Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 2024/ШЦТ/19

 

 

2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр                     Дугаар 2024/ШЦТ/19                                         Даланзадгад сум

                                                                              

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

Улсын яллагч: Б.Болор-Эрдэнэ,

Шүүгдэгч: Э.Э,

Нарийн бичгийн дарга: А.Золзаяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

 

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овгийн ******* *******т холбогдох 2328000520012 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Шүүгдэгч Э.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Э.*******ыг яллах, өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Э.******* шүүх хуралдаанд хандаж мэдүүлэг өгөхөөс татгалзав.

 

Хохирогч Ж.******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: "...01 сарын 15-ны орой ******* миний зүүн шанаа хэсэгт цохиод бид хоёр зодолдсон. Тэр залуучууд намайг газарт унагаад дээрээс дэвсээд зодсон. Мөн нэг залуу бүрээсний ам дардаг унийг сугалж аваад намайг хатгаад байсан. Тэгээд тэр залуучууд буцаад гүйгээд гараад явчихаар нь би гэртээ орсон чинь гэрийн үүдэн дээр *******, ******* хоёр зодуулсан байдалтай байж байсан. Бид гурав нисэх орж зодуулчихаад эргэж гэрт ирээд хоёр том пиво уусан байсан. Нэлээд согтсон байсан. Анх нисэх гэр хороололд зодоон болоход таньдагаас *******, ******* гэх хүмүүс байсан. Тэгээд бусад хүмүүсийг нь танихгүй хүмүүс байсан. Одоо тэр хүмүүсийг хараад танихгүй. Уг хүмүүс хашаанд орж ирээд намайг зодоход *******, ******* нар байсан. тэр хоёроос гадна танихгүй хоёр залуу байсан. ******* бол зодоонд ороогүй. Манай хашаанд орж ирээд хараад зогсож байсан. Миний зуун нүд хавдаж хөхөрсөн, толгой хоёр хагарсан, бүх бие хөхөрсөн. /хх-ийн 38-42 дахь тал/

Гэрч Б.******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: *******, ******* нар хоорондоо зодолдсон. Гэрээс хутга бариад гарч ирсэн хүнийг Энхболд талийгаач толгой хэсэгт нь цохиж унагаасан. Би тухайн үед хашааны хаалганы хажууд хараад зогсож байсан. Гэрээс 2 гартаа хутга бариад гарч ирсэн хүний хажууд нэг муруй хамартай шар залуу сууж байсан. /хх-ийн 56-58 дахь тал/

 

Өмнөговь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 78 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Ж.*******ын биед хуйхны язарсан шарх, зүүн шанааны зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл үүсчээ. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 73-74 дэх тал/

 

Шүүгдэгч Э.******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би өөрийн хийсэн буруутай үйлдлээ бол хүлээн зөвшөөрч байна. /хх-ийн 98-99 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

   Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх нотлох баримтаар үнэлж, шийдвэрээ гаргах боломжтой байна гэж үзэв.

  Эрүүгийн хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.

  Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын мэтгэлцээн, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд дараах нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд: 

Шүүгдэгч Э.******* нь 2023 оны 01 дүгээр сарын 15-ны шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр багийн Төгөлийн 9-5 тоотод орших Ж.*******ын хашаанд түүнтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдсан нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Улмаар шүүгдэгч Э.******* нь хохирогч Ж.*******ын толгой, нүүр хэсэгт цохиж, зодсон үйл баримт тогтоогдож байна.   

 

  Тодруулбал: Хохирогч Ж.*******ын:"...01 сарын 15-ны орой ******* миний зүүн шанаа хэсэгт цохиод бид хоёр зодолдсон. Тэр залуучууд намайг газарт унагаад дээрээс дэвсээд зодсон. Мөн нэг залуу бүрээсний ам дардаг унийг сугалж аваад намайг хатгаад байсан. Тэгээд тэр залуучууд буцаад гүйгээд гараад явчихаар нь би гэртээ орсон чинь гэрийн үүдэн дээр *******, ******* хоёр зодуулсан байдалтай байж байсан. ...Уг хүмүүс хашаанд орж ирээд намайг зодоход *******, ******* нар байсан. тэр хоёроос гадна танихгүй хоёр залуу байсан. ******* бол зодоонд ороогүй. Манай хашаанд орж ирээд хараад зогсож байсан. Миний зуун нүд хавдаж хөхөрсөн, толгой хоёр хагарсан, бүх бие хөхөрсөн. /хх-ийн 38-42 дахь тал/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Б.*******гийн: *******, ******* нар хоорондоо зодолдсон. Гэрээс хутга бариад гарч ирсэн хүнийг Энхболд талийгаач толгой хэсэгт нь цохиж унагаасан. Би тухайн үед хашааны хаалганы хажууд хараад зогсож байсан. Гэрээс 2 гартаа хутга бариад гарч ирсэн хүний хажууд нэг муруй хамартай шар залуу сууж байсан. /хх-ийн 56-58 дахь тал/ гэх мэдүүлгүүдээр нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ж.*******ын биед хуйхны язарсан шарх, зүүн шанааны зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан болох нь: Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 78 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 73-74 дэх тал/-ээр тогтоогдож байна.

 

Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.

Хохирогч Ж.******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: ...Надад нэхэмжлэх зүйл байхгүй. /хх-ийн 42 дахь тал/ гэснээр шүүгдэгч Э.*******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгч Э.******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгч Э.******* нь хувийн байдлын хувьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст: Бүртгэгдээгүй /хх-ийн 100 дахь тал/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 102 дахь тал/, Оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 105 дахь тал/ зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх, прокурор, мөрдөгч нь яллагдагч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана” гэж хуульчилсан ба шүүгдэгч нь шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцох хүсэлтийг шүүхэд бичгээр гаргаж, шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх нөхцөл байдлуудыг шүүх хуралдаанаар хянаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

 

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Э.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялын санал гаргасан ба шүүгдэгч Э.******* нь өөрөө өөрийгөө өмгөөлж ...хэлэх зүйлгүй гэх тайлбар гаргав.

 

Шүүх ялын саналыг шүүгдэгчийн гэм бурууд нийцсэн гэж үзэж, улсын яллагчийн саналын хэмжээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч Э.******* нь шүүхээс оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд төлж барагдуулахыг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч Э.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  хохирогч Ж.******* хохирол төлбөр нэхэмжлээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

      1. Шүүгдэгч ******* овгийн ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******т 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Э.******* нь шүүхээс оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд төлж барагдуулахыг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Э.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  хохирогч Ж.******* хохирол төлбөр нэхэмжлээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

                                                        

                          ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Т.ДЭЛГЭРМАА