| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2024/0014/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/22 |
| Огноо | 2024-01-11 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Г.Анх-Ирээдүй |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 2024/ШЦТ/22
2024 01 11 2024/ШЦТ/22
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.А даргалж,
Нарийн бичгийн дарга Д.У
Улсын яллагч Г.А
Шүүгдэгч С.А нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.А-т холбогдох эрүүгийн 2325000000549 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт.
Ш овгийн С.А, Монгол Улсын иргэн,
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.А 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Булган аймгийн Бугат сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Царам гэх газраас хууль бусаар ойд 2.6 метр3 шинэс модыг зөвшөөрөлгүй бэлтгэж байгаль орчинд 437 154 төгрөгийн хохирол учруулсан, хууль бусаар бэлтгэсэн 2.6 метр3 хуурай шинэс модыг 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр үргэлжилсэн үйлдлээр 26-40 БУЛ улсын дугаартай Бонго пронтер маркийн ачааны машинд ачиж Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн нутаг дэвсгэр хүртэл тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.А хууль бусаар мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч С.А мэдүүлэхдээ “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг нөхөн төлнө” гэв.
Хохирогчийн төлөөлөгч П.М “шүүх хуралдаанд оролцохгүй, хохирол гаргуулна” гэсэн байна.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /хх-ийн 9-14-р тал/
2. Тээврийн хэрэгсэл болон хураагдсан модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /хх-ийн 15-18-ртал/
3. Иргэний нэхэмжлэгч П.М “Би иргэний нэхэмжлэгчийн эрх үүрэгтэй танилцсан, эрх үүргээ ойлгож мэдсэн. Надад эрх үүрэгтэй холбоотой асууж тодруулах зүйл байхгүй. Надад мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. Намайг сумын засаг даргаас тус хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцуулахаар томилсон бөгөөл би яг ямар хэрэг болсон талаар мэдэхгүй байна. Ямар ч байсан буруутай этгээдээр ойн санд учруулсан хохирлыг төлүүлэх хүсэлтэй байна.Надад өөр ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг. /хх-ийн 33-р тал/
4. Гэрч Б.Б “Би 2023 оны 10 дугаар сарын 05-ны өглөөний 08 цагийн үед Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн Баянталын авто зам дээр хяналт шалгалт хийж байхад иргэн С.А нь ****улсын дугаартай тээврийн хэрэгслээр мод бэлтгэх эрхийн бичиггүйгээр бэлтгэсэн модыг, мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээгүйгээр Булган аймгийн Бугат сумын нутаг дэвсгэрээс тээвэрлэн явсан тээврийн хэрэгслийг түр саатуулж ажилласан. Нэг хүн хамт явсан. Хятад цахилгаан хөрөө, савтай бензин хоёр байсан. Мөн кабин дотор нь модны үйс байсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 34-р тал/
5. Гэрч Г.Г “Би хорооллын эцэст хөрөөчин хийж ажилладаг юм. Тэгээд гэртээ модгүй болчихоод хорооллын эцэс дээр гишүү, мод худалдан борлуулдаг зүс таних А гэдэг хүнд мод хэрэг байна гайгүй хямдхан мод ачиж ирвэл би авна шүү гэж хэлж байсан. Тэгээд 2023 оны 10 дугаар сарын 05-ны өглөө хорооллын эцэс дээр зогсож байхад мод захисан А мод байна авах юм уу гэхээр нь тэгье гээд худалдан авахаар тохиролдоод гэртээ буулгуулахаар Дэнж баг руу явж байхад цагдаа зогсоож шалгасан юм. Тухайн үед А бичиг баримттай л явж байгаа гэж бодсон чинь бичиг баримтгүй явсан юм билээ. Би урьд өмнө нь мод худалдан авч байгаагүй. А өнгөрсөн хавраас л хорооллын эцэс дээр гишүү, мод худалдан борлуулах болсон юм” гэх мэдүүлэг. /хх-ийн 39-р тал/
6. Орхон аймгийн Сум дундын Ойн ангийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 09 дугаартай “2.6 м3 модны экологи эдийн засгийн үнэлгээг 437 154 төгрөгөөр тогтоов” гэсэн хохирлын үнэлгээ. /хх-ийн 45-46-р тал/,
7. “Ашид билгүүн” ХХК-ий шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн ОРА-1001572 дугаартай “****улсын дугаартай Бонго пронтер маркийн тээврийн хэрэгсэл 4.000 000 төгрөг, бензин хөдөлгүүртэй цахилгаан хөрөө 1 ширхэг 60,000 төгрөг” гэсэн эд зүйлийн үнэлгээ. /хх-ийн 52-60-р тал/
8. Яллагдагч С.А-н “Надад сонсгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрч байна. 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Булган аймгийн Бугат сумын 3 дугаар багийн нутаг дэвсэрт байрлах Царам гэх газраас зөвшөөрөлгүйгээр унасан гэх модыг бэлтгэн Орхон аймагт өөрийнхөө **** улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж яваад цагдаад баригдаж цагдаагийн газарт ирсэн. Би зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн нь үнэн. Зөвшөөрөл авах гэсэн боловч Орхон аймагт зөвшөөрөл өгөх дургүй, Булган аймгаас авах гэхээр газар нутаг нь холдоод байдаг. Би мод бэлтгэхдээ ганцаараа явсан. Мод бэлтгэхдээ өөрийнхөө эзэмшлийн цахилгаан хөрөөгөөр хөрөөдсөн” гэх мэдүүлэг. /хх-ийн 70-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын санал дүгнэлт:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Г.А дүгнэлтдээ “Шүүгдэгч С.А 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Булган аймгийн Бугат сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Царам гэх газраас хууль бусаар ойд 2.6 метр3 шинэс модыг зөвшөөрөлгүй бэлтгэж байгаль орчинд 437 154 төгрөгийн хохирол учруулсан, мөн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр үргэлжилсэн үйлдлээр хууль бусаар бэлтгэсэн 2.6 метр3 хуурай шинэс модыг **** улсын дугаартай Бонго пронтер маркийн ачааны машинд ачиж Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн нутаг дэвсгэр хүртэл тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, хохирогч, гэрчийн мэдүүлэг, эд зүйл, модыг үнэлсэн шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч С.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2000 нэгжтэй тэнцэх хэмжээгээгээр буюу 2 000 000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хугаагдсан 2.6 метр,куб хуурай шинэс мод, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл болон цахилгаан хөрөөг улсын орлого болгох нь зүйтэй. Гэмт хэргийн улмаас учирсан 437 154 төгрөгийн хохирлыг байгаль орчны тухай хуульд зааснаар 3 нугалан 1 311 462 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан байгаль орчны санд олгох нь зүйтэй” гэв.
Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
1. Хэргийн үйл баримт, шүүгдэгч нарын гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, тээврийн хэрэгсэл болон хугаагдсан модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, иргэний нэхэмжлэгч П.М “Ямар ч байсан буруутай этгээдээр ойн санд учруулсан хохирлыг төлүүлэх хүсэлтэй байна” гэх мэдүүлэг, гэрч Б.Б “Хятад цахилгаан хөрөө, савтай бензин хоёр байсан. Мөн кабин дотор нь модны үйс байсан” гэх мэдүүлэг, гэрч Г.А мод байна авах юм уу гэхээр нь тэгье гээд худалдан авахаар тохиролдоод гэртээ буулгуулахаар Дэнж баг руу явж байхад цагдаа зогсоож шалгасан” гэх мэдүүлэг, Орхон аймгийн Сум дундын Ойн ангийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 09 дугаартай хохирлын үнэлгээ, “Ашид билгүүн” ХХК-ий шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн ОРА-1001572 дугаартай эд зүйлийн үнэлгээ, яллагдагч С.А “Би мод бэлтгэхдээ ганцаараа явсан. Мод бэлтгэхдээ өөрийнхөө эзэмшлийн цахилгаан хөрөөгөөр хөрөөдсөн” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч С.А нь 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Булган аймгийн Бугат сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Царам гэх газраас хууль бусаар ойд 2.6 метр3 шинэс модыг зөвшөөрөлгүй бэлтгэж байгаль орчинд 437 154 төгрөгийн хохирол учруулсан, уг модыг 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр **** улсын дугаартай Бонго пронтер маркийн ачааны машинд ачиж Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн нутаг дэвсгэр хүртэл тээвэрлэсэн үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч С.А нь зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар ойд мод бэлтгэх гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.А-г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул эрүүгийн хариуцага хүлээлгэх үндэслэлтэй.
Гэмт хэргийн улмаас ойн санд 437 154 төгрөгийн хохирол учирсан бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Байгаль орчиныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар шүүгдэгч С.А-с 1 311 462 төгрөг гаргуулан Байгаль орчин уур амьсгалын санд олгох нь зүйтэй.
2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт хураан авч битүүмжилсэн 2,6 м3 55 ширхэг шинэс мод, ****** арлын дугаартай **** улсын дугаартай KIA бонго фронтер W3 маркын авто машиныг улсын орлого болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хурааагдсан 1 ширхэг цахилгаан хөрөөг устгахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш овгийн С.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.А-г 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2 000 000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт хураан авч битүүмжилсэн 2,6 метр.куб, 55 ширхэг шинэс мод,***** арлын дугаартай **** улсын дугаартай KIA бонго фронтер W3 маркын авто машиныг улсын орлого болгож хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.А-т оногдуулсан 2 000 000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлэхгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.А-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг цахилгаан хөрөөг шийтгэх тогтоол хүчин төгөлдөх болмогц устгасугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасгаар шүүгдэгч С.А-аас 1 311 462 төгрөг гаргуулан Байгаль орчин уур амьсгалын санд олгосугай.
8. Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.А