| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төртогтохын Энхмандах |
| Хэргийн индекс | 165/2024/0026/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/29 |
| Огноо | 2024-03-01 |
| Зүйл хэсэг | 27.10.4.2., |
| Улсын яллагч | Т.Нансалмаа |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 01 өдөр
Дугаар 2024/ШЦТ/29
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
нарийн бичгийн дарга Т.Дэлгэрмөрөн,
улсын яллагч Т.Нансалмаа,
шүүгдэгч О.Т нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн М овогт О-вын Т-д холбогдох эрүүгийн 2417000000021 дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19 оны 03 дугаар сарын 05-нд Х аймгийн М суманд төрсөн, 47 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр хүүхдүүдийн хамт У хот, Б дүүргийн ... дугаар хороо, ....... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх М овогт О-ын Т /РД:СФ/,
Холбогдсон хэргийн талаар:
/яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч О.Т нь 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2024 оны 01 дүгээр сары 26-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, Геологийн заалны зүүн талын замд 14-40 УБЭ улсын дугаартай Toyota Harrier-XU30 маркийн тээврийн хэрэгсэлийг 0,56 хувийн согтолттойгоор жолоодсон гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч О.Т нь 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2024 оны 01 дүгээр сары 26-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, Геологийн заалны зүүн талын замд 14-40 УБЭ улсын дугаартай Toyota Harrier-XU30 маркийн тээврийн хэрэгсэлийг 0,56 хувийн согтолттойгоор жолоодсон болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/,
Гэрч С.Оийн “...2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Т бид хоёр караокед дуулахаар манай гэрээс 21 цагийн үед гарч Халуун тогоо ресторан руу орсон. ...дуулж байхдаа 2 ширхэг Харбен нэртэй лаазтай пиво захиалаад Т бид хоёр нэг нэгээр нь хувааж уусан. Илүү уугаагүй... Тэгээд Т 14-40 УБЭ улсын дугаартай цагаан өнгийн Harrier маркийн машинаа бариад Халуун тогооны зогсоолоос хөдлөөд Геологийн заалны орчим явж байхад араас цагдаа машинтайгаа ирж дохиж зогсоосон. Тэгээд цагдаа нар ирээд Т-г тандагч багаж руу үлээлгээд цагдаагийн хэлтэс рүү дагуулж явсан. Цагдаагийн хэлтэс рүү очоод цагдаагийн алба хаагч надад хандан та хэлтэс рүү орохгүй, гадаа байж бай гээд Т-г дагуулаад явсан. Төд удалгүй Т намайг дуудахаар нь би Цагдаагийн хэлтэс рүү яваад ортол Т-г согтолт тогтоодог тусгай багаж руу үлээгээд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болохыг цагдаа нар шалгаад мэдчихсэн байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/
Гэрч Б.Б-гийн “...2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр замын цагдаагийн оройн эргүүлээр 17 цагаас шөнийн 02 цагийн хооронд үүрэг гүйцэтгэж байсан юм. Тухайн өдрийн 23 цагийн үед Сүмбэр сумын 1 дүгээр баг, Геологийн заалны орчимд үүрэг гүйцэтгэж яваад 14-40 УБЭ улсын дугаартай цагаан өнгийн Toyota harrier маркийн тээврийн хэрэгслийг цагдаагийн албаны тухай хуулийн 31.1 дүгээр зүйлд заасан үндэслэлээр зогсоож тухайн тээврийн хэрэгслийг жолоодож байсан эмэгтэйг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг тандагч багажаар шалгаж үзэхэд улаан гэрэл асаж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байж болзошгүй гэсэн дохио өгсөн. Согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй тохиолдолд ногоон гэрэл асдаг. Тэгэхээр нь тухайн тээврийн хэрэгслийн жолоочийн бичиг баримтыг шалгаж тухайн жолооч эмэгтэйг О.Т гэдэг нэртэй болохыг мэдсэн. Тэгээд тус жолоочийг цагдаагийн хэлтэс рүү дагуулан явж согтолтын зэрэг тогтоох тусгай багажаар буюу драгер багаж руу үлээлгэж үзэхэд 0.56 гэсэн тоон үзүүлэлт гарсан. Шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промилл байвал архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болдог тул тухайн эмэгтэйгийн жолоодож байсан 14-40 УБЭ улсын дугаартай цагаан өнгийн Toyota Harrier маркийн тээврийн хэрэгслийг түр саатуулан, О.Т-г согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэж цагдаагийн хэлтсийн гомдол мэдээллийн бүртгэл оруулсан... гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/,
Согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл /хх-ийн 5 дугаар хуудас/,
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 24-27 дугаар хуудас/,
2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн №0369317 дугаартай шийтгэлийн хуудсын хуулбар /хх-ийн 61 дүгээр хуудас/,
Шүүгдэгч О.Т-гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан гэрч С.О, Б.Б нарын мэдүүлэг, согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн №0369317 дугаартай шийтгэлийн хуудсын хуулбар зэрэг нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч О.Т нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч О.Т нь бусдад төлөх төлбөргүй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгч О.Т-гийн хүлээн зөвшөөрсөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 3 сарын хугацаагаар хасаж, 3000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 3 000 000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч О.Т нь тухайн гэмт хэргийн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаварыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч О.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хасаж, 3000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 3 000 000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Т-д оногдуулсан 3000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 3 000 000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялыг түүний цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Шүүгдэгч О.Т нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.
Шүүгдэгч О.Т нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдлаа.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Т-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хасах ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолох нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М овогт О-ын Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч О.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хасаж, 3000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 3 000 000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Т-д оногдуулсан 3000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 3 000 000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Шүүгдэгч О.Т нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
. 5. Шүүгдэгч О.Т нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Т-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хасах ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭНХМАНДАХ