 50,000 төгрөгөөр зараад бид хоёр ахиж архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэж байгаад Согоот баг **** тоотод архи уух гэж байтал манай эхнэр З  ажлаасаа бууж ирээд энд архи ууж болохгүй гэж хэлсэн. Тэгээд би эхнэртэйгээ ярьж байгаад хорооллынхоо гэр лүү явж архи ууж байгаад тасраад унтаад маргааш өглөө сэрэхэд эхнэр маань гар утас байхгүй болсон байна гэж хэлж байсан. Туранхай бор залуу байсан. Бэлтгэлийн цагаан саарал өнгийн өмд цамцтай явж байсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 18-19 хуудас/

3. Гэрч Д.Ө-н “Өглөө миний хүү Х гэртээ ирэхдээ хөл дээрээ тогтож чадахгүй нэлээн согтуу ирэхээр нь би ямар нэгэн зүйл ярилгүй унтуулчхаад энэ ер нь хаагуур юу хийж явдаг юм бол гэж бодоод халаасыг нь үзэхэд өмднийх нь арын халааснаас өмнө нь харж байгаагүй цайвар шар өнгөтэй гар утас гараад ирэхээр нь авч далд хийгээд сэрэхээр нь гар утсаа хайж асуух нь уу гэсэн чинь асуухгүй байхаар нь гайхаад чимээгүй байж байтал гаднаас цагдаа нар орж ирээд Х-г аваад гарч яваад, нэг цагдаа нь буцаж орж ирээд таны хүү гар утас хулгай хийсэн байна, авч явж шалгах шаардлагатай байна гээд цагдаа нь гараад явахаар нь халаасанд байсан гар утсыг нь авснаа санаад араас нь залгаад ах нь нэг утас байхаар нь аваад далд хийчихсэн юм. Та нарын яриад байгаа утас энэ утас юм шиг байна гэсэн чинь за тэгвэл та наад утсаа байлгаж байгаарай би өөрөө очиж авна гэсэн. Цагдаа удалгүй ирээд гар утсыг аваад явсан. Тэгээд дараа нь хүү Х-гаас ирээд энэ гар утас ямар учиртай юм чи хулгай хийчихсэн юм уу гэхэд ааваа би санахгүй байна гэж байсан” гэх мэдүүлэг.х-ийн 22-23-р хуудас/

4. “Ашид Билгүүн” ХХК-ны шинжээчийн 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн ТХҮ-ОРХ/7280 дугаартай “гар утасны одоогийн зах зээлийн үнэ цэнийг 2023 оны 07 дугаар сарын байдлаар 350,000 /гурван зуун тавин мянга/-н төгрөг байх боломжтойг тодорхойллоо” гэх үнэлгээний тайлан. /хх-ийн 28-31-р хуудас/

5. Сэжигтэн М.Х гийн “Би Ш.З эгчийн гар утсаар нь ярьж байгаад аваад явчихсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 46-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын санал дүгнэлт:

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Т.Т дүгнэлтдээ “Шүүгдэгч М.Х нь 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант багийн *** тоотод Б.Т , Ш.З нартай согтууруулах ундааны зүйл хэрэглэж, улмаар Ш.З-н эзэмшлийн Самсунг галакси А-23 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 350 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна. Мөн шүүгдэгч нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 56 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлээгүй байх тул уг ялыг нэмж нэгтгэн эдлэх ялыг тогтоох нь зүйтэй” гэв.

 

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Ш.З-н “маргааш өглөө нь сэрэхэд Samsung A23 загварын гар утас маань алга болсон учраас би Цагдаагийн байгууллагад хандаж байна. 30 орчим насны 1 метр 50 см орчим өндөртэй туранхай бор залуу байсан, харвал танина. Надад өөрийн нэрээ Х  гэж хэлж байсан” гэх мэдүүлэг, гэрч Б.Т ийн “маргааш өглөө сэрэхэд эхнэр маань гар утас байхгүй болсон байна гэж хэлж байсан. Туранхай бор залуу байсан. Бэлтгэлийн цагаан саарал өнгийн өмд цамцтай явж байсан” гэх мэдүүлэг, гэрч Д.Ө-н  “өмднийх нь арын халааснаас өмнө нь харж байгаагүй цайвар шар өнгөтэй гар утас гараад ирэхээр нь авч далд хийгээд сэрэхээр нь гар утсаа хайж асуух нь уу гэсэн чинь асуухгүй байсан. Хүү Х гаас ирээд энэ гар утас ямар учиртай юм чи хулгай хийчихсэн юм уу гэхэд ааваа би санахгүй байна гэж байсан” гэх мэдүүлэг, “Ашид Билгүүн” ХХК-ны шинжээчийн 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн ТХҮ-ОРХ/7280 дугаартай үнэлгээний тайлан, сэжигтэн М.Х гийн “Би Ш.З эгчийн гар утсаар нь ярьж байгаад аваад явчихсан” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч М.Х нь 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант багийн *** тоотод Б.Т , Ш.З нартай согтууруулах ундааны зүйл хэрэглэж, Ш.З-н эзэмшлийн Самсунг галакси А-23 загварын гар утсыг авч 350 000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

            Шүүгдэгч М.Х нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүй, нууцаар, хууль бусаар авч 350 000 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч М.Х-г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

            Гэмт хэргийн улмаас хохирогч Ш.З д 350 000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд гар утсыг хохирогчид хүлээлгэн өгсө бөгөөд хохирогч, гомдолгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.

            2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамааралтай бүхий бусад зүйлсийн талаар

 

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “хохирол нөхөн төлснийг” эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан зорчих эрх хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

            Шүүгдэгч М.Х нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 56 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийгүүлсэн боловч уг ялыг эдлээгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар ялыг нэмж нэгтгэн эдлэх ялыг тогтоох нь зүйтэй.

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Х гийн цагдан хоригдсон 16 хоногийг түүнд оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялаас хасч тогтоохоор шийдвэрлэв.

 

Шүүгдэгч М.Х-д оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулав.

 

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овгийн М-ийн Х г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Х-д 6 /зургаа/ сарын хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Х-д оногдуулсан 6 сарын зорчих эрх хязгаарлах ял дээр Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялаар тооцон, 30 хоногийн зорчих эрх хязгаарлах ял нэмж нэгтгэн эдлэх ялыг 7 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Х гийн цагдан хоригдсон 16 хоногийг түүнд оногдуулсан 7 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаас хасч, эдлэх ялыг 6 сар 14 хоногийн хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож,зорчих эрх хязгаарлах ялаар тогтоосугай.

 

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Х-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Х-д оногдуулсан 6 сар 14 хоногийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.

 

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

  8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.А