| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Ариунжаргал |
| Хэргийн индекс | 165/2024/0025/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/28 |
| Огноо | 2024-03-01 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Д |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 01 өдөр
Дугаар 2024/ШЦТ/28
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Ариунжаргал даргалж,
нарийн бичгийн дарга Ө.Бямбасайхан,
улсын яллагч Б.Доржханд,
шүүгдэгч В.Г түүний өмгөөлөгч Б.Батчимэг нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б овогт В-гийн Гөд холбогдох эрүүгийн 2417000120019 дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1986 оны 01 дүгээр сарын 23-нд Говьсүмбэр аймагт төрсөн, 37 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт ........... аймгийн ...... сум ............ дугаар баг, “...........” ХХК-ний хашаанд оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй,
урьд Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 2003 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 37 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,
Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 2006 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 23 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,
Сум дундын 8 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 101 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3, 261 дүгээр зүлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 500000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 6 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,
Говьсүмбэр аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 61 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан гэх Б овогт В-гийн Г /РД:......................................./,
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч В.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудаар хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч В.Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр бид 2 гэртээ байж байгаад би 19 цагийн үед ажилдаа явсан. Ажилдаа яваад хоолны мах авах гээд 22 цагийн үед гэрт очтол Г гэртээ байхгүй байсан. Би хүүхдээсээ ээж нь хаачсан юм бэ гэтэл ээж таны араас гараад явсан гэсэн. Намайг гэртээ ороод байж байтал Г гаднаас нэг үл таних эрэгтэй хүнтэй 2-уулаа гэртээ согтуу орж ирсэн. Би Гд чи гэр оронд хүн амьтан дагуулж ирж архи уулаа гэж хэлсэн. Чи яагаад манай эхнэрийг уруу татаж архи уугаад байгаа юм гэж хэлээд хэрүүл маргаан үүссэн. Би нөгөө залуугийн зургийг авах гэтэл миний утас унтраад зургийг нь авч чадаагүй. Тэгээд тэр залуу явах гэтэл эхнэр Г тэр хүнийг дагаж явах гээд байхаар нь би хориод түлхсэн. Тэгээд миний өөдөөс дайраад байхаар нь болиулах гээд гараа авах гэтэл нүд рүү цохисон. Тэгээд би ажилруугаа явсан. Би шөнө 02 цагийн үед ирээд гал хийх гэтэл Г байхгүй байсан. 04 цагийн үед гал хийх гээд ирэхэд мөн байхгүй байсан. Өглөө 09 цагийн үед ажлаасаа буугаад иртэл Г гэрт байж байсан. Чи хаагуур явав гэж асуухад Г гэртээ хоносон гэхээр нь би шөнөжингөө гал түлэх гэж гэртээ ирсэн чи байгаагүй гэж хэлэхэд Г архи гаргаж ирсэн. Г хэрүүл маргаан үүсгэхгүй хань нь энийг уугаад амарлаа гэхээр нь би тухайн үед цуг архи уусан. Унтах санаатай байж байтал Г хүүхэд зодохоор нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...гэсэн мэдүүлэг. /хх-69-70 хуудас/
2. Хохирогч Д.Г мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “...2024 оны 01 дүгээр сарын 01-ний орой 19 цагийн үед нэгдсэн эмнэлэгт ажилладаг мэс заслын эмч ахтай гэрийнхээ ойролцоо тааралдаад миний хамар өвдөөд байна ямар эм уух вэ гээд хамраа харуулахад чиний хамар чинь цаанаасаа идээлэх гээд байна, чи надад эмнэлгийн картаа өгчих эм бичээд өгье гэхээр нь би картаа авах гээд эмч ахтай хамт ортол Т намайг пязда минь яах гэж орж ирсэн юм, янхан минь гээд байхаар нь би чимээгүй авдар дээр байсан төмөр савнаас картаа аваад гарах гэтэл Т миний үснээс зулгаагаад арагшаа таттал эмч ах чи болиоч эмэгтэй хүнтэй яасан муухай харьцдаг юм гээд болиулахаар нь би гарч гүйгээд хажуу айлд ороод сууж байтал араас Т орж ирээд миний үснээс зулгаагаад миний толгойгоор ор мөргүүлээд байсан...” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 12-13 хуудас/
3. Насанд хүрээгүй гэрч О.Д. мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Би 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Тэсийн хашаанд байх гэртээ ганцаараа байж байсан чинь орой 19 цагийн үед манай хашаанд байдаг Г эгч манайд орж ирсэн. Манайд орж ирэхдээ архи уусан байдалтай согтуу байсан бөгөөд удалгүй нөхөр Г араас нь орж ирж ирсэн. Би тэр 2-г орж ирэхэд баруун орон дээрээ унтах гэж байсан бөгөөд удалгүй тэр 2 маргалдаж эхэлсэн. Г ах Г эгчид хандаад чи хэнтэй явалдаад байгаа юм, гэрт хэнийг дагуулж ирээд байгаа юм гээд байсан чинь Г эгч гэрээс гарах гэтэл Г ах гаргахгүй хорьж байгаад тэр 2 зууралдаж байгаад гэрээс гараад явсан...” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 37 хуудас/
4. Гэрч О.У. мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Д.Г архи согтууруулах ундааны зүйл маш их хэрэглэдэг. Архи уугаад гэртээ ирэхдээ агсан согтуу тавьдаг. Гэрээсээ явахаараа олон хоног гэртээ ирэхгүй хүүхдүүдээ орхиод явдаг...” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 42-43 хуудас/
5. Шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 34 дугаар дүгнэлтэнд:
Д.Гын биед баруун нүдний зовхинд, хамрын нуруунд, баруун чихний дэлбэнд, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд мохоо зүйлийн үйлчиллээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй болно. Дүгнэлт гаргасан: Тэргүүлэх зэргийн шинжээч эмч, Л.Жаргалтогтох гэжээ. /х.х-ийн 48-49 хуудас/
6. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолуудын хуулбар, аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /х.х-ийн 14-16, 77, 79-115 хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнээд
НЭГ. Гэм буруугийн талаар: Шүүгдэгч В.Г нь 2024 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийн 19 цагийн орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг “...............” ХХК-ний хашаанд байх хажуу айлынхаа гэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Д.Гыг хардалтын улмаас зодож баруун нүдний зовхинд, хамрын нуруунд, баруун чихний дэлбэнд, зүүн чихэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон байна.
Иймд шүүгдэгч В.Гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангасан байх тул шүүхээс гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч дээрх гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч В.Гийн өгсөн мэдүүлэг, хохирогч Д.Г, насанд хүрээгүй гэрч О.Д. нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, хохирогчид хөнгөн гэмтэл учирсныг тогтоосон Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 34 дугаар шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон болохыг дурдлаа.
Мөн шүүгдэгч В.Г нь уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн, прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг шүүгдэгчийн үйлдэлд тохирсон ба шүүгдэгч В.Г нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаж хүсэлт гаргасны дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн болно.
Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийн тухайд шүүгдэгч, хохирогч нар нь хоорондоо ахуйн хүрээнд архидан согтуурч хэрүүл маргаан үүсгэснээс үүдэлтэй байна.
Шүүгдэгч В.Г нь гэм буруугийн шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөргүй, хохирогч гомдолгүй гэснийг дурдах нь зүйтэй гэж үзлээ.
ХОЁР. Шүүгдэгч В.Гөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Прокуророос шүүгдэгчийг 280 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч В.Г нь хүлээн зөвшөөрсөн ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасныг харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч В.Гөд эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдлаа.
Эрүүгийн 2417000120019 дугаартай хэрэгт битүүмжилсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хохирогч Д.Г нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болно.
Шүүгдэгч В.Г нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б. овогт В-гийн Гийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч В.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 280 /хоёр зуун наян/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасн шүүгдэгч В.Гөд оногдуулсан 280 /хоёр зуун наян/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 /найм/ цагаар тогтоосугай.
4. Шүүгдэгч В.Г нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч В.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хураагдан ирсэн эд мөрийн баримгүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Шийгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шүүгдэгч, хохирогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогчид давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч В.Гөд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ