Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 2024/ШЦТ/26

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,

нарийн бичгийн дарга Р.Ариунаа,

улсын яллагч Т.Нансалмаа,

хохирогч Ч-гийн өмгөөлөгч Р.М,

хохирогч Ч-ны өмгөөлөгч Д.М,

хохирогч Ц.С-гийн өмгөөлөгч Ц.Ц /цахимаар/,

хохирогч Тавин эх ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Б, түүний өмгөөлөгч Г.Х,

хохирогч Л.Б, Л.У нарын өмгөөлөгч Ү.Ч,

шүүгдэгч Г.Н, түүний өмгөөлөгч Д.А, Г.Б,

шүүгдэгч А.Г, түүний өмгөөлөгч Ч.Б /цахимаар/, Ц.Г, О.Ч, 

шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч С.Т, Ц.М, Б.Н нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 17.6 дугаар зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овогт Г-н Н, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овогт А-н Г, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э овогт Б-н Т нарт холбогдох 1909004141282 дугаартай хэргийг 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

Монгол улсын иргэн, 19... оны 07 дугаар сарын 13-нд У төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр хоёр хүүхдийн хамт Б дүүргийн ... дугаар хороо .. хороолол ... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй гэх Д овогт Г-н Н /РД:ШЕ/,

Монгол улсын иргэн, 19.. оны 10 дугаар сарын 04-нд Т суманд төрсөн, 55 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр хоёр хүүхдийн хамт С дүүргийн .. дугаар хороо, .. дугаар хороолол, У тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй гэх Д овогт А-н Г /РД:ШЕ/,

Монгол улсын иргэн, 19.. оны 02 дугаар сарын 18-нд Ө суманд төрсөн, 39 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хуульч  мэргэжилтэй, нотариатч ажилтай, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт С.. тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй гэх Э овогт Б-н Т /РД:КЮ../,

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/

Яллагдагч Г.Н нь А.Г-тай бүлэглэн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хуурамч баримт бичиг гарган өгөх байдлаар түүнийг ашиглаж шүүхээр хууль бус шийдвэр гаргуулж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, “Бигом Чойр” ХХК-ний эд хөрөнгийн эрхийг шилжүүлж 4.031.187.300 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,

Мөн “Тавин эх” ХХК-ний удирдлагад 2019 оны 01 дүгээр сараас эхлэн 2020 оны 06 дугаар сарыг хүртэлх хугацаанд “төмрийн хүдэр нийлүүлнэ, төмрийн хүдэр боловсруулах үйлдвэрээ ашиглуулна” хэмээн итгэл төрүүлж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж их хэмжээний буюу 2.921.551.560.75 төгрөгийн хохирол учруулж залилсан гэмт хэргийг,

Дангаараа 2015 оны 07 сараас 2015 оны 12 сарын хооронд “Төмрийн баяжмал худалдаж авах Хятад хүн олж өгвөл зарсан төмрийн баяжмалын 1 тонн тутмаас 1.5 долларыг өгнө, эхлээд урьдчилгаа 50.000.000 төгрөг өгөх шаардлагатай”, “Төмрийн баяжмал Бүгд Найрамдах Хятад Улс руу гаргах гэхээр эргэлтийн хөрөнгөгүй байна, мөнгө өгөөч, баяжмалаа нийлүүлээд мөнгийг чинь өгье”, “Азийн хөгжлийн сангаас зээл хөөцөлдөж байна, зээл бүтэхээр урьд авсан мөнгөтэйгөө нийлүүлээд өгье” гэх мэтээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогч Ц.С-гаас 114.177.136 төгрөгийг залилж бусдад их хэмжээний хохирол учруулсан,

Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах хүдэр боловсруулах “Бигом Чойр” ХХК-ийн хууль ёсны захирал биш, төлөөлөх эрхгүй атлаа 2018 оны 11 дүгээр сараас 2020 оны 04 дүгээр сар хүртэлх хугацаанд тус компанийн эд хөрөнгө, эдийн болон эдийн бус хөрөнгийн эрхээ шилжүүлэн өгөхийг шаардаж үйлдвэрийн хашааны хаалгыг эвдэх, харуул хамгаалалтын ажилтан Э.Г, Б.Б нарыг хөөж гаргах зэргээр удаа дараа хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж сүрдүүлсэн,

2020 оны 08 дугаар сараас 2020 оны 10 дугаар сарын хооронд Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах хүдэр боловсруулах “Бигом Чойр” ХХК-ийн хууль ёсны захирал биш, төлөөлөх эрхгүй атлаа “Олгой цагаан” ХХК-ийн захирал Л.У-д тус компанийн захирал мэтээр ойлгуулан, хуурамч бичиг баримт үзүүлэн төмрийн хүдэр баяжуулах үйлдвэртэй хамтарч ажиллахаар тохиролцон, улмаар үйлдвэр сард 30,000 тонн хүдэр баяжуулан өгнө, ус цахилгаан мэргэжлийн хяналт, цалингийн өр төлбөр барагдуулах шаардлагатай гэх зэргээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогч Л.У-аас 164.484.000 төгрөг залилсан гэмт хэргийг,

2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн шөнө Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Бигом Чойр” ХХК-ийн үйлдвэрийн хашаанд иргэн Л.Б-тай маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар гараараа цохиж түүнд баруун доод 1, 2-р шүд, зүүн доод 1, 2-р шүдний ганхалт, доод уруулын дотор салстын цус хуралт” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргүүдийг,

Яллагдагч А.Г нь Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр “Бигом Чойр” хариуцагчтай “1.580.000.000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргахдаа “Бигом Чойр” ХХК-ийн 2011 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдааны тогтоол буюу хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж гаргаж өгсөн,

Яллагдагч Г.Н-той бүлэглэн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хуурамч баримт бичиг гарган өгөх байдлаар түүнийг ашиглаж шүүхээр хууль бус шийдвэр гаргуулж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, “Бигом Чойр” ХХК-ний эд хөрөнгийн эрхийг шилжүүлж 4.031.187.300 тэрбум төгрөгийн хохирол учруулсан,

Мөн “Тавин эх” ХХК-ний удирдлагад 2019 оны 01 дүгээр сараас эхлэн 2020 оны 06 дугаар сарыг хүртэлх хугацаанд “төмрийн хүдэр нийлүүлнэ, төмрийн хүдэр боловсруулах үйлдвэрээ ашиглуулна” хэмээн итгэл төрүүлж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж их хэмжээний буюу 2.921.551.560.75 төгрөгийн хохирол учруулж залилсан гэмт хэргүүдийг,

Яллагдагч Б.Т нь “Бигом Чойр” ХХК-ний 2011 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдааны тогтоолыг 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хуулбарлуулаад, хуулбар үнэн зөвийг гэрчлүүлж, нотариатын тамга дарж баталгаажуулахдаа Нотариатын тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд заасан “Нотариатч эрх залгамжлагч болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр баримт бичиг гэрчлэхдээ тэдгээрт холбогдох бусад үндсэн материалыг шалгана”, 46.5 дахь хэсэгт заасан “Хуулийн этгээдийн нэрийн өмнөөс хийж байгаа гэрээ хэлцлийг гэрчлэхдээ түүнийг хуулийн дагуу төлөөлөгч байгаа этгээдийн эрх хэмжээ нь гэрээ, дүрэм, төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрт тусгагдсан эсэхийг шалгана” гэсэн заалтын дагуу шалгаагүй нотариатаар баталгаажуулж, “Бигом Чойр” ХХК-ийн өмчлөх эрхийг хязгаарлах, шилжүүлэхтэй холбоотой илт хууль бус хэлцлийг баталгаажуулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Н, А.Г, Б.Т нарт холбогдох эрүүгийн 1909004141282 дугаартай хэргээс яллах болон өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгч Г.Н шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Холбогдсон хэргийнхээ талаар тайлбар өгөхдөө дэлгэрэнгүй байдлаар өгье. Яллах дүгнэлттэй холбоотойгоор миний бие Ганболд овогтой Н нь 2011 оны 05 дугаар сарын 25-ны өдөр гадаад хөрөнгө оруулалттай ‘’Бигом-Чойр’’ ХХК-ийн Н, Б зэрэг 10 хувийн хувьцаа эзэмшигчтэй, Хятад улсын иргэн Ч 40 хувь, Х 10 хувь, Ш 5 хувийн хувьцаа эзэмшигчтэй 6 гишүүнтэй төмрийн хүдэр баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаа явуулах зорилгоор үүсгэн байгуулж улсын бүртгэлд бүртгүүлсэн. 2011 оны 05 дугаар сарын 15-ны өдөр компани үүсгэн байгуулах гэрээг Хятад болон Монгол улсын талууд харилцан тохирч бүх гишүүд хүлээн зөвшөөрч 10 жилийн хугацаатай хамтарч үйл ажиллагаа явуулахаар гарын үсэг зурсан. Улмаар компаний гэрээг дээрх дүрмийг үндэслэн баталгаажуулж мөн улсын бүртгэлд бүртгүүлж үйл ажиллагаа явуулах эрх бүхий хуулийн этгээд болсон. ‘

2. Шүүгдэгч А.Г шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Би өнөөдөр ингээд яллагдагчаар татагдсанаа ерөөсөө ойлгохгүй байна. Нэгдүгээрт: Би мөнгө зээлсэн. Би зээл өгчхөөд дараа нь мөнгөө авъя гэсэн чинь тухайн үедээ бололцоо байхгүй гээд асуудал яригдаад явчихсан. Тэгээд би аргагүйн эрхэнд хууль хяналтын байгууллагад хуулийн компаниар дамжуулаад энэ асуудлыг шийдэж өгөөч гэсэн хүсэлт тавьсан. Гэрээ хийсэн. Би өнөөдөр Бигом Чойр” гэдэг компанийн дотоод асуудлыг мэдэхгүй. Өнөөдөр Г.Н-ыг яах вэ? миний ахын хүүхэд гэдгээрээ бүлэглэсэн янз бүрийн зохион байгуулалтад орсон юм шиг юм хэлээд байна л даа. Тэгэхээр “Бигом Чойр” гэдэг компанийг хэн үүсгэн байгуулсан, хэн гэдэг хүн яаж хийсэн, би энэ талаар юу ч мэдэхгүй. Байсан баримтаа л өгсөн тэр байгууллага нь шийдвэр гаргалаа Г хүрч ирж аваарай л гэсэн. Тухайн үедээ би төрийн ажил хийж байсан. Очоод гэрээнд гарын үсгээ зураад баримтаа аваад явсан. Ийм л асуудал болоод өнгөрсөн. “Ганболд металл” гэдэг одоо “Тавин-Эх” ХХК-ийг залилсан гээд байгаа. Өнөөдөр шүүхийн шийдвэр гарчихсан. Шүүхдээ итгэнэ биз дээ. Тийм учраас “Тавин-Эх” компанитай хамтарч ажиллах гэрээгээ хийсэн. Хамтарч бид 2 явсан. Бүх ажил хуулийн дагуу гэрээгээрээ яваад ер нь “Тавин-Эх” ХХК бүүр энэ “Монголросцветмет” ХХК-тай би гэрээ хийсэн.

3. Шүүгдэгч Б.Т шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Энэ нийгэм болон энэ хуулийн байгууллагуудынхны дунд нотариатын үйл ажиллагаатай холбоотой өрөөсгөл ойлголт ихээхэн байдгийн бодит жишээ нь өнөөдөр над дээр тохиолдож байна. Хүмүүс бол нотариатын тамга, баталгааны тэмдгийг харангуутаа би байгаагүй. Би гарын үсэг зураагүй гэсэн ийм л хоёр юм ярьдаг байхгүй юу. Тэгтэл яг нотариатч бол нотариатын үйл ажиллагаагаа эрхлэхдээ бичиг баримтын хуулбарын үнэн зөв, орчуулгын үнэн зөв, гэрээний үнэн зөв, итгэмжлэлийн үнэн зөв, гэрээслэл, өв залгамжлал гээд ингээд тусдаа тусдаа төрөлтэй үйл ажиллагаануудыг төрөл тус бүрээр нь нотариатын үйл ажиллагааг эрхэлдэг. Тухайн төрөл тус бүрийг бүртгэлийн дэвтэртээ тус бүрд нь бүртгэж, тамга, баталгааны тэмдгийг дардаг. Тэгээд одоо нөгөө нотариатаар гэрчилсэн бичиг баримтын жижиг тамга нь бол нотариатчийн хувийн дугаартай тамга нь доод талын урт нь бол үйлдэл тус бүр дээр хэрэглэдэг баталгааны тэмдэг нь байхгүй юу.

 

4. Хохирогч Тавин эх ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн мөрдөн байцаах албанд хаяглаад энэ холбогдох асуудлаараа тайлбар гаргаж байсан. Энэ тайлбараа товчхон танилцуулчихъя аа. Мэдүүлэг хэлбэрээр өгөөд өөрийнхөө зүгээс бас бичгээр тайлбараа гаргаж байсан. Яг энэ “Тавин Эх” ХХК-ийн удирдлага А гэдэг хүн бол өөрөө яг энэ компаниа 2005 онд байгуулсан. Түүнээс хойшоо дандаа ашигт малтмал олборлох, экспортлох, худалдаж авах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм. Хохирогчоор тогтоогдчихоод байгаа “Тавин Эх” ХХК-ийн талаас энэ “Ганболд металл” ХХК-ийн удирдлага Г, Н нарын тавьсан саналыг хүлээн авч хамтран ажиллах, өр төлбөр барагдуулах зэрэг зорилгоор 2019 оны 01 дүгээр сараас 2020 оны 06 дугаар сарыг хүртэл нийт 4 удаа гэрээ хэлцэл байгуулсан. Яллах дүгнэлтэд талуудын харилцаатай холбоотой хугацааг зөв тодорхойлсон байна гэж харсан. Гэрчийн мэдүүлгүүдтэй таарч байна. Нэгдүгээрт ямар гэрээ байгуулсан юм бэ? гэхээр 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр төмрийн хүдрийн баяжмал худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Энэ гэрээгээр “Ганболд металл” ХХК бол төмрийн нойтон баяжмал нийлүүлээд худалдан авагч түүнийг хүлээн авч нэг тонн барааны үнэд 53 ам доллар төлөх үүрэг хүлээсэн.

5. Хохирогч Н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

Н, Г нар нь 2011 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн "Бигом Чойр" ХХК-ний ТУЗ-ийн дарга Нгийн гарын үсэг бүхий 400,000 ам.долларыг хүүтэй нь төлөх эрхийг Г.Н-од даалгасан гэж хуурамч бичиг баримтыг шүүхэд гаргаж өгсөн байдаг. Энэ баримтыг үндэслэж шүүх шийдвэр гаргасан. Бодит байдал дээр Н нь 2011 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр БНХАУ-аас Монголд орж ирээд 2011 оны 11 дугаар сарын 20-ны өдөр БНХАУ руу гарч 2011 оны 12 дугаар сарын 10-нд Монгол улс руу ирсэн байдаг. Өөрөөр хэлбэл 2011 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Ч нь Монгол улсад байгаагүй байхад байсан мэтээр гарын үсгийг нь дуурайлгах буюу техникийн тусламжтайгаар хуулбарласан болох нь үүгээр тогтоогдох юм.. Гэтэл Н нь энэ хугацаанаас хойших баримт бичигт “Бигом Чойр" ХХК-ний тамга гэж дарсан байх тул уг тамга болон тамганы дардсыг хуурамч болохыг гарын үсэг хуурамч гэдгийг тогтоож өгнө үү. гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 80-82 дугаар хуудас/,

6. Хохирогч Ц.С мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

2015 оны 08 дугаар сарын эхээр “Бигом Чойр” ХХК-г Хятад улсын компанитай төмрийн баяжмал Хятадын Эрээн хот руу гаргахаар тохиролцож, зуучилж өгсөн. Тэгээд урьдчилгаа мөнгөө Хятад компаниас гаргуул гэж “Бигом Чойр” ХХК-аас санал тавьсан. Тэгээд “мөнгө байна уу” гэж “Бигом Чойр” ХХК-н захирал Н гэх залуу надаас асуухаар нь би “татвар  төлөх гэж байгаа мөнгө байна” гэж хэлтэл Н гэх залуу “та надад тэр мөнгөө өгчих би энэ баяжмалаа гаргаад тэгээд мөнгийг чинь буцаан өгнө” гэж хэлсэн. Тэгээд Н надаас авсан мөнгөө өгөх эргүүлэн төлөх хугацаа нь өнгөрсөн ба 2015 оны 08 дугаар сараас эхлээд цувуулаад 2015 оны 12 дугаар сарын сүүл хүртэл надаас нийтдээ 92 сая төгрөгийг Н авсан байсан ба мөн 12 сардаа миний эзэмшлийн Тундра 40-80 УНЧ улсын дугаартай машиныг баяжмал боловсруулах үйлдвэрт мөнгө хэрэгтэй байна гээд миний энэ машиныг барьцаанд тавиулаад 18 сая төгрөгийг авсан. Тэгээд нийтдээ 110 сая төгрөг болсон байна.... гэх мэдүүлэг /3 дугаар хх-ийн 12 дугаар хуудас/

7. Хохирогч Л.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр манай “Олгой цагаан” ХХК-ний захирал Т, нягтлан бодогч Х /бүтэн нэрийг нь мэдэхгүй байна/ нар ирээд ажилчдын цалин тавих, тооцоо хийх гэж ирсэн. Тэгээд Т захирал, Х нягтлан нар буцаад явсан. Т захирал, Х эгч нарын явсны дараа Н-ын ажилчин юм уу, туслах нь юм уу үйлдвэрийн хашаанд байдаг Ч гэж дууддаг залуу, мөн нэрийг нь мэдэхгүй нэг залуу хоёр үйлдвэрийн тоног төхөөрөмжийг унтраасан. Тухайн үед манай ажилчид ажлаа явуулж байсан. Тэгээд би юу болчихов гээд үйлдвэр лүү яваад очсон чинь Н дарга унтраа гэсэн гэж надад хэлсэн. Төд удалгүй Т захирал, нягтлан Х эгч буцаад хүрээд ирсэн. Би болсон асуудлын талаар Т захиралд хэлсэн. Тэгээд бид нар хуралдаад оффисын өрөөнд сууж байтал 00 цаг өнгөрч байхад Н 2 машинтай 10 гаруй хүнтэй үйлдвэрийн хашаанд орж ирсэн. Н түрүүлж орж ирээд гарцгаа зайлцгаа гээд Т захирал руу дайрсан. Би голоор нь ороход Н амандаа зууж байсан тамхиа Х эгч рүү нясалсан.... гэх мэдүүлэг /5 дугаар хх-ийн 177-178, 6 дугаар 10 дугаар хуудас/,

8. Хохирогч Б.Ч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

...хууль бусаар бичиг баримт бүрдүүлж “Бигом Чойр” ХХК-ийг “Ганболд металь” ХХК-д зарчихсан. Энэ нотлогдоод Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэс дээр яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа...

Г.Н-од залилуулснаараа манай Бигом Чойр ХХК-д 2014 онд 30 вагон нойтон баяжмалыг Хятад руу зарахад дундаас нь Г.Н нь бидэнд мэдэгдэхгүйгээр хүлээн авах хаягийг өөрчилж бүрдүүлэн бусдад зарсан, үйлдвэрийн хашаанд үйлдвэрлээд бэлэн болсон байсан 3000 тонн нойтон баяжмалыг зарсан, 1 шинэ экскаватор, 2 ковш, Лексус 470 маркийн машин 1 ширхэг, Тундра маркийн машин 1 ширхэг, Автокран 1 ширхэг, Бонго-3 нэг ширхэг, Хятадад үйлдвэрлэсэн том оврын ачааны машин, 500 000 юаний үнэтэй 75*106 см хэмжээний бутлуур, 2 контейнер дүүрэн баяжуулах үйлдвэрийн ээлж сэлбэг, үйлдвэрийн хашаанд байсан бусад сэлбэгнүүдийг зарж үрээд дуусгасан... Манай компаний хувьд 2014 онд Н-ын учруулсан хохиролын талаар л гомдол гаргасан.... гэх мэдүүлэг /6-р хх-ийн 85-88 дугаар хуудас/

9. Хохирогч Д.У мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

...Би Олгой Цагаан ХХК-ыг 2013 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр анх үүсгэн байгуулж захирлаар нь одоог хүртэл ажиллаж байна. Манай компани нь уул уурхайн бүтээгдэхүүний гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг. Би 2020 оны 7 дугаар сараас эхлэн төмрийн хүдэр баяжуулах үйлдвэртэй хамтарч ажиллах хүн хайгаад явж байсан юм. Г.Н гэх хүнээс би 164.484.000 төгрөг нэхэмжилж байна. Өөрөөр хэлбэл надад 164.484.000 төгрөгийн хохирол учирсан байна... гэх мэдүүлэг /7 дугаар хх-ийн 96-97, 8 дугаар хх-ийн 45-46  дугаар хуудас/,

10. Гэрч Х мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

Г.Н 20 хувийн албан ёсны хувьцаа эзэмшихээр тохиролцож улсын бүртгэлийн газарт хувьцааг бүртгүүлээд компанийн албан ёсны тамга тэмдэг гэрчилгээг 2011 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч үйл ажиллагааг явуулж эхэлсэн байдаг юм. “Бигом Чойр” ХХК-ийн хувьцаа эзэмшигч нарын тухайд 2011 оны 05 дугаар сарын 14-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн хувьцаа эзэмшигч нар өнөөдрийг хүртэлх хугацаанд хэвээр эзэмших хувьцааны хувь хэмжээ хэвээр байгаа болно.... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 88-89 дүгээр хуудас/,

11. Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

Б.Б миний бие 10 хувийн хувьцаа эзэмших эрхтэйгээр тохиролцож улсын бүртгэлийн газарт хувьцааг бүртгүүлээд компанийн албан ёсны тамга тэмдэг гэрчилгээг 2011 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч үйл ажиллагааг явуулж эхэлсэн байдаг юм. Үйл ажиллагаа явагдаж эхэлсэн цагаас хойш Бигом Чойр ХХК-н дэд захиралаар ажиллаж байгаад 2013 оноос хойш компанийн үйл ажиллагаанаас хөндийрч дотоод үйл ажиллагаанд оролцохоо больсон.

... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 90-91 дүгээр хуудас/,

12. Гэрч Я.Н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

Н миний бие 10 хувийн хувьцаа эзэмших эрхтэйгээр тохиролцож улсын бүртгэлийн газарт хувьцааг бүртгүүлээд компанийн албан ёсны тамга тэмдэг гэрчилгээг 2011 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч үйл ажиллагааг явуулж эхэлсэн байдаг юм. Тухайн үед Ч , Н нар нь хэн хэнийгээ компанийн үйл ажиллагаанд ямар нэгэн давуу эрхтэйгээр оролцох гээд байна гэсэн хардлага сэрдлэг байсан учраас тэдний хооронд үл ойлголцох асуудлууд гарч эхэлсэн. Тэгэхээр нь миний тухайд ер нь компанийн үйл ажиллагаанаас хөндий байсан нь дээр юм байна гэсэн шийдэлд хүрсэн байдаг юм... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 92-93 дугаар хуудас/,

13. Гэрч А.Ө мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

2019 оны 08 дугаар сарын 10-ны орчимд Говьсүмбэр аймгийн Баянтал сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Бигом Чойр” ХХК-ийн хүдрийн баяжмал үйлдвэрлэдэг үйлдвэрлэлийн даргаар ирж ажиллаж байгаад 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс үйлдвэрийн үйл ажиллагаа зогссон учир тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл хугацаанд харуулын үүрэг гүйцэтгэж ажиллаж байна...... гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 120-121 дүгээр хуудас/,

14. Гэрч Ц.Ө мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

Н гэдэг хүнтэй би 1 жил гарангийн өмнө өөрийнхөө найзаар дамжуулан танилцаж байсан бөгөөд анх надтай танилцахдаа Н нь төмрийн баяжмалын үйлдвэртэй бөгөөд хамтран ажилладаг Хятадуудтайгаа таарч тохирохоо болиод шинэ худалдан авагч Хятадуудыг хайж байгаа гэж ярьж байсан. Харин С нь миний төрсөн эгч бөгөөд тухайн үед би Н-ын хэлснийг эгчдээ дамжуулан хэлж хооронд нь танилцуулж байсан.... гэх мэдүүлэг /3 дугаар хх-ийн 70-71 дүгээр хуудас/,

 

15. Гэрч Н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

Миний хувьд С гэх хүний нөхөр Нтэй хэдэн жилийн өмнөөс эхлэн хамтран ажиллаж байгаа учраас Сг таньдаг болсон. Харин Г.Нтой Сгаар дамжуулан танилцсан ба Н нь өөрийгөө төмрийн баяжмалын үйлдвэртэй гэж хэлсэн учир төмрийн баяжмал худалдан авахаар танилцаж байсан.... гэх мэдүүлэг /3 дугаар хх-ийн 110 дугаар хуудас/,

16. Г.Н, А.Г нарын нэр дээрх эд хөрөнгийн лавлагааны хариу /13 дугаар хх-ийн 231-232 дугаар хуудас/,

17. Ганболд металл ХХК, Ган металл руги ХХК, Ногоон гэр Хөгжил ТББ, Сэргэлэнмийт ХХК, Төрийн орон сууцны корпораци, Бигом ХХК, Бигом Чойр ХХК, Мэнэж ХХК, Яамайка Яармаг ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /13 дугаар хх-ийн 233-250 дугаар хуудас/,

18. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 дугаар хх-ийн 125, 7 дугаар хх-ийн 233 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнээд шүүгдэгч Г.Н, А.Г, Б.Т нарын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэлээ.

НЭГ. Гэм буруугийн талаар:

Улсын яллагчаас гэм буруугийн шүүх хуралдаанд “шүүгдэгч Г.Н нь А.Г-тай бүлэглэн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хуурамч баримт бичиг гарган өгөх байдлаар түүнийг ашиглаж шүүхээр хууль бус шийдвэр гаргуулж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, “Бигом Чойр” ХХК-ний эд хөрөнгийн эрхийг шилжүүлж 4.031.187.300 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,

Мөн “Тавин эх” ХХК-ний удирдлагад 2019 оны 01 дүгээр сараас эхлэн 2020 оны 06 дугаар сарыг хүртэлх хугацаанд “төмрийн хүдэр нийлүүлнэ, төмрийн хүдэр боловсруулах үйлдвэрээ ашиглуулна” хэмээн итгэл төрүүлж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж их хэмжээний буюу 2.921.551.560.75 төгрөгийн хохирол учруулж залилсан гэмт хэргийг,

Дангаараа 2015 оны 07 сараас 2015 оны 12 сарын хооронд “Төмрийн баяжмал худалдаж авах Хятад хүн олж өгвөл зарсан төмрийн баяжмалын 1 тонн тутмаас 1.5 долларыг өгнө, эхлээд урьдчилгаа 50.000.000 төгрөг өгөх шаардлагатай”, “Төмрийн баяжмал Бүгд Найрамдах Хятад Улс руу гаргах гэхээр эргэлтийн хөрөнгөгүй байна, мөнгө өгөөч, баяжмалаа нийлүүлээд мөнгийг чинь өгье”, “Азийн хөгжлийн сангаас зээл хөөцөлдөж байна, зээл бүтэхээр урьд авсан мөнгөтэйгөө нийлүүлээд өгье” гэх мэтээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогч Ц.С-гаас 114.177.136 төгрөгийг залилж бусдад их хэмжээний хохирол учруулсан,

Мөн Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах хүдэр боловсруулах “Бигом Чойр” ХХК-ийн хууль ёсны захирал биш, төлөөлөх эрхгүй атлаа 2018 оны 11 дүгээр сараас 2020 оны 04 дүгээр сар хүртэлх хугацаанд тус компанийн эд хөрөнгө, эдийн болон эдийн бус хөрөнгийн эрхээ шилжүүлэн өгөхийг шаардаж үйлдвэрийн хашааны хаалгыг эвдэх, харуул хамгаалалтын ажилтан Э.Г, Б.Б нарыг хөөж гаргах зэргээр удаа дараа хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж сүрдүүлсэн,

Мөн 2020 оны 08 дугаар сараас 2020 оны 10 дугаар сарын хооронд Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах хүдэр боловсруулах “Бигом Чойр” ХХК-ийн хууль ёсны захирал биш, төлөөлөх эрхгүй атлаа “Олгой цагаан” ХХК-ийн захирал Л.У-ад тус компанийн захирал мэтээр ойлгуулан, хуурамч бичиг баримт үзүүлэн төмрийн хүдэр баяжуулах үйлдвэртэй хамтарч ажиллахаар тохиролцон, улмаар үйлдвэр сард 30,000 тонн хүдэр баяжуулан өгнө, ус цахилгаан мэргэжлийн хяналт, цалингийн өр төлбөр барагдуулах шаардлагатай гэх зэргээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогч Л.У-аас 164.484.000 төгрөг залилсан гэмт хэргийг,

Мөн 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн шөнө Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Бигом Чойр” ХХК-ийн үйлдвэрийн хашаанд иргэн Л.Б-тай маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар гараараа цохиж түүнд баруун доод 1, 2-р шүд, зүүн доод 1, 2-р шүдний ганхалт, доод уруулын дотор салстын цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргүүдийг,

шүүгдэгч А.Г нь Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр “Бигом Чойр” хариуцагчтай “1.580.000.000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргахдаа “Бигом Чойр” ХХК-ийн 2011 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдааны тогтоол буюу хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж гаргаж өгсөн,

мөн шүүгдэгч Г.Н бүлэглэн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хуурамч баримт бичиг гарган өгөх байдлаар түүнийг ашиглаж шүүхээр хууль бус шийдвэр гаргуулж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, “Бигом Чойр” ХХК-ний эд хөрөнгийн эрхийг шилжүүлж 4.031.187.300 тэрбум төгрөгийн хохирол учруулсан,

Мөн шүүгдэгч Г.Н-той бүлэглэн “Тавин эх” ХХК-ний удирдлагад 2019 оны 01 дүгээр сараас эхлэн 2020 оны 06 дугаар сарыг хүртэлх хугацаанд “төмрийн хүдэр нийлүүлнэ, төмрийн хүдэр боловсруулах үйлдвэрээ ашиглуулна” хэмээн итгэл төрүүлж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж их хэмжээний буюу 2.921.551.560.75 төгрөгийн хохирол учруулж залилсан гэмт хэргүүдийг,

шүүгдэгч Б.Т нь “Бигом Чойр” ХХК-ний 2011 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдааны тогтоолыг 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хуулбарлуулаад, хуулбар үнэн зөвийг гэрчлүүлж, нотариатын тамга дарж баталгаажуулахдаа Нотариатын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан “Нотариатч эрх залгамжлагч болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр баримт бичиг гэрчлэхдээ тэдгээрт холбогдох бусад үндсэн материалыг шалгана”, мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.5 дахь хэсэгт заасан “Хуулийн этгээдийн нэрийн өмнөөс хийж байгаа гэрээ хэлцлийг гэрчлэхдээ түүнийг хуулийн дагуу төлөөлөгч байгаа этгээдийн эрх хэмжээ нь гэрээ, дүрэм, төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрт тусгагдсан эсэхийг шалгана” гэсэн заалтын дагуу шалгаагүй нотариатаар баталгаажуулж, “Бигом Чойр” ХХК-ийн өмчлөх эрхийг хязгаарлах, шилжүүлэхтэй холбоотой илт хууль бус хэлцлийг баталгаажуулсан” болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд болон шүүх хуралдаанаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Г.Н-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 17.6 дугаар зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч А.Г-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч А.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах саналтай байна” гэх дүгнэлтийг,

Хохирогч Ч-гийн өмгөөлөгч Р.М гэм буруугийн шүүх хуралдаанд “шүүгдэгч Г.Н нь А.Г-тай бүлэглэн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хуурамч баримт бичиг гарган өгөх байдлаар түүнийг ашиглаж шүүхээр хууль бус шийдвэр гаргуулж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, “Бигом Чойр” ХХК-ний эд хөрөнгийн эрхийг шилжүүлж 4.031.187.300 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуратлдаанд шинжлэн судлуулсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Шүүгдэгч А.Г нь Оросын Холбооны улсын иргэнээс 400 000 ам доллар заалсэн гэсэн боловч энэ нь тогтоогддоггүй. Энэ хүмүүсийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтыг мөрдөн шалгах ажиллагааны явцад маш олон жил хайсан. Гэвч эх хувь одоо болтол байхгүй байгаа. Иймд эдгээр хүмүүсийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, битүүмжилсэн хөрөнгийг хохирогч Ч-гийн эзэмшилд шилжүүлж өгнө үү” гэх дүгнэлтийг,

Хохирогч Ч-гийн өмгөөлөгч Д.М гэм буруугийн шүүх хуралдаанд “улсын яллагч болон өмгөөлөгч Р.М гаргасан дүгнэлттэй санал нэг байна. Мөн Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 386 дугаар шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 278 дугаартай магадлалаар Г.Н-оос гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Г.Н-оос “Бигом Чойр” ХХК-ийн гадаад хөрөнгө оруулалтын гэрчилгээ, компанийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулж “Бигом Чойр” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлд олгохоор шийдвэрлэсэн. Энэ шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлал нь хүчин төгөлдөр байгаа. Шүүгдэгч Г.Н нь “Бигом Чойр” ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээд юм. Иймд шүүгдэгч Г.Н, А.Г нарыг гэм буруутайд тооцож, хохиролыг барагдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг,

Хохирогч Ц.С-гийн өмгөөлөгч Ц.Ц гэм буруугийн шүүх хуралдаанд “шүүгдэгч Г.Н нь хохирогч Ц.С-г залилалж 114.177.136 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэг авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэж байна. Г.Н нь Ц.Сг залилсан талаарх нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдсан байгаа. Энэ хэрэг нь шийдвэрлэгдэхгүй маш их удсан. Хохирогч Ц.С нь 60 гарсан эмэгтэй хүн байж энэ хэргийн хохиролыг төлөх гэж харь нутагт хөдөлмөр эрхэлж байна. Иймд шүүгдэгч Г.Н-ыг гэм буруутайд тооцож, хохирол болох 114.177.136 төгрөгийг гаргуулж шийдвэрлэж өгнө үү” гэх дүгнэлтийг,

Хохирогч Тавин эх ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Б-гийн өмгөөлөгч өмгөөлөгч Г.Х гэм буруугийн шүүх хуралдаанд “Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад Г.Н, А.Г нар нь “Тавин эх” ХХК-аас 2019 оны 01 дүгээр сараас 2019 оны 06 дугаар сар хүртэл итгэл төрүүлж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж их хэмжээний хохирол учруулж залилсан болох нь тогтоогдож байна гэж дүгнэж байна. Нийт 4 удаагийн гэрээ байгуулж, гэрээгээр халхавчилж урьдчилгаа төлбөрийг болон төлсөн төлбөрийг анхнаасаа буцаан өгөхгүй байх санаа зорилготой байсан гэдэг нь шүүхийн хэлэлцүүлгийн явцад тогтоогдсон гэж үзэж байна” гэх дүгнэлтийг,

хохирогч Л.Б, Л.У нарын өмгөөлөгч Ү.Ч гэм буруугийн шүүх хуралдаанд “Нэгдүгээрт хохирогч Л.Б, Л.У нарын өмгөөлөгчөөр оролцож Эрүүгийн хуулийн 11.6, 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасан гэмт хэргүүдэд хууль ёсны эрх ашгийг нь хамгаалж улсын яллагчийн яллах дүгнэлтийг дэмжих байр сууринаас оролцож байна. шүүгдэгч Г.Н нь хохирогч Л.Б-гийн бэр эгч рүү нь дайрч, ажлын байран дээрээ ажил үүргээ гүйцэтгээд байж байсан хүн рүү дайрч давшсан. Энэ үйлдлээс өөрийгөө болоод бэр эгчийгээ хамгаалсан байдаг. Б-г гэмтэхээс өмнө шүүгдэгч ямар зүй бус үйлдэл хийж байгаа тодорхой үйлдэл бичлэгээс харагддаг. Хохиролоо гаргаж авмаар байна” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч Г.Н-ын өмгөөлөгч Д.А гэм буруугийн шүүх хуралдаанд “Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд С-гийн үйлдлийн тухайд “Бигом Чойр” ХХК болон С нарын хооронд зуучлалын гэрээ хийгдсэн байдаг. Энэхүү гэрээгээр төмрийн баяжмал худалдах, худалдан авахад С дэмжлэг үзүүлье, С нь урьдчилгаа төлбөрт 50.000.000 төгрөг бэлэн төлөх талуудын уулзалт зохион байгуулах, худалдахыг үүрэг хүлээнэ гэсэн байдаг. С хятадуудаас мөнгө орж ирээгүй болохоор би чамд хүүтэй мөнгө зээлүүлье гэдэг байсан. Хариу төлбөргүй биш, байнга хариу төлбөртэй байсан. Тэгэхээр С нь харин залилах гэмт хэрэг үйлдчихээд байхад үүнийг тогтоогоогүй. Дараагийн асуудал нь Г-тай бүлэглэх байдлаар залилах гэмт хэрэг үйлдсэн гэдэг. Тэгэхээр гэм бурууг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч Г.Н-ын өмгөөлөгч Г.Б гэм буруугийн шүүх хуралдаанд “Улсын яллагчийн дүгнэлтийг сонслоо. Хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад гэхээр Улсын дээд шүүхийн 51 дүгээр тогтоол байгаа. Гэрээний эрсдэлийн маргааныг гэмт хэрэг гэж үзэхгүй гэсэн тогтоол хэвээр байгаа. Өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Баяжмалыг нь авч яваад хилийн гадаа аваачаад хаячихаад Г.Н-оос мөнгө нэхээд байгаа юм. Ийм байж болох уу? Бид бүгд хуульчид. Өнөөдөр нэг сонин зүйл хүчээр дүгнэх гээд яриад байж байна. 1-рт Нэг шүүхийн шийдвэрээ нөгөө шүүхийн шийдвэр нь цохиж унагаах юм уу? гэдэг асуулт 2-рт: Бид хоёрыг яриад байдаг шинжээчийн дүгнэлт гаргаад өгөөч гээд. Энэ ганц асуудлыг шийдсэн бол бид нар өнөөдөр чимээгүй сууж байх байсан. Энэ хуурамч бичиг баримт үйлдсэн гэдэг дээр шинжээчийн дүгнэлт гараагүй байхад хуурамч бичиг баримт үйлдсэн гээд байгаа.” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч А.Г-н өмгөөлөгч Ч.Б гэм буруугийн шүүх хуралдаанд “Улсын яллагчийн дүгнэлттэй огт санал нийлэхгүй байна. Мөн хохирогч нарын өмгөөлөгч нарын хувьд А.Г-н яригдаж байгаа асуудалтай санал нийлэхгүй байна. Буруу үндэслэлгүй дүгнэлт хийж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлд холбогдуулж тайлбарлаж байна. Бичиг баримт хуурамчаар үйлдсэн гэдэг хууль зүйн зүйлчлэл дээр залилсан гэдэг ойлголт байхгүй. Энэ нь ойлгомжгүй байна. Мөн хуурамч гэдгийг тогтоосон шинжээчийн дүгнэлт хэрэгт байхгүй. Ийм байтал хуурамч гээд ойлгомжгүй байдлаар бусдыг төөрөгдүүлж байгаа юм уу?, үйл баримтыг төөрөгдүүлж байгаа юм уу?, ийм зүйл ярьж болохгүй. А.Г-н хувьд компанийн үйл ажиллагааг мэдэхгүй байсан. Энэ хэрэг дээр хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа нь хэт нэг талыг барьж явсан. Иймд шүүгдэгч А.Г-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож А.Г-г цагаатгаж өгнө үү гэж хүсэж байна.” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч А.Г-н өмгөөлөгч Ц.Г гэм буруугийн шүүх хуралдаанд “Улсын яллагч болон хохирогч нарын санал дүгнэлтийг зөвшөөрөхгүй байгаа. Харин өмгөөлөгч Ч.Б, Д.А нарын санал дүгнэлтийг дэмжиж байна. Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын прокурор А нь яллах дүгнэлт үйлдэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3, 21.1 дүгээр зүйлд заасан зүйл ангиар буруутгадаг. Яллах дүгнэлтэд залилах гэмт хэргийг өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн сэтгэгдлийг өмчлөгчид төрүүлж эд хөрөнгийг сайн дурын үндсэн дээр өөртөө шилжүүлэн авдаг бөгөөд ингэхдээ гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө тухайн эд хөрөнгийн эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй байх хариу төлбөр хийхгүй байх санаа зорилготой гээд эрх зүйн ойлголтыг нь тайлбарласан байна. Өөрөөр хэлбэл гэрээнээс үүдэлтэй эрсдэл. Гэтэл энэ асуудлыг эрүүгийн гэмт хэрэг болгож ирүүлсэн нь үндэслэлгүй байна. шүүгдэгч А.Гд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч А.Г-н өмгөөлөгч О.Ч гэм буруугийн шүүх хуралдаанд “Улсын яллагчийн санал дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Уг хэрэгт яллагч тал Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байгаа. А.Г-н гаргасан гээд байгаа дээрх үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг биш гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр шүүгдэгч А.Г-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч Б.Т-ын өмгөөлөгч Ц.М гэм буруугийн шүүх хуралдаанд “Улсын яллагч яллах дүгнэлтдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан өмчлөгчийн эрхийг хязгаарлах шилжүүлэхтэй холбоотой илт хууль бус хэлцлийг нотариат гэрчлэн баталсан гэдэг яллах дүгнэлт үйлдсэн. Үүн дээр улсын яллагчийн хэлж байгаагаар бол Нотариатын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийг зөрчсөн. Мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.5 дахь хэсгийг зөрчсөн гэх хоёр үндэслэл ярьж байгаа. Нотариатын үйлдэл бол 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хийгдсэн. Энэ үйлдэл хийгдэж байхад Нотариатын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан энэ заалт өөрөө өөр байсан. Энэ бол үндсэн материалуудыг шалгаж болно гэсэн заалт байсан. Нотариатын тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасан үйлдэл юм уу? Үүнийг бас ялгаж харах ёстой. Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэж болохгүй. Иймд миний үйлчлүүлэгчийг цагаатгаж өгнө үү” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч Б.Т-ын өмгөөлөгч Б.Н гэм буруугийн шүүх хуралдаанд “Нотариатын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар арван гурван үйлдлийн төрлөөс Нотариатын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсгийн 25.1.9-т зааснаар хуулбарыг гэрчилж болох юм гэж нотариат өөртөө дүгнэлт гаргаж байгаа юм. Үүнд тулгуурлан төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолыг эх тогтоолын хуулбарын үнэ зөвийг гэрчилсэн байна гэдгийг анхаарч үзнэ үү. Энэ үйл ажиллагаа нь өөрөө Нотариатын үйлдэл хийх зааврыг дагаж мөрдөж ажиллана. Нотариатын тухай хуулийн 49 дүгээр зүйлийг баримтална гээд тодорхой заагаад өгсөн. Тийм учраас Нотариатын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.5 дахь хэсэгт заасан шалгах ажиллагааг нотариатч хийх шаардлагагүй..” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч Б.Т-ын өмгөөлөгч С.Т гэм буруугийн шүүх хуралдаанд “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн бүрдэл шинжийн хувьд хэд хэдэн онцлог байдаг. Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийн хувьд санаатай үйлдэгддэг байх. Субектив шинжийг санаатай байхаар хуульчилсан. Эрүүгийн эрх зүйн онолын хувьд санаатай үйлдэл гэдгийг хоёр ойлголтоор тайлбарладаг. Хүсэх үйлдэл, мэдэх үйлдлийн нэгдэл байна гэж. Тэгэхээр нотариатч өмчлөгчийн эрхийг хязгаарлах эсвэл өмчлөгийн эрхийг зөрчиж ноцтой хохирол учруулж байгаа үйлдэл бол санаа зорилго хүсэл мэдэх үйлдлийн нэгдэл байх ёстой. Тэгэхээр хэрэгт авагдсан баримтын хүрээнд энэ хүн илт хууль бус хэлцэлийг мэдсэн. Мэдсээр байж үйлдлээ хэрэгжүүлсэн. Өнөөдөр энэ хэрэгт Б.Т-ыг буруутгах нотлох баримт авагдаагүй байна. Тийм учраас миний үйлчлүүлэгчийг цагаатгаж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.

Шүүхээс шүүгдэгч Б.Т-ын өмгөөлөгч Ц.М, Б.Н, С.Т нараас гаргасан “шүүгдэгч Б.Т-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ. Учир нь:

 Шүүгдэгч Б.Т нь “Бигом Чойр” ХХК-ний 2011 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдааны тогтоолыг 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хуулбарлуулаад, хуулбар үнэн зөвийг гэрчлүүлж, нотариатын тамга дарж баталгаажуулахдаа Нотариатын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан “Нотариатч эрх залгамжлагч болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр баримт бичиг гэрчлэхдээ тэдгээрт холбогдох бусад үндсэн материалыг шалгана”, мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.5 дахь хэсэгт заасан “Хуулийн этгээдийн нэрийн өмнөөс хийж байгаа гэрээ хэлцлийг гэрчлэхдээ түүнийг хуулийн дагуу төлөөлөгч байгаа этгээдийн эрх хэмжээ нь гэрээ, дүрэм, төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрт тусгагдсан эсэхийг шалгана” гэсэн заалтын дагуу шалгаагүй нотариатаар баталгаажуулж, “Бигом Чойр” ХХК-ийн өмчлөх эрхийг хязгаарлах, шилжүүлэхтэй холбоотой илт хууль бус хэлцлийг баталгаажуулсан гэх хэрэгт холбогджээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өмчлөх эрхийг хязгаарлах, шилжүүлэхтэй холбоотой илт хууль бус хэлцлийг нотариатч гэрчлэн баталсан, улсын бүртгэгч бүртгэсний улмаас бусдын эд хөрөнгө, эдийн, эдийн бус хөрөнгийн эрхэд ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учирсан” бол гэмт хэрэгт тооцохоор хуульчлан зохицуулжээ.

Хэлцэл гэдэг нь иргэний эрх, үүргийг үүргийг үүсгэх, өөрчлөх дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйг хамааруулан ойлгохоор байна. Түүнчлэн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-56.1.10 дахь хэсэгт заасан “хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл, дүр үзүүлэн хийсэн хэлцэл, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл, үнэн санаанаасаа бус, хөнгөмсгөөр хандаж, түүнийгээ илэрнэ гэж урьдаас тооцож, тодорхой хүсэл зориг илэрхийлэн хийсэн хэлцэл, эрх зүйн чадамжгүй этгээдийн хийсэн хэлцэл, сэтгэцийн өвчний улмаас өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгохгүй, өөрийгөө зөв удирдаж чадахгүй болсон иргэн эрх зүйн бүрэн чадамжгүй гэж албан ёсоор тооцогдоогүй байхдаа хийсэн хэлцэл, эрх зүйн бүрэн чадамжтай этгээд үйлдлийнхээ учир холбогдлыг ойлгох чадваргүй болсон буюу сэтгэцийн түр зуурын сааталд орсон үедээ илэрхийлсэн хэлцэл, хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл, хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл, дээр дурдсан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл”-ийг илт хууль бус хэлцэлд хамааруулан ойлгоно.

Мөн өмчлөх эрхийг хязгаарлах, шилжүүлэхтэй холбоотой илт хууль бус хэлцлийг нотариатч гэрчлэн баталсан гэдэг нь өмчлөх эрхийг хязгаарлах, шилжүүлэхтэй холбоотой илт хууль бус хэлцэл гэдгийг мэдэж байсан хэр нь шунахай буюу бусад хувийн сэдэлтээр нотариатын бүртгэлд тэмдэглэж, тамга дарж, гарын үсэг зурсныг үйлдэл байх тухай ойлголт юм.

Шүүхээс шүүгдэгч Б.Т-ын холбогдсон хэрэгт дүгнэлт хийхэд шүүгдэгч А.Г нь И Эл Партнерс ХХН-өөс хууль зүйн туслалцаа авч уг нөхөрлөлийн төлөөлөгч Б.Э гэх хүн А.Гас шүүхэд өгөх баримтуудыг эх хувиар нь авч нотариатч Б.Т-аар хуулбарын үнэн зөвийг гэрчлүүлсэн үйл баримт тогтоогдож байна. Иргэний хэрэг хүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө...”, Нотариатийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.9 дэх хэсэгт “баримт бичгийн хуулбарыг болон орчуулгыг гэрчлэх;”, Компанийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2 дахь хэсэгт “Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаас тогтоол гаргах бөгөөд түүнд төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын дарга гарын үсэг зурна.” гэж тус тус заасан бөгөөд шүүгдэгч Б.Т-ын нотариатын тамга дарж гэрчилсэн үйлдэл нь Нотариатын тухай хуулийг зөрчөөгүй гэмт хэргийн шинжгүй байна гэж үзлээ.

Түүнчлэн прокурорын яллах дүгнэлтэд “Нотариатын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан “Нотариатч эрх залгамжлагч болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр баримт бичиг гэрчлэхдээ тэдгээрт холбогдох бусад үндсэн материалыг шалгана”, мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.5 дахь хэсэгт заасан “Хуулийн этгээдийн нэрийн өмнөөс хийж байгаа гэрээ хэлцлийг гэрчлэхдээ түүнийг хуулийн дагуу төлөөлөгч байгаа этгээдийн эрх хэмжээ нь гэрээ, дүрэм, төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрт тусгагдсан эсэхийг шалгана” гэснийг шүүгдэгч Б.Т нь зөрчсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Нотариатийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан байна. Энэ зүйлийн өмнөх зохицуулалтад “Нотариатч эрх залгамжлагч болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр баримт бичиг гэрчлэхдээ тэдгээрт холбогдох бусад үндсэн материалыг шалгаж болно” гэж эрх олгосон байсныг “шалгана” үүрэг болгож өөрчилсөн байна. Гэтэл прокуророос шүүгдэгч Б.Т-ын 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн үйлдлийг нэмэлт өөрчлөлт орсон хуулийн заалтыг зөрчсөн гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Түүнчлэн Нотариатын тухай хуулийн 46 дугаар зүйлд заасан гэрээ, хэлцэл гэрчлэх тухай зохицуулалт нь нотариатч хуульд заасан болон үйлчлүүлэгчийн гаргасан хүсэлт хуульд харшлаагүй гэж үзсэн тохиолдолд өөрөө биечлэн оролцож тухайн гэрээ хэлцлийг гэрчлэхээр зохицуулсан заалт юм.

Харин Нотариатын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт “Баримт бичгийн бүрэн буюу хэсэгчилсэн хуулбарын агуулга нь хуульд харшлаагүй бол нотариатч хуулбарыг эх хувьтай нь тулган шалгасны үндсэн дээр гэрчилнэ.” гэж заасан бөгөөд шүүгдэгч Б.Т нь “Бигом Чойр” ХХК-ний 2011 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдааны тогтоолыг 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хуулбарлаад, хуулбар үнэн зөвийг гэрчилж, нотариатын тамга дарж баталгаажуулсан үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл биш байна гэж дүгнэлээ.

Мөн шүүгдэгч Б.Т-ын “Бигом Чойр” ХХК-ний 2011 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдааны тогтоолыг 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хуулбарлаад, хуулбар үнэн зөвийг гэрчилж, нотариатын тамга дарж баталгаажуулсан үйлдэл нь тухайн компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол гарсан гэх өдрөөс хойш 7 жилийн дараа хуулбарын үнэн зөвийг гэрчилж байгаа үйлдэл бөгөөд шүүгдэгч Б.Т-ын хувьд “Бигом Чойр” ХХК-ний 2011 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдааны тогтоол хуурамч байсан эсэхийг мэдэх боломжгүй байжээ. Өөрөөр хэлбэл илт хууль бус хэлцэл гэдгийг мэдэж байсан хэр нь шунахай буюу бусад хувийн сэдэлт нотариатын тамга дарж, гэрчилсэн гэх гэмт хэргийн субьектив талын шинж тогтоогдохгүй байна.

Иймд Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч  Б.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “гэмт хэргийн шинжгүй;” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Г.Н, түүний өмгөөлөгч Д.А, Г.Б, шүүгдэгч А.Г, түүний өмгөөлөгч Ч.Б, Ц.Г, О.Ч нараас гаргасан “шүүгдэгч Г.Н, А.Г нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна. Учир нь:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд “хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан” үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т “бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн” бол эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэхээр заажээ.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг устгасан, нуусан, засварласан, өөрчилсөн, хуурамчаар үйлдсэн, эсхүл нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж хууль сахиулагчид, прокурорт, шүүхэд гаргаж өгсөн” үйлдэлийг гэмт хэрэгт тооцохоор хууль тогтоогчоос хуульчлан зохицуулсан байна.

Шүүгдэгч Г.Н нь А.Г-тай бүлэглэн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хуурамч баримт бичиг гарган өгөх байдлаар түүнийг ашиглаж шүүхээр шийдвэр гаргуулж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, “Бигом Чойр” ХХК-ний эд хөрөнгийн эрхийг шилжүүлж 4 031 187 300 /дөрвөн тэрбум гучин нэгэн сая нэг зуун наян долоон мянга гурван зуу/ төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч А.Г нь Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр “Бигом Чойр” хариуцагчтай “1.580.000.000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргахдаа “Бигом Чойр” ХХК-ийн 2011 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдааны тогтоол буюу хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж гаргаж өгсөн,

мөн шүүгдэгч А.Г нь Г.Н-той бүлэглэн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хуурамч баримт бичиг гарган өгөх байдлаар түүнийг ашиглаж шүүхээр шийдвэр гаргуулж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, “Бигом Чойр” ХХК-ний эд хөрөнгийн эрхийг шилжүүлж 4 031 187 300 /дөрвөн тэрбум гучин нэгэн сая нэг зуун наян долоон мянга гурван зуу/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь Ч-гийн хил нэвтрэлтийн талаарх лавлагаа, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 181/ШШ2018/00959 дугаартай хэрэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд болон шүүх хуралдааны хэлэлцүүлгээр нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч А.Г нь шүүх хуралдаанд “...би тухайн 400 000 долларыг Оросын Холбооны Улсын иргэн Х-оос авсан. Энэ хүн мөнгөө нэхээд байгаа...” гэж мэдүүлдэг боловч 10 дугаар хавтаст хэргийн 195-201 дүгээр хуудсанд авагдсан арилжааны банкнуудаас ирсэн лавлагаагаар, 2 дугаар хавтаст хэргийн 11-33 дугаар хуудсанд  авагдсан шүүгдэгч А.Г-н 2012-2015 оны “Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг”, А.Г-н банкны лавлагаа зэргээр няцаагдаж байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч А.Г нь Оросын Холбооны Улсын иргэн Х-оос 400 000 ам доллар зээлж, “Бигом Чойр” ХХК-руу шилжүүлж зээлүүлсэн гэх үйл баримт тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Г.Н нь А.Г-тай бүлэглэн “Тавин эх” ХХК-ний удирдлагад 2019 оны 01 дүгээр сараас эхлэн 2020 оны 06 дугаар сарыг хүртэлх хугацаанд “төмрийн хүдэр нийлүүлнэ, төмрийн хүдэр боловсруулах үйлдвэрээ ашиглуулна” хэмээн итгэл төрүүлж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж их хэмжээний буюу 2 921 551 560 /хоёр тэрбум есөн зуун хорин нэгэн сая таван зуун тавин нэгэн мянга таван зуун жар/ төгрөгийн хохирол учруулж залилсан,

Шүүгдэгч А.Г нь Г.Н-той бүлэглэн “Тавин эх” ХХК-ний удирдлагад 2019 оны 01 дүгээр сараас эхлэн 2020 оны 06 дугаар сарыг хүртэлх хугацаанд “төмрийн хүдэр нийлүүлнэ, төмрийн хүдэр боловсруулах үйлдвэрээ ашиглуулна” хэмээн итгэл төрүүлж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж их хэмжээний буюу 2 921 551 560 /хоёр тэрбум есөн зуун хорин нэгэн сая таван зуун тавин нэгэн мянга таван зуун жар/ төгрөгийн хохирол учруулж залилсан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн болох нь Дабль Аксиом Аудит ХХК-ийн тайлан, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 147 дугаартай шинжээчийн дүгнэлт, хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, эд мөрийн баримт болон шүүх хуралдааны хэлэлцүүлгээр нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.

Шүүгдэгч Г.Н нь 2015 оны 07 сараас 2015 оны 12 сарын хооронд “Төмрийн баяжмал худалдаж авах Хятад хүн олж өгвөл зарсан төмрийн баяжмалын 1 тонн тутмаас 1.5 долларыг өгнө, эхлээд урьдчилгаа 50.000.000 төгрөг өгөх шаардлагатай”, “Төмрийн баяжмал Бүгд Найрамдах Хятад Улс руу гаргах гэхээр эргэлтийн хөрөнгөгүй байна, мөнгө өгөөч, баяжмалаа нийлүүлээд мөнгийг чинь өгье”, “Азийн хөгжлийн сангаас зээл хөөцөлдөж байна, зээл бүтэхээр урьд авсан мөнгөтэйгөө нийлүүлээд өгье” гэх мэтээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогч Ц.С-гаас 114 177 136 /нэг зуун арван дөрвөн сая нэг зуун далан долоон мянга нэг зуун гучин зургаа/ төгрөгийг залилж бусдад их хэмжээний хохирол учруулсан болох нь Тундра маркийн 40-80 УНЧ дугаартай тээврийн хэрэгслийг Сайн ломбарданд барьцаанд тавьсантай холбоотой баримт, Дабль Аксиом Аудит ХХК-ийн тайлан, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 147 дугаартай шинжээчийн дүгнэлт, хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд, эд мөрийн баримт болон шүүх хуралдааны хэлэлцүүлгээр нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Г.Н 2020 оны 08 дугаар сараас 2020 оны 10 дугаар сарын хооронд Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах хүдэр боловсруулах “Бигом Чойр” ХХК-ийн хууль ёсны захирал биш, төлөөлөх эрхгүй атлаа “Олгой цагаан” ХХК-ийн захирал Л.У-ад тус компанийн захирал мэтээр ойлгуулан, хуурамч бичиг баримт үзүүлэн төмрийн хүдэр баяжуулах үйлдвэртэй хамтарч ажиллахаар тохиролцон, улмаар үйлдвэр сард 30,000 тонн хүдэр баяжуулан өгнө, ус цахилгаан мэргэжлийн хяналт, цалингийн өр төлбөр барагдуулах шаардлагатай гэх зэргээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогч Л.У-аас 164 484 000 /нэг зуун жаран дөрвөн сая наян дөрвөн мянга/ төгрөг залилсан гэмт хэргийг үйлдсэн болох нь Дабль Аксиом Аудит ХХК-ийн тайлан, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 147 дугаартай шинжээчийн дүгнэлт, хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд, эд мөрийн баримт болон шүүх хуралдааны хэлэлцүүлгээр нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.Н-ын шүүх хуралдаанд 1 ширхэг сиди нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар бүлэгт заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлээгүй баримт байх тул шүүхээс нотлох баримтын хэмжээнд тооцоогүй болно.

Шүүгдэгч Г.Н, А.Г нарын өмгөөлөгч нар нь тэдний үйлдлийг иргэний эрх зүйн маргаан гэж байгаа нь үндэслэлгүй байна. Учир нь:

Бусдын эд хөрөнгийг зээл нэрээр халхавчлан залилан мэхлэж авах нь уг зээлийг буцааж төлөх бодит баталгаагүй, тухайлбал, барьцааны хөрөнгөгүй, хөрөнгө нь байлаа ч гэсэн эрхийн зөрчилтэй, тухайн эд хөрөнгийг барьцаалах бүрэн эрхгүй этгээд барьцаалсан, түүнчлэн Иргэний хуульд заасан барьцааны гэрээ байгуулах журмыг санаатай зөрчсөн байдаг зэргээр иргэний эрх зүйн зээлийн гэрээнээс ялгагддаг.

Түүнчлэн гэрээний үүргийн биелэлтийг баталгаажуулах зорилгоор барьцааны гэрээ байгуулж, барьцаалсан эд хөрөнгө нь үүрэг гүйцэтгүүлэгч гэрээний үүргийн шаардлага хангуулж авахад ямар нэгэн саад бэрхшээлгүй, боломжтой байх ёстой тул барьцааны эд хөрөнгө үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг анхнаасаа хангах боломжгүй байсан ба энэ байдлыг үүрэг гүйцэтгэгч, мэдэж, санаатайгаар нуун далдалсан үйлдлийг залилах гэмт хэрэгт тооцдог.

Шүүгдэгч Г.Н, А.Г нарын үйлдлийн тухайд шүүгдэгч Г.Н нь “Бигом Чойр” ХХК-г төлөөлөх эрхгүй болох нь Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 386 дугаар шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 278 дугаартай магадлалаар тогтоогдсон байна. Түүнчлэн Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 1 дүгээр багт байрлах Улаан гражийн баруун урд талд үйлдвэрлэлийн зориулалттай 1763,5 мкв талбайтай үйлдвэрлэлийн барилга тоног төхөөрөмжийг байршуулсан газарт нь битүүмжилсэн буюу эрхийн зөрчилтэй байхад шүүгдэгч Г.Н, А.Г нар нь бусдад өөрийн хөрөнгө мэтээр тайлбарлаж залилах гэмт хэргийг үйлдэж бусдад их хэмжээний хохирол учруулсан байна.

 

Шүүгдэгч Г.Н нь Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах хүдэр боловсруулах “Бигом Чойр” ХХК-ийн хууль ёсны захирал биш, төлөөлөх эрхгүй атлаа 2018 оны 11 дүгээр сараас 2020 оны 04 дүгээр сар хүртэлх хугацаанд тус компанийн эд хөрөнгө, эдийн болон эдийн бус хөрөнгийн эрхээ шилжүүлэн өгөхийг шаардаж үйлдвэрийн хашааны хаалгыг эвдэх, харуул хамгаалалтын ажилтан Э.Г, Б.Б нарыг хөөж гаргах зэргээр удаа дараа хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж сүрдүүлсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь “Бигом Чойр” ХХК-ийн 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдааны тогтоол, Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 386 дугаар шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 278 дугаартай магадлал болон хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь бусдыг эд хөрөнгө, эдийн, эдийн бус хөрөнгийн эрхээ шилжүүлэн өгөхийг шаардаж өөрт нь, түүний ойр дотны хүнд хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн үйлдэл хийсэн байхыг шаарддаг. Өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг ямар ч үнэ төлбөргүйгээр шилжүүлэн өгөх шаардлагыг өөрт нь эсхүл түүний илгээсэн этгээд буюу өмчлөгч, эзэмшигч, ашиглагч, хамгаалагчид тавьдаг. Шүүгдэгч Г.Н нь “Бигом Чойр” ХХК-ийг төлөөлөх эрхгүй болох нь “Бигом Чойр” ХХК-ийн 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдааны тогтоол, Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 386 дугаар шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 278 дугаартай магадлалаар тогтоогдсон ба уг компаний өмчлөх эрхийг авахаар хүч хэрэглэн үйлдвэрийг хамгаалж байсан Э.Г, Б.Б нарыг хөөж гаргасан үйлдэл нь энэ гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзлээ.

   Шүүгдэгч Г.Н нь 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн шөнө Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Бигом Чойр” ХХК-ийн үйлдвэрийн хашаанд иргэн Л.Б-тай маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар гараараа цохиж түүнд баруун доод 1, 2-р шүд, зүүн доод 1, 2-р шүдний ганхалт, доод уруулын дотор салстын цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь Говьсүмбэр аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 296 дугаартай дүгнэлт, шинжээч Л.Ж-ын мэдүүлэг, флаш дискэнд үзлэг хийсэн тухай тэмдэглэл болон хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.Н нь хохирогч Л.Б-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ төрлийн гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан аливаа үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.

Шүүгдэгч Г.Н нь хохирогч Л.Б-тай маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар гараараа цохиж түүнд баруун доод 1, 2-р шүд, зүүн доод 1, 2-р шүдний ганхалт, доод уруулын дотор салстын цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.

Иймд шүүгдэгч Г.Н-ыг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөлийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн залилаж бусдад их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

бусдын эд хөрөнгө, эдийн, эдийн бус хөрөнгийн эрхээ шилжүүлэн өгөхийг шаардаж өөрт нь, хүч хэрэглэхээр заналхийлсэн, сүрдүүлсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

            хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

шүүгдэгч А.Г-г ,бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөлийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн залилаж бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.

Хохирол, хор уршгийн талаарх дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно. гэж заасан.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ч, Ч нар буюу “Бигом Чойр” ХХК-нд 4 031 187 300 /дөрвөн тэрбум гучин нэгэн сая нэг зуун наян долоон мянга гурван зуу/ төгрөгийн хохирол, “Тавин Эх” ХХК-нд 2 921 551 560 /хоёр тэрбум есөн зуун хорин нэгэн сая таван зуун тавин нэгэн мянга таван зуун жар/ төгрөгийн хохирол, хохирогч Ц.С-д 114 177 136 /нэг зуун арван дөрвөн сая нэг зуун далан долоон мянга нэг зуун гучин зургаа/ төгрөгийн хохирол, хохирогч Л.У-ад 164 484 000 /нэг зуун жаран дөрвөн сая дөрвөн зуун наян дөрвөн мянга/ төгрөгийн хохирол, хохирогч Л.Б-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учирсан байна. Хохирогч Л.Б-гийн зүгээс эмчилгээнд гарсан зардалаа шүүхэд ирүүлээгүй байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Н, А.Г нараас 2 921 551 560 /хоёр тэрбум есөн зуун хорин нэгэн сая таван зуун тавин нэгэн мянга таван зуун жар/ төгрөгийг хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч тус бүрээс 1 460 775 780 /нэг тэрбум дөрвөн зуун жаран сая долоон зуун далан таван мянга долоон зуун ная/ төгрөгийг гаргуулж Тавин эх ХХК-д,

            Шүүгдэгч Г.Н-оос 114 177 136 /нэг зуун арван дөрвөн сая нэг зуун далан долоон мянга нэг зуун гучин зургаа/ төгрөгийг гаргуулж хохирогч Ц.С-д,

            Мөн шүүгдэгч Г.Н-оос 164 484 000 /нэг зуун жаран дөрвөн сая дөрвөн зуун наян дөрвөн мянга/ төгрөгийг гаргуулж Олгой Цагаан ХХК-ийн захирал Л.У-ад олгож шийдвэрлэлээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох 12 425 000 /арван хоёр сая дөрвөн зуун хорин таван мянга/ төгрөгийг шүүгдэгч Г.Н, А.Г нараас хувь тэнцүүлж буюу шүүгдэгч тус бүрээс 6 212 500 /зургаан сая хоёр зуун арван хоёр мянга таван зуу/ төгрөгийг гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй байна.

            Түүнчлэн энэ хэрэгт Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 1 дүгээр багт байрлах Улаан гражийн баруун урд талд үйлдвэрлэлийн зориулалттай 1763,5 мкв талбайтай үйлдвэрлэлийн барилга тоног төхөөрөмжийг байршуулсан газарт нь битүүмжилсэн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 1018 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолыг хүчингүй болгож уг эд хөрөнгийг хохирогч Ч-д шилжүүлэх нь зүйтэй байна.

ХОЁР. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “шүүхээс шүүгдэгч Г.Н, А.Г нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон байх тул тэндэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Г.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, уг ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хэмжээг 8 жилийн хугацаагаар тогтоож, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хаалттай хорих байгууллагад эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Н-ын цагдан хоригдсон 94 хоногийн хугацааг уг хорих ялд оруулан тооцох,

Шүүгдэгч А.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар уг хорих ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хэмжээг 6 жил 6 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хаалттай хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна” гэх дүгнэлтийг,

Хохирогч Ч-гийн өмгөөлөгч Р.М эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “хэлэх зүйл байхгүй” гэх дүгнэлтийг,

Хохирогч Ч-гийн өмгөөлөгч Д.М эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “хэлэх зүйл байхгүй” гэх дүгнэлтийг,

Хохирогч Ц.С-гийн өмгөөлөгч Ц.Ц эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “хэлэх зүйл байхгүй” гэх дүгнэлтийг,

Хохирогч Тавин эх ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Б эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “хэлэх зүйл байхгүй” гэх дүгнэлтийг,

Хохирогч Тавин эх ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Б-гийн өмгөөлөгч өмгөөлөгч Г.Хаа эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “хэлэх зүйл байхгүй” гэх дүгнэлтийг,

хохирогч Л.Б, Л.У нарын өмгөөлөгч Ү.Ч эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “хэлэх зүйл байхгүй” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч Г.Н-ын өмгөөлөгч Д.А эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “шүүхээс нэгэнт шүүгдэгч Г.Н-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул дүгнэлтээ хэлье. Шүүгдэгч Г.Н нь анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн. Эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг. Иймд хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулж өгнө үү гэх саналтай байна. Мөн 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хууль батлагдсан. Шүүгдэгч Г.Н-ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг энэ хуульд хамруулж шийдвэрлэж өгнө үү” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч Г.Н-ын өмгөөлөгч Г.Б эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Г.Н-од оногдуулах хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч Г.Н нь эхнэр хүүхэдттэй амьдардаг. Эхнэр хүүхдийнх нь уулзах боломжийг харгалзан хорих ялын дэглэмийг нээлттэй болгож өгнө үү” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч А.Г-н өмгөөлөгч Ч.Б эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “шүүхээс шүүгдэгч А.Г-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо. Өмгөөлөгчийн хувьд шүүгдэгч А.Г-г гэмт хэрэг үйлдээгүй гэсэн итгэл үнэмшил хэвээрэй байгаа тул эрүүгийн хариуцлагын талаар хэлэх зүйл байхгүй” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч А.Г-н өмгөөлөгч Ц.Г эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “өмгөөлөгч Ч.Б-тай санал нэг байгаа тул хэлэх зүйл байхгүй” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч А.Г-н өмгөөлөгч О.Ч эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “өмгөөлөгч Ч.Б-тай санал нэг байгаа тул хэлэх зүйл байхгүй” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч Б.Т-ын өмгөөлөгч Ц.М эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “хэлэх зүйл байхгүй” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч Б.Т-ын өмгөөлөгч Б.Н эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “хэлэх зүйл байхгүй” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч Б.Т-ын өмгөөлөгч С.Т эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “хэлэх зүйл байхгүй” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.

 

Шүүгдэгч Г.Н, А.Г нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Иймд шүүгдэгч Г.Н-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,

Шүүгдэгч А.Г-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэх нь тэдний үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж шүүхээс үзлээ.

            2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталсан. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ.” гэж зааснаар шүүгдэгч Г.Н-ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь энэ хуулийн үйлчлэлд хамаарч байх тул түүнд оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй байна. Түүнчлэн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “...Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх /Эрүүгийн хуулийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/,... ...гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хасна.” гэж заасан байх тул шүүгдэгч Г.Н-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялын эдлээгүй үлдсэн хорих ялаас 2 /хоёр/ жилийн хорих ялыг өршөөн хасаж шийдвэрлэлээ.

            Харин шүүгдэгч Г.Н, А.Г нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, шүүгдэгч А.Г-н үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт “...Залилах /Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг/,... ...Нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, устгах /Эрүүгийн хуулийн 21.1 дүгээр зүйл /,... үйлдсэн хүн, хуулийн этгээдийг өршөөлд хамааруулахгүй.” гэж зааснаар уг хуульд хамрагдах боломжгүй байгааг дурдлаа.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно.” гэж зааснаар шүүгдэгч А.Г-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар оногдуулсан хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоох нь зүйтэй байна.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, тэдний хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Г.Н-д оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч А.Г-д оногдуулсан 3 /гурав/ жил 6 /зургаа/ хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Н-ын цагдан хоригдсон 94 /ерэн дөрөв/ хоногийн хугацааг түүний эдлэх ялд оруулан тооцов.

Шүүгдэгч Б.Т, А.Г нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Б.Т нь гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний баримт бичиг хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдлаа.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн флаш 1 ширхэг (файл нээгдэхгүй байгаа), 6 ширхэг сиди, хэрэгт хавсаргасан санхүүгийн 16 хавтас баримт, шүүгдэгч Г.Н-ын шүүх хуралдаанд гаргаж өгсөн 1 ширхэг сиди зэргийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хадгалах нь зүйтэй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

             1. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Э овогт Б-н Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

             2. Шүүгдэгч Д овогт Г-н Н-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөлийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн залилаж бусдад их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

             шүүгдэгч Д овогт Г-н Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгө, эдийн, эдийн бус хөрөнгийн эрхээ шилжүүлэн өгөхийг шаардаж өөрт нь, хүч хэрэглэхээр заналхийлсэн, сүрдүүлсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

             шүүгдэгч Д овогт Г-н Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

             шүүгдэгч Д овогт А-н Г-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөлийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн залилаж их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

             шүүгдэгч Д овогт А-н Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

            3. Шүүгдэгч Г.Н-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар,

шүүгдэгч Г.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар,

шүүгдэгч Г.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,

Шүүгдэгч А.Г-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар,

шүүгдэгч А.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

           4. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Н-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.

          5. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Н-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялын эдлээгүй үлдсэн хорих ялаас 2 /хоёр/ жилийн хорих ялыг өршөөн хассугай.

 

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар оногдуулсан хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоосугай.

           7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Н-од оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялыг,

шүүгдэгч А.Г-д оногдуулсан 3 /гурав/ жил 6 /зургаа/ хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

            8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Н-ын цагдан хоригдсон 94 /ерэн дөрөв/ хоногийн хугацааг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

            9. Шүүгдэгч Б.Т, А.Г нар нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч Б.Т нь гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

            10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох      12 425 000 /арван хоёр сая дөрвөн зуун хорин таван мянга/ төгрөгийг шүүгдэгч Г.Н, А.Г нараас хувь тэнцүүлж буюу шүүгдэгч тус бүрээс 6 212 500 /зургаан сая хоёр зуун арван хоёр мянга таван зуу/ төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

            11. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Н, А.Г нараас 2 921 551 560 /хоёр тэрбум есөн зуун хорин нэгэн сая таван зуун тавин нэгэн мянга таван зуун жар/ төгрөгийг хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч тус бүрээс 1 460 775 780 /нэг тэрбум дөрвөн зуун жаран сая долоон зуун далан таван мянга долоон зуун ная/ төгрөгийг гаргуулж Тавин эх ХХК-д,

            Шүүгдэгч Г.Н-оос 114 177 136 /нэг зуун арван дөрвөн сая нэг зуун далан долоон мянга нэг зуун гучин зургаа/ төгрөгийг гаргуулж хохирогч Ц.С-д,

            164 484 000 /нэг зуун жаран дөрвөн сая дөрвөн зуун наян дөрвөн мянга/ төгрөгийг гаргуулж Олгой Цагаан ХХК-ийн захирал Л.У-ад тус тус олгосугай.

         12. Энэ хэрэгт Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 1 дүгээр багт байрлах Улаан гражийн баруун урд талд үйлдвэрлэлийн зориулалттай 1763,5 мкв талбайтай үйлдвэрлэлийн барилга тоног төхөөрөмжийг байршуулсан газарт нь битүүмжилсэн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 1018 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолыг хүчингүй болгож уг эд хөрөнгийг хохирогч Ч-д шилжүүлсүгэй.

            13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн флаш 1 ширхэг (файл нээгдэхгүй байгаа), 6 ширхэг сиди, хэрэгт хавсаргасан санхүүгийн 16 хавтас баримт, шүүгдэгч Г.Н-оос шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн 1 ширхэг сиди зэргийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хадгалсугай.

            14. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

            15. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч Г.Н-од авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч А.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Т.ЭНХМАНДАХ