| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 152/2020/00765/и |
| Дугаар | 17 |
| Огноо | 2021-01-05 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 01 сарын 05 өдөр
Дугаар 17
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хариуцагч: Увс аймгийн Бөхмөрөн сумын 1 дүгээр багт байрлах, НХЦС төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт холбогдох,
Үйл ажиллагааны зардалд олгосон санхүүжилт 3.079.950 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Одгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Болорзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагч НХЦС төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын төлөөлөгч Ы.А шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2007 оны 3 дугаар сарын 21-ний өдөр ББЭХС төрийн өмчит хувьцаат компанийн захирлын тушаалаар тус аймгийн Бөхмөрөн суманд баригдсан НХЦС-ын захирлаар томилогдон, ажилласан юм. Ажиллаж байх хугацаанд НХЦС төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг тогтвортой ажиллуулахын тулд нүүрсний нөөцтэй байх, ажилчдын хөдөлмөр хамгаалал, 5 дугаар сарын ажилчдын цалин, нийгмийн даатгалын шимтгэл олгох ажиллагааны зардалд албан бичиг явуулж, 3.079.590 төгрөгийн санхүүжилт авч, зохих журмын дагуу зарцуулсан болно. Тухайн үед манай байгууллагын нягтлангаар Бөхмөрөн сумын 1 дүгээр багийн иргэн н.Э ажиллаж, санхүүгийн баримт бичгийг бүрдүүлж, Хаан банк ХХК дахь байгууллагын дансаар дамжуулан гүйлгээ хийгдэж байсан болно. Уг байгууллага нь Хотгорын нүүрсний уурхайг түшиглэн туршилтын журмаар нэг жил гаруй хугацаанд ажиллаж байгаад 2008 оны 5 дугаар сард татан буугдсан. Байгууллагын гэрчилгээ нягтлан н.Э-ийн санхүүгийн баримтын хамт байдаг. Нягтлан н.Э 2009 онд Бөхмөрөн сумаас Улаанбаатар хот руу шилжин суурьшсан юм. Харин байгууллагын тамгыг тухайн үед ББЭХС төрийн өмчит хувьцаат компанийн зөвлөхөөр ажиллаж байсан, одоо тэтгэвэрт байгаа ББЭХС-ийн ахмадын хорооны дарга н.Д авч явсан юм. 2008 оны 5 дугаар сараас хойш Бөхмөрөн сумын 1 дүгээр багт байрлах НХЦС төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь ямар ч үйл ажиллагаа явуулаагүй. Станцын өмчийг Бөхмөрөн сумын Засаг даргын Тамгын газар эзэмшдэг. Тус байгууллага татан буугдсан шийдвэр надад байхгүй. Уг шийдвэр гарсан бол Увс аймгийн ББЭХС төрийн өмчит хувьцаат компанид байх ёстой. 2009 онд Ногооннуур суманд өндөр хүчдэлийн 35/10 кв дэд станц баригдаж, би уг станцад шилжин ажиллаж байгаад 2017 онд тэтгэвэрт гарсан. НХЦС төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар татан буугдаж, үйл ажиллагаа явуулаагүй 12 жил болж байна гэжээ.
Шүүх зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ББЭХС төрийн өмчит хувьцаат компани нь хариуцагч НХЦС төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт холбогдуулан Үйл ажиллагааны зардалд олгосон санхүүжилт 3.079.950 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан ба шүүх хуралдааны үеэр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 3.079.530 төгрөг хэмээн тодруулсан шаардлагын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан санхүүгийн анхан шатны баримт, талуудын гаргасан тайлбараас үзэхэд хариуцагч НХЦС төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь 2007 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 1.224.530 төгрөг, 2007 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр 555.000 төгрөг, 2007 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 1.200.000 төгрөг тус тус Цалин, бусад, Дараа тооцоо гэх агуулгаар Төрийн сангаар дамжуулан нэхэмжлэгч ББЭХС төрийн өмчит хувьцаат компаниас хүлээн авсан болох нь тогтоогдож байна.
Гэвч тухайн санхүүжилтийг чухам ямар баримт бичиг, эрх зүйн актыг үндэслэн олгосон нь тодорхойгүй байх бөгөөд нэхэмжлэгч талаас уг үйл баримтыг нотлох баримтыг ирүүлээгүй, шүүх хуралдааны үеэр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Тухайн үеийн удирдах албан тушаалтны ямар шийдвэрээр энэхүү санхүүжилтыг, юунд үндэслэн олгосон болохыг нотлох баримт манайд байхгүй гэх тайлбарыг өгсөн.
Өөрөөр хэлбэл, хэдийгээр мөнгөн хөрөнгө хуулийн этгээдүүдийн хооронд шилжүүлсэн тухай баримт хэрэгт авагдсан боловч нэхэмжлэгч байгууллагаас ямар эрх зүйн актыг үндэслэн тухайн хөрөнгийг шилжүүлсэн болохоо нотлоогүй.
Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 76.2-т зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолох бөгөөд тухайн шаардах эрхээ эрх нь зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан үеэс эхлэн шүүхэд гомдлоо гарган шийдвэрлүүлэх эрхээ нэхэмжлэгч ББЭХС төрийн өмчит хувьцаат компани хэрэгжүүлээгүй ажээ.
Мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-т Хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна гэж заасан бөгөөд 2007 оны 6 сараас 12 дугаар сарын хугацаанд уг НХЦС төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын үйл ажиллагаанд зориулан шилжүүлсэн гэх мөнгөн хөрөнгийг 13 жилийн дараа шүүхэд нэхэмжлэл гарган нэхэмжилсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Түүнчлэн нэхэмжлэгч нь харилцагчтай өмнө холбогдож, дээрх төлбөрийг шаардаж байсан тухай болон шүүхэд нэхэмжлэл гарган хандаж байсан тухай ямар нэгэн бичгийн нотлох баримтыг гаргаж ирүүлээгүй тул Иргэний хуулийн 78, 79 дүгээр зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, эсхүл тасалдсан гэх үндэслэл тогтоогдсонгүй.
Иймд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 76 дугаар зүйлийн 76.1, 76.2-т заасныг баримтлан хариуцагч НХЦСтөрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраас Үйл ажиллагааны зардалд олгосон санхүүжилт 3.079.530 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ББЭХС төрийн өмчит хувьцаат компанийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Мөн хэргийн 9 дүгээр хуудаст 100.000 төгрөгийг 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдөр шилжүүлсэн тухай баримт авагдсан боловч тухайн баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлага хангагдаагүй байх тул уг баримтыг нотлох баримтаар үнэлэх боломжгүйг дурдах нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар нэхэмжлэгч ББЭХС төрийн өмчит хувьцаат компани нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдав.
Хариуцагч НХЦС төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирал Ы.А-д шүүх хуралдааны товыг зохих журмын дагуу мэдэгдсэн боловч тэрээр автомашин эвдэрч, саатсаны улмаас шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй байгаагаа 99427886 дугаарын утсаар шүүхэд мэдэгдсэн, мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 76 дугаар зүйлийн 76.1, 76.2-т заасныг баримтлан хариуцагч НХЦС өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраас Үйл ажиллагааны зардалд олгосон санхүүжилт 3.079.530 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ББЭХС төрийн өмчит хувьцаат компанийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар нэхэмжлэгч ББЭХС төрийн өмчит хувьцаат компани нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА