| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Александрын Сарангэрэл |
| Хэргийн индекс | 158/2026/0036/З |
| Дугаар | 221/МА2026/0700 |
| Огноо | 2026-09-30 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 221/МА2026/0700
Б аймгийн Прокурорын газрын
ахлах прокурор Ц.Сгийн дүгнэлттэй
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Д.Оюумаа
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Т.Энхмаа
Илтгэгч шүүгч А.Сарангэрэл
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагч Б.Ам
Дүгнэлт гаргагч: Б аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Ц.С
Хариуцагч: Б аймгийн Авто тээврийн төвийн Авто тээврийн хяналтын улсын байцаагч Б.Ам
Нэхэмжлэлийн шаардлага: Эрх бүхий албан тушаалтны 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 0071178 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Б аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 0037 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч Ц.С, хариуцагч Б.Ам
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул
Хэргийн индекс: 158/2026/0036/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Дүгнэлт гаргагч Б аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Ц.С Б аймгийн Авто тээврийн хяналтын улсын байцаагч Б.Амэд холбогдуулан “Эрх бүхий албан тушаалтны 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 0071178 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргажээ.
2.Б аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 08 дугаар сарын 07-ний өдрийн 158/ШШ2026/0037 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 6.35, 7.2 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэг Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 14.5 дугаар зүйлийн 20 дахь хэсэг, Авто тээврийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2, 22 дугаар зүйлийн 22.1.2-т тус тус баримтлан аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Ц.Сгаас Б аймгийн Авто тээврийн төвийн авто тээврийн хяналтын улсын байцаагчид холбогдуулан гаргасан гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, авто тээврийн хяналтын улсын байцаагч Б.Амийн 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 0071178 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
3. Дээрх шийдвэрийг эс зөвшөөрч Б аймгийн Авто тээврийн төвийн Авто тээврийн хяналтын улсын байцаагч Б.Амээс гомдол гаргажээ. Үүнд:
3.1 Б аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 158/ШШ2026/0037 дугаартай шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
Анхан шатны шүүх нь хэрэгт хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий зөрчил гаргагч Х.Мбын тайлбар мэдүүлэг, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэн зөв үнэлээгүй, хуулийг төсөөтэй байдлаар буруу тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн шийдвэрт заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй.
Шүүгчийн үндэслэх хэсэгт: Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан зөрчлийг шинжийг “зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлээгүй бол гэж бичээд тээвэрлэлтийн нөхцөл, техникийн шаардлага хангасан гэдэг үгийг орхигдуулан автотээврийн тухай хууль бусад захиргааны хэм хэмжээ тогтоосон актын нэр томьёо, тодорхойлолтод заасан утгыг буруу ойлгож тайлбарлан хэрэглэсэн. Үүнд: Авто тээврийн тухай хуулийн 10 дугаар зүйл. Тээвэрлэгчийн эрх, үүрэг 10.2.5-т “авто зам, замын байгууламжийг техникийн нөхцөл шаардлагын дагуу ашиглах”, 10.2.6-д “автотээврийн хэрэглээний стандартын үзүүлэлт шаардлагыг хангах гэж үүрэгжүүлсэн.” Мөн замын тээврийн хэрэгслийн ерөнхий асуудал Автотээврийн хэрэгслийн хэрэглээний үзүүлэлтүүд, ангилал, ерөнхий шаардлага MNS 4470:2025 стандартын нэр томьёо, тодорхойлолтод автотээврийн хэрэгслийн зориулалтын үзүүлэлтүүд гэдэгт автотээврийн хэрэгслийн жин, бүх жин, бодит жин, оврын хэмжээ гэх мэтээр ойлгоно гэж тодорхойлсон.
Авто тээврийн хэрэгслийн ангилал. Техникийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS:4598:2025 стандарт 3. Нэр томьёо, тодорхойлолт
3.1.Автотээврийн хэрэгслийн бүх жин Тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон өөрийн болон ачаа, жолооч, зорчигчийн нийт зөвшөөрөгдөх дээд жин.
Чиргүүл нь тухайн тээврийн хэрэгслийн бүтцэд хамаарагдах бол бүх жинг чирэгч, чиргүүлийн бүх жингийн нийлбэрээр нь, чирч яваа тээврийн хэрэгслийн бүтцэд хамаарахгүй тохиолдолд чирэгч, чиргүүлийн бүх жинг тус тусад нь тооцно гэж тус тус тодорхойлсон байдаг нотлох баримтыг хавтаст хэргийн 11 дэхь хуудас дахь автотээврийн хэрэгслийн гэрчилгээ нь дэхь техникийн тодорхойлолт улсын дугаар, марк загвар, ангилал, хөдөлгүүрийн багтаамж, бүх жин, даац суудлын тоо, төрөл, зориулалт, бүхээгний дугаар, хөдөлгүүрийн дугаар, үйлдвэрлэсэн он, импортолсон огноо, өнгө, тэнхэлгийн тоо, улсын бүртгэлийн дугаарын өнгө, өмчлөгч, хаягын мэдээллийг, техникийн тодорхойлолт дахь ашиглалтын аюулгүй шаардлага буюу бүх жин хэтэрснийг 13 дугаар хуудас №0092759 дугаартай орлогын баримтаар тус зөрчил нотлогдоно.
Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл нотлох баримт дугаар №5 ачаа тээвэрлэхдээ тээвэрлэлтийн нөхцөл, техникийн шаардлага хангасан зориулалт /автотээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолт бичиг баримтад тулгуурласан “бүх жингийн” аюулгүйн шаардлага/-ын тээврийн хэрэгслээр тээвэрлээгүй гэж зөрчлийн утгыг тодорхойлон автотээврийн хэрэгслийн эзэмшигч жолооч Х.Мбт хуульд заасан үндэслэлээр шийтгэл оногдуулсан болно.
Иймд Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 158/ШШ2026/0037 дугаартай шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
4. Нэхэмжлэгч талаас хариуцагчийн гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад шүүх хариуцагчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхин шийдвэрлэв. Үүнд:
1.Б аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Ц.Сс Б аймгийн Авто тээврийн төвийн авто тээврийн хяналтын улсын байцаагч Б.Амэд холбогдуулан “Эрх бүхий албан тушаалтны 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 0071178 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай дүгнэлтийг 2026 оны 07 дугаар сарын 01-ний өдөр шүүхэд ирүүлжээ.
2.Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл Б аймгийн Авто тээврийн хяналтын улсын байцаагч Б.Ам нь иргэн Х.Мбт ачаа тээвэрлэлтийг тээвэрлэлтийн нөхцөл, техникийн шаардлага хангасан зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлээгүй гэх зөрчилд хяналт шалгалт хийн, Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “тээвэрлэгч нь ачаа, зорчигчийг тээвэрлэлтийн нөхцөл, техникийн шаардлага хангасан зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлээгүй” гэх үндэслэлээр 150,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.
3.Прокурорын дүгнэлтэд улсын байцаагч нь зөрчилд холбогдогчийн үйлдлийг Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж шийтгэл оногдуулсан боловч тухайн үйлдэл нь мөн хуулийн 14.5 дугаар зүйлийн 20 дахь хэсэгт заасан зөрчлийн шинжийг агуулж байхад хуулийг буруу хэрэглэсэн, түүнчлэн зөрчлийг харьяалал зөрчин шийдвэрлэсэн гэж үзсэн байна.
4.Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлд прокурорын зөрчлийн хэрэг бүртгэлтэд хяналт тавих бүрэн эрхийг, мөн хуулийн 1.12 дугаар зүйлд эрх бүхий албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаанд гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх журмыг тус тус зохицуулсан.
5.Эдгээр зохицуулалтаар прокурорт зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны байдалд хяналт тавих, хууль бус гэж үзсэн шийдвэрийг хянуулах бүрэн эрх олгосон боловч уг бүрэн эрхийг хэрэгжүүлэхдээ шүүхэд гомдол гаргах хуульд заасан хугацаа, журмыг баримтлахаар байна.
6. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-д Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гаргасан прокурорын дүгнэлтийг тус хуулийн хүрээнд гомдолд хамааруулахаар, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт шүүхэд шууд хандахаар хуульд заасан бол тухайн хуульд заасан хугацаанд, хэрэв хугацаа заагаагүй бол шийдвэрийг мэдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргахаар тус тус зохицуулжээ.
7.Иймд прокурорын дүгнэлт нь зөрчлийн хэрэг бүртгэлтэд тавих прокурорын хяналтын бүрэн эрхийн хүрээнд гарч байгаа боловч шүүхээр хянан шийдвэрлүүлэхээр хүргүүлсэн тохиолдолд захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан процессын шаардлагад нийцсэн байхыг хуулиар тодорхой тусгасан.
8.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д “Шүүгч дараах тохиолдолд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана;”, 54.1.8-д “энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн”, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т “Шүүхэд шууд хандахаар хуульд заасан бол тухайн хуульд заасан хугацаанд, хэрэв хугацаа заагаагүй бол шийдвэрийг мэдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана.” гэж тус тус заасан.
9.Маргаан бүхий шийтгэлийн хуудас 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдөр гарсан, прокурор 2026 оны 06 дугаар сарын 19-ний өдөр дүгнэлт үйлдэж, 2026 оны 07 дугаар сарын 01-ний өдөр шүүхэд ирүүлсэн үйл баримт тогтоогдож байх бөгөөд уг үйл баримтаас үзвэл шийтгэлийн хуудас гарснаас хойш гурван сар гаруйн хугацаа өнгөрсний дараа прокурор шүүхэд гомдол гаргасан нь дээр дурдсан шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээр байна.
10.Мөн прокуророос шүүх хуралдааны явцад маргаан бүхий шийтгэлийн хуудсыг прокурорын байгууллагын хяналт шалгалтын удирдамжийн дагуу шалгасан, зөрчлийн хэргийн материалыг татан авч судлахад тодорхой хугацаа шаардагдсан талаар тайлбарласан.
11.Гэвч прокурорын байгууллагаас хяналт шалгалт явуулах удирдамж баталсан, түүний дагуу зөрчлийн хэргийн материалыг татан авч шалгасан, хууль зүйн дүгнэлт боловсруулахад хугацаа зарцуулсан зэрэг нь прокурорын хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбоотой байгууллагын дотоод зохион байгуулалт, үйл ажиллагааны нөхцөл байдал бөгөөд эдгээр нөхцөл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д заасан шүүхэд гомдол гаргах хугацаа хэтрүүлснийг зөвтгөх хууль зүйн үндэслэлгүй байна.
12.Учир нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д прокурор зөрчлийн хэрэг бүртгэлт хуулийн хүрээнд явагдаж байгаа эсэхийг хянах, 1.4-т оролцогчийн гаргасан гомдол, хуульд заасан бусад үндэслэлээр зөрчлийн хэргийг хянах, 1.14-т зөрчлийн хэрэг бүртгэлт, хяналтын ажилд шаардлагатай мэдээ, судалгаа, баримт бичиг гаргуулан авах бүрэн эрхийг тус тус олгосон байна.
13.Эдгээр зохицуулалтын агуулгаас үзвэл прокурорын зөрчлийн хэрэг бүртгэлтэд тавих хяналт нь эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулсны дараа тухайн шийдвэрийг шалгах зорилгоор тусгайлан удирдамж баталснаар эхэлдэг ажиллагаа биш, харин зөрчлийн хэрэг бүртгэлтийн хууль ёсны байдлыг хангахад чиглэсэн, уг ажиллагаатай зэрэгцэн хэрэгжих хуулиар тогтоосон хяналтын чиг үүрэг гэж үзэхээр байна.
14.Прокурорын байгууллага өөрийн хяналт шалгалтын ажиллагааг хэзээ эхлүүлсэн, хэдий хугацаанд явуулснаас хамааруулан шүүхэд гомдол гаргах хугацаа эхэлсэн гэж үзэх нь хуульд заасан процессын хугацааг тухайн байгууллагын өөрийн үйл ажиллагаагаар өөрчлөх боломжийг бий болгох бөгөөд энэ нь шүүхэд гомдол гаргах хугацааг хуулиар тогтоосон зорилго, эрх зүйн тодорхой байдлын зарчимд нийцэхгүй.
15.Иймд хяналт шалгалтын удирдамж баталсан, зөрчлийн хэргийн материалыг татан авч шалгаж эхэлсэн үеэс маргаан бүхий шийтгэлийн хуудсыг анх мэдсэн гэх прокурорын тайлбар нь хууль зүйн үндэслэлгүй байна.
16.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д тус хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар зохицуулсан. Нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн эсэх, хугацааг сэргээх хүндэтгэн үзэх шалтгаан байгаа эсэх нь шүүхээс нэхэмжлэлийг хүлээн авах үед шалгах процессын урьдчилсан нөхцөл юм.
17.Анхан шатны шүүх прокурорын дүгнэлтийг хүлээн авч, маргааныг материаллаг эрх зүйн үндэслэлээр шийдвэрлэхдээ шүүхэд гомдол гаргах хугацааг баримталсан эсэх, хугацаа хэтэрсэн бол түүнийг сэргээх хуульд заасан үндэслэл бүрдсэн эсэхийг бүрэн шалгаж, эрх зүйн дүгнэлт өгөх шаардлагатай байжээ.
18.Анхан шатны шүүх 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Зөрчил шалгах эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан, хялбаршуулсан журмаар шалгаж шийдвэрлэсэн шийдвэрийн хууль зүйн үндэслэл, хэрэгжилтийг хянан шалгахдаа тус шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар ахлах прокурор Ц.С нь 2026 оны 06 дугаар сарын 19-ны өдөр прокурорын дүгнэлт үйлдэж, шүүхэд 2026 оны 07 дугаар сарын 01-ний өдөр ирүүлж дээрх хуульд заасан хугацаа хэтрүүлсэн байхад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.3.3-т зааснаар хүлээн авахаас татгалзаж шийдвэрлээгүй нь буруу болжээ.
19.Түүнчлэн улсын байцаагчийн шийтгэлийн хуудсаар зөрчлийг Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь зөв эсэх, эсхүл мөн хуулийн 14.5 дугаар зүйлийн 20 дахь хэсэгт заасан зөрчлийн шинжийг агуулсан эсэх, тухайн зөрчлийг шийдвэрлэх эрх хэмжээ улсын байцаагчид байсан эсэх нь маргааны материаллаг эрх зүйн асуудал юм.
20.Харин шүүхэд гомдол гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн нь тогтоогдож, уг гомдлыг хүлээн авахаас татгалзах процессын үндэслэл бүрдсэн тохиолдолд шүүх эдгээр материаллаг эрх зүйн асуудлаар эцэслэн дүгнэлт хийх шаардлагагүй.
Учир нь шүүх маргааныг агуулгаар нь хянан шийдвэрлэхээс өмнө тухайн маргааныг шүүхээр шийдвэрлүүлэх процессын урьдчилсан нөхцөл хангагдсан эсэхийг тогтоох ёстой бөгөөд энэ шаардлага хангагдаагүй тохиолдолд маргааны үндсэн агуулгад дүгнэлт хийх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзнэ.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, прокурор Ц.Сгийн дүгнэлт буюу гомдлыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Б аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 158/ШШ2026/0037 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.3.3-т заасныг баримтлан “Б аймгийн Авто тээврийн төвийн авто тээврийн хяналтын улсын байцаагч Б.Амийн 2026 оны 03 дугаар сарын 30-ний өдрийн 0071178 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий Б аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Ц.Сгийн дүгнэлт /гомдол/-ыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан хариуцагч Б.Ам нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ Т.ЭНХМАА
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ