| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Александрын Сарангэрэл |
| Хэргийн индекс | 128/2025/0839/З |
| Дугаар | 221/МА2026/0680 |
| Огноо | 2026-09-23 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 221/МА2026/0680
С.Ожын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч З.Гз
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Б.Тунгалагсайхан
Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл
Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгч С.Ож, түүний өмгөөлөгч Б.Б
Нэхэмжлэгч: С.Ож
Хариуцагч: Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга
Нэхэмжлэлийн шаардлага: “Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн Б/92 дугаар тушаалыг хүчингүй болгох, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргад даалгах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 656 дугаар шийдвэртэй,
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч С.Ож, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г, Ж.Гз, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Мб, Б.Эз,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: И.Өсөхбаяр
Хэргийн индекс: 128/2025/0839/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 656 дугаар шийдвэрээр:
Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7, 37.1.13, 37.1.16, 39 дүгээр зүйлийн 39.1.4, 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.4-т заасныг баримтлан С.Ожын Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн Б/92 дугаар тушаалыг хүчингүй болгох, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргад даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2.Нэхэмжлэгч С.Ож, түүний өмгөөлөгч Б.Б нараас шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо:
“... С.Ожын нэхэмжлэлтэй Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэгч тал Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 7 сарын 02 өдрийн 128/ШШ2026/0656 дугаартай шийдвэрт давж заалдах гомдол гаргаж байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтууд, цугларсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүйгээс гаргасан шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2. "Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна." гэж заасан хуулийн шаардлагад нийцээгүй гэж бид үзэж байна. Тодруулбал:
2.1. Шүүх шийдвэрийнхээ үндэслэлд "...нэхэмжлэгч нь Төрийн албаны тухай хуульд заасан төрийн албан хаагчийн нийтлэг үүрэг, үйл ажиллагаанд хориглох зүйл, хөдөлмөрийн дотоод журмыг удаа дараа зөрчсөн байна. 1... нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулж ажлаас халсан нь хуульд нийцсэн²..." гэж дүгнэсэн байх ба маргаан бүхий актын үндэслэлд дурдсан зөрчил бодитой эсэхийг дүгнэхдээ Ажлын хэсгийн тайлан танилцуулга гэх болон С аймгийн нийгмийн даатгалын газрын 25 албан хаагчидтай хийсэн уулзалтын тэмдэглэл, бичлэг гэх баримтуудыг нотолгооны эх сурвалж болгон зөрчил бодитой үйлдэгдсэн, зөрчил удаа дараа гарсан, уг зөрчлүүдийг нэхэмжлэгч гаргасан гэж үзсэн нь үндэслэлгүй байна.
Учир нь, хэрэгт хамааралтай бөгөөд хуульд заасан арга хэрэгслээр олж авсан, хэрэгт авагдсан ба шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, шүүхээр судлан шинжлэгдсэн нотлох баримтаар хэрэгт ач холбогдол бүхий бүх нөхцөл байдал тогтоогдсон хийгээд эдгээр нөхцөл байдлын талаар шүүхийн бүрэн, бодитой дүгнэлтийг агуулсан шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангагдана. Гэвч анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэт нэг талыг барьж зөвхөн хариуцагчийн тайлбар, түүний үндэслэл, нотлох баримтуудад дүгнэлт хийснээс бус нэхэмжлэгч талаас маргаан бүхий актыг няцаан үгүйсгэж буй үндэслэл, нотолгооны талаар бүрэн бодитой үнэлж дүгнэлгүйгээр "...нэхэмжлэгчийн үндэслэлгүй, боломжгүй..." гэснээс өөрөөр няцаан үгүйсгэсэн ямар нэгэн эрх зүйн дүгнэлтийг огт хийсэнгүй.
2.2. Хэрэг, маргааны талаар материаллаг болон процессын эрх зүйн хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн, оновчтой, зөв хэрэглэсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн хууль ёсны байх шаардлага хангагдах учиртай. Хэрэв шүүх "нэхэмжлэгчийг Төрийн албаны тухай хууль, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль, Хөдөлмөрийн дотоод журмыг удаа дараа зөрчсөн, маргаан бүхий акт үндэслэлтэй, зөв" гэж үзэж байгаа бол тэдгээр хууль тогтоомж, дотоод журам, актад заасан зөрчил бодитоор гарсан, үйлдэгдсэн, зөрчил гарсан гэх цаг хугацаа зэргийг хуульд заасан журмын дагуу тогтоогдсон эсэхэд бодит дүгнэлт өгөх ёстой атал хэргийн бодит нөхцөл байдлыг тогтоохдоо Ажлын хэсгийн тайлан танилцуулга гэх, С аймгийн нийгмийн даатгалын газрын 25 албан хаагчидтай хийсэн уулзалтын тэмдэглэл, бичлэг гэх нотлох баримтуудын хүрээнд зөрчлүүд бодитой гарсан, үнэн зөв эргэлзээгүй тогтоогдож буй мэтээр үнэлсэн нь үндэслэлгүй.
Шүүхийн үнэлэлт дүгнэлтийн гол үндэслэл, нотолгооны эх сурвалж болсон дээрх 3 нотлох баримт нь маргааны бүхий актыг гаргах болсон бодит үндэслэлийг нотлох бус харин маргаан бүхий актыг гаргахын тулд түүнд чиглэгдэж үйлдэгдсэн байж болзошгүй, мөн тэдгээрт агуулсан мэдээлэл зөрүүтэй, тодорхойгүй, бодит бус буюу эргэлзээтэй, нотлох баримтад тавигдах хуулийн шаардлага хангаагүй байхад шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2, 34.3, 34.5 дахь заалтуудад нийцээгүй байх бөгөөд үүнээс үүдэн нэхэмжлэгчийг хууль тогтоомж, дотоод журам зөрчсөн гэж хууль хэрэглэсэн нь шийдвэр хууль ёсны байх шаардлагад нийцэхгүй байна.
2.3. Шүүх дээрх нотлох баримтын талаар нэхэмжлэгчийг "... ярилцлагын тэмдэглэл буруу бичигдсэн, ажилчдаас уг тайлбар ярилцлагыг өгөөгүй, зөрүүтэй гэж маргаагүй, ийм агуулгатай хүсэлтийг гаргаагүй." гэж буруутгажээ.
Нэхэмжлэгч энэ талаар маргасан нь түүний нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, нотлох баримт хасуулахаар гаргасан хүсэлтийн агуулгад илэрхийлэгдсэн байхад ийнхүү дүгнэсэн нь ойлгомжгүй байх бөгөөд хариуцагч маргаан бүхий акт, тушаалынхаа үндэслэлийг нотлох үүргийг, мөн шүүх нотлох баримт цуглуулах үүрэг хүлээсэн атал нэхэмжлэгчийг буруутгасан агуулгаар дүгнэлт хийж шийдвэрийнхээ үндэслэл болгож байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна.
Түүнчлэн шүүх шийдвэртээ маргаан бүхий актад заасан нэхэмжлэгчийг ажил тасалсан гэх зөрчил, мөн "ноцтой зөрчил" тогтоогдоогүйг хүлээн зөвшөөрсөн атлаа нэхэмжлэгчийг ажлын цагийг үр бүтээлтэй ашиглаагүй гэж буруутгаж байгаа нь зөрчилдөөнтэй, ойлгомжгүй дүгнэлт хийсэн байх бөгөөд үйлдэгдсэн гэх зөрчил тус бүрээр бодитой эсэх, шалган тогтоогдсон эсэх, зөрчлийн шинж байдал, халах сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй эсэх талаар бодитой, үндэслэл бүхий дүгнэлт хийсэнгүй.
Иймд хэрэгт цугларсан баримтуудаар нэхэмжлэгчийг төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл нотлогдоогүй, тогтоогдоогүй тул анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан өөрчлөлт оруулан шийдвэрлэж өгөхийг хүсье.” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу хэргийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, маргаан бүхий захиргааны актыг дахин шинэ акт гаргах хүртэл гурван сарын хугацаагаар түдгэлзүүлж, нэхэмжлэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Нэг.Нэхэмжлэл шаардлага, маргаан бүхий акт гарсан үндэслэлийн тухайд:
1.1.Нэхэмжлэгч С.Ожаас “Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн Б/92 дугаар тушаалыг хүчингүй болгох, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргад холбогдуулан гаргажээ.
1.2.Маргаан бүхий тушаалыг гаргах үндэслэл нь Нийгмийн даатгалын ерөнхий газрын Ёс зүйн дэд хорооны 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 04 дүгээр дүгнэлт[1] байх бөгөөд уг дүгнэлтээр “С.Ожыг Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3-т “Бусдын бие эрхтний онцлогийг зохисгүй үг, үйлдлээр илэрхийлэхийг цээрлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүний өөрийгөө илэрхийлэх үйлдлийг даган дуурайхгүй байх, ёс бус үг, хэллэг хэрэглэхгүй байх”, 8.2.8-т “албан үүргээ гүйцэтгэж байхдаа болон ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэх” заалтуудыг зөрчсөн нь тогтоогдож байгаа тул Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчил гаргасан” гэж дүгнэжээ.
1.3.Мөн Нийгмийн даатгалын ерөнхий газраас 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 03 дугаартай “С аймгийн Нийгмийн даатгалын газарт хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын удирдамж”[2]-ийн дагуу 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны 2 жилийн санхүүгийн анхан шатны баримт, 2023-2024 оны шинээ тогтоолгосон болон аймгийн хэмжээнд хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгон авч буй тэтгэвэр авагчдын хувийн хэрэг, холбогдох бусад баримтуудад хяналт шалгалт хийгджээ.
1.4.Уг С аймгийн Нийгмийн даатгалын газарт хийсэн шалгалтын дүнгийн 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 04 дугаартай танилцуулгад[3] “...Шалгалтаар хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарахгүй иргэдэд хөдөлмөрийн хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоож олгосон, тэтгэврийн байцаагч, хяналтын байцаагч, хэлтэс, тасгийн дарга, ерөнхий нягтлан бодогч нараар гарын үсэг зуруулж баталгаажуулаагүй, хуурамч баримт бүрдүүлэн тэтгэвэр тогтоосон, идэвхтэй болон зогсоогдсон, нас барсан хөдөлгөөнтэй тэтгэврийн хувийн хэрэгт тооллого хийгээгүй, дотоодын хяналт шалгалтыг хяналт, шалгалтын зааврын дагуу зохион байгуулаагүй, жирэмсний амаржсаны тэтгэмж болон оршуулгын тэтгэмжийг илүү олгосон зэрэг зөрчлүүд тус тус илэрсэн байна. Энэ нь Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн холбогдох заалтууд, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хууль ...зэрэг заалтуудыг тус тус зөрчсөн байна” гэж дүгнэжээ.
1.5.Дээрх 04 дүгээр дүгнэлт болон батлагдсан удирдамжийн дагуу ажилласан ажлын хэсгийн “Шалгалтын дүгнэлт”-д үндэслэн Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 01/1432-ны өдрийн албан бичиг[4], 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 01/ албан бичгээр[5] ёс зүйн хариуцлага, сахилгын шийтгэл ногдуулах захиргааны акт гаргах болсныг мэдэгдэж, сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлж, улмаар 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр сонсох ажиллагаа[6] хийгдсэн байна.
1.6.Үүний дараа маргаан бүхий Б/92 дугаар тушаалаар[7] “Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуульд заасан ёс зүйн зөрчил гаргасан, албан тушаалын тодорхойлолтод заасан байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавих, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах чиг үүргээ хангалтгүй хэрэгжүүлсэн, хөдөлмөрийн харилцаанд бусдыг ялгаварлан гадуурхсан, дарамталсан, хуульд нийцээгүй шийдвэр гаргасан, байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасан гурваас дээш хоног шалтгаангүйгээр тасалсан, согтуугаар ажлын байран дээр ирсэн ноцтой зөрчил гаргасан гэж үзэн нэхэмжлэгч С.Ожыг 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөр тасалбар болгон төрийн албанаас халах” сахилгын шийтгэл ногдуулсан байна.
1.7.Маргаан бүхий Б/92 дугаар тушаал нь “...Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7, 37.1.13, 37.1.16, 37.1.18 дахь заалт, 39 дүгээр зүйлийн 39.1.3, 39.1.4 дэх заалт, 48 дугаар зүйлийн 48.1.4 дэх заалт, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.4 дэх заалт, 16.4 дэх хэсэг, Нийгмийн даатгалын ерөнхий газрын Ёс зүйн дэд хорооны 2025 оны 04 дүгээр дүгнэлт, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2024 оны А/99 дүгээр тушаалаар баталсан “Нийгмийн даатгалын ерөнхий газрын Хөдөлмөрийн дотоод журам”-ын 14.1.8, 15.1.1, 15.1.2, 15.2, 15.2.2, 15.2.3-т заасныг” тус тус үндэслэл болгожээ.
1.8.Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна:”
1.9.Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-т “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 8.1, 8.2-т заасныг зөрчсөн тохиолдолд томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан Ёс зүйн хорооны, Ёс зүйн дэд хорооны дүгнэлтийг үндэслэн зөрчлийн шинж байдал, анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан дараах ёс зүйн хариуцлагын аль нэгийг ногдуулна: 16.1.4-т “16.1.4.Төрийн албаны тухай хуульд заасны дагуу төрийн албанаас халах.””гэж тус тус заасан.
1.10.Гэвч маргаан бүхий актын үндэслэл болсон дээр дурдсан хуулийн зохицуулалтын агуулгаас үзэхэд сахилгын шийтгэл ногдуулахын урьдчилсан нөхцөл нь албан хаагчийг буруутгаж буй үйлдэл, эс үйлдэхүй бодитоор тогтоогдсон, тухайн үйл баримт нь хуулиар тогтоосон тодорхой үүрэг, хориглолтыг зөрчсөн, уг зөрчлийг тухайн албан хаагчид хариуцуулах үндэслэлтэй эсэхийг тогтоохоор байна.
1.11.Мөн Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судалж, оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоохоор, 25 дугаар зүйлийн 25.1-д шаардлагатай нотлох баримтыг цуглуулах аргыг тус тус заасан. Мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-т бичгээр гаргасан захиргааны актад түүнийг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах, 40.3-т захиргааны акт гаргах эрх олгосон хуулийн зүйл, заалтыг тодорхой заах шаардлага тогтоожээ.
1.12.Эдгээр хуулийн зохицуулалтаас үзэхэд хариуцагч нь хэд хэдэн өөр шинжтэй зөрчлийг ерөнхийлөн байдлаар авч үзсэн, зөрчил тус бүрийн бодит үйл баримт, түүнийг нотолсон баримт, зөрчигдсөн хуулийн тодорхой заалт, нэхэмжлэгчийн ямар тодорхой үйлдэл, эс үйлдэл нь хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй хэрхэн холбогдож байгааг ялган тогтоох үүрэгтэй байна.
Хоёр.“Байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих үүргээ хангалтгүй хэрэгжүүлсэн” гэх зөрчлийн тухайд:
2.1.Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13, 37.1.16 болон нэхэмжлэгчийн албан тушаалын тодорхойлолтод заасан үүргийг хэрэгжүүлсэн эсэхийг тогтооход зөвхөн харьяа байгууллагын үйл ажиллагаанд зөрчил илэрсэн нөхцөл байдлыг бус, тухайн зөрчилтэй холбоотойгоор нэхэмжлэгч ямар тодорхой үүрэг хүлээж байсан, түүнийг хэрхэн биелүүлээгүйг тогтоох шаардлагатай.
2.2.Хэрэгт авагдсан шалгалтын баримтаар хариуцагчаас “байгууллагад хяналт шалгалт хийгээд нийгмийн даатгалын сангаас гаргасан, эсхүл тэтгэвэр, тэтгэмж авагчид олгох ёстой байсныг олгоогүй, 2019, 2020 онуудад газрын бүх дарга нарт хуурамч бичиг баримт бүрдүүлэхтэй холбоотой хяналт шалгалт хийх албан бичиг өгсөн байхад хяналт шалгалт хийгээгүйгээс байгууллагад 2,000,000,000 төгрөгийн хохирол учруулсан” гэж тайлбарлажээ.
2.3.Харин нэхэмжлэгчээс “зарим зөрчил өөрийг нь албан тушаалд томилогдохоос өмнө үүссэн, зарим асуудлыг өмнөх шалгалтаар илрүүлээгүй, 2017 оны 03 дугаар сард Нийгмийн даатгалын ерөнхий газраас улсын хэмжээнд тэтгэвэр тогтоолттой холбоотой зөрчлийг шалгах аян зохион байгуулсан, тухайн үед С аймагт зөрчилгүй гэж дүгнэсэн баримт байгаа, хожим илэрсэн зөрчлийн материалыг буюу 2025 онд дахин шалгалт хийхэд илэрсэн зөрчилтэй холбоотой холбогдох хууль хяналтын байгууллагад шилжүүлэх талаар ажлын хэсгээс зөвлөмж өгсөн, зөвлөмжийн дагуу материалыг шилжүүлсэн” гэж тайлбарласан.
2.4.Нэхэмжлэгч нь 2016 оны 09 дүгээр сард тухайн албан тушаалд томилогдсон, шалгалтаар илэрсэн зарим зөрчил 2010–2015 оны хооронд үүссэн, мөн илэрсэн зөрчилтэй холбоотой материалыг эрх бүхий байгууллагад шилжүүлж, зохих арга хэмжээ авсан гэж тайлбарлаж байгаа энэ тохиолдолд хариуцагч нь тухайн зөрчил хэзээ үүссэн, нэхэмжлэгч уг зөрчлийг мэдсэн буюу мэдэх боломжтой байсан эсэх, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, арилгах талаар албан тушаалын чиг үүргийн хүрээнд ямар үүрэг хүлээж байсан, уг үүргээ биелүүлээгүйгээс ямар үр дагавар үүссэн, түүнчлэн зөрчлийг илрүүлсэн болон сахилгын шийтгэл ногдуулсан хугацаа нь хуульд заасан шаардлагад нийцсэн эсэхийг тус тус шалган тогтоох шаардлагатай байжээ.
2.5.Гэтэл хариуцагч нь дээрх нөхцөл байдлыг Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4, 25 дугаар зүйлийн 25.1.2, 25.1.5-д заасны дагуу холбогдох нотлох баримтаар шалгаж, нэхэмжлэгчийн албан тушаалын чиг үүрэг, хариуцлагын хүрээтэй харьцуулан шалгаагүй, тухайлбал зөрчил үүссэн болон илэрсэн хугацаа, түүнийг арилгах талаар нэхэмжлэгчээс авсан арга хэмжээг харгалзалгүйгээр байгууллагад илэрсэн зөрчил, түүнээс үүссэн гэх хохирлыг нэхэмжлэгчийн хяналтын үүргээ биелүүлээгүйтэй шууд холбон буруутгасан байна.
2.6.Өөрөөр хэлбэл, байгууллагын үйл ажиллагаанд зөрчил илэрсэн нь тухайн байгууллагын удирдах албан тушаалтан сахилгын зөрчил гаргасныг дангаараа нотлохгүй бөгөөд түүнд хариуцлага хүлээлгэхийн тулд албан тушаалын тодорхой үүргээ биелүүлээгүй буруутай үйлдэл, эс үйлдэхүй, түүний улмаас үүссэн үр дагавар, тэдгээрийн хоорондын холбоог холбогдох нотлох баримтаар тогтоосон байх шаардлагатай.
2.7.Иймд хариуцагчийг захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлыг бүрэн шалган тогтоох хуулиар хүлээсэн үүргээ хангалттай хэрэгжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.
Гурав.“Хөдөлмөрийн харилцаанд бусдыг ялгаварлан гадуурхсан, дарамталсан, хуульд нийцээгүй шийдвэр гаргасан” гэх зөрчлийн тухайд:
3.1.Хариуцагч нь нэхэмжлэгчийг хөдөлмөрийн харилцаанд бусдыг ялгаварлан гадуурхсан, дарамталсан, ёс бус үг хэллэг хэрэглэсэн гэж үзэхдээ иргэдийн гомдол, бусад албан хаагчдын ярилцлага, санал асуулгын үр дүн, Ёс зүйн дэд хорооны дүгнэлтэд үндэслэжээ. Тухайлбал, албан хаагчдад ялгавартай хандсан, ажил үүрэгтэй нь холбоогүй байдлаар дарамталсан, бусдын нэр төрд сөргөөр нөлөөлөхүйц үг хэллэг хэрэглэсэн гэж буруутгасан байна.
3.2.Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7-д төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахих үүргийг, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3-т бусдын бие эрхтний онцлогийг зохисгүй үг, үйлдлээр илэрхийлэх, ёс бус үг хэллэг хэрэглэхийг цээрлэхээр тус тус зохицуулсан.
3.3.Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлд хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд ялгаварлан гадуурхахыг хориглож, 7 дугаар зүйлд хөдөлмөрийн харилцаанд дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамтыг хориглосон.
3.4.Эдгээр зохицуулалтын агуулгаас үзвэл, ялгаварлан гадуурхах, ажлын байрны дарамт үзүүлэх, ёс бус үг хэллэг хэрэглэх нь өөр өөр шинж, агуулгатай тул нэхэмжлэгчийн ямар тодорхой үйлдэл, эс үйлдэхүй нь дээрх хуулийн аль шаардлагыг зөрчсөн болохыг тус бүрд нь тогтоох шаардлагатай.
3.5.Тухайлбал, ялгаварлан гадуурхсан гэх зөрчлийн хувьд хэний ямар хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ялгаатай, тэгш бус хандсан, харин дарамт үзүүлсэн гэх зөрчлийн хувьд тухайн үг, үйлдлийн агуулга, нөхцөл байдал, хэний нэр төр, эрх, хөдөлмөрлөх орчинд үзүүлсэн нөлөөллийг шалгах шаардлагатай. Ёс бус үг хэллэг хэрэглэсэн гэх үйлдэл нь эдгээр зөрчлөөс бие даасан ёс зүйн зөрчил байж болох тул заавал ялгаварлан гадуурхалт, дарамтын бүх шинжийг агуулсан байхыг шаардахгүй.
3.6.Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4, 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар захиргааны байгууллага шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлыг нарийвчлан шалгаж, холбогдох нотлох баримтыг цуглуулах үүрэгтэй. Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-34.3-т зааснаар шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлэх бөгөөд аливаа нотлох баримтыг урьдаас хөдөлбөргүй үнэн гэж үзэхгүй.
3.7.Иймд иргэдийн гомдол, албан хаагчдын ярилцлага, санал асуулга, Ёс зүйн дэд хорооны дүгнэлт нь зөрчлийг тогтооход ач холбогдолтой нотлох баримт байж болох боловч тэдгээрийн агуулга, эх сурвалж, үнэн зөв, харилцан нийцсэн байдал болон нэхэмжлэгчийн гаргасан эсрэг тайлбар, баримтыг харьцуулан шалгаж, дүгнэлт өгөх шаардлагатай.
Тодруулбал, нэхэмжлэгчийн ямар үг, үйлдэл хэзээ, хаана, хэнд чиглэн гарсан, мэдээлэл өгсөн этгээд тухайн үйл явдлыг шууд мэдсэн эсэх, уг мэдээлэл бусад баримтаар батлагдаж байгаа эсэхийг тодруулалгүйгээр зөвхөн санал асуулга, ярилцлагын ерөнхий агуулгад үндэслэн ялгаварлан гадуурхсан, дарамталсан, эсхүл ёс зүйн зөрчил гаргасан гэж шүүхээс дүгнэх нь үндэслэлгүй байна.
3.8.Иймээс хариуцагч нь нэхэмжлэгчийн үйлдлийг холбогдох хуулийн тодорхой шаардлагатай харьцуулан үнэлж, зөрчил тус бүрийн бодит нөхцөл байдлыг хангалттай тогтоосон гэж үзэх үндэслэлгүй байна.
3.9.Түүнчлэн хариуцагч нь М сумын Нийгмийн даатгалын тасгийн даргын албан тушаалд Ц.Бцг төрийн албаны сонгон шалгаруулалтгүйгээр томилсон, мөн томилохоос өмнө хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулаагүй тул нэхэмжлэгчийг зөрчил гаргасан гэж үзжээ.
3.10.Нэхэмжлэгчээс уг томилгоог Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1, Төрийн албаны зөвлөлийн холбогдох журмын дагуу шилжүүлэн болон шатлан дэвшүүлэх зарчмаар хийсэн, энэ талаар Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд хандаж, зохих хариу авсан гэж тайлбарласан байна. Түүнчлэн томилгооны өмнө хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулаагүй зөрчлийг хожим залруулж, Авлигатай тэмцэх газраар хянуулсан гэжээ.
3.11.Хэрэгт авагдсан Авлигатай тэмцэх газрын 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 05/13608 дугаар албан бичигт Ц.Бцгийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан үзэхэд ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдоогүй талаар дурдсан байна.
3.12.Гэвч Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлд заасан урьдчилан хянуулах үүргийг томилгооны дараа биелүүлсэн нь анх гарсан журмын зөрчлийг үгүйсгэхгүй байхаар заасан. Харин уг зөрчлийг залруулсан, ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдоогүй, томилгооноос ямар үр дагавар үүссэн зэрэг нь сахилгын шийтгэлийн төрөл, хөнгөн, хүндийн хэмжээг тогтооход ач холбогдолтой.
3.13.Түүнчлэн нэхэмжлэгчийн тайлбарласан шилжүүлэн болон шатлан дэвшүүлэх журмаар томилох боломж тухайн албан тушаалд байсан эсэх, Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс ямар агуулгатай хариу өгсөн, томилгооны аль шаардлагыг зөрчсөн, түүнд нэхэмжлэгч ямар үүрэг, оролцоотой байсныг холбогдох баримтаар шалган тогтоох шаардлагатай.
3.14.Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д сахилгын шийтгэл ногдуулахдаа зөрчлийн шинж байдал, анх буюу давтан үйлдсэн байдлыг харгалзан тохирох шийтгэлийг сонгохоор заасан. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д захиргааны үйл ажиллагаа зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмыг тогтоосон.
3.15.Эдгээр зохицуулалтын дагуу томилгоотой холбоотой журмын зөрчил гарсан эсэх болон уг зөрчилд төрийн албанаас халах сахилгын шийтгэл тохирсон эсэх нь тус тусдаа шалган тогтоох асуудал юм.
3.16.Гэтэл хариуцагч нь нэхэмжлэгчийн гаргасан тайлбар, томилгооны хууль зүйн үндэслэл, зөрчлийг залруулсан байдал, үүссэн үр дагавар болон нэхэмжлэгчийн оролцоог хангалттай шалган тогтоолгүйгээр уг томилгоог төрийн албанаас халах шийтгэлийн нэг үндэслэл болгосон байна.
3.17.Түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-д заасан хариуцлага хүлээлгэх хугацааны шаардлагыг зөрчил тус бүрээр шалгах шаардлагатай. Тодруулбал, зөрчил хэзээ гарсан, хэзээ илэрсэн, үргэлжилсэн шинжтэй эсэхийг тогтоолгүйгээр өмнөх хугацаанд болсон үйл явдлыг хожим гаргасан гомдол, шалгалтын дүгнэлтэд дурдсан төдийд хариуцлага хүлээлгэх хугацааг шинээр тооцох үндэслэлгүй.
3.18.Иймд хариуцагч нь нэхэмжлэгчийг бусдыг ялгаварлан гадуурхсан, дарамталсан, ёс зүйн зөрчил гаргасан болон хуульд нийцээгүй томилгоо хийсэн гэх үндэслэл тус бүрийн бодит үйл баримт, зөрчигдсөн хуулийн шаардлага, хариуцлага хүлээлгэх хугацаа, нэхэмжлэгчийн оролцоо, зөрчлийн шинж байдал, үр дагаврыг бүрэн шалгаж, тогтоосон зөрчилд сахилгын шийтгэл тохирсон эсэхийг үнэлэх үүргээ хангалттай хэрэгжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.
Дөрөв.Ажлын цагийн бүртгэл, ажил тасалсан болон согтууруулах ундаатай холбоотой зөрчлийн тухайд:
4.1.Маргаан бүхий тушаалаар нэхэмжлэгчийг байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасан гурваас дээш хоногийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан, согтуугаар ажлын байранд ирсэн гэж буруутгасан бөгөөд хариуцагч уг зөрчлийг албан хаагчдын ярилцлага, санал асуулга, ажлын цагийн гар болон цахим бүртгэлийн мэдээлэлд үндэслэсэн тогтоожээ.
4.2.Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлыг нарийвчлан шалган тогтоох, 40 дүгээр зүйлийн 40.2.3-т захиргааны актын бодит болон хууль зүйн үндэслэлийг тодорхой тусгах шаардлагыг тус тус тогтоосон.
4.3.Эдгээр зохицуулалтын дагуу ажлын цагийн бүртгэлийн журам зөрчсөн эсэх болон хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан эсэхийг ялган тогтоох шаардлагатай. Тодруулбал, ажлын цагийн бүртгэлд мэдээлэл оруулаагүй, эсхүл бүртгэл дутуу хөтлөгдсөн нь тухайн албан хаагчийг ажлын байранд ирээгүй, ажил үүргээ гүйцэтгээгүйг дангаараа нотлохгүй бөгөөд ажлын цагийн бүртгэл, ажил үүргийн онцлог, ажлын байрнаас гадуур үүрэг гүйцэтгэсэн эсэх болон бусад холбогдох баримтыг харьцуулан шалгах учиртай.
4.4.Иймд ажил тасалсан гэх зөрчил нотлогдоогүй байхад цагийн бүртгэлийн зөрчлийг түүний оронд тавьж, маргаан бүхий тушаалын үндэслэлийг зөвтгөх боломжгүй.
4.5.Харин согтууруулах ундаа хэрэглэсэнтэй холбоотой зөрчлийн тухайд Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.8-д албан үүргээ гүйцэтгэж байхдаа болон ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон.
4.6.Иймд нэхэмжлэгчийг уг заалтыг зөрчсөн гэж үзэхийн тулд согтууруулах ундаа хэрэглэсэн гэх үйлдэл хэзээ, хаана, ямар нөхцөлд гарсан, түүнийг ямар нотлох баримтаар тогтоосон, уг баримтууд өөр хоорондоо болон нэхэмжлэгчийн тайлбартай хэрхэн нийцэж байгааг шалгах шаардлагатай.
4.7.Энэ төрлийн зөрчлийг заавал эмнэлгийн шинжилгээ, хууль сахиулах байгууллагын дүгнэлтээр нотлохыг шаардахгүй боловч албан хаагчдын ерөнхий сэтгэгдэл, дам мэдээлэл, тодорхойгүй хугацаанд болсон гэх тайлбарыг дангаар нь хангалттай нотолгоо гэж шүүхээс үзэх үндэслэлгүй байна.
4.8.Түүнчлэн маргаан бүхий тушаалд дурдсан “согтуугаар ажлын байранд ирсэн” гэх үйлдэл нь Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 8.2.8-д заасан “албан үүргээ гүйцэтгэж байхдаа болон ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэх” гэх хуулиар хориглосон үйлдэлд хамаарах эсэхийг тогтоох шаардлагатай.
4.9.Иймээс хариуцагч нь нэхэмжлэгчийг ажил тасалсан болон согтууруулах ундаатай холбоотой зөрчил гаргасан гэж буруутгахдаа зөрчил тус бүрийн бодит үйл баримт, зөрчигдсөн хуулийн болон дотоод журмын шаардлага, тэдгээрийг нотолсон баримтыг ялган тогтоох үүрэгтэй.
4.10.Гэтэл дээрх нөхцөл байдлыг хангалттай тодруулалгүйгээр ажил тасалсан гэх үндэслэлийг цагийн бүртгэлийн мэдээлэлтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн гэх үндэслэлийг албан хаагчдын ерөнхий тайлбартай шууд холбон дүгнэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 24.4, 40.2.3-т заасан шаардлагыг бүрэн хангасан гэж үзэх үндэслэлгүй байна.
Тав.Сонсох ажиллагааны хууль ёсны байдал, сахилгын шийтгэлийн тохирсон байдлын тухайд:
5.1.Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д захиргааны акт гаргахаас өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд тайлбар, санал гаргах боломж олгохоор, 27 дугаар зүйлийн 27.5–27.7-д сонсох ажиллагаанд оролцогчийн тайлбар, саналыг гаргах боломжийг хангах, ажиллагааны явц, үр дүнг баримтжуулах, гаргасан саналыг шийдвэрт тусгаагүй шалтгааныг тайлбарлах талаар тус тус зохицуулсан.
5.2.Хэрэгт авагдсан баримтаас үзвэл хариуцагч нь нэхэмжлэгчид сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлж, тайлбар гаргах боломж олгосон боловч түүний гаргасан тайлбар, эсрэг баримтыг хэрхэн шалгаж, ямар үндэслэлээр хүлээн аваагүй, зөрчил тус бүрийн нөхцөл байдлыг шийдвэр гаргахдаа хэрхэн харгалзан үзсэн нь маргаан бүхий тушаал болон түүний үндэслэл болсон баримтад тодорхой тусгагдаагүй байна.
5.3.Иймд сонсох ажиллагаа явуулсан нь дангаараа Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4, 27 дугаар зүйлийн 27.6, 27.7-д заасан шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлыг шалган тогтоох, оролцогчийн тайлбар, саналыг үнэлж шийдвэрлэх шаардлагыг бүрэн хангасан гэж үзэх хангалттай үндэслэлд хамаарахгүй юм.
5.4.Гэтэл хариуцагч нь нэхэмжлэгчийн гаргасан тайлбар, түүний эсрэг баримтыг хангалттай үнэлээгүйгээс гадна тогтоогдсон гэх зөрчлүүдийн шинж байдал, ноцтой байдал, үр дагаврыг тус бүрд нь үнэлж, тэдгээрт төрийн албанаас халах шийтгэл тохирсон эсэхийг үндэслэлтэй тогтоогоогүй байна.
6.Дүгнэлт:
6.1.Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д сахилгын шийтгэл ногдуулахдаа тухайн зөрчлийн шинж байдал, анх буюу давтан үйлдсэнийг харгалзан тохирох шийтгэлийг сонгохоор зохицуулсан. Энэхүү зохицуулалтыг Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан захиргааны үйл ажиллагаа зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчимтай уялдуулан үзвэл, төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулахдаа зөрчлийн шинж, ноцтой байдал, үр дагавар, албан хаагчийн буруутай үйлдэл, эс үйлдэхүй, анх буюу давтан үйлдсэн байдал болон бусад ач холбогдол бүхий нөхцөлийг цогцоор нь үнэлж, сонгосон шийтгэл нь тогтоогдсон зөрчилд тохирсон болохыг үндэслэх шаардлагатай.
6.2.Гэтэл энэ хэрэгт хариуцагчаас нэхэмжлэгчийг буруутгасан зарим зөрчил хангалттай нотлогдоогүй, зарим үйл баримт тогтоогдсон боловч тэдгээр нь хуулийн ямар шаардлагыг зөрчсөн, нэхэмжлэгчийн оролцоо, буруутай үйлдэл, эс үйлдэхүй, зөрчлийн үр дагавар болон хариуцлага хүлээлгэх хугацаанд хэрхэн хамаарахыг бүрэн тодруулаагүй байна.
6.3.Түүнчлэн сахилгын зөрчил гаргасан эсэх болон тогтоогдсон зөрчилд төрийн албанаас халах шийтгэл тохирсон эсэх нь тус тусдаа үнэлэгдэх эрх зүйн асуудал бөгөөд хариуцагч эдгээрийг зааглан шалгаж, шийдвэрээ хангалттай үндэслэлтэй гаргаагүй байна.
6.4.Иймд маргаан бүхий тушаалыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24.4, 27.7, 4.2.5, 40.2.3, 42.2, Төрийн албаны тухай хуулийн 48.1-д заасан шаардлагыг бүрэн хангаж, сахилгын шийтгэл ногдуулах эрх хэмжээгээ хуульд нийцүүлэн хэрэгжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.
6.5.Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 34 дүгээр зүйлийн 34.1-34.3-т зааснаар шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулж, тэдгээрийн хамаарал, ач холбогдол, үнэн зөв, эргэлзээгүй байдлыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлэх үүрэгтэй.
6.6.Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгчийг буруутгасан зарим үйл баримт хангалттай нотлогдоогүй, зарим зөрчилд хариуцлага хүлээлгэх хугацааны асуудал үүссэнийг дүгнэсэн атлаа үлдсэн зөрчлүүдийн хууль зүйн шинж, нотлогдсон байдал, нэхэмжлэгчийн хариуцлагын үндэслэл болон төрийн албанаас халах шийтгэлийн тохирсон байдлыг харилцан уялдуулан үнэлэлгүйгээр маргаан бүхий тушаалыг бүхэлд нь үндэслэлтэй гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь мөн хуулийн 34.1, 34.2, 106.2-т заасан шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.
6.7.Иймд шалгалтын баримт, санал асуулга, ярилцлага болон нэхэмжлэгчийн эсрэг тайлбар, баримтыг бүрэн харьцуулан үнэлээгүй, зөрчил тус бүрийн шинж байдал, сахилгын шийтгэлийн тохирсон байдлыг дүгнээгүй гэх давж заалдах гомдлын үндэслэлүүдийг дээр дурдсан хэмжээнд хүлээн авах үндэслэлтэй. Гэвч энэ нь нэхэмжлэгчийн талаар дурдсан бүх үйл баримт үгүйсгэгдсэн, түүнд сахилгын хариуцлага хүлээлгэх аливаа үндэслэл байхгүй нь бүрэн тогтоогдсон гэж үзэх мөн үндэслэлгүй байна.
6.8.Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.2-т зааснаар захиргааны байгууллага хуульд зөвшөөрсөн хувилбаруудаас сонголт хийхдээ уг эрх хэмжээгээ хуульд заасан шаардлага, зорилгод нийцүүлэн хэрэгжүүлэх үүрэгтэй. Төрийн албаны тухай хуулийн 48.1-д заасан сахилгын шийтгэлийн төрлөөс тохирохыг сонгох эрх хэмжээ нь энэ зохицуулалтын хүрээнд хэрэгжих бөгөөд шүүх захиргааны байгууллагын сонголт хийсэн хууль ёсны байдал, үндэслэлийг хянана.
6.9.Энэ хэрэгт байгууллагын дотоод хяналтын чиг үүргийн хэрэгжилт, зарим зөрчил үүссэн болон илэрсэн хугацаа, нэхэмжлэгчийн оролцоо, албан тушаалын томилгооны нөхцөл, зөрчлийг залруулсан байдал, тэдгээрт хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлийг нэмж тодруулах шаардлагатай байна. Түүнчлэн ийнхүү тогтоогдох нөхцөл байдалд тулгуурлан сахилгын шийтгэл ногдуулах эсэх, ногдуулах бол ямар төрлийн шийтгэл тохирохыг хуульд заасан шалгуураар дахин шалгах хариуцагч захиргааны байгууллагын шийдвэр гаргах бүрэн эрхэд хамаарахаар байна.
6.10. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн тохиолдолд захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэхээр зохицуулсан бөгөөд дээр дурдсан нэмж тодруулах асуудлууд нь зөвхөн хэрэгт авагдсан нотлох баримтыг шүүхээс дахин үнэлэх замаар бүрэн шийдвэрлэгдэхгүй, харин хариуцагчаас зөрчил тус бүрийн нөхцөл байдлыг дахин шалгаж, нэхэмжлэгчийн тайлбар, түүний эсрэг баримтыг бүрэн дүүрэн шалган тогтоосны үндсэн дээр сахилгын хариуцлага хүлээлгэх эсэх талаар эрх хэмжээнийхээ хүрээнд дахин шинэ акт гаргах шаардлагатай холбоотой байх тул нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
6.11.Ийнхүү дахин шинэ акт гаргах боломжийг хариуцагчид олгож байгаа нь нэхэмжлэгчид заавал сахилгын шийтгэл ногдуулахыг даалгасан агуулгатай биш бөгөөд хариуцагч нь Захиргааны ерөнхий хуулийн 24.4, 26.1, 27.7, 40.2.3, 42.2, Төрийн албаны тухай хуулийн 48.1, 48.5 болон холбогдох бусад зохицуулалтыг баримтлан шийдвэрлэхдээ хариуцлага хүлээлгэх хуульд заасан хугацааг мөн харгалзан үзэх үүрэгтэй.
6.12.Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлгүй боловч нэхэмжлэлийн шаардлагыг шууд бүхэлд нь хангах нөхцөл байдал мөн бүрэн тогтоогдоогүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д зааснаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн Б/92 дугаар тушаалыг хариуцагчаас шинэ акт гаргах хүртэл гурван сарын хугацаагаар түдгэлзүүлж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 656 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-т заасныг тус тус баримтлан Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн Б/92 дугаар тушаалыг дахин шинэ акт гаргах хүртэл гурван сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.” гэж өөрчилж, шийдвэрийн Тогтоох хэсэгт “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон гурван сарын хугацаанд захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд маргаан бүхий “Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн Б/92 дугаар тушаалыг хүчингүй болохыг дурдсугай.” гэсэн 2 дахь заалтыг нэмж, шийдвэрийн 2 дахь заалтын дугаарыг 3 болгон өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч С.Ож, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа тус бүр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ