| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2024/0047/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/38 |
| Огноо | 2024-01-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ж.Батбаатар |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 2024/ШЦТ/38
2024 01 23 2024/ШЦТ/38
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.А даргалж
Нарийн бичгийн дарга Д.У
Улсын яллагч Ж.Б
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Б
Шүүгдэгч Н.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Б холбогдох эрүүгийн 2425000000009 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт.
Х овгийн Н.Б Монгол улсын иргэн
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч Н.Б нь 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 18 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэн 2.40 хувийн хүнд зэргийн согтолттой үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын **** багийн *** тоотод байх өөрийн гэртээ хохирогч Б.Б-г “эзгүй байхад эхнэр И.Т хамт архи уулаа” гэсэн шалтгаанаар толгой, гар хэсэгт нь цохиж эрүүл мэндэд нь “баруун алга, зулайд шарх, хамрын нуруунд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Б мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний буруу” гэв.
Хохирогч Б.Б “Шүүх хуралдаанд оролцохгүй, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Хохирогч Б.Б-ны “Э-тэй 0.5 литрийн 2 шил архи хувааж уучхаад Э-с салж гэр рүүгээ явж байх замдаа 14 цагийн орчим найз Б Орхон аймаг Баян-Өндөр сум *** баг **** тоот гэрт орсон. Намайг гэрт нь ороход Б байхгүй эхнэр Т согтуу сууж байсан, тэгээд намайг Т нь архи авхуулж хамт уух уу гэж асуухаар нь би тэгье гэж хэлэхэд Т гэрээсээ гарч дэлгүүр ороод 0.5 литрийн 1 шил архи авч буцаж орж ирсэн. Тэгээд авч ирсэн архийг нь бид хоёр хуваагаад уугаад сууж байхад гаднаас Б нь согтуу орж ирээд архиа больчих гэж уурлаад эхнэр лүүгээ уурлаад байсан. Тэгэхээр нь би Б-г больчих гэж хэлэхэд над руу дайраад намайг түлхэж газар унагаад гараараа цохиод унасан. Тэгэхээр нь би болиулах гэж гарыг нь бариад босоход Б нь гараа мулталж аваад миний толгой хэсэг рүү цохичихсон, би юугаар цохисныг нь мэдээгүй ээ. Тэгээд миний толгойноос цус гараад унасан, тэгэхээр нь миний уур хүрч чи чаддаг юм бол дахиад цохичих гэж хэлээд би толгойгоо барьж байхад Б нь дахин миний баруун талын гар руу цохисон тэгэхэд миний баруун талын гараас мөн бага зэрэг цус гараад унасан. Би Б намайг юугаар цохисныг анзаараагүй ээ. Тэгээд миний толгойноос гарсан цус тогтохгүй болохоор нь би түргэн тусламж дуудсан. Миний толгой болон гар хэсэг рүү нэг нэг удаа цохисон” гэх мэдүүлэг. /хх-н 12-р тал/
2. Гэрч И.Т-ийн “2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 16 цагийн орчимд намайг гэртээ ганцаараа байхад Б манай гэрт согтуу орж ирсэн. Тэгээд бид хоёр сууж байгаад би дэлгүүр орж дэлгүүрээс 0.33 литрийн 1 шил архи би гэртээ Б хувааж уугаад сууж байхад гаднаас манай нөхөр Б 18 цагийн орчим орж ирээд Б руу чи намайг байхгүй байхад ирж архи ууж элэг барилаа гэж Б руу уурлаад байсан. Тэгэхээр нь би нөхөртэйгөө зөрөөд гэрээсээ угаадсаа авч гарч бие засчхаад угаадсаа асгачхаад буцаад гэртээ ороход Б-ны толгой нь хагарчихсан манай гэрийн баруун хойд талын орон дээр сууж байсан. Харин Б нь болохоор би Б-ны толгойг хагалчихлаа гэж хэлээд зүүн талын сандал дээр сууж байсан” гэх мэдүүлэг. /хх-н 14-р тал/
3. Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 31 дугаартай “Б.Б-ны биед баруун алга зулайд шарх, хамрын нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар, тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт. /хх-н 17-18-р тал/
4. Яллагдагч Н.Б-н “Би гэм буруу болон зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед болсон асуудлын талаар хохирогч Б.Б бүгдийг нь дэлгэрэнгүй ярьсн байгаа тул надад нэмж ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-н 6-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Ж.Б дүгнэлтдээ “Шүүгдэгч Н.Б нь 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 18 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэн 2.40 хувийн хүнд зэргийн согтолттой үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын **** багийн *** тоотод байх өөрийн гэртээ хохирогч Б.Б-г “эзгүй байхад эхнэр И.Т хамт архи уулаа” гэсэн шалтгаанаар толгой, гар хэсэгт нь цохиж эрүүл мэндэд нь “баруун алга, зулайд шарх, хамрын нуруунд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээгээр торгох ял оногдуулж, 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Б дүгнэлтдээ “Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Бусдад төлөх төлбөргүй. Анх удаагаа гэмт хэрэг үйлдэж байгаа. Хөдөлмөрийн чадвараа 80 хувиар алдаж, тэтгэмж авдаг. Улсын яллагчаас санал болгосон торгуулийн ялыг хүлээн зөвшөөрч байгаа” гэв.
Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Б.Б “намайг түлхэж газар унагаад гараараа цохиод унасан. Тэгэхээр нь би болиулах гэж гарыг нь бариад босоход Б нь гараа мулталж аваад миний толгой хэсэг рүү цохичихсон, би юугаар цохисныг нь мэдээгүй ээ. Тэгээд миний толгойноос цус гараад унасан, Б нь дахин миний баруун талын гар руу цохисон тэгэхэд миний баруун талын гараас мөн бага зэрэг цус гараад унасан” гэх мэдүүлэг, гэрч И.Т-н “Б.Б толгой нь хагарчихсан манай гэрийн баруун хойд талын орон дээр сууж байсан. Харин Н.Б нь болохоор би Б.Б толгойг хагалчихлаа гэж хэлээд зүүн талын сандал дээр сууж байсан” гэх мэдүүлэг, Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 31 дугаартай дүгнэлт, яллагдагч Н.Б “Би гэм буруу болон зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Н.Б нь 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 18 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын **** багийн *** тоот гэртээ хохирогч Б.Б-тай “эзгүй байхад эхнэр И.Т хамт архи уулаа” гэсэн шалтгаанаар маргалдаж, толгой, гар хэсэгт нь цохиж эрүүл мэндэд нь “баруун алга, зулайд шарх, хамрын нуруунд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтын талаар улсын яллагч болон хохирогч, шүүгдэгч нараас зөрүүтэй санал дүгнэлт гараагүй бөгөөд хэрэг учрал болсон цаг хугацаа, газар, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шалтгаан, оролцогчдын үйлдэл оролцоо, учирсан хохирол хор уршиг зэрэг нотлогдвол зохих зүйлүүд хангалттай нотлогдож тогтоогдсон байна
Шүүгдэгч Н.Б-н үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Б-г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас Б.Б-ны эрүүл мэндэд баруун алга, зулайд шарх, хамрын нуруунд зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.
2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгэр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овгийн Н.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-т оногдуулсан 500 000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.А