| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2024/0001/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/08 |
| Огноо | 2023-12-26 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ж.Батбаатар |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 12 сарын 26 өдөр
Дугаар 2024/ШЦТ/08
2023 12 26 2024/ШЦТ/08
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.А даргалж
Нарийн бичгийн дарга Д.У
Улсын яллагч Ж.Б
Шүүгдэгч С.У нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.У холбогдох эрүүгийн 2325003630659 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт.
Ч овгийн С-н У,
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч С.У нь 2023 оны 09 дүгээр сарын 03-04-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын, багийн **** тоотод, гэр бүлийн харилцаатай хамтран амьдрагч С.Б-тай хүүхэд гаргаж өгдөггүй гэсэн шалтгаанаар маргалдаж, нүүр хэсэгт нь алгадах, хоолойг нь боох, гарыг мушгих зэргээр зодож эрүүл мэндэд нь зүүн, баруун нүдний зовхи, баруун шуу, баруун алга, хүзүү, баруун, зүүн бугалга, цээж, нуруу, баруун хацарт цус хуралт, баруун тохой, баруун зүүн өвдөгт зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.У-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч С.У “Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Хохирогч С.Б “Шүүх хуралдаанд оролцохгүй, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Орхон аймгийн Цагдаагийн газарт хохирогч С.Б гаргасан гомдол, хавсаргасан гэрэл зургууд. /хх-н 4-6-р тал/
2. Аюулгүйн зэргийн үнэлгээний тэмдэглэл. /хх-н 27-р тал/,
3. Хохирогч С.Б-н “2023 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн орой 21 цаг өнгөрч байхад манай гэрт миний хамтран амьдрагч У нь Дархан-Уул аймгийн Хонгор сумаас ирлээ гээд ирсэн юм. Тухайн үед би гэртээ ганцаараа халамцуу байсан бөгөөд У нь машинтайгаа эрүүл ирсэн. Би тэгээд У 0,75 литрийн Хараа архи гаргаж өгөөд бид 2 хувааж уусан юм. Архи ууж байхад У нь надад хандан “хоёулаа 5 жил боллоо, чи надад хүүхэд гаргаж өгөөгүй, чи уг нь дөрвөн хүүхэдтэй биз дээ” гэж хэлсэн. Тэгээд бид 2 энэхүү асуудлаас болж маргалдсан. У тэгээд миний нүүр лүү гараараа олон удаа алгадсан, баруун гарыг минь барьж мушгисан, мөн хоолойг минь багалзуурдсан. Мөн намайг газар дарж унагаад миний нуруу руу хөлөөрөө олон удаа дэвссэн юм. Би тэгээд У-г тайвшруулаад бид 2 хамт хоносон. Маргааш өглөө нь буюу 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өглөө миний 15 настай охин Б.Л нь хичээлийнхээ бэлтгэлийг хийх гээд гэрт орж ирээд намайг ямар байдалтай байгааг харсан юм. Тухайн шөнө охин маань манай хажуу айл болох Л-нд хонож байсан бөгөөд Л, манайх хоёрынх нэг хашаанд тус тусдаа байшинд амьдардаг юм. Ингээд охин маань цагдаа дуудна гэсэн бөгөөд Л-н эхнэр Н нь цагдаа дуудсан юм. Тэгтэл У нь боож үхнэ гээд уяа аваад хоолойгоо уячихаад тэгээд хаалганаас уяагаа үргэлжлүүлж уях гэтэл уяа нь хүрэхгүй байсан. Тэгснээ У нь машинаа унаад явчихсан юм. Ингээд хэсэг хугацааны дараа цагдаа ирсэн бөгөөд би цагдаа дээр ирчхээд бие өвдөөд байхаар нь өргөдөл бичилгүй явчихсан юм. Түүнээс хойш бие өвдөөд босож чадахгүй байсан учраас өргөдлөө өгч чадалгүй өдийг хүргэсэн юм. Би У-тай 2018 онд танилцаж тэгээд 2018 оноос 4 жил хамтдаа амьдарсан юм. 2022 оны 08 дугаар сараас бид 2 бүтэхээ больж, хэрүүл маргаантай байсан тул салж тусдаа амьдрах болсон юм. Түүнээс хойш У-тай нэг жилийн дараа уулзаж байгаа нь энэ байгаа юм. Бид 2 дундаасаа хүүхэдгүй, албан ёсны гэрлэлтийн батлахгүй юм. Тухайн үйл явдал болоход У бид хоёроос өөр хүн байгаагүй бөгөөд би уг нь зодуулж байхдаа хашхирсан боловч хажуу айлын хүмүүс сонсоогүй гэж хэлсэн юм. Мөн У нь тухайн үед миний гар утсыг нуучихсан байсан юм. Надад гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцтэй холбоотой нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг. /хх-н 32-33, 35-р тал/
4. Гэрч Н.Ж-н “2023 оны 09 дүгээр сарын 10-ны орой манай хүүгийн байшинг түрээсэлж байгаа Б-тай тааралдахад тэрээр надтай урд нь хамт амьдарч байсан хүн ирж байшинг маань засаж өгөх гэж байгаа гэж хэлсэн юм. Ингээд тус өдрийн орой Б-н охин нь манайд хоносон бөгөөд тэдний охин нь манай охинтой нэг ангид сурдаг юм. Тэгтэл 2023.09.11-ний өглөө манайд Б орж ирсэн бөгөөд тэгэхэд түүний 2 нүд нь хавдаад тагларчихсан, гар болон бүх бие нь улаан алаг болчихсон байсан. Тэгээд тэрээр нөгөө ирсэн хүн маань зодчихлоо, цагдаа дуудаад өгөөч гэж хэлсэн. Тэгэхээр нь би цагдаа дуудчихаад Б-н гэрийн гадаа очиход нөгөө ирсэн залуу нь зогсож байсан. Би тэгээд түүнд хандан чи яагаад ийм аймар болтол нь зодчихвоо гэтэл тэрээр өөрийнх нь буруу шүү дээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэгсэн ч гэсэн хүнийг ингэж зодож болохгүй шүү дээ гэтэл тэрээр та нар хүн амины хэрэг гарахыг харах гээд байгаа юм уу гээд байшингаас олс дүүжлээд байсан юм. Тэгээд л би ажилдаа явчихсан юм. Уг нь тус өдрийн өмнөх орой би Б-тай тааралдахад түүний биед ил харагдах гэмтэл шарх учраагүй зүгээр байсан юм. Би тэр Б-н хамт амьдарч байсан залууг өмнө нь ирчихсэн байхыг нэг удаа харж байсан юм. Тухайн үед Б-г би бид нарыг дуудахгүй яасан юм бэ гэхэд шөнө орой болчихсон байсан учраас амгалан тайван байдлыг чинь алдагдуулаад яах вэ гэж бодсон, тэгээд ч миний гар утсыг авчихсан байсан юм гэж хэлж байсан юм” гэх мэдүүлэг. /хх-н 37-р тал/
6. Гэрч Г.Б-н “2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн өглөө над руу авга дүү М залгаж та ээжийн гэрт очоод үзээч, ээж рүү фейсбүүкээр залгахаар утсаа авахгүй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би төрсөн эгч Б-н гэрт яваад очтол тэрээр орондоо хэвтэж байсан. Тухайн үед түүний нүд ам, хөл гар нь хөхөрчихсөн байсан бөгөөд би түүнээс юу болсон талаар асуухад У ирээд зодчихсон гэж хэлсэн юм. Тэгээд би эгчийг дагуулаад цагдаа дээр ирээд өргөдөл бичиж өгсөн юм. Уг нь эгч зүгээр утсаар яриад байсан боловч фейсбүүкээр дүрсээ харж ярих гэхээр авахгүй, бид нараас нуугаад байсан юм байна лээ. Эгч маань У-тай 2019 бил үү 2020 оноос хойш хамтран амьдарч байгаад салаад 1 жил болж байгаа юм. У нь эгчтэй хамт Төв аймгийн Батсүмбэр суманд амьдардаг байхдаа бас эгчийг маань зодож байсан бөгөөд тухайн үед надад хэлж байсан юм” гэх мэдүүлэг. /хх-н 39-р тал/
7. Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 776 дугаартай “С.Б-н биед зүүн, баруун нүдний зовхи, баруун шуу, баруун алга, хүзүү, баруун, зүүн бугалга, цээж, нуруу, баруун хацарт цус хуралт, баруун тохой, баруун зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт. /хх-н 47-48-р тал/
8. Яллагдагч С.У-н “Би согтолтын улмаас юу болсон улмаас юу болсныг мэдэхгүй байгаа бөгөөд нэг мэдсэн чинь би голын хажууд унтаж байсан бөгөөд Б миний машинтай ирж байсан. Би тэгээд С.Б руу залгахад чи намайг зодсон хаана байна гэж ярьсан. Тэгэхээр нь би уучлаарай гэж хэлээд би яринаа гээд явсан юм” гэх мэдүүлэг /хх-н 44-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Ж.Б дүгнэлтдээ “Шүүгдэгч С.У нь 2023 оны 09 дүгээр сарын 03-04-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын ,багийн **** тоотод, гэр бүлийн харилцаатай хамтран амьдрагч С.Б-тай хүүхэд гаргаж өгдөггүй гэсэн шалтгаанаар маргалдаж, улмаар нүүр хэсэгт нь алгадах, хоолойг нь боох, гарыг мушгих зэргээр зодож эрүүл мэндэд нь зүүн, баруун нүдний зовхи, баруун шуу, баруун алга, хүзүү, баруун, зүүн бугалга, цээж, нуруу, баруун хацарт цус хуралт, баруун тохой, баруун зүүн өвдөгт зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч С.У-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 600 000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 6 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх саналтай байна” гэв.
Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан Орхон аймгийн Цагдаагийн газарт хохирогч С.Б гаргасан гомдол, хавсаргасан гэрэл зургууд, аюулгүйн зэргийн үнэлгээний тэмдэглэл, хохирогч С.Б-н “У тэгээд миний нүүр лүү гараараа олон удаа алгадсан, баруун гарыг минь барьж мушгисан, мөн хоолойг минь багалзуурдсан, мөн намайг газар дарж унагаад миний нуруу руу хөлөөрөө олон удаа дэвссэн юм” гэх мэдүүлэг, гэрч Н.Ж-н “2023.09.11-ний өглөө манайд Б орж ирсэн бөгөөд тэгэхэд түүний 2 нүд нь хавдаад тагларчихсан, гар болон бүх бие нь улаан алаг болчихсон байсан. Тэгээд тэрээр нөгөө ирсэн хүн маань зодчихлоо, цагдаа дуудаад өгөөч гэж хэлсэн” гэх мэдүүлэг, гэрч Г.Б-н “Тухайн үед түүний нүд ам, хөл гар нь хөхөрчихсөн байсан бөгөөд би түүнээс юу болсон талаар асуухад У ирээд зодчихсон гэж хэлсэн юм” гэх мэдүүлэг, Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 776 дугаартай дүгнэлт, яллагдагч С.У-н мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч С.У нь 2023 оны 09 дүгээр сарын 03-04-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын ,багийн хорооны **** тоотод, гэр бүлийн харилцаатай хамтран амьдрагч С.Б үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, нүүрэн тус газарт нь алгадах, хоолойг нь боох, гарыг мушгих зэргээр зодож эрүүл мэндэд нь зүүн, баруун нүдний зовхи, баруун шуу, баруун алга, хүзүү, баруун, зүүн бугалга, цээж, нуруу, баруун хацарт цус хуралт, баруун тохой, баруун зүүн өвдөгт зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч С.У нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг шууд санаатай үйлдлээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.У-г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас хохирогч С.Б-н эрүүл мэндэд нь зүүн, баруун нүдний зовхи, баруун шуу, баруун алга, хүзүү, баруун, зүүн бугалга, цээж, нуруу, баруун хацарт цус хуралт, баруун тохой, баруун зүүн өвдөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.
2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, уг ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч С.У нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлэхгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулах нь зүйтэй.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.У-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ч овгийн С.У-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.У 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.У-т оногдуулсан 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлэхгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.У-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь эс зөвшөөрвөл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.А