Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 2024/ШЦТ/27

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,

нарийн бичгийн дарга П.Энхбат,

улсын яллагч Б.Доржханд,

шүүгдэгч Б.Днарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Доржхандаас хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д Б овогт Б Д холбогдох эрүүгийн 2417000180023 дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 19... оны ... дугаар сарын ...-ны өдөр Г.. аймгийн С.. суманд төрсөн, .. настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, .. ХХК-ны Г.. . ... насосчин ачигч ажилтай, ам бүл .., эхнэр, хүүхдүүдийн хамт Г.. аймгийн С.. сумын ... дугаар баг, ... тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Д Б овогт Б Д /РД:.../,

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/

Яллагдагч Б.Днь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар: Шүүгдэгч Б.Днь 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 08 цагийн орчимд Г.. аймгийн С..сумын... дугаар баг, ... тоотод байх гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Б.М хүүхдээ сургуульд хүргэж өгөх асуудлаас болж маргалдсаны улмаас түүний гар, нуруу, нүүрэн тус газарт нь гараараа удаа дараа цохих, хоолойг нь боох, цээжин дээр нь өвдөглөх зэргээр зодож бие махбодид нь баруун суганы дээд хэсэгт, баруун бугалганд, баруун бугуйнд, зүүн бугалганд, баруун хацарт цус хуралт, хүзүүний зүүн талаар, баруун хацарт зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

1. Шүүгдэгч Б.Д үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /х.х-ийн 51 хуудас/

2. Гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /х.х-ийн 28 хуудас/

3. Хохирогч Б.М мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Би тухайн өдрийн өглөө 08 цагийн үед гэртээ нөхөр хүүхдийн хамт байсан. Том хүүхэд Б хичээлийн цаг болж байсан учир би Д хүүхдээ сургуульд нь хүргээд өг гэтэл нөхөр надад хандаад би ядраад байна, чи өөрөө хүргээд өг гэсэн. Би нөхөртөө хандаад чи дурандаа адуунд явж ядарсан байж хүүхдээ хүргэж өгөхгүй гээд уурлахад нөхөр босож ирээд миний нурууны гол хэсэг рүү гараараа 2 удаа цохиод хүүхдээ дагуулж яваад буцаад гэртээ ирэхдээ намайг бос гэсэн. Би босохгүй гэтэл миний баруун гарын мөрний доод хэсэгт гараараа 2 удаа дахин цохихоор нь би уурлаад цагдаа дуудтал миний цээжин дээр өвдөглөөд гар утас булаагаад авсан. Д бид хоёр 2017 онд гэрлэлтээ батлуулж дундаасаа 2 хүүхэдтэй болсон, хамт амьдраад 7 жил болж байна. Өмнө нь намайг цохиж зодож байгаагүй. Д надаас уйчлалт гуйгаад эвлэрсэн. Дахиж ийм асуудал гаргахгүй гэж амласан. Надад ямар нэгэн байдлаар нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 33-34 хуудас/

4. Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 58 дугаартай дүгнэлтэнд: “Б.Мягмарсүрэнгийн биед баруун суганы дээд хэсэгт, баруун бугалганд, баруун бугуйнд, зүүн бугалганд, баруун хацарт цус хуралт, хүзүүний зүүн талаар, баруун хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөмөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно.” 

Дүгнэлт гаргасан: Ахлах шинжээч эмч, хошууч Л.Жаргалтогтох гэжээ. /х.х-ийн 15-16 хуудас/

5. Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /х.х-ийн 4-7 хуудас/

6. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /х.х-ийн 42 хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас яллах дүгнэлтэд тусгаж, шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Шүүхээс нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул шүүгдэгч Б.Дийг дээрх гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй гэж үзлээ.

Прокуророос шүүгдэгч Б.Дийн гаргасан үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэгт түүний үйлдэлд тохирсон, шүүгдэгч Б.Днь шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлөх хүсэлт гарган оролцож гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокуророос сонсгосон ялыг сайн дураараа хүлээн зөвшөөрснийг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Днь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Днь гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй боловч хохирогч Б.Мнь хохирол нэхэмжлээгүй нь түүний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Дийг бусдад төлөх төлбөргүй гэм хорын төлбөргүй гэж дүгнэв.

            Эрүүгийн хариуцлагын  талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгийн торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Б.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.Днь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2 , 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус  удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д Б овогт Б..Д ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу    500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг  анхааруулсугай.

4. Шүүгдэгч Б.Днь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шүүгдэгч, хохирогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогчид давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.БАТТУЛГА