Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 2024/ШЦТ/17

 

                     

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алгирмаа даргалж,

Улсын яллагч *******,

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******,

Шүүгдэгч *******,

Нарийн бичгийн дарга ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

 ******* аймгийн ******* сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох ************ дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, ****оны **дугаар сарын **-ны өдөр **хотод төрсөн, **настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 2 хүүхэд, хадам ээжийн хамт ***хот, ***дүүрэг, ***дугаар хороо, ** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ******* овогт *******  /РД:,

Шүүгдэгчийн холбогдсон хэрэг:

 

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь 2023 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр ******* аймгийн сумын нутаг дэвсгэрт зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаар өөр зорилгоор ховор ургамал болох Дэрэвгэр жиргэрүү ургамлыг худалдаж авсан үйл баримт тогтоогдож байна.

Дээрх үйл баримт нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна хохирогчийн хууль ёсны төлөөлөгч мэдүүлэг/хавтаст хэргийн 62 дугаар хуудас/, гэрч мэдүүлэг/хавтаст хэргийн 64 дүгээр хуудас/, Шүүхийн Шинжилгээний ерөнхий газар, Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн Хүрээлэн буй орчны шинжилгээ, үнэлгээний лабораторийн 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн №3245 дугаартай шинжээчийн дүгнэлт/ хавтаст хэргийн 17-20 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.

 

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг хуульд заасан шаардлагыг хангаж байгаагаас гадна шүүгдэгч өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, прокурор Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг шүүгдэгчид танилцуулсан зэрэг нь хуульд нийцсэн байна.

Шүүгдэгчийн төрсөн ах нь цусны хурц хавдар өвчний улмаас донорын үйлдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээнд орох заалттай болж төрсөн дүү ******* нь донор болохоор сонгогдсон нь Улсын нэгдүгээр төв эмнэлгийн эмчийн тодорхойлолтоор тогтоогдож байна. /хх-ийн 211-212/

 

Иймд шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд 6,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэлээ.

******* аймгийн Байгаль орчин, Аялал жуулчлалын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 01-29-02/508-01 дугаартай актаар Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.3-т Ургамалын аймагт учирсан хохирлын ойн экологи-эдийн засгийн үнэлгээ 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр/ тогтооно гэж заасны дагуу 9,302,960х5= 46,514,800 төгрөгийн хохирол учирсан нь тогтоогдож байна. /хх-ийн 55/

Тоёота Ланд Крузер-J200 маркийн *** улсын дугаартай автомашин нь шүүгдэгч *******ийн өмчлөлийнх болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр тогтоогдож байна. /хх-ийн 239/

Шүүгдэгч нь өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгслийг худалдан борлуулж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг барагдуулна гэж мэдүүлж байх тул түүнийг хохирол төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж үзэх үндэслэлтэй.

Шүүгдэгч гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан *** улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн үнэ 8,500,000 төгрөгийг мөн төлж барагдуулна гэж мэдүүлснийг дурдах нь зүйтэй.

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 3245 дугаартай дүгнэлтээр шинжилгээнд ирүүлсэн Дэрэвгэр жиргэрүү ургамалын үндэс нь хөгцөрсөн байх тул цаашид ямар нэгэн байдлаар ашиглахгүй байх хэрэгтэй гэж дүгнэсэн байна. /ххийн 18/

Мөн Дэрэвгэр жиргэрүү ургамалын үндсийг хөдөлгөн шилжүүлэх, савлах, тээвэрлэх явцад их хэмжээний тоосонцор үүсэж тээвэрлэлтийн явцад бутарч үйрэх магадлал өндөртэй, эмзэг шинжтэй тул 1 кг тутамд 50-100гр хорогдох боломжтой гэж дүгнэсэн байх ба шүүх 8 шуудай 63,9 кг, 8 гялгар уут 1.270 кг ургамалыг хүлээж авсан байна. /хх-ийн 206/  

Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Дэрэвгэр жиргэрүү” ургамлыг ашиглах боломжгүй тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдав.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт ******* ийг зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамлыг худалдан авсан гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр 46,514,800 төгрөгийг, мөн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 8,500,000 төгрөгийг тус тус гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын сангийн Төрийн сан банкны *** тоот дансанд оруулсугай.

4.******* аймгийн ******* сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурорын 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 08 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, *** улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг өмчлөгч олгосугай.

5.Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 8 шуудай 63.9 кг, гялгар ууттай 1.270 кг “Дэрэвгэр жиргэрүү” ургамлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6.Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

7.Шийтгэх тогтоол уншин сонсгомогц хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд  шүүгдэгч, түүний өмгөөлөгч энэ хэрэгт давж заалдах, гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

9.Прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолыг хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг тус тус дурдсугай.

 

 

  

 

 

                                ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                   Г.АЛГИРМАА