Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 2024/ШЦТ/42

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,

Улсын яллагчаар хяналтын прокурор Г.Бат-Оргил (томилолтоор),

Шүүгдэгч А.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Жамъяндоржоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн А.*******д холбогдох 2430000000011 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 19... оны ... дүгээр сарын ...-ны өдөр Сүхбаатар аймгийн Онгон суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт Сүхбаатар аймгийн Онгон сумын .... дүгээр баг .... тоотод оршин суух,

урьд Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 2022/ШЦТ/222 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, А-ын Д

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

Яллагдагч А.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

1. Шүүгдэгч А.******* нь 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ... дүгээр баг ... тоот хохирогч Б.*******тэй тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар гараараа хэд хэдэн удаа цохиж эрүүл мэндэд “тархи доргилт, зүүн хөмсөг, хэлэнд шарх, зүүн нүдний дотор салстад цус хуралт, зүүн дээд, доод, баруун баруун доод зовхинд цус хуралт, зүүн чамархай, хамарт зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

шүүгдэгч А.*******гийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд дээрх үйлдлийг зөвшөөрч мэдүүлсэн “ би ******* эгчийг өмөөрөөд *******д “та эгчийг битгий доромжлоод бай” гэж хэлэхэд ******* миний нүүр лүү гараараа 2 удаа цохисон. Миний биед гэмтэл бэртэл учруулахаар бол цохиогүй. Тэгээд би зөрүүлээд *******гийн нүүр, толгой хэсэгт нь 2-3 удаа цохиход ******* газар унасан. Би *******г унахаар нь цохих гээд дайрахад *******а бид хоёрын дундуур ороод салгасан” гэх (хх 41-43 дугаар хуудас),

 хохирогч Б.*******гийн “...Тухайн өдөр гэр лүүгээ 15 цагийн үед ороход манай эхнэр *******, дүү ******* хамт танихгүй 3 залуутай архи уугаад сууж байсан. Би тэр 3 залууд “та нар юун хүмүүс вэ? айл эзгүйчлээд” гэж хэлсэн. Эхнэр ******* нь тэр 3 залуугийн 1 залууг нь “манай хамаатны хүн” гэж хэлсэн. Би эхнэртээ “чи яагаад намайг байхгүй байхад танихгүй хүн цуглаагаад байгаа юм” гэж хэлээд эхнэртэйгээ маргасан. Намайг гутлаа өмсөх гээд орон дээрээ суугаад доошоо тонгойход хамаатан гээд байгаа залуу нь миний нүүр лүү 1 удаа өшиглөөд, намайг дээшээ өндийхөд буцаад миний нүүр лүү 2-3 удаа өшиглөсөн. Тухайн үед миний амнаас их цус гарч зүүн талын хөмсөгний дээд тал сэтэрсэн. Мөн хэл сэтэрсэн. Тэгээд нөгөө 3 залуу манай гэрээс гараад явсан. Дараа нь би эмнэлэг дуудсан.

...Миний хэл сэтэрсэн 4 оёо тавиулсан. Зүүн хөмсөгний дээд тал сэтэрсэн 3 оёо тавиулсан. Зүүн нүдний дээд доод зовхи хөхөрч хавдсан. Доод үүдэн 2 шүд хөдөлсөн. Шүүх эмнэлэгт үзүүлнэ...” гэх (хх 6-8 дугаар хуудас),

гэрч  Э.*******ын “...******* эгчийн нөхөр ******* гэх хүн гаднаас орж ирээд эхнэр *******ийг “гэртээ архичин цуглаалаа” гээд хэл амаар доромжлоод дайраад байсан. Тэр үед ******* нь *******г “та зүгээр байгаарай, эгч битгий дээрэлхээд бай” гэж хэлсэн. ******* нь *******гийн хацар луу  гараараа 2 удаа цохиход ******* зөрүүлээд *******гийн нүүр лүү нь гараараа хэд хэдэн удаа цохисон. Тэр үед ******* арагшаа унасан. Тэгэхээр нь би *******г *******гээс холдуулаад салгасан. Тэгээд ******* “би цагдаа дуудлаа” гээд гэрээсээ гараад яваад өгсөн.Тухайн үед *******ий зүүн хөмсөгний дээд талд язарсан цус гарсан байсан. Мөн хэл нь сэтэрсэн цус гарч байсан. Зүүн нүдний дээд доод зовхи нь хавдсан. Өөр гэмтэл харагдаагүй.” гэх (хх 17-18 дугаар хуудас) мэдүүлгүүд,

Сүхбаатар аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 12 дугаартай “1. Б.*******ий биед тархи доргилт, зүүн хөмсөг, хэлэнд шарх. зүүн нүдний дотор салстад цус хуралт, зүүн дээд, доод, баруун доод зовхинд цус хуралт, зүүн чамархай, хамарт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.” гэх шинжээчийн дүгнэлт (хх 27-28 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудаар хэрэгт нотлогдон, тогтоогдож байна.

2. Яллах дүгнэлтэд тусгагдсан, талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй гэж шүүх үзсэн болно.

3. Энэ хэрэгт мөрдөгчөөс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ” гэх зохицуулалтын дагуу тогтоол гарган хохирогч Б.*******гийн биед учирсан гэмтлийг тогтоолгохоор шинжээч томилж дүгнэлт гаргуулсан бөгөөд 12 дугаартай шинжээчийн дүгнэлтээр түүнд биед учирсан гэмтлийг хөнгөн зэргийн гэмтлээр тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй хийгээд энэ шинжээчийн дүгнэлтийн талаар оролцогчдоос гомдол гараагүй, хүлээн зөвшөөрсөн байна.

Тодруулбал, Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Гэмтлийн зэрэг тогтоох журмын Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд: 2.4.1 дэх хэсэгт “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан”, 2.4.2 дахь хэсэгт “ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10хувь/ тогтонги алдагдсан”...байдал хамаарахаар тогтоосон ба хохирогч Б.*******гийн биед учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан шинжээрээ хөнгөн гэмтэлд хамаарч байгааг дурдъя.

4. Прокуророос шүүгдэгч А.*******гийн хохирогч Б.*******гийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээдийн зүгээс гэм буруугийн шууд болон шууд бус санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлээр илрэх бөгөөд хохирол, хор уршиг учирсан нь уг үйлдэлтэй холбоотой, шалтгаалсан байна.

Хэргийн баримтаар, шүүгдэгч А.******* нь хохирогч Б.*******гийн эхнэр *******ийгээ “гэртээ архичин цуглаалаа” гээд хэл амаар доромжилсон үйлдлийн улмаас түүнтэй маргаан үүсгэн, улмаар харилцан зодолдож Б.*******гийн нүүрэн хэсэгт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь хөдөлбөргүй нотлогдсон хийгээд прокуророос нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас дээрх зүйлчлэлээр түүнийг гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч шүүгдэгч А.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүх хуралдаанд шүүгдэгч А.*******гийн зүгээс дээрх үйл баримтыг үгүйсгээгүй, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.

5. Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэгт үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг ойлгоно.

Тухайн хэргийн хувьд хохирогч Б.*******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шүүгдэгч А.******* түүнийг зодож, цохисон үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

6. Шүүх шүүгдэгч А.*******г тухайн гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэв.

Учир нь тэрээр хүнийг зодож, цохисноос хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учруулж болохыг мэдсээр байж согтуурсан үедээ хохирогч Б.*******гийн эхнээр загнасан, мөн өөрийг нь цохисон үйлдлээс шалтаглан Б.*******гийн нүүрэн тус газарт зориуд цохиж хохирол учруулсан хийгээд энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар тодорхойлогдоно.

Тодруулбал, шүүгдэгчийн хувьд бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу хүнийг цохиж, зодсоноор эрүүл мэндэд нь гэмтэл, хохирол учирч болохыг ухамсарлаж мэдсээр үл ялих зүйлээр шалтаглан хохирогчийг зодож эрүүл мэндэд нь зориуд хохирол учруулсан буюу түүнийг хүсэж үйлджээ.

Гэмт хэргийн хохирлын талаар:

Шүүгдэгч А.*******гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.*******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирч, тэрээр гомдолгүй нэхэмжлэх зүйлгүй болох нь түүний “Миний бие шаардлагатай эмчилгээгээ хийлгэсэн. Одоо надад гаргах гомдол санал, эмчилгээтэй холбоотой нэхэмжлэх төлбөр байхгүй” (хх 11) гэх мэдүүлгээр нотлогдох тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг эрүүгийн хэрэгт хамтатган шийдвэрлүүлэхээр иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд иргэний нэхэмжлэл гаргаагүй боловч гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу цаашид иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж шийдвэрлэх зохицуулалттай ба энэ нь хохирогч, иргэний нэхэмжлэгчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрхийг хамгаалах зохицуулалтад хамаарахыг дурдъя.

Хохирогч Б.******* нь тухайн гэмтэлтэй холбоотойгоор өөрт учирсан хохирол, гэм хорын асуудлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болно.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокуророос А.*******д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар ирүүлсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан байна гэж шүүх үзэв.

Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарах бөгөөд түүний үйлдсэн уг хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонсгосон торгох ялыг хүлээн зөвшөөрсөн хийгээд түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэх, гэм буруугаа хүлээн зөвшөөрөхийг албадсан нөхцөл байдал тогтоогдоогүй хийгээд мөн тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон нь шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон болохыг дурдъя.

Иймд прокурорын санал болгож, шүүгдэгч А.*******гийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “ гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, ...бол ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх”-ийг шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгана ” гэжээ.

А.*******гээс торгох ялыг хэсэгчлэн төлөх талаар хүсэлт, нотлох баримт гаргаагүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсгийн “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж зааснаар төлүүлэхээр тогтоолоо.

Бусад:

Шүүгдэгч А.******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, түүнд шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч И овогт А-ын Д-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шүүгдэгч А.*******г 600 / зургаан зуун / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга /төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.******* нь түүнд оногдуулсан торгох ялыг хуулиар тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүхийн шатанд шүүгдэгч А.*******д таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг дурдсугай.

6. Шүүгдэгч А.******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.******* нь өөрт учирсан хохирол, гэм хорын асуудлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар хэргийн талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан, хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрт энэ зүйлийн 7 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        С.НАСАНБУЯН