| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвдоржийн Цогзолмаа |
| Хэргийн индекс | 134/2020/00227/И |
| Дугаар | 134/ШШ2021/00002 |
| Огноо | 2020-12-23 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 12 сарын 23 өдөр
Дугаар 134/ШШ2021/00002
Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Цогзолмаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: 1992 онд төрсөн, эмэгтэй, 28 настай, Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 2 дугаар баг, Төгрөгийн 107 тоотод оршин суух, Баатар ван овогт М-ын Г /РД:........., утас:,,,,,,,,,,,,/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 1988 онд төрсөн, эрэгтэй, 38 настай, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 23 дугаар хороо, Баатарван гудамж, 2а хэсэг, 964 тоотод оршин суух, албан ёсны хаягтай бөгөөд Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 47а-87 тоотод оршин сууж байгаа, Боржин овогт Ч-ын Ш /РД..........., утас: ............./-д холбогдох
Хүүхдийн асрамж, болон тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч*******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Азжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
М.Ганчимэг миний бие *******тай 2011 онд танилцаж хамтран амьдрах болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2014 оны 09 дүгээр сарын 13-нд охин******* төрсөн. Бид тодорхой шалтгааны улмаас гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй, бид зан харьцааны тааламжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж, 2019 оноос салж тус тусдаа амьдрах болсон. Цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул охин*******г өөрийн асрамждаа авч, тэтгэлэг тогтоолгох хүсэлттэй байна гэжээ.
Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 23 дугаар хорооны оршин суугч ******* миний бие*******тэй 2011 оноос хамтран амьдарч эхэлсэн бөгөөд 2014 онд******* төрсөн. Хамтран амьдарч байх хугацаанд******* нь өөр хүнтэй болж бид хоёр салах шалтгаан болсон. ******* миний бие салах талаар бодож байгаагүй үр хүүхдээ өнчрүүлэхийг хүсээгүй боловч******* өөр хүнтэй гэр бүл болсон тул охин*******г өөр дээрээ авч өсгөх бодол байгаа. Одоогоор эрхэлсэн ажилгүй, орлогогүй байна гэжээ.
Нэхэмжлэгч******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Охиныхоо ааваас тэтгэмж хүсч байгаа. Уг тэтгэмжийг төлөх хариуцагчийн ухамсрын асуудал гэж бодож байна. Мөн татгалзах зүйл байхгүй байх. Тэтгэмжийг би охиныхоо ирээдүйд хөрөнгө оруулах, сурч боловсроход нь зориулна. Бидний тухайд 2019 оны 06 дугаар сараас хойш тус тусдаа амьдарч байгаа.Тусдаа байх хугацаандаа ямар нэгэн тэтгэмж, тэтгэлэг авна гэж ярилцсан боловч хариуцагч заавал шүүхээр ороод тогтмол мөнгө өгөхийг хүсэхгүй байна. Хэрэгцээ шаардлага гарвал тухай бүрд нь би өгөөд явна гэж хэлсэн. Үүний дараагаар охинд маань мөнгөний хэрэгцээ шаардлага гарахад багахан хэмжээний мөнгө авсан. Энэ жил манай охин нэгдүгээр ангид орсон. Тэгэхэд цүнх авах гэж 200 000 төгрөг авсан. Мөн өмнө нь 100 000 төгрөг авсан. Үүнээс өөр мөнгө авч байгаагүй. Миний нэхэмжлэл бол охиндоо тогтмол орлоготой, ирээдүйд нь зориулж хуримтлал бий болох, аавыг нь охиндоо хариуцлагатай хандахаар нэхэмжлэл гаргасан. Тэтгэмжийг би гар дээрээ авахгүй, охиныхоо хадгаламж руу шууд холбуулна. Хариуцагчаас шаардаад нэхээд байх зүйл байхгүй. Үүнд хариуцагчийн 100 хувь хариуцлага гэж бодож байна. Хариуцагч охиндоо зориулаад хадгаламж нээлгэсэн байж болно. Гэхдээ хариуцагч охиныхоо нэр дээр хадгаламж үүсгэсэн бол өөр хэрэг. Энэ хүн өөрийнхөө нэр дээр хадгаламж үүсгэсэн нь охинд маань зориулсан уу гэдгийг хариуцагчаас өөр хүн мэдэхгүй байх. Хариуцагчийн хувьд охиндоо данс нээлгэсэн тухайгаа хэлж байсан. Тэгэхээр нь би охиныхоо хадгаламжийн дансны дугаарыг явуулаад хэрвээ охиндоо мөнгө өгөх гэж байгаа бол энэ данс руу хийгээд байж болно гэдгийг хэлсэн. Яагаад нэхэмжлэл гаргасан бэ? гэхээр охиноо гэж байгаа хариуцагчийн хандлага надад үнэхээр чамлалттай санагдсан. Тиймээс ийм хуулийн заалт байгаа учраас охины аавын үүрэг хариуцлагыг хүлээлгэе гэж бодсон. Иймд шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхээс охинд тэтгэмж тогтоогоод өгвөл би өөртөө авах гээд байгаа зүйл биш. Би охиныхоо ирээдүйд авч байгаа зүйл. Тэрнээс надад мөнгө төлөх гээд байгаа юм шиг яриад байгаа нь буруу гэж бодож байна. Бид хоёрын амьдрал цаашдаа бүтэхгүй болсон ч охины маань ирээдүйд хэрэгтэй гэж ойлгож байна. Тиймээс хариуцагчийг ойлгоосой гэж хүсч байна. Хариуцагч данс нээлгэсэн гэж яриад байгааг буруу гэж бодож байна. Хэрвээ охиндоо мөнгө өгмөөр байвал охиныхоо хадгаламжийн данс руу хийж болно. Охины маань данснаас хэн ч мөнгө авахгүй. Надад тэр хадгаламжаас мөнгө аваад байх шаардлага байхгүй. Охиндоо мөнгө хэрэг болсон үед байнга мөнгө хэрэгтэй байна гээд яриад байхыг хүсэхгүй байна. Тийм болохоор тэтгэмж тогтоолгож байгаа учраас надаас шалтгаалахгүйгээр төлөөд явах байх гэж хүсч байна. Надад энэ хүнээс мөнгө заавал салгаж авна гэсэн санаа байхгүй. Зөвхөн энэ хүнээс авч байгаа мөнгийг охиныхоо данс руу олгоод өгөөч гэж хүсч байна. Тиймээс тэтгэмж төлөх нь бидний 100 хувийн үүрэг хариуцлага гэдгийг ухамсарлаасай гэж бодож байна гэв.
Хариуцагч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч буруу яриад байна. Би охиныхоо хэрэгцээ шаардлагатай үед мөнгө төгрөгийг өгч байсан. Гэтэл нэхэмжлэгч охиндоо хэрэгтэй зүйлийг нь авч өгч чаддаггүй. Яагаад чаддаггүй гэж байна вэ гэхээр миний охины авна гэсэн зүйлийг авч өгөөгүй байдаг. Тэгэхээр би энэ хүнд мөнгө өгөх нь буруу гэж бодсон. Би охиндоо зориулж хадгаламж нээсэн. Тэтгэмжийн тухайд нэхэмжлэгч нэгэнт нэхэмжлэл гаргасан учраас хүлээн зөвшөөрнө. 2011 оноос хойш хамтран амьдарсан. Амьдарч байх хугацаанд бидний дунд бага зэргийн хэрүүл маргаан байсан. Мөн 2 талын гэр бүлээс дарамт шахалт орж ирдэг байсан. Би 2019 онд олгойны хагалгаанд орсон. Гэтэл миний хань байж над дээр ирээгүй. Жижиг ч бай, том ч бай хагалгаанд ороод 36 цаг юм идэж уугаагүй. Яагаад энэ хүн надтай багагүй хугацаанд ханилсан хэрнээ ганц цай, хоол бариад ирээгүй вэ? Яагаад надад сэтгэлгүй болсон талаараа ярилцаагүй вэ? Энэ асуудлаас болж манай эгч Болорчулуунтай зодолдсон байсан. Тэгээд намайг хаяад явсан. Үүнийг би намайг хаяад явах шалтгаан биш гэж бодож байсан. Нэхэмжлэгч надаас салаад 4 сарын дараа өөр хүнтэй хамтран амьдарсан байгаа. Би эцэг хүн, эр хүн учраас гэр бүлээ сайн сайхан авч явахын төлөө дотроо бодож явсан. Гэтэл нэхэмжлэгч өөр хүн дагаад явсан. Өнөөдөр надад маш хэцүү байна. Охиноосоо хол байгаа учраас бодохгүй өдөр гэж байхгүй, миний сэтгэл маш хүнд байна. Би охиноо ямар хойд эцгийн гар харах бол гэж бодож байна. Одоо нэхэмжлэгчийн хамт амьдарч байгаа хүнийг би мэдэхгүй. Би одоо ч энэ хүнд чинь сэтгэлээсээ хайртай, охиноо хэзээ ч өнчин болгохыг хүсэхгүй байсан. Одоо ч хүсэхгүй байгаа. Гэхдээ надад маш их хохиролтой байна. Нэгэнт шүүх хуралдаанаар хоёр тийшээ болж байгаа учраас хэлэх зүйлээ хэлсэн дээр байх гэж бодлоо гэв.
Нэхэмжлэл, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч******* нь хариуцагч *******д холбогдуулан хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч*******, хариуцагч ******* нар хайр сэтгэлийн холбоотой байх хугацаанд тэдний дундаас 2014 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр охин******* төрсөн болох нь 4201000262/100 дугаар төрсний гэрчилгээний хуулбар, Энхтусдэм ӨЭМТ-ийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн тодорхойлолт, Говьсүмбэр аймгийн Ерөнхий боловсролын лаборатори 5 дугаар сургуулийн захирлын 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн албан бичиг, зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Зохигч нар хүүхдийн асрамжийн талаар маргаагүй, хүүхдийн өсөж бойжих орчин, эх, эцгийн анхаарал, халамж, ээнэгшин дассан байдал зэргийг харгалзан 2014 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн охин*******г эх*******ийн асрамжид үлдээж шийдвэрлэв.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д хүүхэд төрснөөр эцэг, эх хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж заасны дагуу хариуцагч *******аас хүүхдийн тэтгэлгийг хуульд заасан хэмжээгээр гаргуулж, сар бүр тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээдэг тул эцэг ******* энэ үүргээ зохих ёсоор биелүүлэхэд эх******* саад учруулахгүй байх үүрэгтэй.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигч нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг, эх тэгш эрх эдэлж, үүрэг хүлээдэг болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 33 105 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 33 105 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч*******т олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2014 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн охин*******г эх*******ийн асрамжид үлдээсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2014 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн охин*******г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл, мөн насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, эцэг *******аар сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээг түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтрүүлж болохгүйг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд мэдэгдсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээдэг тул эцэг ******* энэ үүргээ зохих ёсоор биелүүлэхэд саад учруулахгүй байхыг эх*******т мэдэгдсүгэй.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигч нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг, эх тэгш эрх эдэлж, үүрэг хүлээхийг даалгасугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 33 105 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 33 105 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч*******т олгосугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЦОГЗОЛМАА