Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 112/ШШ2022/0022

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Оюунсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар               

Нэхэмжлэгч: ******* сумын 2 дугаар баг /******* баг/-ийн иргэдийн Нийтийн Хурал, ******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Гийн 

Хариуцагч: Говь-Алтай аймгийн ******* О.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э нарын хоорондын аймгийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/591 дугаар Газар эзэмшүүлэх тухай захирамжийг илт хууль бусад тооцуулах шаардлага бүхий  маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г нь аймгийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн  А/591 дугаар захирамжийг илт хууль бусад тооцуулахаар маргаж байна.

2. Аймгийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийнн А/591 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 299 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дах заалтыг үндэслэн ******* сумын ******* багийн нутаг  дэвсгэрт аймгийн Засаг даргын Тамгын газарт 15 жилийн хугацаатай газар эзэмшүүлсэн байна.

3.  Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Говь-Алтай аймгийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/159 дугаар Газар эзэмшүүлэх тухай захирамжийг илт хууль бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

 Нэхэмжлэлийн үндэслэл: Засаг даргын захирамжаар ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт хог хаягдал булшлах зорилгоор 15 жилийн хугацаагаар Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газарт газар эзэмшүүлэхээр шийдвэр гаргасан. Тухайн газар нь манай нутгийн бэлчээрийн зориулалттай газар, мал бэлчдэг. Гэтэл аюултай хог хаягдал булшлах гээд Говь-Алтай аймгийн ******* шийдвэр гаргасан нь сумын нийт ард иргэдийн мал аж ахуй эрхлэн, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтой зөрчиж болзошгүй байна.

******* сумын ******* багийн иргэдийн Нийтийн Хурал, ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар тухайн газар эзэмшүүлэхийг дэмжээгүй байхад, аймгийн ******* нь тухайн захиргааны актыг гаргах хуульд заасан эрх хэмжээ байхгүй бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 47.1 дүгээр зүйлийн 47.1.3 дахь хэсэгт заасан тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан, мөн хуулийн 47.1.6 иргэн хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй. Иймд Говь-Алтай аймгийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/159 дугаар Газар эзэмшүүлэх тухай захирамжийг илт хууль бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэв.

4. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Миний бие нь 2016-2020 онд ******* сумын иргэдийг төлөөлөөд ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар ажиллаж байсан. Энэ хугацаанд хүчингүй болгуулах гэж байгаа захирамж гарсан байгаа. 2019 оны 10  дугаар сарын орчим сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээр газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулж газрыг Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газар эзэмшүүлэх боломжтой юу гэдэг албан тоотыг газрын албаар дамжуулаад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хэлэлцэх асуудалд оруулж өгнө үү гэж оруулж ирсэн. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид хэлэлцэх асуудалд оруулахгүйгээр хэлэлцэх шаардлагагүй гэж үзээд буцаасан байдаг. 2019 оны 11 дүгээр сарын 12-нд газар эзэмших тухай аймгийн Засаг  даргын захирамж гарсан байсныг сүүлд ажлаа өгсний дараа мэдсэн. Сумын газрын алба сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын жилийн эцсийн хуралдаанаар газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг баталдаг хуультай. ******* багийн нутагт зарим газрыг хог хаягдлын цэг байгуулах аймгийн Засаг даргын Тамгын газрын хүсэлтийг дамжуулаад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцээд сумын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд оруулах шаардлагагүй гэж үзсэн. Монгол  Улсы Үндсэн  хууль, Газрын тухай хууль, Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар Улсын Их Хурал аймаг, сумын хилийн  цэсийг тогтооно гэж заасны дагуу ******* сумын ******* баг гэж байгаа. Шүүх бүрэлдэхүүн шинжээчтэй очоод газрын албанд сумын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд ******* сумын нутагт хамаарч байгаа гээд тусгагдсан байгаа. Эхэлж байхад нь багийн иргэдийн хүмүүс бичиг тоот хүргүүлж байхад өөрчлөөд явж болоогүй юм уу? .  Олон Улсын төсөл хөтөлбөрийн асуудлыг Монгол Улсын Засгийн газар төсөл хөтөлбөрийн аймаг сумын шийдвэрийг үндэслэлгүйгээр Засгийн газар, Улсын Их Хурал шийдвэр гаргах, эзэмшүүлэх ашиглуулах эрхтэй. Гэтэл аймгийн ******* нь хууль зөрчөөд шийдвэр гаргасан байгаа. Захирамж гарсны дараа хуралдаан даргалаад дэмжих эсэх асуудлаар хэлэлцээд зогсож байсан байна. Цаг хугацааны тухайд төсөл хөтөлбөр орж ирсний дараа нэхэмжлэл гаргаж байгаа. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн заалтууд дээр үндэслэж гаргасан байгаа. Газрын тухай хуульд хог хаягдлын цэг гэж заасан байгаа. Ийм асуудлаар харгалзахгүйгээр хугацаа заахгүйгээр илт хуул бус гэж үзээд нэхэмжлэл гаргасан байгаа. Хоёрдугаарт: Эдийн засаг хор хохиролтой асуудал ярьж байна. Тэр талаар дурдаагүй байгаа. Засаг даргын захирамжийг хүчингүй болгоё гэж байгаа. Газрын тухй хуулийн 33.1.1-д тодорхой заасан байгаа.  Илт хуул бус захирамжийг хүчингүй болгуулахаар хандаж байгаа. ******* сумын ******* багийн нутагт тодорхой хэмжээний хогийн цэг байгуулах талаар нэг үг үсэг байхгүй. Хилийн цэс байгаа учир Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газар хандаад ямар нэгэн газар байгуулах боломжтой байхад яагаад заавал хууль зөрчиж ******* сумын нутагт байгуулж байгаа юм. Мөн багийн иргэний Нийтийн Хурлын санал хүсэлт байгаа. Төрийн шийдвэр хууль тогтоомж иргэдийн санал бодлыг үндэслэн шийдвэр гардаг гэж бодож байгаа гэв.

           5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:  Монгол Улсын Барилга, хот байгуулалтын яамнаас Говь-Алтай, Өвөрхангай, Дархан-Уул, Сүхбаатар зэрэг аймгуудад хатуу хог хаягдлын менежментийн төслийг 2020 оноос эхлүүлэн ажиллажээ. Аймгийн ******* өөрийн бүрэн эрхийн хүрээнд дээрх төсөлд газар эзэмшүүлэх захирамжийг ёсчилсон байна.  Аймгийн *******ас 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр ******* сумын *******д “...хатуу хог хаягдлын менежмент төслийн хүрээнд 4 га талбайд хог хаягдлын нэгдсэн цэгийг шинээр байгуулах шаардлагатай байх тул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцэн шийдвэрийг ирүүлнэ үү...” гэх албан бичгийг хүргүүлж байсан байна. Мөн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал энэ асуудлаар 2021 оны 09 сарын 06-ны өдөр хандсан бөгөөд аймгийн ******* 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хариуг хүргүүлжээ. Дээрх байдлаас өөрөөр аймгийн *******д сум болон багаас холбогдох эрх бүхий албан тушаалтан, хуулийн этгээд хандаагүй бөгөөд цаг хугацааны хувьд 2022 оны 03 дугаар сард шүүх байгууллагад хандаж байгаа нь эрх зүйн хувьд ойлгомжгүй байна.  Захирамжийн биелэлт нэгэнт хангагдаж хог хаягдлын нэгдсэн цэгийг бүрэн хүлээж авсан байна. Ийм дээрх шаардлага бүхий захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э шүүх хуралдаанд хэлсэн тайлбаартаа: 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А591 дугаартай аймгийн Засаг даргын газар эзэмшүүлэх захирамж ёсчилогдсон юм байна. Энэ захирамж нь аймгийн ******* В.Р бүрэн  эрхээ хэрэгжүүлж байх үед гарсан байна. 2019 оны 10 дугаар сарын 09-ны өдөр аймгийн Засаг даргын ажлын албанаас ******* сумын *******д холбогдуулж албан тоот хүргүүлж байсан юм байна. Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэй санхүүжилт ядуурлыг бууруулах сантай холбогдуулж нэр бүхий хэдэн аймагт хатуу хог хаягдлын менежментийг сайжруулах төсөл хэрэгжүүлсэн. Тухайн төслийн агуулгаараа аймаг орон нутгийн хөгжлийг сайжруулах ач холбогдол өндөр төсөл  хэрэгжсэн юм байна. Уг төслийн хүрээнд тодорхой нутаг дэвсгэр дээр хог хаягдлын нэгдсэн цэгийг байгуулах зайлшгүй шаардлагатай байгаа тул энэ асуудалтай холбогдуулж сумынхаа иргэдийн хурлаар хэлэлцүүлж өгнө үү гэдэг албан тоот явуулсан. Албан тоотын хариу ирсэн эсэх нь одоогоор мэдэгдэхгүй байна. 2019 оны 10 дугаар сарын 09-ний албан тоот явуулсны дараа 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр аймгийн Засаг даргын захирамж гарсан. Захирамжийн дагуу ******* сумын ******* багт аймгийн  Засаг даргын Тамгын газар эзэмших, газрын зохион байгуулалт 15 жилийн хугацаатай газар эзэмшүүлсэн захирамж гарч,  захирамжийн үйлчлэлийн  тухайд өмнө үйлчилж байсан Монгол Улсын  Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түний удирдлагын тухай хуулийн 29.2 буюу аймгийн Засаг даргын бүрэн эрхийн зохицуулалт, Газрын тухай хуулийн 33.1.1, 33.1.11 буюу Засаг даргын эрхлэх бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэсэн асуудал байгаа. Захирамжийн үйлчлэлийн цаг хугацааны хувьд одоогоос 2 жилийн өмнө байгаа. Энэ захирамжийн үйлчлэл хэрэгжээд ач холбогдолын хувьд нэгэнт үйл явдал өрнөөд явсан байна. Тэгэхээр цаг хугацааны тухайд нэхэмжлэгчээс нэхэмжлэлийг хэдийд гаргах байсан бэ гэдэг дээр хууль зүйн дүгнэлт өгөх хэрэгтэй байх. Аймгийн ******* нь аймагт бүрэн эрхийг хэрэгжүүлдэгийн хувьд Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан сумд тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд  нь ерөнхий чиглэл өгөх эрхтэй. Энэ чиглэл өгөх бүрэн эрхийн хүрээнд холбогдох бичиг тоотыг өгч байсан байна. Нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой тайлбар хэлье. Аймгийн ******* захирамж гаргахаас өмнө сумд албан тоот хүргүүлсэн байна. Албан тоот хүргүүлсэнээс хойш 1 сарын дараа аймгийн ******* захирамж гаргасан байна. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэлэлцээд дэмжээгүй гэж байна. Дэмжээгүй агуулгаар хариу албан тоот ирсэн асуудал хавтаст хэрэгт авагдаагүй байна. Нэхэмжлэгчийн тайлбарласнаар сумын газрын харилцааны мэргэжилтэн сумын *******ар дамжуулаад албан тоот явуулах байсан байна. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь бие даасан статустай байгууллага. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нарийн бичгийн дарга гэсэн төрийн жинхэнэ албан хаагч байдаг. Тухайн төрийн жинхэнэ албан хаагчид Төрийн албаны тухай хууль үйлчилнэ. Хоёрдугаарт: Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал төрийн байгууллагын чиг үүргийг хэрэгжүүлэх үүднээс иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд өргөдөл гомдол гаргах хууль, Архивын тухай хуулиар дэмжээгүй бол дэмжээгүй талаар албан тоотыг заавал хүргүүлнэ. Эс үйлдэхүйгээр зөвшөөрсөн байж болно. Энэ агуулгаар тухайн захирамж гарсан гэж ойлгогдох нэг асуудал яригдана. Энэ агуулгаар захирамж гарсан гэж ойлгохын бол Газрын тухай хуулийн 33.1 дэх заалтаас гадна Газрын тухай хуулийн 21.3 дахь заалт аймгийн Засаг даргын бүрэн эрхийн асуудал яригдана. Засаг даргын төлөөлөгчийн хувьд тухайн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан эсэх асуудал дээр холбогдуулаад эрх хэмжээ нь өөр өөр яригдана.  Гомдол гаргах эрх байгаа. Гомдлыг хаана яаж гаргах талаар зааж өгсөн байгаа. Хуульд зааж өгсөн маргаан бүхий захиргаан актын эрх зүйн ач холбогдол болчих вий гэдэг агуулга хууль тогтоомжоос тухайлан хугацаа зааж өгсөн. Хохирол зөрчил арилгуулах асуудал яригдана. Маргаан бүхий асудал дээр нэхэмжлэлийн шаардлага 2 дугаар асуудал болсон байна. Хэнд хандах ёстой вэ, Засаг даргын захирамж шийдвэрийг эрх бүхий байгууллага хүчингүй болгодог. Төрийн эрх ббарих дээд байгууллага гаргах юм уу, тухай бүр хандсан уу, мэдсэн мэдээгүй гэдэг аусудал яригдана. Шүүүхэд хандах асуудал хугацааны хувьд яиргддаг. Тухай бүр байршуулаад явдаг. Мэдээллийн цэг аймгийн Засаг даргын захирамж гарсан  байна. гээд тухй бүр гараад явдаг. Тухайн сум бие даасан статус гээд аймгийн засаг даргын захирамжийг бтелүүлэх гэдэг өрөөсгөл ойолголт, шинэ хэрэгжиж байгаа хулуиар бие дааса байдлыг хэрэгжүүлж багаа болов сум аймгаас бүрэн хараат байгаа. Засаг даргын захиармжийг мэдэх бүрэн боломжтой байсан. Хүндэтгэн үзэх шалтгаан 021 он хандсан аймгийн ******* албан тоот явуулсан байда_ 2021 оны 09 дүгээр сараас хойш тоолох хугацаа яригдана. Нэхэмжлэлийн шаардлагын тухайд шүүхэд эрхэд аймгийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгох гэдэг агуулгаар тодорхой болгох эрх. Захиргааны акт илт хууль бус гэж илэрхийлэгдэж байгаа. Илт хууль бус гэдэг дээр өрөөсгөл ойлголт яригдаж байна. Энэ асуудлыг шүүх анхаарч үзэх байх гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

7. Говь-Алтай аймгийн ******* сумын ******* багийн Иргэдийн нийтийн хурал,  итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Гаас “Говь-Алтай аймгийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 12-ны А/159 дүгээр захирамжийг илт хууль бусад тооцуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс захирамжийн дугаарыг андуурч бичсэн маргаан бүхий захирамж нь аймгийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 12-ны А/591 дүгээр захирамж юм. Техникийн алдаа гаргаснаа залруулж байна. гэсэн тайлбар гаргасан болно.

  8. Нэхэмжлэл гаргах эрхийн талаар:   

  8.1. Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд захиргааны байгууллага гэж ямар байгууллагуудыг ойлгох талаар заасан бөгөөд энэ зүйлийн 5.1.5-д нутгийн өөрөө удирдах байгууллага болон шийдвэр, үйл ажиллагаанд нь захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргахаар хуульд тусгайлан заасан байгууллага. хамаарахаар тодорхойлжээ. Хуулийн энэ зүйлд “нутгийн өөрөө удирдах байгууллага” гэж заасныг тодруулбал Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /2020 он/-ийн 4 дүгээр зйлийн 4.1.5-д "нутгийн өөрөө удирдах байгууллага" гэж аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн шууд оролцоо бүхий иргэдийн Нийтийн Хурлыг; ойлгохоор заасан байна. Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг төв, орон нутгийн бүх байгууллага; захиргааны байгууллагад хамаарах тул багийн ******* энэ ойлголтод хамаарна Иймээс Говь-Алтай аймгийн ******* сумын ******* багийн Иргэдийн нийтийн хурал, багийн Засаг даргыг хуульд тодорхойлон заасан захиргааны байгууллага гэж үзнэ.

 8.2. Захиргааны байгууллагаас гаргах нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын талаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.4.-т “захиргааны байгууллагаас гаргах нэхэмжлэлийн хувьд ямар хууль зөрчигдсөн, эсхүл нийтийн эрх зүйн ямар чиг үүргээ хэрэгжүүлэх боломжгүйд хүрсэн;” гэж заажээ. Тодруулбал, Захиргааны байгууллагын хувьд хууль зөрчигдсөн, нийтийн эрх зүйн чиг үүргээ хэрэгжүүлэх боломжгүйд хүрсэн гэх үндэслэл байвал шүүхэд нэхэмжлэл гаргахаар байна.

 Говь-Алтай аймгийн ******* сумын ******* багийн Иргэдийн нийтийн хурал, Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлдээ Газрын тухай хуулийг илт зөрчсөн, бэлчээрийн зориулалттай газарт хог хаягдал булшлах цэг байгуулж, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчсөн гэх үндэслэл дурддаг.

 Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль ийн 23 дугаар зүйлийн 23.1.5-т бусдын эзэмшил, ашиглалтад олгоогүй хадлан, тариалан, бэлчээр, уст цэгийн хамгаалалт, ашиглалт, зохицуулалт; 23.1.6-т тухайн нутаг дэвсгэрийн байгаль орчны тэнцвэрт байдалд тавих хяналтад иргэдийн оролцоог хангах ажил., 32 дугаар зүйлийн 32.8-т Баг, хорооны иргэдийн Нийтийн Хурал дараах нийтлэг бүрэн эрхтэй: 32.8.1-т баг, хорооны чиг үүрэгт хамаарах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх; гэж заажээ. Мөн багийн ******* нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /2020 он/-ийн 58 дугаар зүйлийн 58.1.13-т зааснаар бусдын эзэмшил, ашиглалтад олгоогүй хадлангийн болон тариалангийн талбай, бэлчээр, уст цэгийн хамгаалалт, ашиглалтын ажлыг зохион байгуулах бүрэн эрхтэй байна.

 Говь-Алтай аймгийн ******* сумын ******* багийн Иргэдийн нийтийн хурал, ******* нь дурдагдсан хуулиудад заасан чиг үүргээ хэрэгжүүлэх хүрээнд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

 8.3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2Хууль, эрх зүйн бусад акт болон үүсгэн байгуулах баримт бичгийн дагуу олгогдсон эрх хэмжээний хүрээнд байгууллагыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуулийн этгээдийг төлөөлнө., 27.3.Хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд нь өөрийн албан тушаал, эрх хэмжээгээ нотлох баримт бичиг, бусад этгээд олгосон итгэмжлэлээ захиргааны хэргийн шүүхэд гаргаж өгнө. гэж заасан бөгөөд Говь-Алтай аймгийн ******* сумын ******* багийн Иргэдийн нийтийн хурлаас тус сумын иргэн Л.Гт шүүхэд төлөөлөх итгэмжлэл олгосон байна.

Холбогдох хуулиудад заасан дээрх үндэслэлүүдээр Говь-Алтай аймгийн ******* сумын ******* багийн Иргэдийн нийтийн хурал, ******* нэхэмжлэл гаргах эрхтэй байх бөгөөд энэхүү эрхээ хэрэгжүүлэхдээ иргэн Л.Гт итгэмжлэл олгосныг үндэслэлгүй гэж дүгнэх боломжгүй.

9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эаас: “... аймгийн *******д сум болон багаас холбогдох эрх бүхий албан тушаалтан, хуулийн этгээд хандаагүй бөгөөд цаг хугацааны хувьд 2022 оны 03 дугаар сард шүүх байгууллагад хандаж байгаа нь эрх зүйн хувьд ойлгомжгүй байна.” гэсэн тайлбар гаргадаг. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй.” гэж, мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.4-т /нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл;/ зааснаар нэхэмжлэгчийн тодорхойлсон шаардлагын хүрээнд шүүх шийдвэр гаргана. Нэгэнт нэхэмжлэгч маргаан бүхий актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан учир түүнд хөөн хэлэлцэх хугацаа үл хамаарна. Тодруулбал, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д Захиргааны байгууллагын гаргасан захиргааны акт, байгуулсан захиргааны гэрээ илт хууль бус болох, эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоох болон захиргааны хэм хэмжээний акттай холбоотой нэхэмжлэлд энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацаа үл хамаарна. гэж заасан байна.

10. Хэргийн үйл баримтын талаар:

10.1. Барилга, хот байгуулалтын яам, Азийн хөгжлийн банктай хамтран Говь-Алтай, Өвөрхангай, Дархан-Уул, Сүхбаатар аймгийн төвд хатуу хог хаягдлын менежментийн төслийг 2020 оноос хэрэгжүүлэхээр шийдвэрлэж, Говь-Алтай аймгийн *******д “... хаягдлыг булшлах, ландфилл болгон ангилах, нягтруулах цэгийн байршлыг тогтоож, холбогдох координат,  зураглалын хамт 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн дотор ирүүлнэ үү.” гэсэн 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 03/2897 дугаар албан бичгийг хүргүүлжээ. /Хавтаст хэргийн 27 дахь талд/

10.2. Үүний дагуу Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын төлөвлөлтийн хэлтсийн даргын гарын үсэг бүхий 2019 оны 10 дугаар сарын 09-ны өдрийн 8/1547 дугаар албан бичгээр ******* сумын *******д “... аймгийн төвийн хог хаягдлын нэгдсэн цэгийг шинээр байгуулах зайлшгүй шаардлагатай байгаа тул сумынхаа Иргэдийн төлөөлөгчдын хурлаар хэлэлцэн баталж, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх заалтын дагуу холбогдох шийдвэрийг гаргаж өгнө үү.” гэсэн хүсэлт тавьсан байна. /Хавтаст хэргийн 24 дэх талд/

10.3. Аймгийн ******* 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр А/591 дүгээр захирамж гаргаж ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт аймгийн Засаг даргын Тамгын газарт 15 жилийн хугацаатай газар эзэмшүүлжээ. Маргаан бүхий захирамжаар зөвхөн аймгийн Засаг даргын Тамгын газарт газар эзэмшүүлсэн байдаг. /Хавтаст хэргийн 25-26 дахь талд/

10.4. Говь-Алтай аймгийн ******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хуралдаж, “Сумын 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах” асуудлыг хэлэлцсэн байна. Тус сумын Газрын даамал аймгаас Тээгийн аарагт 4 га газрыг хог хаягдал булшлах санал ирүүлсэн талаар танилцуулсан. Харин төлөөлөгчид дэмжээгүй талаар уг хуралдааны 3 дугаар тэмдэглэлд тусгажээ. /Хавтаст хэргийн 173-176 дахь талд/

10.5. ******* сумын 2 багийн буюу ******* багийн Иргэдийн нийтийн хурлын 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 04 дүгээр тогтоолоор ******* багийн Тээгийн аарагт аймгийн төвийн хатуу хог хаягдлын ландфиллийн аргаар булшлах нүх ухах газар олгосон аймгийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/591 дүгээр хүчингүй болгуулахаар уламжилсан. Мөн ******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас аймгийн *******д хандаж маргаан бүхий захирамжийг хүчингүй болгуулах тухай хүсэлтийг уламжилсан байна. Гэвч аймгийн *******ас уг захирамжийг хүчингүй болгох боломжгүй гэсэн хариуг 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 1/926 дугаар албан бичгээр хүргүүлжээ. /Хавтаст хэргийн 30 дахь талд/                                                             

10.6. Барилга, хот байгуулалтын яамны төслийн нэгжээс Говь-Алтай аймгийн /Есөнбулаг сумын / Алтай хотын тохижилт үйлчилгээний газартай гэрээ байгуулсан байна. /Хавтаст хэргийн 40-49 дэх талд/

10.7. Хог хаягдлын ландфиллын байгууламжийг 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “Барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах комиссын дүгнэлт”-ээр хүлээн авсан байна. /Хавтаст хэргийн 143-145 дахь талд/

10.8. “Барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах комиссын дүгнэлт”-д уг барилга байгууламжийг өмчлөгч, ашиглагч нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газар гэж тусгасан байна. /Хавтаст хэргийн 143 дахь талд/

10.9. Шүүхээс 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдөр үзлэг хийхэд уг байгууламжид өнөөгийн байдлаар хог хаягдал төвлөрүүлээгүй байна. /Хавтаст хэргийн 153-157 дахь талд/

11. Шүүхээс маргаан бүхий захиргааны актыг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.6-д заасан илт хууль бус байх тохиолдлуудын хүрээнд хянан шийдвэрлэлээ.

11.1. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Газрын тухай хуульд зааснаар газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаагүй, аймгийн ******* ******* сумын нутэг дэвсгэрт Есөнбулаг сумын хогийн цэгийг байгуулахаар газар олгох эрхгүй гэж маргадаг.

11.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс захирамж нэгэнт биелэгдэж хог хаягдлын нэгдсэн цэгийг хүлээж авсан учир нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргадаг.

11.3. Үндэслэх хэсгийн 10.2-т дурдсанаар ******* сумын *******д маргаан бүхий хог хаягдлын цэг байгуулах газрын асуудлыг шийдвэрлүүлэхээр чиглэл, санал хүргүүлсэн нь зүйд нийцэж байх боловч ******* сумын ******* шийдвэр гаргаагүй байхад аймгийн ******* захирамж гаргасан нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна. Тодруулбал, Үндэслэх хэсгийн 10.4-т дурдсанаар Говь-Алтай аймгийн ******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал уг асуудлыг хэлэлцэн дэмжээгүй байна.

Энэ нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д “газар зохион байгуулалтын төлөвлөлтөд иргэдийн оролцоог хангах”, 31.2-т “Хүсэлт гаргасан газрын байршил нь ... аймаг, ... сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ... эзэмшүүлж болохоор заагдсан байна” гэсэн шаардлагыг зөрчсөн байна.

11.4. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2-т аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд тухайн сумын Засаг даргын саналыг авсан байна. гэж зааснаар аймгийн ******* аймгийн төвийн сумын буюу Есөнбулаг сумын инженерийн шугам, сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх эрхтэй байна.

Мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3-т энэ хуулийн 21.3.2-т зааснаас бусад газрыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах. гэж хуульчилжээ.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /2006 он/-ийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “******* эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана.” гэж заажээ.

 Газрын тухай хуулийн дээрх заалтууд нь аймаг, сумын Засаг даргын газар эзэмшүүлэх эрхээ хэрэгжүүлэх нутаг дэвсгэрийн бүс, хил заагийг нарийвчлан тодорхойлж, ******* нарын бүрэн эрхийг тодорхойлж байгаа ерөнхий хууль болох Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд “эрх хэмжээний хүрээнд” захирамж гаргахаар тусгажээ. Дурдагдаж байгаа хуулиудын холбогдох зүйл, заалтуудын гол утга санаа бол хуулийн  хүрээнд, бусад этгээдийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар шийдвэр гаргахгүй байх агуулгатай байна.

Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Захиргааны үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим үйлчилнэ.”, 4.2Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална: 4.2.1.хуульд үндэслэх; зарчимтай нийцэх юм.

Харин өөрийн бүрэн эрхэд үл хамаарах асуудлаар шийдвэр гаргах нь дээрх зарчмуудад нийцэхгүй бөгөөд ийнхүү гаргасан шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан;” гэж зааснаар илт хууль бус байх тохиолдлыг нөхцөлдүүлнэ.

Говь-Алтай аймгийн ******* 2019 оны 11 дүгээр сарын 12-ны А/591 дүгээр захирамж гаргахдаа Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2, 31 дүгээр зүйлийн 31.2-т заасныг зөрчсөн нь уг захирамж Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т заасан илт хууль бус байх шинжийг агуулж байна.

11.5. Маргаан бүхий захирамжаар Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газарт газрыг эзэмшүүлсэн байдаг. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /2006 он/-ийн 33 дугаар зүйлийн 33.1-т зааснаар аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргын ажлын алба нь тамгын газар байх бөгөөд 33.1.1.-33.1.9-д заасан чиг үүргийг хэрэгжүүлэхээр заажээ. Эдгээр чиг үүрэгт хог хаягдлын асуудал тусгагдаагүй байна. Мөн 2020 онд шинэчлэн батлагдаж 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж байгаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /2020 он/-ийн 67 дугаар зүйлийн 67.1-т тусгагдсан аймгийн Засаг даргын Тамгын газрын чиг үүрэгт хог хаягдлын асуудал хамаарахгүй байна.

Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-т энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны ******* гаргана;” гэж заасан. Тодруулбал, төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэхээр тусгасан бөгөөд Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны “Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай”  15 дугаар тогтоолын 1.7-д “Хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасан " … төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газар …" гэж Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т заасан байгууллагын хуулиар хүлээлгэсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь зориулан эрх бүхий албан тушаалтан, байгууллагаас газрын байршил, зориулалт, хэмжээг зааж эзэмшүүлсэн болон эзэмшүүлэх газрыг хэлнэ.” гэж тайлбарласан. Өөрөөр хэлбэл төсөвт байгууллагын үндсэн чиг үүрэгтэй эзэмшил газрын зориулалт шууд холбоотой байна.

Иймээс Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газарт хог хаягдлыг цэгийн зориулалтаар газар эзэмшүүлснийг зөвтгөн дүгнэх боломжгүй.

11.6. Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-т аймгийн Засаг даргын хог хаягдлын талаарх бүрэн эрхийг заажээ. Үүнд: 9.3.1.хог хаягдлын талаар төрөөс баримтлах бодлогын хэрэгжилтийг нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулах; 9.3.2.энгийн хог хаягдлын төвлөрсөн цэгийн болон хог хаягдлыг сэргээн ашиглах, устгах, булшлах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох; 9.3.6.хог хаягдлын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд тавих хяналт, шалгалтыг нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулах; 9.3.7.нутаг дэвсгэрийн хэмжээнд аюултай хог хаягдлыг түр хадгалах, цуглуулах, тээвэрлэх, хадгалах, дахин боловсруулах, устгах үйл ажиллагаанд хяналт тавих; 9.3.8.төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр, олон улсын зээл, тусламжаар байгуулсан хог хаягдал сэргээн ашиглах, дахин боловсруулах, булшлах, устгах байгууламжийн үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгж, байгууллагыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу сонгон шалгаруулж, гэрээ байгуулах; Тодруулбал, аймгийн ******* энгийн хог хаягдлын төвлөрсөн цэгийн болон хог хаягдлыг сэргээн ашиглах, устгах, булшлах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, үйл ажиллагаанд хяналт тавих бүрэн эрхтэй байна.

11.7. Нэхэмжлэгч маргаан бүхий актыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.6-д зааснаар илт хууль бус гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ дурдсан.

Багийн иргэдийн Нийтийн Хурал нь Газрын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-т зааснаар нийтийн эдэлбэрийн газрын ашиглалтыг зохион байгуулах бүрэн эрхтэй, Багийн ******* нь  мөн зүйлийн 22.2.3.-т зааснаар нутаг дэвсгэртээ нийтийн эдэлбэрийн газрын ашиглалт, хамгаалалт, эрүүл ахуй, ариун цэврийн асуудлыг хариуцах бүрэн эрхтэй байна. Газрын тухай хуулийн зохицуулалтуудаас дүгнэвэл нийтийн эдэлбэр газар буюу бэлчээрийн газрын ашиглалт зохицуулалтын талаар багийн *******, Багийн иргэдийн Нийтийн Хурлаас санал гаргаагүй уг асуудлаар сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас дэмжээгүй, сумын газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөнд тусаагүй байхад аймгийн ******* захирамж гаргасан нь хуулийг илтэд зөрчсөн үйлдэл болжээ. Иймээс маргаан бүхий акт Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6-д заасан “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэсэн шинжийг агуулж байна.

Захиргааны акт Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-47.1.7-д заасан аль нэг шинжийг агуулж байвал тэрхүү акт нь илт хууль бус болох бөгөөд тэрхүү захиргааны актыг хүн, хуулийн этгээд биелүүлэхгүй байх, дагаж мөрдөх үүрэг хүлээхгүй бөгөөд захиргааны байгууллага ч тэрхүү илт хууль бус актыг биелүүлэхийг хүн, хуулийн этгээдээс шаардах эрхгүй, гарсан цагаасаа эрх зүйн үйлчлэлгүй байх юм.

11.8. Дээр дурдсан үндэслэлүүдээр Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.6-д заасан шинжийг агуулж байх тул Говь-Алтай аймгийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/591 дугаар “Газар эзэмшүүлэх тухай”  захирамжийг илт хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж  шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.2, 106.3.12 удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /2006 он/-ийн 29 дүгээр зүйлийн 29.2,  Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3,  47.1.6, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1,  61 дүгээр зүйлийн 61.1-т заасныг баримтлан Говь-Алтай аймгийн ******* сумын ******* багийн Иргэдийн нийтийн хурал, Багийн засаг дарга нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Гийн нэхэмжлэлийн  шаардлагыг бүхэлд нь хангаж, Говь-Алтай  аймгийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/591 дугаар “Газар эзэмшүүлэх тухай”  захирамж илт хууль бус болохыг тогтоосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Гт олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2  дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дах хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОЮУНСҮРЭН