Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2026/0678

 

 

 

 

“ГИ” ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч З.Ганзориг

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Б.Тунгалагсайхан

Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл

Давж заалдах гомдол гаргасан: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Аж

Нэхэмжлэгч: “ГИ” ХХК

Хариуцагч: Нийслэлийн ерөнхий архитектор

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн ерөнхий архитекторын 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн А/03 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 07 дүгээр сарын 27-ний өдрийн 693 дугаар шийдвэртэй,

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Уж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Аж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: И.Өсөхбаяр

Хэргийн индекс: 128/2026/0497/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 07 дүгээр сарын 27-ний өдрийн 693 дугаар шийдвэрээр:

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.1.3, 47.1.6, 49 дүгээр зүйлийн 49.1, 49.3, Барилгын тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “ГИ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн ерөнхий архитекторын 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн А/03 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэжээ.

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Аж дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо:

“ГИ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Ерөнхий архитекторт холбогдох захиргааны хэрэгт Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2026/0693 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 07 дугаар сарын 27-ний өдрийн 128/ШШ2026/0693 дугаартай шийдвэрийн үндэслэх нь хэсгийн:

2.1.Хариуцагчаас маргаан бүхий тушаалаар архитектур төлөвлөлтийн Даалгаврыг цуцлахдаа “барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээгүйгээр барилга угсралтын үйл ажиллагаа явуулж, Барилгын тухай хуульд заасан захиалагчийн эрх үүргийг зөрчсөн” гэх үндэслэлээр цуцалсан бөгөөд энэ нь дээрх хуульд заасан захиргааны актыг цуцлах 5 үндэслэлд хамаарахгүй байх тул хуульд заагаагүй үндэслэлээр “ГИ” ХХК-ийн эрхэд халдсан, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэж заасан илт хууль бус шийдвэр болжээ.

2.2.Түүнчлэн Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т “Барилгын 37.1.3-т “барилга захиалагч дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ”, байгууламжийн техникийн нөхцөл, зураг төсөл боловсруулах, барилгын ажлын зөвшөөрлийг энэ хуулийн 22,23,26 дугаар зүйлд заасны дагуу авч, түүнд заасан нөхцөлийг биелүүлэх”, 40 дүгээр зүйлийн 40.1-т “Барилгын ажил гүйцэтгэгч дараахь чиг үүрэгтэй”, 40.1.16-д “барилгын ажлыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр гүйцэтгэхгүй байх”, 50 дугаар зүйлийн 50.2-т “Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасан.

2.3.Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд “ГИ” ХХК нь барилгын ажлын захиалагч болон гүйцэтгэгчийн чиг үүргийг зөрчсөн тохиолдолд эрүүгийн журмаар шүүхээс ял оногдуулахаар, эсхүл гэмт хэргийн шинжгүй бол зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журмаар эрх бүхий албан тушаалтнаас шийтгэл оногдуулах зохицуулалттай байхад хариуцагч хариуцлага хүлээлгэх механизмыг хэрэгжүүлэх замаар өөрт эрх олгогдоогүй асуудлаар шийдвэр гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан” гэж заасан илт хууль бус шийдвэр болжээ гэсэн байна.

2.4.Барилгын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.1. дэх заалт “барилга байгууламжийг шинээр барих”-д заасан зөвшөөрлийг авалгүй барилга угсралтын ажил эхлүүлсэн нь мөн “ГИ” ХХК-ийн 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн “Өөрийн газар дээгүүр Т-1 коллектор дайран өнгөрч байгаа эсэх талаар тодруулга авах тухай” 10/002 дугаар албан бичгийн хариуд тус газраас 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн “Мэдэгдэл хүүргүүлэх тухай” 06/38 дугаар албан бичгээр Т-1 коллекторын трасст өртсөн тухай мэдэгдэж хавсралтаар трассын зургийг хүргүүлж энэ талаар Т-1 коллекторын шугам угсралтын ажил гүйцэтгэгч “Ус сувгийн удирдах газар” ОНӨААТҮГ-тай зөвшилцөх талаар “ГИ” ХХК-д мэдэгдсээр байтал тус трасс өртсөн хэсэгт барилга угсралтын ажлыг зөвшөөрөлгүй явуулсан нь хууль, норм ба дүрэм зөрчсөн үйлдэл болсон тул 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 01/1464 дугаар албан бичгээр сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлж, Нийслэлийн Ерөнхий архитекторын 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн А/03 дугаар тушаалаар 2025 оны 2025/00-630 дугаар Архитектур төлөвлөлтийн даалгавар, Загвар зургийг тус тус цуцалсан байна. Энэ үйл ажиллагааг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан” гэж заасан илт хууль бус шийдвэр болжээ гэж дүгнэсэн нь буруу болжээ.

2.5.Хот байгуулалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт “Аймаг, нийслэл, хотын ерөнхий архитектор нь хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан дүрмийн дагуу дараахь эрх, үүргийг хэрэгжүүлнэ:”, 10.1.8 дахь заалт “инженерийн бэлтгэл ажилд хяналт тавих”, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2010 оны 155 дугаар тушаалын хавсралтаар баталсан Аймаг, Нийслэл, Хотын Ерөнхий архитекторын дүрмийн 3 дугаар зүйлийн 3.1.8. дахь заалт “Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 204 дүгээр тогтоолоор баталсан “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, зөвшилцөх, магадлал хийх дүрэм”-ийн 3.2, 3.3 дахь хэсэгт заасныг “баримтлан тухайн хот, тосгонд шинээр барих, өргөтгөл, шинэчлэлт хийх барилга байгууламжийн байршлыг сонгож шийдвэрлүүлэн, архитектур төлөвлөлтийн даалгавар боловсруулж, барилга байгууламжийн зураг төсөлд тусгайлан хянаж, зөвшөөрөлцөх;” гэж зааснаар Нийслэлийн Ерөнхий архитекторт барилга ажил эхлүүлэх үе шатны үйл ажиллагаа түүнтэй холбоотой инженерийн бэлтгэл ажилд хяналт тавих эрхийг хуулиар олгосон ба Архитектур төлөвлөлтийн даалгавар олгох, Загвар зураг батлах зөвшилцөх эрх үүргийг дүрмээр тогтоож өгсөн байна.

2.6.Захиргааны ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.1. дэх хэсэгт “Захиргааны байгууллага өөрийн санаачилгаар хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэх, дээд шатны захиргааны байгууллагаас өгсөн үүргийг биелүүлэх, эсхүл оролцогчийн гаргасан өргөдөл, гомдлыг үндэслэн захиргааны шийдвэр гаргах ажиллагааг эхлүүлнэ” гэж зааснаар Нийслэлийн Ерөнхий архитектор өөрийн баталсан захиргааны актын хэрэгжилтэд хяналт тавих, түдгэлзүүлэх, цуцлах эрхтэй субьект байна.

Мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1. дэх хэсэгт “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2. дахь хэсэгт “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, 24.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 24.1-д заасан ажиллагаа явагдах хэлбэр болон хамрах хүрээг захиргааны байгууллага тогтоохдоо оролцогчийн гаргасан нотлох баримт, өргөдөл, хүсэлтийг харгалзан өөрөө бие даан шийдвэрлэнэ” гэж заасан.

2.7. Дээрх хуульд зааснаар баталсан захиргааны актаа хяналт хэрэгжүүлэх замаар цуцалсан асуудлыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан” гэж заасан илт хууль бус шийдвэр болжээ гэж анхан шатны шүүхээс дүгнэсэн нь учир дутагдалтай байна.

Учир  нь Барилгын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1. “эрх бүхий байгууллагаас олгосон газрын зөвшөөрөл, зургийн даалгавар, норм, нормативын баримт бичиг, стандарт, технологийн даалгавар, Загвар зураг батлуулснаар хот, байгуулалтын мэдээллийн санд бүртгэх ажлыг Хот байгуулалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4. дэх заалт “хот суурины нутаг дэвсгэрт хот байгуулалтын кадастр хөтлөх, хот байгуулалтын архивын санг бүрдүүлэх”-д зааснаар Нийслэлийн Ерөнхий архитектор хэрэгжүүлж байна. Мөн “Аймаг, Нийслэл, Хотын Ерөнхий архитектор”-ын дүрмийн “ дугаар зүйлийн 3.1.8 дахь заалтад зааснаар архитектур төлөвлөлтийн даалгавар боловсруулж, барилга байгууламжийн зураг төсөлд тусгуулан хянаж, зөвшөөрөлцөх эрх, үүргийг Нийслэлийн Ерөнхий  архитекторт олгосон байтал анхан шатны шүүхийн шийдвэрт тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан гэж дүгнэсэн байгаа нь буруу байна.

2.8. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн Нотлох баримт гаргуулах тухай 01/6609 дугаар албан бичгээр Т-1 коллекторын трассын өөрчлөлт оруулсан эсэх, Т-1 коллекторын трасс нь “ГИ”  ХХК-ийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрлэлийн баруун бү-20 тоот хаягт байрлах 5042 м квадрат үйлчилгээний орон сууцны хаагуур явж байгаа эсэх, “ГИ” ХХК болон ус сувгийн удирдах газар Т-1 коллекторын 4 дүгээр трассад өөрчлөлт оруулан зөвшилцсөн талаарх баримт, тайлбар зэргийг нотлох баримтаар 2026 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн дотор ирүүлэхийг шаардсан байдаг.

Тус албан бичгийг Хот байгуулалт, хотын стандартын газар [email protected] цахим шууданд 2026 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр ирж, шүүхийн бичиг хүргэгчээр 27-ны өдөр тус газарт ирүүлснийг байгууллагын бичиг хэргээс хугацаа өнгөрсөн бичиг гээд 27-ны өдөр шуудангаар буцаасныг Монгол шуудан 2026 оны 07 дугаар сарын 29-ний өдөр бүртгэж авсан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”-т гэсэн ба шүүгч нотлох баримт гаргуулах албан бичгийг хугацаа тулган өгч нотлох баримт судлах, бүрдүүлэх, нотлох баримтын шаардлага хангуулах, албан бичиг төлөвлөх албажуулан илгээх боломжит хугацаагаар хангаагүй. Тус нотлох баримтыг үнэлэхгүйгээр шүүх хуралдааныг явуулж шийдвэр гаргасан.

2.9. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5. дахь хэсэгт “Нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлсон захиргааны акт, захиргааны гэрээний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг гуравдагч этгээд гэнэ” гэжээ.

Нэхэмжлэгч “ГИ” ХХК-ийн газар дээгүүр Улаанбаатар хотын “Т-1 коллекторын” ариутгах татуургын 3,4 дүгээр хэсгийн шугам тавигдахаар төлөвлөгдсөн байх тул төлөвлөлтийн трасс дээр барилга төлөвлөгдсөнөөр тус ажлыг гүйцэтгэхэд хүндрэл үүсэж байгаа нь “Т-1 коллекторын” ариутгах татуургын ажлын захиалагч тал болох Нийслэлийн Засаг Даргын тамгын газрын болон Хөрөнгө оруулалтын газар, гүйцэтгэгч Ус сувгийн удирдах газар зэрэг байгууллагуудын ажилд шууд нөлөөлж эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдсөн байтал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т Үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн маргааны үйл баримтын талаах бие даасан шаардлага гаргасан, эсхүл эдгээрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа гэж үзсэн гуравдагч этгээдийг тухайн этгээдийн хүсэлтээр, эсхүл шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулна гэж заасан байтал даргалагч шүүгч эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн захиалагчийг гуравдагч этгээдээр тогтоолгүй шүүх хуралдааныг явуулсан нь шүүхийн шийдвэр бодитой гарахгүй байх нөхцөл болсон байна.

Иймд дээр дурдсан үндэслэлээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2026/0693 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу хэргийг бүхэлд нь хянаад, дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв:

Нэг. Маргааны үйл баримт, захиргааны актын үндэслэлийн тухайд:

1.1.Нэхэмжлэгч “ГИ” ХХК-иас Нийслэлийн ерөнхий архитекторт холбогдуулан түүний 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн А/03 дугаар тушаалыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

1.2.Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Нийслэлийн Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн А/670 дугаар захирамжаар нэхэмжлэгчид Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрлэлийн баруун бүс-2-т байрлах, нэгж талбарын 16818*****дугаар бүхий 5042 м.кв газрыг үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байна[1].

1.3.Нэхэмжлэгчээс 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 05/103 дугаар албан бичгээр[2] архитектур төлөвлөлтийн даалгавар авах хүсэлт гаргасны дагуу Нийслэлийн ерөнхий архитектор 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 2025/00-630 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар[3], загвар зургийг[4]  баталжээ.

1.4.Улмаар нэхэмжлэгч нь “ВГ” төслийн А, В, С байрны барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээнүүдийг[5] 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр байгуулж, гурван блок барилгын угсралтын ажлыг эхлүүлсэн байна.

1.5.Харин Нийслэлийн ерөнхий архитектор 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн А/03 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээгүйгээр барилга угсралтын үйл ажиллагаа явуулж, Барилгын тухай хуульд заасан захиалагчийн чиг үүргийг зөрчсөн гэж үзэн дээрх архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зургийг цуцалжээ.

Уг маргаан бүхий актад Хот байгуулалтын тухай хуулийн 10.1, Барилгын тухай хуулийн 12.1.1, 37.1.1, 37.1.3, 40.1.16, Захиргааны ерөнхий хуулийн 49.1 болон Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/644 дүгээр захирамжийг үндэслэсэн байна.

Хоёр. Хариуцагчийн эрх хэмжээ болон захиргааны актыг цуцлах эрх зүйн үндэслэлийн тухайд:

2.1.Хот байгуулалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-т “Аймаг, нийслэл, хотын ерөнхий архитектор нь хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан дүрмийн дагуу дараахь эрх, үүргийг хэрэгжүүлнэ:”, 10.1.8-т “инженерийн бэлтгэл ажилд хяналт тавих.” гэжээ.

2.2.Барилгын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т “эрх бүхий байгууллагаас олгосон газрын зөвшөөрөл, зургийн даалгавар, норм, нормативын баримт бичиг, стандарт, технологийн даалгавар, тоног төхөөрөмжийн паспорт, техникийн нөхцөл, инженер хайгуулын судалгаанд үндэслэн боловсруулагдсан байх”, 37 дугаар зүйлийн 37.1.1-т “барилга байгууламжийн баримт бичгийг холбогдох хууль тогтоомж, норм, нормативын баримт бичгийн шаардлагын дагуу бүрдүүлэх”, 37.1.3-т “барилга байгууламжийн техникийн нөхцөл, зураг төсөл боловсруулах, барилгын ажлын зөвшөөрлийг энэ хуулийн 22, 23, 26 дугаар зүйлд заасны дагуу авч, түүнд заасан нөхцөлийг биелүүлэх”, 40 дүгээр зүйлийн 40.1.16-т “барилгын ажлыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр гүйцэтгэхгүй байх” гэж заасан.

2.3.Мөн Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2010 оны 155 дугаар тушаалын хавсралтаар баталсан Аймаг, нийслэл, хотын ерөнхий архитекторын дүрмийн 3 дугаар зүйлийн 3.1.8-д “Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 204 дүгээр тогтоолоор баталсан "Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, зөвшилцөх, магадлал хийх дүрэм"-ийн 3.2, 3.3 дахь хэсэгт заасныг баримтлан тухайн хот, тосгонд шинээр барих, өргөтгөл, шинэчлэлт хийх барилга байгууламжийн байршлыг сонгож шийдвэрлүүлэн, архитектур төлөвлөлтийн даалгавар боловсруулж, барилга байгууламжийн зураг төсөлд тусгуулан хянаж, зөвшөөрөлцөх” гэж тус тус заасан байна.

2.4.Хууль болон журмын дээрх зохицуулалтаар хариуцагч захиргааны байгууллагад “архитектур төлөвлөлтийн даалгавар боловсруулж, барилга байгууламжийн зураг төсөлд барилга байгууламжийн байршлыг тусгуулан хянаж, холбогдох захиргааны байгууллагатай зөвшилцөх” эрх, үүргийг олгосон.

Тодруулбал, хариуцагч нь хот байгуулалт, архитектур төлөвлөлтийн асуудлаар хуульд заасан чиг үүрэг хэрэгжүүлдэг байх тул анхан шатны шүүхийн “захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан байна” гэж дүгнэн, нэхэмжлэгчийн “хүчингүй болгуулах”-аар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг “илт хууль бус болохыг тогтоож” шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

2.5.Хариуцагч захиргаанаас архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зургийг батлах, хянах чиг үүрэгтэй боловч тэдгээрийг цуцлах шийдвэр гаргах ажиллагаа нь хуульд нийцсэн байх шаардлагатай.

Тодруулбал, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.4-т заасан эерэг нөлөөлөл бүхий захиргааны актын шинжийг маргаан бүхий архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын зураг агуулж байна. Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3-д эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг цуцлах тусгай нөхцөлүүдийг тодорхой заасан байна.

Барилгын ажлын зөвшөөрөлгүйгээр барилгын ажил гүйцэтгэсэн гэх нөхцөл тогтоогдсон хэдий ч энэ нь өмнө батлагдсан архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зургийг цуцлах хуульд заасан үндэслэл мөн эсэхийг тухайлбал, хариуцагчаас маргаан бүхий актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3-д заасан тусгай нөхцөлүүдийг шалган тогтоосон гэдэг нь тогтоогдсонгүй.

Гурав. Барилгын ажлын зөвшөөрөл болон зөрчил тогтоосон байдлын тухайд:

3.1.Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.3, 40 дүгээр зүйлийн 40.1.16-д барилгын ажлын захиалагч, гүйцэтгэгчийн холбогдох үүргийг тодорхойлсон бөгөөд барилгын ажлын зөвшөөрөл авах, зөвшөөрөлгүйгээр ажил гүйцэтгэхгүй байх шаардлага нь барилгын үйл ажиллагаанд заавал мөрдөх зохицуулалт юм.

3.2.Гэвч эдгээр хуульд заасан үүргийг зөрчсөн эсэхийг эрх бүхий байгууллагаас зохих журмын дагуу шалган тогтоосон байдал, зөрчилтэй холбогдуулан авсан арга хэмжээ, түүний эрх зүйн үр дагаврыг тодруулаагүй атлаа архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зургийг цуцлахаар шууд шийдвэрлэсэн маргаан бүхий актыг шүүхээс хуульд нийцсэн гэж дүгнэх үндэслэлгүй байна.

3.3.Нэхэмжлэгч нь барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авах хүсэлт гаргасан боловч эрх бүхий байгууллага хүсэлтийг шийдвэрлээгүй тул барилгын ажлаа үргэлжлүүлсэн гэж тайлбарласан.

Гэтэл нэхэмжлэгчээс зөвшөөрөл хүссэн өргөдлийг хэзээ, ямар баримт бичгийн хамт гаргасан, эрх бүхий байгууллага хүлээн авч бүртгэсэн эсэх, шийдвэрлэх хугацаа хэзээ дууссан, шийдвэр гаргасан буюу татгалзсан эсэх, шийдвэрийг хүсэлт гаргагчид зохих журмаар мэдэгдсэн эсэхийг хариуцагчаас тодруулах ажиллагааг хийгээгүй байна.

3.4.Түүнчлэн Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуульд заасан зөвшөөрөл олгосонд тооцох зохицуулалт тухайн төрлийн зөвшөөрөлд хэрэглэгдэх эсэх, уг зохицуулалтыг хэрэглэх хуульд заасан урьдчилсан нөхцөл бүрдсэн эсэхийг тусгайлан шалгах шаардлагатай.

3.5.Зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлээгүй байдал нь барилгын ажлыг зөвшөөрөлгүй гүйцэтгэх эрхийг бий болгохгүй боловч захиргааны байгууллагын үйл ажиллагаа, эс үйлдэхүй нь захиргааны актыг цуцлах үндэслэл, арга хэмжээний тохирсон байдлыг тогтооход харгалзан үзэх үндэслэл болно.

3.6.Түүнчлэн нэхэмжлэгчийн барилгын ажил бодитоор ямар хэмжээнд гүйцэтгэгдсэн, барилга байгууламжийн зураг төсөл, архитектур төлөвлөлтийн даалгавартай нийцэж байгаа эсэх, зөвшөөрөлгүй барьсан гэх зөрчил нь төлөвлөлтийн баримт бичгийн агуулга, хүчин төгөлдөр байдалтай ямар шалтгаант холбоотой болохыг хариуцагчаас тогтоох шаардлагатай.

Өөрөөр хэлбэл, барилгын ажил гүйцэтгэх үе шатанд гарсан зөрчил болон тухайн барилгыг төлөвлөх эрх зүйн үндэс болсон захиргааны актыг цуцлах асуудал нь өөр өөр эрх зүйн үр дагавартай тул эдгээрийг хооронд нь ялган дүгнэх шаардлагатай байна.

Дөрөв. “Т-1” коллекторын төсөл болон нийтийн ашиг сонирхолтой холбоотой нөхцөл байдлын тухайд:

4.1.Хариуцагч нь маргаан бүхий актыг гаргасан үндэслэлтэй холбогдуулан нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй “Т-1” коллекторын ариутгах татуургын шугамын төлөвлөсөн трасст нэхэмжлэгчийн барилга давхцаж, нийтийн дэд бүтцийн ажлыг хэрэгжүүлэхэд хүндрэл учруулсан гэж тайлбарлажээ.

4.2.Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд уг трассын байршил, өөрчлөлтийн талаар холбогдох байгууллагууд болон нэхэмжлэгчийн хооронд албан бичгээр харилцаж, зөвшилцөх ажиллагаа явагдсан байна.

Тодруулбал, Хот байгуулалт, хотын стандартын газрын 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 01/284 дүгээр албан бичигт “Мк” ХХК-иас “Т-1” коллекторын 4 дүгээр хэсгийн трассын өөрчлөлтийг тусгасан ажлын зураг боловсруулж, “ГИ” ХХК-тай зөвшилцсөн, улмаар холбогдох шугамын хамгаалалтын зайг хангуулан 2026 оны 01 дүгээр сард зөвшилцсөн талаар дурджээ.

4.3.Гэвч дээрх зөвшилцөл нь трассын давхцалыг бүрэн арилгасан эсэх, өөрчлөгдсөн трассын зураг төсөл эцэслэн батлагдсан, хот байгуулалтын мэдээллийн санд бүртгэгдсэн эсэх, нэхэмжлэгчийн барилга нь ариутгах татуургын шугамын хамгаалалтын бүсэд бодитоор нөлөөлж байгаа эсэх нь тодорхой бус байна.

4.4.Иймд “Т-1” коллекторын төслийн захиалагч, зураг төсөл боловсруулагч, гүйцэтгэгч болон холбогдох мэргэжлийн байгууллагуудын оролцоотойгоор трассын бодит байршил, давхцалын хэмжээ, техникийн шаардлага, нийтийн дэд бүтцийн ажилд учирсан буюу учирч болзошгүй саад, түүнийг арилгах боломжийг дахин тогтоох шаардлагатай.

4.5.Нийтийн дэд бүтцийн төслийн хэрэгжилт, ариутгах татуургын шугамын аюулгүй ажиллагааг хангах нь нийтийн ашиг сонирхолд хамаарах боловч ийм ашиг сонирхол байгаа нь өмнө олгосон эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг бүхэлд нь цуцлах үндэслэл болох эсэхэд хариуцагчаас мөн дүгнэлт өгөх шаардлагатай. Харин Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3-д заасан нөхцөл бүрдсэн эсэх, нийтийн ашиг сонирхолд учирсан буюу учирч болзошгүй сөрөг нөлөөллийн шинж, хэмжээ, түүнийг өөр замаар арилгах боломж болон нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд үзүүлэх үр дагаврыг харьцуулан үнэлэх шаардлагатай.

Тав.Захиргааны байгууллагын бодит нөхцөл байдлыг тогтоох, харилцан уялдаатай ажиллах үүргийн тухайд:

5.1.Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.4-т зааснаар захиргааны байгууллага шийдвэр гаргахад ач холбогдол бүхий бодит нөхцөл байдлыг тогтоох, шаардлагатай нотлох баримтыг цуглуулж үнэлэх, тухайн тохиолдолд хамаарах нөхцөл бүрийг нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй.

Мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д сонсох ажиллагааны хугацаа нь оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан байх шаардлагыг тогтоожээ.

5.2.Тухайн асуудал нь өөр байгууллагын эрхлэх чиг үүрэгт хамаардаг гэх  хариуцагч талын тайлбар үндэслэлгүй байна.

Учир нь хариуцагч Нийслэлийн ерөнхий архитектор болон барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох чиг үүрэг бүхий Нийслэлийн Хот байгуулалт, хотын стандартын газар нь нийслэлийн хот байгуулалт, барилгын үйл ажиллагааг зохицуулах захиргааны удирдлага, зохион байгуулалтын нэгдмэл тогтолцоонд хамаарч байна.

5.3.Иймд хариуцагч нь Захиргааны ерөнхий хуулийн 10, 24 дүгээр зүйлд заасан зохицуулалтын хүрээнд холбогдох агентлаг, хяналтын болон мэргэжлийн байгууллагуудаас шаардлагатай мэдээлэл, баримт, шийдвэр, дүгнэлтийг авч, маргаан бүхий актыг гаргах үндэслэлийг бүрэн шалган тогтоох шаардлагатай.

6.Дүгнэхэд, дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч нь барилгын ажлын зөвшөөрлийн хүсэлтийг шийдвэрлэсэн байдал, зөвшөөрөлгүй барилгын ажил гүйцэтгэсэн гэх зөрчлийг эрх бүхий байгууллагаас тогтоосон эсэх, барилгын бодит гүйцэтгэл, “Т-1” коллекторын трассын давхцал, нийтийн дэд бүтцэд үзүүлэх нөлөөлөл, зөвшилцлийн үр дүнг холбогдох байгууллагуудтай хамтран шалгаж, эдгээр нь архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зургийг бүхэлд нь эсхүл хэсэгчлэн цуцлах хууль зүйн үндэслэл бүрдсэн эсэх буюу маргаан бүхий акт гаргах бодит нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай.

Дээрх бодит нөхцөл байдлыг тодруулах асуудал нь зөвхөн шийдвэр гаргах үндэслэлтэй холбоотой нотлох баримтыг бүрдүүлэхээс гадна барилгын зөвшөөрөл олгох ажиллагаа, хот байгуулалтын төлөвлөлт, нийтийн дэд бүтцийн техникийн нөхцөл болон тэдгээрийн хоорондын уялдааг эрх бүхий байгууллагуудаар мэргэжлийн түвшинд дахин авч үзэх шаардлагатай холбоотой байна.

Иймээс уг ажиллагаа нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасны дагуу шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн.

Эдгээр нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн буюу мэргэжлийн болон хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд дахин шалгаж тогтоох нөхцөл байдалд хамаарахаар байх тул хариуцагч захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий шийдвэрийг гурван сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэхээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 07 дүгээр сарын 27-ний өдрийн 693 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хот байгуулалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.8, Захиргааны ерөнхий хуулийн 24.1, 24.2, 49 дүгээр зүйлийн 49.3, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11, 106.5-т заасныг тус тус баримтлан “ГИ” ХХК-иас хүчингүй болгуулахаар маргасан “Нийслэлийн ерөнхий архитекторын 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн А/03 дугаар тушаалыг дахин шинэ акт гаргах хүртэл гурван сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.”, гэж өөрчилж, шийдвэрийн Тогтоох хэсэгт “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон гурван сарын хугацаанд захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд маргаан бүхий Нийслэлийн ерөнхий архитекторын 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн А/03 дугаар тушаалыг хүчингүй болохыг дурдсугай.” гэсэн 2 дахь заалтыг нэмж, шийдвэрийн 2 дахь заалтын дугаарыг 3 болгон өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                            ШҮҮГЧ                                                     З.ГАНЗОРИГ

     ШҮҮГЧ                                                       Б.ТУНГАЛАГСАЙХАН

                  ШҮҮГЧ                                                       А.САРАНГЭРЭЛ

 

[1] Хэргийн 1-р хавтас 17 дахь тал

[2] Хэргийн 1-р хавтас  138 дахь тал

[3] Хэргийн 1-р хавтас 18-20 дахь тал

[4] Хэргийн 1-р хавтас 21-60 дахь тал

[5] Хэргийн 1-р хавтас 85, 95, 105 дахь тал