| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2023/0443/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/42 |
| Огноо | 2024-01-26 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Т.Төгөлдөр |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 26 өдөр
Дугаар 2024/ШЦТ/42
2024 01 26 2024/ШЦТ/42
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх ийн шүүх хуралдааныг шүүгч Ц.А даргалж
Нарийн бичгийн дарга Д.У
Улсын яллагч Т.Т
Хохирогч Г.Э
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Т, А.Т
Шүүгдэгч Т.Б, Д.У, С.Г нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Б, Д.У, С.Г нарт холбогдох эрүүгийн 2325000000521 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт.
1. Г овгийн Т.Б, Монгол Улсын иргэн,
2. Б овгийн Д.У, Монгол Улсын иргэн,
3. Х овгийн С.Г, Монгол Улсын иргэн,
Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч Т.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 09 дүгээр сарын 26-27-нд шилжих шөнийн 00 цаг 05 минутын орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын ,багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” баарны гадна талд хохирогч Д.У болон С.Г нартай үл ялих шалтгаанаар маргалдаж, улмаар хоёр хүний буюу хохирогч Д.У-н нүүрэн тус газарт нь удаа дараа цохиж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, таславчийн муруйлт, дээд уруулд шарх, доод уруулд цус хуралт, зулгаралт, 1 шүдний сулрал, зүүн чамархайд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, хохирогч Г.Э нь зодооныг салгахаар ирэхэд нь “тэр хоёр залуутай цуг явж байсан” гэсэн шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, таславчийн муруйлт, зүүн нүдний дээд зовхинд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Д.У нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ С.Г үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэн 2023 оны 09 дүгээр сарын 26-аас 27-нд шилжих шөнийн 00 цаг 05 минутын орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын ,багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “****” баарны гадна талд хохирогч Т.Б үл ялих шалтгаанаар маргалдаж, улмаар хохирогчийн нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь эрүүний ясны хуучин хугарлын бороололт салалт, баруун нүдний зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
С.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Д.У үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэн 2023 оны 09 дүгээр сарын 26-аас 27-нд шилжих шөнийн 00 цаг 05 минутын орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын , багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” баарны гадна талд хохирогч Т.Б үл ялих шалтгаанаар маргалдаж, улмаар хохирогчийн нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь эрүүний ясны хуучин хугарлын бороололт салалт, баруун нүдний зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Т.Б-г хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Д.У-, С.Г-нарыг бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Б мэдүүлэхдээ “Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Г мэдүүлэхдээ “Хэлэх зүйлгүй” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.У мэдүүлэхдээ “Хэлэх зүйлгүй” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч Г.Э мэдүүлэхдээ “гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэв.
Хохирогч Д.У мэдүүлэхдээ “гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэв.
Хохирогч Т.Б мэдүүлэхдээ “согтууруулах ундаа хэрэглэсэн байсан учир С.Г, Д.У нарт зодуулснаас гэмтэл авсан эсэхээ сайн мэдэхгүй байна. Унахдаа гэмтэл авсан байх гэж бодож байна. Гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл. /хх-ийн 7-12-р тал/
2. Хохирогч Г.Э-ны “Би 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 21 цагийн үед найз У, Г нарын хамт бааранд орсон юм. Бид 3 бааранд орохдоо 2 шил архийг хувааж уучихсан байсан бөгөөд бааранд ороод 1 шил архийг хувааж уусан юм. Тэгээд бид 3 баарнаас 23 цаг өнгөрч байхад гарсан бөгөөд У, Г нар нь түрүүлж гарсан. Би араас нь гарсан юм. Бид 3 баарны дотор байдаг биллиардад байж байгаад гарсан. Намайг гадаа гарахад У, Г нар луу танихгүй 4 залуу нь дайраад зогсож байсан. Би тэгэхээр нь салгасан. Тэгтэл Г-г Унь ц ааш авч явсан. Савхитай явсан залуу нь надад хандан чи тэр 2 залуутай цуг явсан гээд шууд намайг гараараа зодож эхэлсэн. Мөн намайг хувцаснаас маань татаж газар унагаасан юм. Тэгээд үргэлжлүүлж дээрээс өшиглөсөн. Би түүнд хандан би буруугүй шүү дээ гэхэд чи хамт явж байсан биз дээ гээд байсан. Би тэгээд хүн аллаа болиоч гэж нэлээн хэдэн удаа хашхирсан. Тэгтэл цэнхэр хантаазтай залуу нь намайг зодож байсан залууг надаас салгасан. Тэгэхээр нь би зугтааж МТ колонкын хүний утсаар цагдаад дуудлага өгсөн. Тухайн үед миний өмдний халаасанд байсан гар утсыг намайг зодож байсан залуу авчихсан байсан. Тэгээд би эхнэрийгээ дуудаж өөрийнхөө дугаар руу залгахад тэдгээр залуус нэг цэгийн үйлчилгээний гадаа байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би тухайн газарт эхнэрийнхээ хамт очсон. Тэгээд би гар утсаа намайг зодсон залуугаас авч бүгдээрээ цагдаа руу явсан. Цагдаа дээр ирсний дараа араас У, Г нар ирсэн. Ийм л үйл явдал болсон. Намайг хар савхитай явсан Б гэх залуу л зодсон бөгөөд харин газарт доошоо хараад хэвтэж байхад өөр хүн цохисон эсэхийг мэдээгүй. Г, У нарыг хэн нэгэн нь цохьсон эсэхийг би нүдээр хараагүй болохоор мэдэхгүй байна. Би хэнд ч гар хүрээгүй бөгөөд Г, У нарыг хэн нэгнийг цохьсон эсэхийг хараагүй ээ. Би тухайн үед согтуу байсан мөн цаг хугацаа өнгөрсөн учраас би яг анх яагаад тэдгээр хүмүүстэй маргалдсан талаар санахгүй байна. Ямар ч байсан хар савхитай Б гэх залуу надаас чи надтай бааран дотор маргалдаа биз дээ, танай 2 найз чинь хаана байна гээд л намайг зодож эхэлсэн. Энэ үед Г, У нар байхгүй байсан. Мөн тухайн үед Б нь өөрөөсөө гадна цэнхэр хантаазтай нэг хүний хамт хоёулаа байсан. Өөр хүн байгаагүй. Намайг Б л зодсон бөгөөд би хэнд ч гар хүрээгүй юм. Бүүр сүүлд нэг залуу нэмэгдэж ирсэн юм” гэх мэдүүлэг. /хх-ийн 20, 22, 24-р тал/
3. Хохирогч Д.У-н “Би 2023 оны 09 дүгээр 26-ны өдрийн 21 цаг өнгөрч байхад найз Ц, Н, А, Г, Э нарын хамт **** биллиардад орж тоглосон. Тэгээд 23 цагийн үед Ц, Н, А нар нь түрүүлээд явчихсан. Тухайн үед биллиард ажиллуулдаг найз З маань хамт байсан бөгөөд би дөрөв барагцаагаар 23 цаг 30 минутын үед гарсан юм. Тэгээд З шууд гэр лүүгээ явж, Г, Э бид 3 такси барих гээд захын тийшээ явсан. Ингээд баарны баруун талын хаалганы орчимд явж байтал Г-г нэг танихгүй залуу бариад авчихсан хоорондоо маргалдаж байсан. Би тухайн Г, Э нарын ард зайтай явж байсан. Тэгээд би гүйж очоод Г руу дайраад байсан залууг авч салгасан. Салгах явцад Г руу дайрч байсан залуу нь миний нүүр лүү гараараа олон удаа цохьсон. Тухайн үед миний ам, хамраас цус гарсан бөгөөд би Г-г аваад зугтаасан. Тэр үед Э нь Г руу дайраад байсан залуутай хамт явсан 2 залууг салгаад үлдсэн. Тэр залуу нь бас зодолдох гээд байсан. Ингээд би Г-г авч захын зүүн талын нэг шаттай худалдааны төвийн шатны хажууд нуугдаад байж байтал Э нь бид нарын хажуугаар жаахан зайтай захын урдуур баруун тийш чиглэлтэй гүйсэн юм. Э-ны араас нөгөө залуус хэсэг хөөж байгаад зогссон. Тухайн үед Г маргалдсан залуу нь өөрөөсөө гадна 2 залуу, нэг хүүхний хамт машинтай явсан юм. Тэр хүүхэн нь тухайн машины арын хаалгыг нээчихсэн зогсож байсан юм. Би одоо царайг нь харвал танина. Одоо дүрсэлж хэлж мэдэхгүй байна. ГЩ анх маргалдсан залуу л миний нүүр лүү гараараа олон удаа цохьсон юм. Намайг цохьсон залууг ямар хувцастай явсныг ч би анзаараагүй болохоор мэдэхгүй байна. Би хэнд ч гар хүрээгүй бөгөөд Г, У нарыг хэн нэгнийг цохьсон эсэхийг хараагүй. Г нөгөө талын хар савхитай залуу буюу Б, мөн цэнхэр хантаазтай залуу нартай маргалдаад зогсож байсан бөгөөд Б нь Г руу дайраад нөгөө цэнхэр хантаазтай нь салгах маягтай байсан. Би тухайн үед Г-н хойно барагцаагаар 4-5 метрийн зайтай явсан бөгөөд эхлэлийг нь харж чадаагүй. Би очоод салгатал үгийн зөрүүгүй Б нь та нар яг яах юм бэ гээд миний нүүр лүү гараараа хэд хэдэн удаа цохьсон. Тэгэхээр нь би та нарыг салгаад байна шүү дээ, яагаад намайг зодож байгаа юм бэ гэж хэлсэн. Тэгээд би цэнхэр хантаазтай хүнд хандан энэ хүнээ аваач ээ гэхэд тэрээр Б-г цааш авсан. Тэгэхээр нь би Г-г авч тухайн газраас холдож явсан. Тухайн үйл явдал эхлэхэд Э бид 2 хамт явсан бөгөөд тэрээр ямар ч байсан болиоч ээ гэж хэлж байгаа нь сонсогдож байсан. Яг намайг тэдгээрийн дундуур орж салгах үед Э харагдаагүй бөгөөд түүний дуу гарч байсан юм. Одоо сайн санаад байхад Б, цэнхэр хантаазтай хүн хоёроос өөр эрэгтэй хүн тухайн маргааны үеэр харагдаагүй бөгөөд нэг хүүхэн л машины хаалга онгойлгочихсон харагдсан. Тэр хүүхний хувцас хунар, биеийн дүр төрхийг мэдэхгүй байна. Ямар ч байсан машинд суух гэж байгаа юм уу, буусан юм уу машины хаалга онгойчихсон байсан юм. Г маргалдсан залуу намайг цохьсон болохоор тэр нь Б мөн. Намайг Б-с өөр хүн цохиж зодоогүй. Намайг харахад лав Г нь Б-г цохиж зодоогүй бөгөөд би тэр хоёрыг барьцалдаад заамдалцчихсан байхаар нь салгасан. Э-г хараагүй болохоор мэдэхгүй байна" гэх мэдүүлэг. /хх-ийн 27, 31-р тал/
4. Хохирогч Т.Б-н “Би 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 22 цагийн үед найз Г, Ц, Б нарын хамт ****нэртэй бааранд орсон юм. Бааранд орохдоо бид нар пиво уучихсан байсан бөгөөд бааранд ороод 1 шил архи, хүний нэг нэг пиво авч хувааж уусан. Тэгээд баар хаах цаг болж бид нар баарнаас гарцгаасан бөгөөд найзууд маань түрүүлж гарсан. Харин араас нь би ширээн дээр үлдээсэн юм бий эсэхийг шалгачхаад гарах гээд явсан. Тэгээд би согтолтын улмаас яг юу болсон, яаж баарнаас гарснаа санахгүй байгаа бөгөөд нэг мэдсэн чинь намайг шатан дээр зогсож байхад цагаан хувцастай залуу нь миний нүүр лүү гараараа 1 удаа цохиж байсан. Тэгтэл бас нэг залуу дундуур салгах гэж орсон бөгөөд би тэр залуугийн дээгүүр давуулж намайг цохисон залуугийн шанаа руу гараараа 1 удаа цохьсон. Тэр салгаж байсан залуу нь Э юм. Тэгтэл ахин нэг залуу миний хажуугаас эрүү рүү цохисон бөгөөд тэгэхээр нь би эрүү салчихлаа гэж хашхирсан. Тэгээд тэр 3 зугтаахаар нь би араас нь хөөж Э-г барьж аваад бид 2 шургаж унасан. Тэгээд би Э-г зодсон юм. Энэ үед тэр 3 залуу болон тэгээд би л байсан бөгөөд надтай цуг явсан Ц, Г, Б нар байхгүй, харагдахгүй байсан. Өөр хүн байгаагүй юм. Тэгээд би Э-нд хандан найзыгаа дууд гэтэл тэр залуу би ганцаараа явсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр залуугийн нүүр лүү гараараа 2-3 удаа цохьсон. Тэгээд байж байтал Г ах ганцаараа ирээд намайг салгасан. Тухайн үед бид гурваас өөр хүн байгаагүй юм. Би тэгээд Г ахад хандан энэ залуугийн найзууд руу нь залга гэж хэлээд тэр залуугийн гараас утсыг нь авч Г ахад өгсөн юм. Тэр залуу тэгээд гар утасныхаа кодыг хэлэхгүй, хамт явсан хүмүүсийнхээ дугаарыг хэлэхгүй болохоор нь би түүнд хандан би гар утсыг чинь авч явлаа, эргээд 2 найзыгаа авчхаад утас руугаа залгаарай, эсвэл цагдаа дээр уулзъя гэж хэлсэн. Тэгээд Э нь баарны гаднаас явсан бөгөөд энэ үед такситай Б ирчихсэн байсан. Тэгээд Ц руу залгаж түүнтэй 7-р микрт уулзсан. Ингээд бид нар камерын төвийн гадаа очоод байж байтал тэр залуугийн утас дуугарч Г ах авч яриад, энд хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд тэр залуу эхнэрийнхээ хамт 2-уулаа ирсэн юм. Удалгүй араас нь 2 залуу ирээд бид 2 хамт явсан ах нь байна гээд ирсэн. Энэ үед цагдаа ирчихсэн байсан юм. Ийм л үйл явдал болсон. Би тухайн үед яг хаана маргалдсанаа санахгүй байна, гэхдээ нэг гэрэлтэй газрын шатан дээр л маргаан болсон юм. Намайг эхлээд бичлэгт гарч буй цагаан судалтай куртиктэй залуу нь миний нүд рүү гараараа 1 удаа цохьсон юм. Тэгэхээр нь би зөрүүлээд тэр залуугийн шанаа руу гараараа 1 удаа цохьсон. Тэгтэл хажуугаас бас арай өндөр залуу нь миний эрүү рүү гараараа 1 удаа цохьсон. Тэгэхээр нь би эрүү салчихлаа гэтэл тэр 3 залуу зугтаасан юм. Тэгэхээр нь би араас нь хөөж нэгийг нь барьж аваад цохьсон. Миний биед учирсан эрүүний ясны хуучин хугарлын бороололт салалт гэмтлийг арай өндөр залуу нь буюу У гэгч нь миний эрүү рүү цохихдоо учруулсан. Баруун нүдний зовхинд цус хуралт гэмтлийг цагаан судалтай куртиктэй залуу буюу Г гэгч нь гараараа 1 удаа цохиж учруулсан. Харин баруун гарын сарвуунд зулгаралт, зүүн гарын 1-р хурууны зөөлөн эдийн няцрал зэрэг гэмтлийг би Э-г татахад бид 2 цуг газарт унасан бөгөөд тэгэхдээ тухайн гэмтлүүдийг авсан юм. Намайг анх цохьсон залуу нь цагаан өнгийн хувцастай харагдсан бөгөөд одоо бичлэгийг үзэхэд цагаан өнгийн судалтай куртиктэй байсан юм байна. Би шинжээч эмч С.Э-н 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 844 дугаартай дүгнэлттэй танилцсан бөгөөд Г.Э биед учирсан хамар ясны хугарал, таславчийн муруйлт, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, доод зовхинд зулгаралт зэрэг гэмтлүүдийг би гараараа цохиж учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Би шинжээч эмч Э.Б-н 2023 оны 09 дүгээр сарын 28-ны 845 дугаартай дүгнэлттэй танилцсан бөгөөд би бодохдоо цагаан судалтай куртиктэй Г-г л цохисон юм. Харин У-г би цохиогүй байх гэж санаад байна. Би согтуу байсан учир хооронд нь солиод байж магадгүй ээ. Тухайн үйл явдал яг хаана болсон юунаас болж маргалдсанаа би согтолтын улмаас мэдэхгүй байна” гэх мэдүүлэг. /хх-ийн 34-35-р тал/
5. Гэрч Ч.Г-н “Би 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн барагцаагаар 22-23 цагийн үед цуг ажилладаг Б, Ц, Б нарын хамт бааранд орсон. Бааранд орохоосоо өмнө бид нар 1 шил архи, 1 шил виски, 1 том пиво уучихсан байсан бөгөөд бааранд ороод шилтэй пиво авч уусан юм. Бааранд архи авсан эсэхээ санахгүй байна. Тэгээд баар хаах дөхөж байсан бөгөөд Ц, Б нар нь такси олж ирнэ гээд түрүүлээд баарнаас гарсан юм. Би араас нь удалгүй ганцаараа гадагшаа гарсан юм. Тэгээд гадаа байж байтал баарнаас нэг хүн гарч ирээд гүйсэн бөгөөд араас нь Б хөөж барьж авсан. Тэгээд Б тэр залуутай ноцолдоод газар унагаачихсан, дээр нь гараад суусан юм. Би очоод Б болиоч, юу болсон юм бэ гэтэл энэ залуутай явсан 2 залуу намайг цохисон гэж хэлсэн. Тэгээд Б нь тэр залууд хандан хамт явсан хүмүүсээ дууд гээд байсан. Тэгж тэгж Б нь надад нэг гар утас өгөөд та энэ утсыг барьж бай, чи харин хамт явсан хүмүүстэйгээ ирээд энэ утсаа аваарай гэж хэлсэн. Тэгээд нэг мэдсэн чинь бид нар цагдаа дээр ирчихсэн байсан бөгөөд би тухайн үед согтуу байсан юм. Бид гурав л байсан. Ц, Б нар байхгүй байсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 45-р тал/
6. Гэрч Б.Ц-н "Би 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн барагцаагаар 22 цагийн үед Г, Б, Б нарын хамт бааранд орсон юм. Бааранд орохоосоо өмнө бид нар 0,5 литрийн 1 шил архийг хувааж уучихсан байсан юм. Бааранд ороод 1 шил архи, хүний нэг нэг пиво авч уусан юм. Баар хаах болж бид 4 баарнаас хамт гарсан бөгөөд би таньдаг хүнтэйгээ таарч түрүүлээд явчихсан юм. Харин тэр 3 баарны үүдэнд үлдсэн. Би таньдаг эмэгтэйн хамт баарны гаднаас цугтаа урагшаа явж төв зам хүртэл яваад тэгээд баруун тийш МТ колонк хүртэл явсан. Тэгтэл над руу Б залгаж би хүнд зодуулчихлаа, гар утсыг нь аваад үлдчихлээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би такси бариад Г-н гэр лүү явсан бөгөөд намайг очиход тэд нар ирчихсэн байсан юм. Тэр 3 такситай ирчихсэн байсан бөгөөд Б-н нүд нь хөхөрчихсөн байсан, Б тэгээд энэ гар утас нь гээд нэг гар утсыг харуулж байсан. Удалгүй тэр дугаар луу нэг эмэгтэй залгаж, би эхнэр нь байна нөхрийнхөө утсыг авъя, уулзъя гэж хэлсэн. Тэгээд бид нар Хүүхэлдэйн театрын ард уулзахад нэг залуу нь эхнэртэйгээ ирсэн бөгөөд тэр залуугийн нүд нь хөхрөөд 2-3 газраа шалбарчихсан байсан. Тэгтэл араас нь 2 залуу бас ирсэн бөгөөд мөн цагдаа ирчихсэн байсан. Тэр 2 тэгээд рүү дайраад нэг нь Б-г гараараа 1 удаа цохисон юм. Ер нь бид нар бүгдээрээ халамцуу, зарим нь согтуу байсан юм, би тэр маргалдсан 3 залуутай огт таараагүй юм. Тийм бараан өнгийн цулгүй хувцастай нэг залуугийн доод уруул хэсэг нь шалбарчихсан байсан бөгөөд тэр залуу нь Б хандан чи намайг зодсон гээд байсан. Тэгээд Б зодуулсан залуу болон Г нарыг салгасан, мэдэж байгаа гээд байсан юм. Тэр залуу цагдаа дээр ирчхээд тэгж хэлсэн бөгөөд надад хандан чи бол байгаагүй шүү дээ гээд байсан юм” гэх мэдүүлэг. /хх-ийн 47, 49, 51-р тал/
7. Гэрч Л.Б “Би яг огноог нь санахгүй байна. Тухайн өдрийн барагцаагаар 22 цаг өнгөрч байхад би хамт ажилладаг Г, Б, Ц нарын хамт бааранд орсон юм. Бааранд орохоосоо өмнө бид нар 1 шил виски уусан бөгөөд бааранд ороод 1 шил архи, нэг нэг пивыг хувааж уусан байсан юм. Тэгээд бид нар баар хаах үеэр гарсан бөгөөд би түрүүлээд бааранд зөөгч хийдэг хамаатны эгчийг дагаад Баян худалдааны төв рүү алхаж явсан юм. Тэгээд би Баян худалдааны төвийн хажуугаас ганцаараа такси барьчхаад Г руу залгатал баарны хажууд нэг нөхөр Б зодлоо гэж хэлсэн. Тэгэхээр нь би такситайгаа ***руу очтол нэг танихгүй залуу төв зам руу гүйж байсан, харин Г, Б нар нь баарны гадаа зогсож байсан. Ингээд бид 3 такситайгаа явж 7-р микрийн урдаас Ц-г очиж авсан. Тэгээд бид 4 камер шүүх гээд Хүүхэлдэйн театрын тийшээ очсон. Ингээд камер шүүдэг хүнийг хүлээгээд байж байтал зодоон хийсэн гэх нэг залуу нь нэг эмэгтэйн хамт ирсэн. Араас нь бас 2 залуу ирсэн юм. Тэгээд маргалдсан бөгөөд нэг залуу нь миний хацар луу хальт 1 удаа гараараа цохисон юм. Тэгээд бид нар цагдаа дээр ирсэн юм. Тухайн үед эхнэртэйгээ ирсэн залуугийн нүд нь хөхөрчихсөн байсан, мөн Б-н нүд хөхрөөд гар нь шалбарчихсан байсан юм. Би маргаан зодоон болох үеэр байгаагүй юм. Тухайн үед би саарал өнгийн малгайтай цамц, цэнхэр өнгийн жинсэн өмд, хар гутал, хар өнгийн саравчтай малгай, хар өнгийн хантаазтай явсан. Бусад маань ямар хувцастай явсныг санахгүй байна. Би халамцуу бусад маань ямар байсныг мэдэхгүй байна. Тухайн үед би баарнаас гарахаасаа өмнө гадаа зогсож байсан цэнхэр өнгийн Приус 30 машин дээр очоод таксинд явах уу гэтэл явахгүй гэхээр нь би буцаад баар луу орсон юм. Би баарнаас гараад Худалдааны гудамжаар яваад Баян руу очсон бөгөөд баарнаас баруун урагшаа яваагүй юм” гэх мэдүүлэг. /хх-ийн 53-р тал/
8. Гэрч Б.Ө-н “Би өдөр бүр 20 цагаас шөнийн 00 цагийн хооронд Богд гол бааранд ганцаараа хамгаалагчаар ажилладаг юм. 2023 оны 09 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө баар хаах болж байхад нэг эмэгтэй ганцаараа бааранд орж ирээд тасарчихсан юм. Тэгэхээр нь би түүнийг хамгаалагч Н хамт гадаа гаргаж өгсөн. Тэгтэл нэг залуу ирээд .манай ахын эхнэр байгаа юм аа гээд тэр эмэгтэйг цааш авч явсан юм. Тухайн үед хөдөлгөөнтөөр үүрэг гүйцэтгэж байсан хамгаалагч Н, Т нар ирчихсэн байсан юм. Ингээд баар хааж бүх хүмүүсээ гаргасан бөгөөд баарнаас сүүлд гарсан 4 залуу нь баарнаас урагшаа Ачит төвийн орчимд хоорондоо маргалдаад байх шиг чанга чанга дуугараад байсан. Тэгэхээр нь би хэсэг харж байгаад машиндаа суугаад хөдөлсөн. Би тухайн үед өөрийнхөө Тоёота Приус-30 машинтайгаа явсан юм. Яг намайг хөдөлж байх үед нэг залуу зугтаагаад араас нь 2 залуу хөөгөөд байсан бөгөөд би бодохдоо сүүлд гарсан 4 залуу л хоорондоо муудалцаж байна гэж бодсон юм. Тухайн үед бааран дотор болон баарны гадаа өөрөөр ямар нэг зодоон болоогүй юм. Би болон бусад хамгаалагч нар маань ажлын шаргал саарал өнгийн доогуураа цагаан цацруулагчтай өмд, цамц, гадуураа чернилэн ягаан өнгийн куртиктэй байсан. Намайг явахаас өмнө баарны гадаа болон баарны баруун урагшаа илт зодоон цохион болж байгаа зүйл мэдэгдээгүй, чанга чанга орилолдоод яриад байсан юм” гэх мэдүүлэг. /хх-ийн 55-р тал/
9. Гэрч Д.Л-н “Тийм ээ, Б бид хоёр баарны гаднаас хамт алхаж Баянгийн гадаа очоод би Дэнжийн унаанд суусан юм ямар ч байсан манай бааранд 4-үүлээ орж ирсэн бөгөөд би Б цуг яваад нөгөө 3 нь хаана байсныг мэдэхгүй байна. Би танихгүй ээ, нэг эмэгтэй ганцаараа бааранд орж ирээд юм авахгүй суусан юм. Анх бааранд орж ирэхдээ л согтуу, ганцаараа ирсэн” гэх мэдүүлэг. /хх-ийн 57-58-р тал/
10. Гэрч А.Ж-н “Би 2023 оны 09 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө жижүүрт 24 цагаар үүрэг гүйцэтгэж байсан юм. Тэгтэл шөнө дунд Богд гол баарны гадаа зодуулсан, гар утсаа дээрэмдүүлсэн гэсэн дуудлага ирж дуудлагын би түрүүлж аймгийн Камерын хяналтын төв дээр очсон юм. Тэгэхэд зүс үл таних 7 залуу, 1 эмэгтэй нар байсан бөгөөд зарим нь камер шүүлгэж, бусад нь гадаа байсан юм. Тэгэхэд эхнэртэйгээ явсан залуу нь бусдад зодуулсан гээд байж байсан. Мөн тэр залуутай цуг явсан гэх 2 махлаг залуу нь нөгөө талынхаа Т.Б гэх залуу руу заагаад энэ залуу манай найзыг зодсон гэж ярьж байсан юм. Тэгээд гадаа хоорондоо маргалдаад байсан бөгөөд Д.У гэгч нь Б цуг явсан нэг залууг цохиод байсан бөгөөд би яг хаана нь хэдэн удаа цохисныг анзаараагүй болохоор мэдэхгүй байна. Намайг очсоноос хойш өөр ямар нэг асуудал болоогүй ээ. Тухайн үед эхнэртэйгээ явсан залуу буюу Г.Э мөн Т.Б нарын нүүр нь цус болчихсон байсан санагдаж байна. Бусад нь зүгээр байсан юм. Тухайн үед Б нь ярихдаа "нэг залууд цохиулаад тэгээд түүнтэй хамт явсан залууг барьж аваад цохисон, гар утсыг нь барьцаанд авсан гэж Э-г зааж яриад байсан юм. Тэгээд Э нь Б-д цохиулсан гэж ярьж байсан. Мөн Э цуг явсан 2 махлаг залуу нь Б Э-г зодсон гээд дайраад байсан. Өөрөөр хэн нэгэн нь энэнд зодууллаа гэдэг яриа гаргаж байгаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 60-р тал/
11. Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 844 дугаартай “Г.Э биед хамар ясны хугарал, таславчийн муруйлт, зүүн нүдний дээд зовхинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт. /хх-ийн 63-64-р тал/
12. Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 845 дугаартай “Д.У-н биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, дээд уруулд шарх, доод уруулд цус хуралт, зулгаралт, 1 шүдний сулрал, зүүн чамархайд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт. /хх-ийн 69-70-р тал/
13. Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 851 дугаартай “Т.Б-н биед эрүүний ясны хуучин хугарлын бороололт салалт, баруун нүдний зовхинд цус хуралт, баруун гарын сарвуунд зулгаралт, зүүн гарын 1 дүгээр хурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт. /хх-ийн 77-78-р тал/
14. Шинжээч С.Э-н “Баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, эрүүний ясны хуучин хугарлын бороололт салалт гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 84-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, өмгөөлөгч нарын санал дүгнэлт:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Т.Т дүгнэлтдээ “Шүүгдэгч Т.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 09 дүгээр сарын 26-27-нд шилжих шөнийн 00 цаг 05 минутын орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын ,багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” баарны гадна талд хохирогч Д.У болон С.Г нартай үл ялих шалтгаанаар маргалдаж, улмаар хоёр хүний буюу хохирогч Д.У-н нүүрэн тус газарт нь удаа дараа цохиж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, таславчийн муруйлт, дээд уруулд шарх, доод уруулд цус хуралт, зулгаралт, 1 шүдний сулрал, зүүн чамархайд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, хохирогч Г.Э нь зодооныг салгахаар ирэхэд нь “тэр хоёр залуутай цуг явж байсан” гэсэн шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, таславчийн муруйлт, зүүн нүдний дээд зовхинд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, Д.У нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ С.Г үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэн 2023 оны 09 дүгээр сарын 26-аас 27-нд шилжих шөнийн 00 цаг 05 минутын орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын ,багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” баарны гадна талд хохирогч Т.Б үл ялих шалтгаанаар маргалдаж, улмаар хохирогчийн нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь эрүүний ясны хуучин хугарлын бороололт салалт, баруун нүдний зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, С.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Д.У үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэн 2023 оны 09 дүгээр сарын 26-аас 27-нд шилжих шөнийн 00 цаг 05 минутын орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын ,багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “****” баарны гадна талд хохирогч Т.Б үл ялих шалтгаанаар маргалдаж, улмаар хохирогчийн нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь эрүүний ясны хуучин хугарлын бороололт салалт, баруун нүдний зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч нарын мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Т дүгнэлтдээ “Хохирогч Т.Б мэдүүлэг болон гэрчүүдийн мэдүүлэг, хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч С.Г, Д.У нар хохирогч Т.Б эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан эсэх нь эргэлзээтэй, яг хаана аль шатан дээр зодоон болсон нь тодорхойгүй байдаг. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Т дүгнэлтдээ “Шүүгдэгч Т.Б хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирлыг барагдуулсан учир торгох ялыг хуульд заасан доод хэмжээгээр оногдуулж өгнө үү” гэв.
Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
1. Хэргийн үйл баримт, шүүгдэгч нарын гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч Г.Э “Савхитай явсан залуу нь надад хандан чи тэр 2 залуутай цуг явсан гээд шууд намайг гараараа зодож эхэлсэн. Мөн намайг хувцаснаас маань татаж газар унагаасан юм. Тэгээд үргэлжлүүлж дээрээс өшиглөсөн” гэх мэдүүлэг, хохирогч Д.У “Салгах явцад Г руу дайрч байсан залуу нь миний нүүр лүү гараараа олон удаа цохьсон юм. Тухайн үед миний ам, хамраас цус гарсан бөгөөд би Г аваад зугтаасан. Тэр үед Э нь Г руу дайраад байсан залуутай хамт явсан 2 залууг салгаад үлдсэн” гэх мэдүүлэг, хохирогч Т.Б “намайг шатан дээр зогсож байхад цагаан хувцастай залуу нь миний нүүр лүү гараараа 1 удаа цохиж байсан. Тэгтэл бас нэг залуу дундуур салгах гэж орсон бөгөөд би тэр залуугийн дээгүүр давуулж намайг цохисон залуугийн шанаа руу гараараа 1 удаа цохисон юм. Тэр салгаж байсан залуу нь Э юм. Тэгтэл ахин нэг залуу миний хажуугаас эрүү рүү цохисон бөгөөд тэгэхээр нь би эрүү салчихлаа гэж хашхирсан. Тэгээд тэр 3 зугтаахаар нь би араас нь хөөж Э барьж аваад бид 2 шургаж унасан. Тэгээд би Э-г зодсон юм” гэх мэдүүлэг, гэрч Ч.Г-н “Би очоод Б-г болиоч, юу болсон юм бэ гэтэл энэ залуутай явсан 2 залуу намайг цохьсон гэж хэлсэн” гэх мэдүүлэг, гэрч Б.Ц-н "Б-н нүд нь хөхөрчихсөн байсан. Б тэгээд энэ гар утас нь гээд нэг гар утсыг харуулж байсан. Хүүхэлдэйн театрын ард уулзахад нэг залуу нь эхнэртэйгээ ирсэн бөгөөд тэр залуугийн нүд нь хөхрөөд 2-3 газраа шалбарчихсан байсан” гэх мэдүүлэг, гэрч Л.Б “Г руу залгатал баарны хажууд нэг нөхөр Б зодлоо гэж хэлсэн. Камер шүүдэг хүнийг хүлээгээд байж байтал зодоон хийсэн гэх нэг залуу нь нэг эмэгтэйн хамт ирсэн. Араас нь бас 2 залуу ирсэн юм. Тэгээд маргалдсан бөгөөд нэг залуу нь миний хацар луу хальт 1 удаа гараараа цохьсон юм” гэх мэдүүлэг, гэрч Б.Ө “намайг хөдөлж байх үед нэг залуу зугтаагаад араас нь 2 залуу хөөгөөд байсан бөгөөд би бодохдоо сүүлд гарсан 4 залуу л хоорондоо муудалцаж байна гэж бодсон юм. Тухайн үед бааран дотор болон баарны гадаа өөрөөр ямар нэг зодоон болоогүй юм” гэх мэдүүлэг, гэрч А.Ж “тэр залуутай цуг явсан гэх 2 махлаг залуу нь нөгөө талынхаа Т.Б гэх залуу руу заагаад энэ залуу манай найзыг зодсон гэж ярьж байсан юм” гэх мэдүүлэг, Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 844 дугаартай дүгнэлт, Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 845 дугаартай дүгнэлт, Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 851 дугаартай дүгнэлт, шинжээч С.Э-н “Баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, эрүүний ясны хуучин хугарлын бороололт салалт гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх мэдүүлэг, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч Т.Б-н мэдүүлсэн “согтууруулах ундаа хэрэглэсэн байсан учир Г, У нарт зодуулснаас гэмтэл авсан эсэхээ сайн мэдэхгүй байна. Унахдаа гэмтэл авсан байх гэж бодож байна” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Т.Б нь 2023 оны 09 дүгээр сарын 26-27-нд шилжих шөнийн 00 цаг 05 минутын орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “****” баарны гадна бусадтай маргалдаж, Д.У-н нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, таславчийн муруйлт, дээд уруулд шарх, доод уруулд цус хуралт, зулгаралт, 1 шүдний сулрал, зүүн чамархайд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан, Г.Э-г цохиж эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, таславчийн муруйлт, зүүн нүдний дээд зовхинд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Харин С.Г Д.У нар нь бүлэглэн Т.Б нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь эрүүний ясны хуучин хугарлын бороололт салалт, баруун нүдний зовхинд цус хуралт, баруун гарын сарвуунд зулгаралт, зүүн гарын 1 дүгээр хурууны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хангалттай тогтоогдохгүй үзлээ.
Мөрдөн байцаалтын ажиллагаанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч Т.Б-н өгсөн мэдүүлгүүд зөрүүтэй, гэрчүүд болон шүүгдэгч С.Г Д.У нарын мэдүүлгээр хохирогч Т.Б-н эрүүл мэндэд учирсан эрүүний ясны хуучин хугарлын бороололт салалт, баруун нүдний зовхинд цус хуралт, баруун гарын сарвуунд зулгаралт, зүүн гарын 1 дүгээр хурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл нь бусдад цохиулах үед үүссэн эсэх, эсхүл унах үед, бусадтай зууралдах үед үүссэн эсэх нь бүрэн тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Т.Б үйлдэл нь хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Д.У, С.Г нар нь бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдохгүй байх тул холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Шүүгдэгч Т.Б үйлдлийн улмаас хохирогч Г.Э эрүүл мэндэд хамар ясны хугарал, таславчийн муруйлт, зүүн нүдний дээд зовхинд зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан, хохирогч Д.У эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, таславчийн муруйлт, дээд уруулд шарх, доод уруулд цус хуралт, зулгаралт, 1 шүдний сулрал, зүүн чамархайд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд Г.Э, Д.У нар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.
Т.Б-н эрүүл мэндэд эрүүний ясны хуучин хугарлын бороололт салалт, баруун нүдний зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.
2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:
Шүүгдэгч Т.Б-д ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа зэргийг харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 1 ширхэг CD хуурцгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.У, С.Г нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгасугай.
2. Шүүгдэгч Г овгийн Т.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Д.У, С.Г нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 1 ширхэг CD хуурцгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.А