Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 348

 

Н.Б-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Тунгалаг даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга А.Батдэлгэр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Нацагдорж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мяндасмаа, Д.Нарантуяа нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 181 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 221/МА2017/0351 дүгээр магадлалтай, Н.Б-ын нэхэмжлэлтэй, Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Х.Батсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 181 дүгээр шийдвэрээр: 1.  Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 27 дугаар зүйлийн 27.2.1, 27.2.3 дахь хэсэг, Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6.9, 9.8, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Б-ын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох “Зам, тээврийн хөгжлийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын Стандарт, нормативын хэлтсийн Салбарын техник, технологи, инноваци хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоолгох” шаардлагыг хангаж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох “Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 1 дүгээр тушаалын Н.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх” шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, 2.  Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 28 дугаар зүйлийн 28.2.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т тус тус заасныг баримтлан ажилгүй байсан 7 сар ажлын 4 хоногийн хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 6009304 /зургаан сая зургаан есөн мянга гурван зуун дөрөв/ төгрөгөөс холбогдох татвар, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг суутган тооцож олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 221/МА2017/0351 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 181 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч байна. Анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байхад шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан магадлалыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд:

  1. Тухайн  хэрэгт хамааралтай нотлох баримтыг шүүх бүрэн гүйцэд цуглуулсан ба түүнийгээ үндэслэл бүхий байдлаар анхан шатны шүүх дүгнэсэн,
  2. Давж заалдах шатны шүүх нь гомдолд дурдсан үндэслэлээс хальж буюу гомдолд дурдагдаагүй асуудлаар дүгнэлт хийсэн нь хуулийг хэрэглэсэн асуудал болж байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ

Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 01 дүгээр тушаалаар Засгийн газрын бүтцэд өөрчлөлт орсонтой холбогдуулан Зам, тээврийн яамны Стратегийн бодлого, төлөвлөлт, хамтын ажиллагааны газрын Техник, технологи, нормативын хэлтэст Салбарын инновацийн бодлого, техник технологи хариуцсан ахлах мэргэжилтэн Н.Б-ыг үүрэгт ажлаас чөлөөлжээ.

Нэхэмжлэгчээс “ажлын байрны нэр өөрчлөгдсөн боловч чиг үүрэг хэвээр хадгалагдаж байгаа тул үргэлжлүүлэн ажиллах ёстой” гэж, хариуцагч “бүтэц, орон тоо, ажлын байрны чиг үүрэг өөрчлөгдсөн тул уг ажлын байранд тавигдах шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа Д.Г-ыг томилсон” гэж маргасан байна.

Хэрэгт авагдсан баримтаар Салбарын инновацийн бодлого, техник технологи хариуцсан ахлах мэргэжилтний чиг үүргийг Авто замын бодлого, төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтний чиг үүрэг дээр нэмж нэгтгэн Салбарын техник, технологи, инноваци хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалын ажлын байрны тодорхойлолт батлагдсан гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шууд дүгнэх боломжгүй, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг нэмж цуглуулах шаардлагатай гэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэлтэй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4-д нийцсэн байна.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн өмнө эрхэлж байсан ажлын байрны чиг үүргүүдийг нэгтгэх замаар албан тушаалын орон тоо цөөрсөн тохиолдолд сонгон шалгаруулалтыг хэрхэн явуулсан, тэдгээрийн хэн аль нь тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа гэж үзсэн талаарх баримтыг хэрэгт цуглуулж, дүгнэлт хийх шаардлагатай байжээ.

 Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 221/МА2017/0351 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүхийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Ч.ТУНГАЛАГ

ШҮҮГЧ                                                                       Х.БАТСҮРЭН