Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 21

 

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж

Нарийн бичгийн дарга: Б.Чанцалдулам

Улсын яллагч: Э.Нэргүй

Шүүгдэгч О.Золбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч О.Золбаярт холбогдох 201708000008 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 03 сарын 28-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, өртөөний жижүүр мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2 дүүгийн хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум 2 дугаар баг Рашааны 22 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, Боржигон овогт Отгонбаярын Золбаяр, /ЕЙ94032811/

 

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/

Яллагдагч О.Золбаяр нь 2017 оны 01 дүгээр сарын 10-ны шөнө 02 цагийн орчим Сүмбэр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Б.Түвшинтөгсийн эзэмшлийн 07-95 ГСА улсын дугаартай Estima маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д заасан “…жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” мөн дүрмийн 2 дугаар бүлгийн 2.5-д заасан зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ Тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, б/ Зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргэж эмнэлгийн ажилтанд үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх, в/ Зам тээврийн ослын тухай Цагдаагийн байгууллагад мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх, г/ Осолд холбогдсон тээврийн хэрэгсэл нь бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаасны улмаас зорчих хэсгийг чөлөөлөх мөн осолд нэрвэгдсэн хүнийг эмнэлгийн байгууллагад уг тээврийн хэрэгслээр хүргэх зайлшгүй тохиолдолд хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийг байлцуулан осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, тухайн тээврийн хэрэгслийн ул мөрийн байрлалыг тодорхой тэмдэглэсний дараа байрнаас нь хөдөлгөж болно” гэснийг тус тус зөрчсөний улмаас “ Тохижилт Сүмбэр” Орон нутгийн өмчит аж ахуй тоооцоот үйлдвэрийн газрын 5 дугаар худгийг мөргөж зам тээврийн осол гарган 850.000 төгрөгний, иргэн Б.Түвшинтөгсийн автомашинд 1.125.000 төгрөгний хохирол тус тус учруулан, зам тээврийн ослын газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтын талаар:

1. Шүүгдэгч О.Золбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн өдөр Түвшинтөгс, Бат-Очир бид гурав Говьсүмбэр аймаг дээгүүр явж байгаад Бат-Очирыг Шивээговь сум руу хүргэж өгөх гээд явсан. Шивээговь суманд очоод Түвшинтөгс, Бат-Очир хоёр пиво хувааж уусан. Би эмчилгээ хийлгэж байсан болохоор уухгүй гээд пивоноос уугаагүй. Түвшинтөгс нилээн согтсон байсан болохоор чи машинаа барьж чадахгүй байх, би машиныг чинь баръя гээд би Чойр луу машиныг барьж ирсэн. Бид хоёр Балдан засаг захын бэлэн мөнгөний машинаас мөнгө авах гээд иртэл цагдаа таарсан. Тэгээд цагдаагаас зугтаасан. Зугтааж явж байхдаа худгийн хашааг мөргөсөн. Худгийн хашааг мөргөчихөөд бууж машинаа харсан. Тэгээд Түвшинтөгсийн гэр болох Рашааны 9 тоотод машиныг аваачиж тавиад би гэрлүүгээ явсан. Маргааш нь Түвшинтөгсийн гэрт очиход цагдаа нар ирсэн байсан. Тэгээд цагдаа дээр очсон гэсэн мэдүүлэг

 

2. Иргэний нэхэмжлэгч Б.Түвшинтөгсийн мэдүүлэг:

Би 2017 оны 01 дүгээр сарын 09-ний үүрийн 04 цагийн суудлаар Говьсүмбэр аймагт ирсэн. Өдөр нь найз Бат-Очир, Золбаяр нартай уулзаад орой 20 цаг өнгөрч байхад Бат-Очирыг Шивээговь сум хүргэж өгөх гэж явсан. Явахдаа би өөрөө машинаа барьж явсан. Шивээговь суманд Бат-Очирын амьдардаг байрных нь гадаа миний автомашинд Бат-Очир бид хоёр 2.5 литрийн савтай 2 ширхэг том пиво уусан. Золбаяр эмчилгээ хийлгэж байгаа гээд пиво уугаагүй. Тэгээд Золбаяр өөрөө намайг автомашинаа барьж чадахгүй байх гэж хэлээд миний автомашиныг жолоодож явсан. Чойрт 02 цагийн үед ирсэн. Балдан засаг захын хажуугийн АТМ-аас мөнгө авах гэж очиход цагдаагийн машинтай таарч зугатаасан. Тэгээд Чандмань дэлгүүрийн гандангийн тэрүүгээр тойроод Уулзварын гудамжаар яваад нэг худгийн харалдаа гараад ирсэн. Тэгээд тэр чигтээ худгийн хашаа мөргөөд жоохон явж байгаад цаана нь гэрлээ унтраагаад зогссон. Буугаад автомашины урд талаа харсан чинь урд гупер, баруун талын хаалга хонхойсон, толь сууриараа хагарч унасан, зүүн талын гэрэл байхгүй байсан. Тэгээд за за өнгөрсөн гээд Золбаяр манай хашаа буюу Рашааны эгнээний 9 тоотод машин оруулж тавьсан. Энэ миний автомашин байгаа юм. Үнэлгээ гаргуулмааргүй байна. Би Золбаяртай хамт явж байсан болохоор ямар нэг мөнгө төгрөг нэхэмжлэхгүй, гомдолгүй гэсэн мэдүүлэг /х.х-ийн 18 хуудас/

3. Иргэний нэхэмжлэгч А.Алтансүхийн мэдүүлэг: 

2017 оны 01 дүгээр сарын 10-ны өглөө “ Тохижилт Сүмбэр”-ийн зам цэвэрлэгч Ө.Энхтуяа ажилдаа ирэхдээ 5-р худгийн хашааг автомашин дайрчихсан байна гэж хэлсэн. Тэгээд би Энхбаатар даргатай газар дээр нь очиж үзээд цагдаа дуудсан. Тэр газар нь цэнхэр өнгийн Estima маркын автомашины хагархай зүйлс байсан. Манай газрын харьяанд нийт 7 худаг байдаг бөгөөд 7 худгийн хашааг нэг компаниар 2015 онд хийлгэж байсан юм. Манай дээр байгаа тайлан тооцоонд 7 худгийн хашааны үнийг хувааж бодохоор 1 худгийн хашаа нь 2.500.000 төгрөгний үнэлгээтэй байдаг юм. Ослоос болж 5 ширхэг хашаа, 4 ширхэг шон эвдэрсэн... Уг хэргийн холбогдогч О.Золбаяр гэх залуу манай дээр ирж уулзаад 5-р худгийн хашаа, шонг янзлаад 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр дуусгаж бүрэн хохиролгүй болгож өгсөн. Одоо манай байгууллагын зүгээс О.Золбаярт холбогдуулан гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг /х.х-ийн 29.32 хуудас/

4. Гэрч Ц.Мөнхнарангийн мэдүүлэг: 

2017 оны 01 дүгээр сарны 10-ны шөнө намайг гэртээ байхад манай хажуу талын худгийн орчим автомашин юм мөргөх чимээ сонсогдсон. Тэгэхээр нь би гэрээс гараад хашааны завсраар харахад автомашин худгийн хашааг мөргөөд зүүн тийшээ явж байсан. Яг ямар автомашин байсан талаар би харж чадаагүй. Тэгээд гэртээ ороод цаг харахад 02 цаг 10 минут болж байсан...гэсэн мэдүүлэг /х.х-ийн 33 хуудас/

5. Гэрч Ш.Түмэндэлгэрийн мэдүүлэг:

Би Тохижилт Сүмбэрийн 5-р худгийн ус түгээгч ажил хийдэг бөгөөд манай худаг 7 хоног бүрийн Даваа, Мягмар гаригт амардаг юм. Өнөөдөр буюу 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр манай худаг амардаг бөгөөд манай ажлаас надруу яриад 5 дугаар худгийн гадна хашааг автомашин дайрчихсан байна. Очоод үзээтэх гэж хэлсэн. Тэгээд би худаг дээр очиход худгийн гадуур байдаг төмөр хашааны баруун талаас нь автомашин мөргөөд хойд хашааг нь нэвт дайраад гарчихсан байсан. Би энэ талаар Энхбаатар даргад хэлээд, дарга газар дээр нь ирж уулзаад цагдаад мэдэгдсэн гэсэн мэдүүлэг /х.х-ийн 34 хуудас/

6. Гэрч М.Ням-Очирийн мэдүүлэг: 

Би 2017 оны 01 сарын 09-ний орой 20 цагаас 01 сарын 10-ны өглөө 08 цагийн хооронд замын цагдаагийн зохицуулагч дэд ахлагч Б.Билгүүний хамт Говьсүмбэр аймгийн нутаг дэвсгэрт эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. Үүрэг гүйцэтгэх хугацаанд шөнө 02 цагийн үед Балдан засаг захын зүүн талаар цэнхэр өнгийн Estima маркын автомашин төмөр замын чигтээ явж байсан. Тэгэхээр нь шалгахаар дохиураар дохисон чинь тэр машин буцаж эргээд Чандмань дэлгүүрийн зүгрүү тоос манаруулаад их хурдтай явсан. Дэд ахлагч Билгүүн бид 2 араас нь ажиглалтын байдалтай явж байгаад Хонхорын байранд хүн агсан тавиад байна гэхээр нь тийшээ явсан гэсэн мэдүүлэг /х.х-ийн 35-36 хуудас/

7. Гэрч Б.Билгүүний мэдүүлэг:

Би 2017 оны 01 сарын 09-ний орой 20 цагаас 01 сарын 10-ны өглөө 08 цагийн хооронд замын цагдаагийн зохицуулагч дэд ахлагч М.Ням-Очирын хамт Говьсүмбэр аймгийн нутаг дэвсгэрт эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. Үүрэг гүйцэтгэх хугацаанд шөнө 02 цагийн үед Балдан засаг захын зүүн талаар цэнхэр өнгийн Estima маркын автомашин төмөр замын чигтээ явж басйан. Тэгэхээр нь шалгахаар дохиураар дохисон чинь тэр машин буцаж эргээд Чандмань дэлгүүрийн зүгрүү тоос манаруулаад их хурдтай явсан. Араас нь очоод чанга яригчаар зогсоорой гэж хэлсэн боловч тэр чигтээ зугтаасан. Дэд ахлагч Ням-Очир бид 2 араас нь ажиглалтын байдалтай явж байгаад Хонхорын байранд хүн агсан тавиад байна гэхээр нь тийшээ явсан гэсэн мэдүүлэг /х.х-ийн 23 хуудас/

8. Гэрч Ч.Алтантөгсийн мэдүүлэг:

Намайг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өглөө босоход хашаанд байдаг манай хүү Түвшинтөгсийн 07-95 ГСА улсын дугаартай автомашины урд хэсэг нь эвдэрчихсэн байсан. Тэгээд би хүүгээсээ урд шөнө яав, хүн амьтан мөргөчихсөн юмуу гэсэн чинь Түвшинтөгс манай найз Золбаяр миний машиныг жолоодож яваад худгийн хашаа мөргөчихсөн гэж хэлсэн гэсэн мэдүүлэг /х.х-ийн 40 хуудас/

9. Гэрч Ө.Бат-Очирын мэдүүлэг:

Би Шивээговь суманд амьдардаг бөгөөд 2017 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Чойрт ирсэн юм. Маргааш нь Түвшинтөгс, Золбаяр нараар Шивээговь сумруу хүргүүлэхээр болоод бид 3 Түвшинтөгсийн Estima маркын цэнхэр өнгийн автомашинтай явсан. Тэгээд Шивээговь суманд ирээд намайг гэрлүү орохын өмнө манай байрны гадаа машин дотор Түвшинтөгс бид хоёр 2.5 литрийн Нийслэл пиво 2 ширхэгийг хувааж уусан. Тэгэхэд Золбаяр эмчилгээ хийлгэж байгаа гээд пиво огт уугаагүй. Пиво ууж дуусаад би гэрлүүгээ орсон. Манай гаднаас Золбаяр Түвшинтөгсийн машиныг жолоодоод тэр 2 Чойр явсан. Дараа нь би тэр осол гарсан талаар мэдсэн гэсэн мэдүүлэг /х.х-ийн 42 хуудас/

10. Гэрч Н.Энхтуулын мэдүүлэг:

2017 оны 01 дүгээр сарын 10-ны өглөө би хүү Золбаярыг эмнэлэгт үзүүлээд тархи хүзүүний зураг авахуулаад явж байхад манай хүү Золбаяр урд шөнө Түвшинтөгсийн машиныг жолоодож яваад цагдаагаас зугатаагаад худгийн хашаа мөргөсөн гэж ярьсан. Би хүүгээ зогсоод шалгуулахгүй яасан юм гэсэн чинь би хотод жолооны үнэмлэхээ үлдээчихсэн байсан юм гэсэн. Би 3 хүүхэдтэй бөгөөд Золбаяр миний том хүү байгаа юм гэсэн мэдүүлэг /х.х-ийн 43-44 хуудас/

11. Говьсүмбэр аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 44, 45  дугаартай дүгнэлтүүдэд О.Золбаяр, Б.Түвшинтөгс нарын  биед гэмтэл тогтоогдоогүй талаарх дүгнэлт,

12. Говьсүмбэр аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 12 дугаартай дүгнэлтэнд:

-Шинжилгээнд авсан О.Золбаярын цусанд спиртийн алкоголь илэрсэнгүй. Шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч Ж.Жаргалан гэжээ.

13. Говьсүмбэр аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 11 дугаартай дүгнэлтэнд:

-Шинжилгээнд авсан Б.Түвшинтөгсийн цусанд спиртийн алкоголь илэрсэнгүй. Шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч Ж.Жаргалан гэжээ.

14. Говьсүмбэр аймгийн Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн дүгнэлтэнд:

            - Жолооч О.Золбаяр нь 07-95 ГСА улсын дугаартай Тоёота Эстима маркийн автомашин жолоодон 2017 оны 01 дүгээр сарны 10-ны шөнө 02 цагийн үед Сүмбэр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Тохижилт Сүмбэр ОНӨААТҮГ-ын 5-р худгийн хашааг мөргөж зам тээврийн осол гаргасан үйлдэл нь зам тээврийн осол мөн.

Жолооч О.Золбаяр нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн  2.5-д заасан зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ Тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, б/ Зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргэж эмнэлгийн ажилтанд үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх, в/ Зам тээврийн ослын тухай Цагдаагийн байгууллагад мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх, г/ Осолд холбогдсон тээврийн хэрэгсэл нь бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаасны улмаас зорчих хэсгийг чөлөөлөх мөн осолд нэрвэгдсэн хүнийг эмнэлгийн байгууллагад уг тээврийн хэрэгслээр хүргэх зайлшгүй тохиолдолд хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийг байлцуулан осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, тухайн тээврийн хэрэгслийн ул мөрийн байрлалыг тодорхой тэмдэглэсний дараа байрнаас нь хөдөлгөж болно гэснийг мөн МУ-н Замын хөдөлгөөний дүрмийн 9.2. Жолооч Хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэснийг тус тус зөрчсөн байна гэж үзэх үндэслэлтэй  байна гэжээ.

Шинжээчийн дүгнэлт гаргасан  Замын цагдаагийн тасгийн зохицуулагч цагдаагийн дэслэгч Ц.Равдан /х.х-ийн 46 хуудас/

15. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /х.х-ийн 3-6, 11-12 хуудас/

16.  "Ашид билгүүн" ХХК-ний автомашины хохирол үнэлсэн тайлан /х.х-ийн 71-72 хуудас/

17. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын үнэлгээний комиссын дүгнэлт / хх-ийн 76 хуудас/

18. Шүүгдэгч О.Золбаярын сурлагын тодорхойлолт, хувийн хэргийн нотариатаар батлуулсан хуулбар

19. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /х.х-ийн 95-96 хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч О.Золбаяр нь 2017 оны 01 дүгээр сарын 10-ны шөнө 02 цагийн орчим Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Б.Түвшинтөгсийн эзэмшлийн 07-95 ГСА дугаартай Тоёота Эстима маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ “Тохижилт Сүмбэр” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын 5 дугаар худгийн 5 ширхэг хашаа, 4 ширхэг шонг мөргөж эвдэн 850000 /найман зуун тавин мянга/ төгрөгний хохирол, Б.Түвшинтөгсийн автомашинд 1125000 /нэг сая нэг зуун хорин таван мянга/ төгрөгний хохирол тус тус учруулан зам тээврийн осол гаргасан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэргийн үйлдсэн болох нь:

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-6, 11-12 хуудас/

Иргэний нэхэмжлэгч Б.Түвшинтөгсийн: ...Тэгээд Золбаяр өөрөө намайг автомашинаа барьж чадахгүй байх гэж хэлээд миний автомашиныг жолоодож явсан. Чойрт 02 цагийн үед ирсэн. Балдан засаг захын хажуугийн АТМ-аас мөнгө авах гэж очиход цагдаагийн машинтай таарч зугатаасан. Тэгээд Чандмань дэлгүүрийн гандангийн тэрүүгээр тойроод Уулзварын гудамжаар яваад нэг худгийн харалдаа гараад ирсэн. Тэгээд тэр чигтээ худгийн хашаа мөргөөд жоохон явж байгаад цаана нь гэрлээ унтраагаад зогссон. Буугаад автомашины урд талаа харсан чинь урд гупер, баруун талын хаалга хонхойсон, толь сууриараа хагарч унасан, зүүн талын гэрэл байхгүй байсан... гэх мэдүүлэг /х.х-ийн 18 хуудас/

Иргэний нэхэмжлэгч А.Алтансүхийн: ...2017 оны 01 дүгээр сарын 10-ны өглөө “ Тохижилт Сүмбэр”-ийн зам цэвэрлэгч Ө.Энхтуяа ажилдаа ирэхдээ 5-р худгийн хашааг автомашин дайрчихсан байна гэж хэлсэн. Тэгээд би Энхбаатар даргатай газар дээр нь очиж үзээд цагдаа дуудсан. Тэр газар нь цэнхэр өнгийн Estima маркын автомашины хагархай зүйлс байсан... гэх мэдүүлэг /х.х-ийн 29.32 хуудас/

Гэрч Ц.Мөнхнарангийн: ...2017 оны 01 дүгээр сарны 10-ны шөнө намайг гэртээ байхад манай хажуу талын худгийн орчим автомашин юм мөргөх чимээ сонсогдсон. Тэгэхээр нь би гэрээс гараад хашааны завсараар харахад автомашин худгийн хашааг мөргөөд зүүн тийшээ явж байсан... гэх мэдүүлэг /х.х-ийн 33 хуудас/

Гэрч Ш.Түмэндэлгэрийн: ...Тэгээд би худаг дээр очиход худгийн гадуур байдаг төмөр хашааны баруун талаас нь автомашин мөргөөд хойд хашааг нь нэвт дайраад гарчихсан байсан... гэх мэдүүлэг /х.х-ийн 34 хуудас/

Гэрч М.Ням-Очирийн: ...Үүрэг гүйцэтгэх хугацаанд шөнө 02 цагийн үед Балдан засаг захын зүүн талаар цэнхэр өнгийн Estima маркын автомашин төмөр замын чигтээ явж байсан. Тэгэхээр нь шалгахаар дохиураар дохисон чинь тэр машин буцаж эргээд Чандмань дэлгүүрийн зүгрүү тоос манаруулаад их хурдтай явсан... гэх мэдүүлэг /х.х-ийн 35-36 хуудас/

Гэрч Б.Билгүүний: ... Үүрэг гүйцэтгэх хугацаанд шөн 02 цагийн үед Балдан засаг захын зүүн талаар цэнхэр өнгийн Estima маркын автомашин төмөр замын чигтээ явж байсан. Тэгэхээр нь шалгахаар дохиураар дохисон чинь тэр машин буцаж эргээд Чандмань дэлгүүрийн зүгрүү тоос манаруулаад их хурдтай явсан. Араас нь очоод чанга яригчаар зогсоорой гэж хэлсэн боловч тэр чигтээ зугтаасан... гэх мэдүүлэг /х.х-ийн 23 хуудас/

Гэрч Ч.Алтантөгсийн: ...Тэгээд би хүүгээсээ урд шөнө яав, хүн амьтан мөргөчихсөн юмуу гэсэн чинь Түвшинтөгс манай найз Золбаяр миний машиныг жолоодож яваад худгийн хашаа мөргөчихсөн гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 40 хуудас/

Говьсүмбэр аймгийн Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн дүгнэлт /хх-ийн 46 хуудас/

"Ашид билгүүн" ХХК-ний автомашины хохирол үнэлсэн тайлан /хх-ийн 71-72 хуудас/

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын үнэлгээний комиссын дүгнэлт /хх-ийн 76 хуудас/ зэрэг хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч О.Золбаярыг зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

Иргэний нэхэмжлэгч Б.Түвшинтөгс, А.Алтансүх нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч О.Золбаярыг бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт болон иргэний баримт бичиг хураагдаж ирээгүйг, мөн цагдан хоригдоогүй болохыг  тус тус дурдав.

 

Шүүгдэгч О.Золбаяр нь хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлсэн, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлж байгаа, учирсан хохиролыг нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан зэргийг харгалзан үзэж түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд зааснаар ялыг тэнсэж хянан харгалзах нь зүйтэй гэж үзлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 295-297, 298, 299, 301 дүгээр зүйлийн 301.1.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Отгонбаярын Золбаярыг зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Золбаярыг 1/нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Золбаярт оногдуулсан 1/нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч О.Золбаяр нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримт, иргэний баримт бичиг хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Золбаярт оногдуулсан 1/нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 1 /нэг/ жилээр тогтоон, түүний засрал хүмүүжилд нь хяналт тавьж ажиллахыг Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолийн биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Золбаярт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                 Т.ЭНХМАНДАХ