Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 14

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Жуулчны гудамж, Бизнес 34 дүгээр центр, А корпусын 1 тоотод байрлах, ГТ хадгаламж зээлийн хоршооны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Увс аймаг, Улаангом сум, 3 дугаар баг, 28 дугаар байр, 1 тоотод оршин суух, 1968 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОО68042562, Булгадар овогтой ЗЦ,

Хариуцагч: Увс аймаг, Улаангом сум, 3 дугаар баг, 28 дугаар байр, 1 тоотод оршин суух, 1967 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОО68022876, Борлууд овогтой Я Л нарт холбогдох,

            Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээл 1.227.900 төгрөг, хүүгийн төлбөр 267.300 төгрөг, нотариатын төлбөр 11.000 төгрөг, нийт 1.506.200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.П, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Болорзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ГТ хадгаламж зээлийн хоршооны итгэмжлэгдсэн төлөөлөгч М.П шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Г.Ц ГТ хадгаламж зээлийн хоршоотой 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр ЗГ/9263 тоот зээлийн шугамын гэрээ, БГ/9263 тоот барьцааны гэрээ тус тус байгуулан, 1.300.000 төгрөгийг сарын 4,2 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай авсан. Зээлийн барьцаанд эрхийн улсын бүртгэлийн Г-1513000121, гэрчилгээний 000197803 дугаартай, Увс аймгийн Тариалан сумын Хархираа багт байрлах, 5000 м.кв талбай бүхий өмчлөх эрхтэй газрыг барьцаалсан. Зээлийн гэрээний дагуу 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр зээлийн зээлдэгчийн хоршооны дансанд олгож, түүний хүсэлтийн дагуу 13.000 төгрөгийн зээлийн шимтгэлийг олгосон зээлээс суутгаж, үлдэгдэл 1.287.000 төгрөгийг харилцагчид олгосон. Зээлдэгч нь ЗГ/9263 тоот зээлийн гэрээний салшгүй хэсэг болох Хавсралт 1 буюу зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг бүрэн төлж барагдуулах үүрэгтэй боловч нэхэмжлэл гаргах үеийн байдлаар огт төлбөр төлөгдөөгүй байна. Хоршооны зүгээс зээлдэгчийг зээлийн гэрээний үүргээ үл биелүүлж, зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлөхийг шаардан удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл гэрээнд заасан үүргээ үл биелүүлж, нэхэмжлэгч ГТ хадгаламж зээлийн хоршоонд ноцтой хохирол учруулж байна. Зээлдэгч нь зээлийн гэрээ байгуулснаас хойш үндсэн зээлд 70.100 төгрөг, зээлийн хүүд 386.900 төгрөг төлсөн бөгөөд 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдрөөс хойш төлөлт хийгээгүй. 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 1.227.900 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 267.300 төгрөг болж хуримтлагдсан байна. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3, талуудын хооронд байгуулсан ЗГ/9263 тоот зээлийн гэрээг үндэслэн нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар дараах зээлийн үндсэн төлбөр, хүүгийн төлбөрийг хариуцагчаас нэхэмжилж байна. Үүнд: үндсэн зээл 1.227.900 төгрөг, хүү 267.300 төгрөг, нотариатын төлбөр 11.000 төгрөг, нийт 1.506.200 төгрөг болно. Иймд хариуцагч З.Цтай байгуулсан ЗГ/9263 тоот зээлийн гэрээний нийт төлбөр болох 1.506.200 төгрөгийг З.Ц, Я.Л нараас гаргуулж хадгаламж зээлийн хоршоог хохиролгүй болгож өгнө үү. ... Хариуцагч нар зээлийн төлөлтийг огт төлөхгүй байгаа тул бид гаргасан саналынх нь дагуу дахин хугацаа олгох боломжгүй байна. Мөн тэдний эзгүйд хэргийн хянан хэлэлцэж, эцэслэн шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч З.Ц, Я.Л нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ГТ хадгаламж зээлийн хоршооны нэхэмжилсэн 1.506.200 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүртэл сар бүр 120.000 төгрөгөөр, нийт 600.000 төгрөг төлж, үлдэгдэл 906.200 төгрөгийг 2021 оны 5 дугаар сарын 02-ны өдөр төлж барагдуулна. Иймд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ГТ хадгаламж зээлийн хоршоо нь хариуцагч З.Ц, Я.Л нарт холбогдуулан Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээл 1.227.900 төгрөг, хүүгийн төлбөр 267.300 төгрөг, нотариатын төлбөр 11.000 төгрөг, нийт 1.506.200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хариуцагч З.Ц, Я.Л нар ГТ хадгаламж зээлийн хоршоотой 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр ЗГ/9263 дугаартай Зээлийн гэрээ, мөн өдрийн БГ/9263 дугаартай Барьцааны гэрээ тус тус байгуулж, 1.300.000 төгрөгийг, сарын 4,2 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай авсан байх ба зээлийн барьцаанд эрхийн улсын бүртгэлийн Ү-1513000121 дугаартай, Увс аймгийн Тариалан сумын Хархираа багт байрлах, 5000 м.кв талбай бүхий өмчлөх эрхтэй газрыг барьцаалсан байна.

Мөн 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдөр ЗГ/9263/01 тоот Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ байгуулж, дээрх зээлийн гэрээний хугацааг 12 сарын хугацаатай буюу 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд сунгах, 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн байдлаарх зээлийн гэрээний үндсэн төлбөр 1.227.886,6 төгрөг байх, 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд зөвхөн хүүгийн төлбөрийг, 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүртэл сар бүр үндсэн зээлийн болон хүүгийн төлбөрийг хуваан төлөх хуваарийг баталж, өмнөх зээлийн гэрээ болон барьцааны гэрээний бусад эрх, үүрэг хэвээр үлдэхээр тусгажээ.

Өөрөөр хэлбэл, талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн, мөн хэдийгээр зээлийн гэрээний хугацаа 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдөр дуусах боловч зээлдэгч нар нь гэрээний үүргээ биелүүлэхгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, эргэн төлөлт хийхгүй байгаа нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нар нэхэмжлэлийн үнийн дүнгийн талаар маргаагүй, харин төлбөр төлөх хугацаа олгохыг хүссэн боловч нэхэмжлэгч талаас хүлээн зөвшөөрөөгүй тул шүүх хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн, түүнчлэн шүүх хуралдааны товыг зохих журмын дагуу мэдэгдсэн боловч хариуцагч нар биечлэн шүүх хуралдаанд оролцох боломжгүйгээ утсаар танилцуулсан, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тэдний эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан зэрэг нөхцөл байдлыг харгалзан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 100.4-т зааснаар хариуцагч нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 227 дугаар зүйлийн 227.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч З.Ц, Я.Л нараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээл 1.227.900 төгрөг, хүүгийн төлбөр 267.300 төгрөг, нотариатын төлбөр 11.000 төгрөг, нийт 1.506.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ГТ хадгаламж зээлийн хоршоонд олгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч ГТ хадгаламж зээлийн хорооны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39.049 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч З.Ц, Я.Л нараас 39.049 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ГТ хадгаламж зээлийн хоршоонд олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 227 дугаар зүйлийн 227.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч З.Ц, Я.Л нараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээл 1.227.900 төгрөг, хүүгийн төлбөр 267.300 төгрөг, нотариатын төлбөр 11.000 төгрөг, нийт 1.506.200 /нэг сая таван зуун зургаан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ГТ хадгаламж зээлийн хоршоонд олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч ГТ хадгаламж зээлийн хорооны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39.049 /гучин есөн мянга дөчин ес/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч З.Ц, Я.Л нараас 39.049 /гучин есөн мянга дөчин ес/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ГТ хадгаламж зээлийн хоршоонд олгосугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Н.ГЭРЭЛТУЯА