Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 2024/ШЦТ/75

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.А даргалж

 

Нарийн бичгийн дарга Д.У

Улсын яллагч Ж.Б

Хохирогч Б.Э-д

Шүүгдэгч О.А нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.А-д холбогдох эрүүгийн 2325000000385 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Х овгийн О-ын А

            Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч О.А нь 2023 оны 07 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө 00 цаг 20 минутын орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Орхон молл” Худалдааны төвийн гадна Б.С-тэй гар утсыг нь унагаасан шалтгаанаар маргалдан, улмаар үснээс нь зулгаах, цохих, маажих зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч О.А-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч О.А мэдүүлэхдээ “камерын бичлэгийг дахин үзмээр байна. Энэ хүмүүс худлаа мэдүүлэг өгсөн.Тухайн үед энэ хүмүүс храктер өндөртэй явж байсан. Намайг буруутгаж байгааг ойлгохгүй байна” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч Б.С мэдүүлэхдээ “Хүзүүний зүүлт алга болсон. Гэхдээ нэхэмжлэхгүй. Нүүрний сорви арилгах эмчилгээний зардлаа нэхэмжлэнэ” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

1. Хяналтын камер үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /хх-н 13-17-р тал/

2. Хохирогч Б.С-ний  “2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 19 цагийн орчим найз Н  ***** , Б  ****  нарын хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум, Бүрэнбүст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Орхон молл” худалдааны төвд байрлах “Рояал” гэх нэртэй караокед орж дуулж байгаад 00 цаг өнгөрч байхад тухайн караокеноос гарч ирээд явж байхад “Орхон молл” худалдааны төвийн гадна талд баруун талын шатан дээр хоёр эмэгтэй хүн сууж байсан. Би хажуу талаар нь зөрөх үедээ нэг эмэгтэй хүнийх нь гар утсыг газар унгачихсан. Тэгээд би уучлалт гуйгаад гар утсыг нь төлөөд өгье гэхэд тухайн гар утасны эзэн гэх эгч намайг пизда, гичий гэх мэтээр намайг хараагаад миний үснээс зулгааж миний толгой хэсэг рүү гараараа 2-3 удаа цохиж миний хамар, дух хэсгийг хумсаараа маажсан. Тэгэхээр нь би зөрүүлж тухайн хүний үснээс нь зулгаагаад байж байхад манай хоёр найз болон “Орхон молл” худалдааны төвийн хамгаалагч салгасан. Тэгээд би өөрийн хоёр найзыг дагуулж таксинд сууж явсан. Би үснээс нь зулгааснаас өөрөөр цохиж зодоогүй” гэх мэдүүлэг. /хх-н 20-р тал/

3. Гэрч Л.Н ын “2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр манай найз С-н төрсөн өдөр болж Орхон аймгийн Баян-Өндөр сум, Бүрэнбүст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Орхон молл” худалдааны төвд байрлах “Рояал” караокед тэмдэглэхээр болж 19 цагт цуглахаар болсон. Би тухайн үед ажилтай байсан тул 20 цагийн үед “Рояал” гэх нэртэй караокед очсон намайг очиход С нь ажлынхаа газрынхаа хүмүүстэй сууж байсан. Тэгээд бид нар төрсөн өдөр тэмдэглэж дуулж ууж сууж байгаад 00 цаг өнгөрч байхад би С , Б  бид гурав гарч ирээд таксинд суух гэж явж байхад шатан дээр үл таних шар өнгийн цэцэгтэй плажтай эмэгтэй сууж байсан. Тухайн эмэгтэйгийн хажуугаар С зөрөхдөө шүргэж гар утсыг нь газар унгачихсан тэгээд манай найз С нь санамсаргүй утсыг чинь унгаачихлаа төлөөд өгье гэж хэлэхэд тухайн сууж байсан эмэгтэй С-г гичий янхан пизда гэж хараагаад манай найз С-н  үснээс зулгаагаад толгой хэсэг рүү нь 2-3 удаа цохиод нүүрийг нь хумсаараа маажаад байсан тэгэхэд манай найз С зөрүүлж үснээс нь зулгааж цээж хэсэгт 1-2 удаа цохисон тэгээд хоорондоо салахгүй болохоор нь Б  бид хоёр салгаж найз С-г авч явсан” гэх мэдүүлэг. /хх-н 24-р тал/

4. Гэрч Д.М-н  “00 цагийн орчим намайг ажлаа хийж байх явцад миний хариуцаж байсан “Орхон молл” худалдааны төвийн 5 давхарт байрлах Рояал” гэх нэртэй караокед үйлчлүүлж байсан хүмүүс гарч ирсэн. Намайг харахад арай ахимаг насны хоёр эмэгтэй манай баруун талын хаалганы шатан дээр сууж байсан. Араас нь хоёр эмэгтэй гарч ирээд шатнаас бууж байхдаа сууж байсан эмэгтэйгийн гар утсыг нь санамсаргүй шүргэж унагаасан тэгэхэд гар утасны эзэн чи яадаг пизда вэ гэж хэлсэн. Тэгэхэд гар утсыг нь унгаасан гэх эмэгтэй иргэж хараад сууж байсан эмэгтэйг цүнхээрээ 1 удаа толгойны ар хэсэг рүү цохисон. Тэгэхээр би гар утас унгаасан гэх эмэгтэйг салгаж таксинд нь суулгах гэж оролдоход таксиндаа суухгүй гээд зогсоод байсан тэгэхэд шатан дээр сууж байсан ахимаг насны эмэгтэй таксиных нь хажуу талд ирээд утас унгаасан эмэгтэйтэйгээ хэрүүл маргаан үүсгэж хоорондоо хэрэлдэж байгаад нэгнийхээ үснээс зулгаагаад унасан тэгэхээр нь би салгах гэж дундуур нь ороход хоорондоо салахгүй байсан. Тэгэхэд тэнд байсан таксины жолооч нар нийлж надтай салгаж өгч гар утсыг нь газар унгаасан эмэгтэй түрүүлээд яваад өгсөн” гэх мэдүүлэг. /хх-н 26-р тал/

5. Гэрч Б.Э-н “2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 23 цагийн орчим би найз А , С  нарын хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум, Бүрэнбүст багийн нутаг дэвсгэрт байрлах “Орхон молл” худалдааны төвд байрлах караоке орсон. Тэгээд бид гурав 00 цаг болж байхад тухайн газраас гарч ирээд гадаа такси хүлээгээд зогсож байхад С гийн такси түрүүлж ирээд С  түрүүлээд яваад өгсөн. А  бид хоёр таксигаа хүлээгээд “Орхон молл” худалдааны төвийн баруун талын хаалганы гадаа зогсож байсан А  болохоор шатан дээр нь сууж байсан. Тэгээд бид хоёрыг гадаа байхад “Орхон молл” дотроос нэг эмэгтэй гарч ирээд миний ард талд суугаад байсан. Удалгүй тухайн эмэгтэйгийн ард талаас 2-3 эмэгтэй гарч ирсэн. Тэгээд тухайн хүмүүс А  бид хоёрын хажуу талаар зөрж өнгөрөхдөө С  гэх эмэгтэй нь манай найз А ын гар утсыг нь гар луу нь цохиж унагаасан тэгэхэд манай найз А  хөөе гар утас унгаачихлаа гэхэд тухайн С  гэх эмэгтэй нь эргэж хараад шууд манай найзыг 2 удаа алагдсан. Тэгэхээр нь би очиж найзынхаа гар утсыг газраас авсан тэгэхэд тухайн С  гэх эмэгтэйтэй хамт явж байсан 2 эмэгтэй ирж С  гэх эмэгтэйг авч яваад такси руугаа явсан. Тэгээд тухайн С  гэх эмэгтэй нь машинд суухгүй орилоод манай найз луу дайраад байсан тэгэхэд манай найз А  тухайн С  гэх эмэгтэй дээр очиж хөл хэсэг рүү нь 2-3 удаа хөшиглөж харагдсан. Тэгэхээр нь би болон С  гэх эмэгтэйтэй хамт явж байсан хүмүүс хоёр талаасаа ирж С  гэх эмэгтэй А  хоёрыг салгасан. Тэгээд А  бид хоёр буцаж “Орхон молл” худалдааны төвийн хаалганы саравчин доор зогсож байхад бид хоёрын дуудсан такси ирсэн. Тэгэхээр нь би А ын гараас бариад такси руу суух гээд явж байхад С  гэх эмэгтэй нь шууд бид хоёр дээр ирээд А ын үснээс нь зулгаасан тэгэхэд манай найз зөрүүлж үснээс нь зулгааж хоорондоо барьцалдаад авсан. Тэгэхэд нь “Орхон молл” худалдааны төвийн хамгаалагч болон тэнд байсан хүмүүс А  С  гэх эмэгтэй хоёрыг салгасан. Тэгээд байж байхад “Орхон молл” дотроос эмэгтэй эрэгтэй хоёр хүн гарч ирээд юу болсон юм гэж асуухаар нь тайлбарлаад зогсож байхад С  гэх эмэгтэй над дээр ирж миний үснээс зулгаасан тэгэхэд миний хажуу талд зогсож байсан эрэгтэй эмэгтэй хоёр салгасан. Тэгээд цагдаа дуудсан” гэх мэдүүлэг. /хх-н 28-р тал/

6. Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 638 дугаартай: “Б.С-ний  биед духанд шарх, баруун хацар, дух, хамрын нуруу, хамрын угалз, зүүн шуу, баруун өвдөгт цус хуралт, хамрын таславчийн муруйлт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх духанд шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, бусад гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт. /хх-н 40-41-р тал/

7. Гэрч Б.Б ын “Би араас нь С-ний  бэлэг болон үлдсэн юмыг аваад араас нь гарахад манай найз С нь үл таних нэг эмэгтэй хүнтэй үсдэлцээд байж байсан Н  болон өөр нэг эмэгтэй С-г салгах гэж оролдож байсан. Тэгэхээр нь би барьж байсан юмнуудаа таксиндаа тавьчихаад очиж хамт салгах гэж оролдоход салахгүй С-г үсдэлцэж байсан эмэгтэй манай найзыг хөлөөрөө хөл хэсэг рүү 2-3 удаа өшиглөж харагдсан. Тэгээд салгах гэж оролдож байхад араас С-ний  ажлын газрынх нь хүмүүс гарч ирээд С-г салгаж таксинд суулгаж авч явсан. Манай найз С нь монетон 2 давхар гинж зүүсэн байсан. Зүүсэн байсан гинж нь зүрхэн хэлбэртэй клонтой байсан. Би найз С-г гэрт оруулж өгөхөд духнаас нь цус гарчихсан байдалтай байсан нүүр хэсэгт нь хумсаар маажчихсан байсан. Би С-г гэрт нь өгөхдөө гинжийг нь анзаарч хараагүй” гэх мэдүүлэг. /хх-н 106-р тал/

8. Хохирогч Б.С-ний  “Би өөрийнхөө гинжийг тухайн эмэгтэйд зодуулчихаад таксинд сууж гэртээ харьж өөрийнхөө нүүрийг толинд харах үедээ өөрийнхөө гинжийг алга болсныг мэдсэн. Миний гинж тухайн эмэгтэйд зодуулж байх үед алга болсон байх гэж би бодож байна. Миний сууж явсан машинд унаагүй байсан” гэх мэдүүлэг. /хх-н 107-р тал/

9. “Ашид билгүүн” ХХК-ний шинжээчийн ТХҮ-ОРХ/8389 дугаартай шинжээчийн “эмэгтэй монет гинж 384 000 төгрөг” гэх үнэлгээ. /хх-н 114-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Ж.Б  дүгнэлтдээ “Шүүгдэгч О.А нь 2023 оны 07 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө 00 цаг 20 минутын орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Орхон молл” Худалдааны төвийн гадна Б.С-тэй гар утсыг нь унагаасан шалтгаанаар маргалдан, улмаар үснээс нь зулгаах, цохих, маажих зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь      хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хяналтын камерын бичлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.А-д 500 нэгж буюу 500 000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна гэв.

 

Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан хяналтын камер үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч Б.С-ний  “Би хажуу талаар нь зөрөх үедээ нэг эмэгтэй хүнийх нь гар утсыг газар унгачихсан. Тэгээд би уучлалт гуйгаад гар утсыг нь төлөөд өгье гэхэд тухайн гар утасны эзэн гэх эгч намайг пизда, гичий гэх мэтээр намайг хараагаад миний үснээс зулгааж миний толгой хэсэг рүү гараараа 2-3 удаа цохиж миний хамар, дух хэсгийг хумсаараа маажсан” гэх мэдүүлэг, гэрч Л.Н ын “Тухайн эмэгтэйгийн хажуугаар С зөрөхдөө шүргэж гар утсыг нь газар унгачихсан тэгээд манай найз С нь санамсаргүй утсыг чинь унгаачихлаа төлөөд өгье гэж хэлэхэд тухайн сууж байсан эмэгтэй С-г гичий янхан пизда гэж хараагаад манай найз С-н  үснээс зулгаагаад толгой хэсэг рүү нь 2-3 удаа цохиод нүүрийг нь хумсаараа маажаад байсан тэгэхэд манай найз С зөрүүлж үснээс нь зулгааж цээж хэсэгт 1-2 удаа цохисон тэгээд хоорондоо салахгүй болохоор нь Б  бид хоёр салгаж найз С-г авч явсан” гэх мэдүүлэг, гэрч Д.М-н  “сууж байсан эмэгтэйгийн гар утсыг нь санамсаргүй шүргэж унагаасан тэгэхэд гар утасны эзэн чи яадаг пизда вэ гэж хэлсэн. Тэгэхэд гар утсыг нь унгаасан гэх эмэгтэй иргэж хараад сууж байсан эмэгтэйг цүнхээрээ 1 удаа толгойны ар хэсэг рүү цохисон, шатан дээр сууж байсан ахимаг насны эмэгтэй таксиных нь хажуу талд ирээд утас унгаасан эмэгтэйтэйгээ хэрүүл маргаан үүсгэж хоорондоо хэрэлдэж байгаад нэгнийхээ үснээс зулгаагаад унасан” гэх мэдүүлэг, гэрч Б.Э-н “Манай найз А  тухайн С  гэх эмэгтэй дээр очиж хөл хэсэг рүү нь 2-3 удаа хөшиглөж харагдсан. С  гэх эмэгтэй нь шууд бид хоёр дээр ирээд А ын үснээс нь зулгаасан тэгэхэд манай найз зөрүүлж үснээс нь зулгааж хоорондоо барьцалдаад авсан” гэх мэдүүлэг, Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 638 дугаартай дүгнэлт, гэрч Б.Б ын “Би араас нь С-ний  бэлэг болон үлдсэн юмыг аваад араас нь гарахад манай найз С нь үл таних нэг эмэгтэй хүнтэй үсдэлцээд байж байсан Н  болон өөр нэг эмэгтэй С-г салгах гэж оролдож байсан” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч О.А нь 2023 оны 07 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө 00 цаг 20 минутын орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Орхон молл” худалдааны төвийн гадна шатны хэсэгт Б.С-тэй гар утсыг нь унагаасан гэх шалтгаанаар маргалдаж, харилцан зодолдож, үснээс нь зулгаах, цохих, маажих зэргээр эрүүл мэндэд нь духанд шарх, баруун хацар, дух, хамрын нуруу, хамрын угалз, зүүн шуу, баруун өвдөгт цус хуралт, хамрын таславчийн муруйлт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч О.А мэдүүлэхдээ “намайг буруутгаж байгааг ойлгохгүй байна. Би Б.Э-д  гэмтэл учруулаагүй. Надтай маргалдсны дараа юу болсныг мэдэхгүй. Гэрчүүд худлаа мэдүүлэг өгсөн байна” гэж улсын яллагчтай мэтгэлцэж байх боловч гэрчүүдийн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, хяналтын камерын бичлэг зэргээр О.А , Б.Э-д нар харилцан зодолдсон үйл баримт тогтоогдсон бөгөөд гэрчүүдийн мэдүүлэг зөрүүтэй, эргэлзээтэй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй, хэрэг учрал болсон цаг хугацаа, газар, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шалтгаан, оролцогчдын үйлдэл оролцоо, учирсан хохирол хор уршиг зэрэг нотлогдвол зохих зүйлүүд хангалттай нотлогдож тогтоогдсон байна

            Шүүгдэгч О.А нь санаатай үйлдлээр хүний эрүүл мэндэд халдан хөнгөн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч О.А-г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

            Гэмт хэргийн улмаас Б.Э-н эрүүл мэндэд духанд шарх, баруун хацар, дух, хамрын нуруу, хамрын угалз, зүүн шуу, баруун өвдөгт цус хуралт, хамрын таславчийн муруйлт бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь сорви арилгах эмчилгээ хийлгэх зардал 2 959 000 төгрөг нэхэмжилсэн байна. Хохирогчийн шүүхэд ирүүлсэн эмчилгээний зардлын баримт, буюу эмнэлэгийн албан бичгийг дангаар нь үндэслэн нэхэмжлэлийг шийдвэрлэх боломжгүй байх тул хэлэлцлэлгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдав.

 

            2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 1 ширхэг хуурцгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч Б.С нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овгийн О-ын А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.А-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.А-д оногдуулсан 500 000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 1 ширхэг хуурцгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч Б.Э-д нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.А