| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2023/0452/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/07 |
| Огноо | 2023-12-22 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Н.Дүүрэнжаргал |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 12 сарын 22 өдөр
Дугаар 2024/ШЦТ/07
2023 12 22 2024/ШЦТ/07
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.А даргалж
Нарийн бичгийн дарга Д.У
Улсын яллагч Н.Д
Шүүгдэгч Т.Д нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн .ирүүлсэн Т.Д холбогдох эрүүгийн 2325000000551 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт.
Х овгийн Т.Д, Монгол Улсын иргэн,
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч Т.Д нь 2023 оны 10 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын , багийн *** тоотод согтуурсан үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч А.О-г биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн шүүрээр зодож эрүүл мэндэнд нь дух, хэвлий, 2 гарын шуу, сарвуу, зүүн гуя, өвдөгт цус хуралт, 2 гарын шуунд зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Т.Д-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Д “Тэр үед би өөрөө мэдээгүй, Шүүрээр цохьсоноо мэдээгүй, миний буруу, харамсаж байна. А.О өөрөө гомдолгүй.” гэв.
Хохирогч А.О “Шүүх хуралдаанд оролцохгүй, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Хохирогч А.О “2023 оны 10 дугаар сарын 17-аас 18-ныг шилжих шөнө манай нөхөр Т.Д нь Орхон аймгийн Баян-Өндөр сум, багийн *** тоотод шөнө унтаж байхад согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зодсон. Манай нөхрийн таньдаг эмэгтэй ирээд нөхрийн хамт хоёр өдөр гэрт архи уусан. Тэгээд би залхаад эгч А.Б ирж хоёр хоносон. Хоёр хоногийн дараа нөгөө эмэгтэйг харьсан байх гэж бодоод 10 дугаар сарын 17-ны өдөр гэрт харьсан. Маргааш нь би бичиг баримтаа аваад эмнэлэгт үзүүлэх байсан болохоор харьсан. Тэгсэн манай нөхөр гэртээ ганцаараа халамцуу сууж байсан. Би гэртээ ороод нөхөртэй маргааш би эмнэлэгт үзүүлэх болохоор чи архи одоо уухгүй гарч хэрчсэн гурил аваад ир гээд 10.000 төгрөг өгөөд гаргасан. Тэгсэн хоёр хэрчсэн гурил, жижиг шилтэй архи аваад ороод ирсэн. Тэгэхээр нь би архи битгий ав гэж байхад авсан байна гэж уурласан. Тэгээд нөхөр тэр архиа ганцаараа уусан. Тэр архиндаа согтчихоод гарч гадаа байгаа түлээгээ зарж архи ууна гээд түлээ хагалж авч явж зараад мөнгөөр нь архи авч орж ирээд гэртээ ганцаараа уусан. Өдөр нь модоо зарж ууна гээд гадаа түлээ хагалж байхад нь төрсөн дүү Б руу залгаж хэлсэн. Би хоолоо хийгээд нөхөртөө хоолыг нь идүүлсэн. Манай нөхөр хоолоо идчихээд унтаад өгсөн байсан. Архи нь дуусаагүй ширээн дээр байсан. Би унтаж байхад нь дээр нь хөнжил тавьсан. Тэгчихээд өөрөө унтаад өгсөн. Нэг сэрсэн хогийн шүүр барьчихсан толгой руу цохих гэж байсан. Хоёр гараараа толгойгоо хамгаалсан. Хоёр хөл рүү зөндөө цохисон. Шүүр хугарсан байсан. Би шөнө орой айгаад цагдаад дуудлага өгөх гэтэл чадаагүй. Гар утсаар ярих боломжгүй байсан. Хутга барьж над руу далайсан. Ер нь манай нөхөр намайг айлгаж хутга барьж далайдаг. Тэгээд үлдсэн архиа уугаад үүрээр унтаад өгсөн. Би унтсан хойно нь гарч ирээд эмнэлэгт үзүүлчихээд төрсөн эгч А.Б дээр ирээд болсон зүйлийн талаар ярьсан. Тэгээд эгч бид хоёр цагдаад өргөдөл бичиж өгсөн” гэх мэдүүлэг. /хх-ийн 12-р тал/
2. Гэрч А.Б-н “Би 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр манай төрсөн дүү А.О нь манайд ирээд нөхөр Т.Д зодуулсан талаараа хэлсэн. Би юу болсон талаар асуухад 10 сарын 18-аас 19-нийг шилжих шөнө зодуулсан гэж хэлсэн. Манай дүүг унтаж байхад хогийн шүүрээр гар хөл рүү цохиж зодсон байсан. Зодсон шалтгаан нь архины мөнгө өгсөнгүй гэж зодсон байсан. Дүү группийн мөнгө авсан байсан. Тэрийг мэдээд уурласан байсан. Өөрийнх нь тэтгэврийг ах дүү нар нь авч өөрт зарцуулдаг юм шиг байсан. Архины хамааралтай болчихсон. Архи уугаад гэрт байж байдаг. Ажил төрөлгүй тэтгэврийн хүн байгаа юм. Би энэ талаар мэдэхгүй. Надаас нуугаад хэлдэггүй байсан байна. Хутга, аяга таваг шидээд цохиж авдаг байсан талаараа надад хэлээд би өргөдөл бичиж өгч байна. Түүнээс зодуулсан барьсан талаар харж байгаагүй” гэх мэдүүлэг. /хх-ийн 14-р тал/
3. Гэрч Н.Б “Т.Д ахыг архи уугаад байна гэдэг байсан өөр зүйл ярьж байгаагүй. Жил гарны өмнө А.О залгаад архи уугаад байна гэхээр нь өөрт нь хандаж манай ах архи дарс уугаад хэрүүлтэй байгаа бол больцгоож болно. Наад хүн чинь ааш авир муутай шүү, бие муутай та цохиж нүдээд авбал зугтааж чадахгүй байж гэртээ харьсан дээр гэж хэлж байсан, заримдаа хоёулаа нийлж архи уусан байдаг” гэх мэдүүлэг. /хх-ийн 16-19-р тал/
4. Гэрч П.Э “А.О нь 60%-ийн группт байдаг Төрөлхийн түнхны мултралтай, эмчийн хяналтад байдаг” гэх мэдүүлэг. /хх-ийн 21-р тал/
5. Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн №937 дугаартай “А.О биед дух, хэвлий, 2 гарын шуу, сарвуу, зүүн гуя, өвдөгт цус хуралт 2 гарын шууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт. /хх-ийн 24-25-р тал/
6. Сэжигтэн Т.Д-н “О намайг согтуудаа зодсон гэж ирээд надад гар, шуу, хэвлий хэсгээ харуулахад хөхөрсөн байсан. Би зодсон юм байхдаа гэж эргэлзэж эхэлсэн. Би тэр орой зодсоноо мэдэхгүй байгаа. Би толгой тархи муутай тархины наалдангитай хөл гар муу бэртэлтэй байгаа. Би хогийн шүүрээр цохисноо мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 29-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Н.Д дүгнэлтдээ “Т.Д нь согтуурсан үедээ 2023 оны 10 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын ,багийн *** тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч А.О-г биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн шүүрээр зодож эрүүл мэндэнд нь дух, хэвлий, 2 гарын шуу, сарвуу, зүүн гуя, өвдөгт цус хуралт, 2 гарын шуунд зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт хуулийн дагуу цугларсан хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдож байна. Тиймээс шүүгдэгч Т.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600 000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна” гэв.
Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
1.Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч А.О-ны “Нэг сэрсэн хогийн шүүр барьчихсан толгой руу цохих гэж байсан. Хоёр гараараа толгойгоо хамгаалсан. Хоёр хөл рүү зөндөө цохисон. Шүүр хугарсан байсан” гэх мэдүүлэг, гэрч А.Б-н “Би 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр манай төрсөн дүү А.О нь манайд ирээд нөхөр Т.Д-нд зодуулсан талаараа хэлсэн. Манай дүүг унтаж байхад хогийн шүүрээр гар хөл рүү цохиж зодсон байсан” гэх мэдүүлэг, гэрч П.Э-н “А.О нь 60%-ийн группт байдаг Төрөлхийн түнхны мултралтай, эмчийн хяналтад байдаг” гэх мэдүүлэг, Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн №937 дугаартай дүгнэлт, сэжигтэн Т.Д-н “Би тэр орой зодсоноо мэдэхгүй байгаа. Би хогийн шүүрээр цохисноо мэдэхгүй байна” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Т.Д нь 2023 оны 10 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын ,багийн *** тоотод 70 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай хамтран амьдрагч А.О-г шүүрээр зодож эрүүл мэндэнд нь дух, хэвлий, 2 гарын шуу, сарвуу, зүүн гуя, өвдөгт цус хуралт, 2 гарын шуунд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Т.Д нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагчаа шууд санаатай үйлдлээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Т.Д-г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас хохирогч А.О эрүүл мэндэд нь дух, хэвлий, 2 гарын шуу, сарвуу, зүүн гуя, өвдөгт цус хуралт, 2 гарын шуунд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.
2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Т.Д нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлэхгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулах нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овгийн Т.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Д-г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Д-нд шүүхээс оногдуулсан 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Д-нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.А