Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 21 өдөр

Дугаар   2024/ШЦТ/05

 

 

 

 

 

 

 

  2023         12            21                                    2024/ШЦТ/05

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

нарийн бичгийн дарга: Б.Сарантуяа,

улсын яллагч:С.Батгэрэл

шүүгдэгч: Ц.М нарыг оролцуулан Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.М холбогдох эрүүгийн 2308012151758 тоот хэргийг 2023.11.07-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

                                              

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, **** оны *** дугаар сарын ***-ны өдөр ****** аймгийн ******* суманд төрсөн, **** настай эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа барилга дээр ажилладаг гэх, ам бүл 4 эхнэр 2 хүүхдийн хамт **** ийн *** дүгээр хороо *** дүгээр хороолол ***** тоотод оршин суух /РД:******/ Б овогт Ц.М нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1/ Хэргийн талаар:

 

Шүүгдэгч Ц.М нь 2023 оны 03 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнийн 01 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ****** хороо, ******* орцонд согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас унтаж байсан иргэн  М.Б 2 ширхэг гар утас, монетон бөгж зэрэг эд зүйлийг сэм авч явсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

           - Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, дуудлагын лавлагааны хуудас /хх-09,10/,

            - Хохирогч М.Б "Би 2023.03.12-ны өдөр СХД-ийн 19-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Шоо хаус” нэртэй пабад найз нарын хамтаар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад 2023.03.13-ны өдөр шөнийн 00:00 цагийн орчим гараад гэр рүүгээ явсан юм. Би СХД-ийн *** хорооны нутаг дэвсгэрт байрлалтай ******* тоотод оршин суудаг ба 2023.03.13-ны өдөр шөнийн 01:00 цагийн орчим гэртээ орох гэж байрны орцны гадаа код оруулах гэж зогсож байх үед үл таних 30 орчим насны нэг эрэгтэй хүн ирээд надтай уулзсан. Тухайн хүнийг тэр цаг хугацаанд ямар зүйл ярьсныг санахгүй байна. Тэгсэн араас дахин хоёр залуу ирж намайг дагуулаад өөр байрны орц руу буюу ******* орц руу орсон. Надтай хамт уусан 3 залуугийн нэгэнтэй нь хэрэг болсон өдрийн маргааш нь таараад уулзахад миний гаранд байсан монетон бөгж, гар утсыг Мөнх-Эрдэнэ гээд залуу аваад явсан гэж хэлсэн. Хэрэг болох үед миний монетон бөгж, гар утсыг хэрхэн авсан талаар би мэдэхгүй байна. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл их хэрэглэсэн байсан учир болсон асуудлыг гүйцэд санахгүй байна" гэх мэдүүлэг /хх-14-16,18,20 /,

     - Гэрч Ч.М "Би 2023.03.13-ны өдөр шөнийн 01 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн **** хороолол орчим хог түүгээд ганцаараа явж байсан юм. Тэгсэн хамар нь халцархай, хоёр хөмсөг нь халцархай 30 орчим насны зуйвандуу нүүртэй, үсээ самначихсан цэвэрхэн хувцастай хоёр залуу намайг дуудаж “хамт пиво уух уу” гэж асуусан. Тэгээд хамт явж байхад дахин үл таних махлагдуу биетэй залуутай таараад бид 4, 21-р хорооллын байрнуудын нэгэнд нь орж пиво уусан. Тэгээд тухайн гурван залуутай пиво ууж байгаад пиво дууссан. Тэгэхээр нь би байрны орцноос гартал миний түрүүлж таарсан хоёр залуу араас гарч ирсэн. Харин сүүлд нь үзсэн залуу тэндээ унтаад үлдсэн. Би анх таарсан хоёр залуутай хэсэг хамт явж байгаад 21-р хороололд байх Ногоон байранд орж унтсан. Тэгсэн өглөө 09 цагийн орчим хогоо түүгээд явж байхад шөнө хамгийн сүүлд таарсан махлагдуу залуу надтай таараад миний гар утас, бөгж хаана байна гэж нэхээд байсан. Тэгээд би цагдаагийн байгууллага дээр ирж эрүүлжүүлэх саатуулах байранд хүргэгдсэн. Гар утас болон бөгж алга болсон талаар би огт мэдэхгүй байна. Намайг хулгай хийсэн гэж хардаад байсан” гэх мэдүүлэг /хх-29/,

       -   Гэрч   Г.Б "Би Сонгинохайрхан дүүргийн **** хорооны нутаг дэвсгэр “Ноён сансар” ХХК-ны ***** гэртээ байхад 2023 оны 03 сарын дундуур зүс таних М гэх залуу айфоне загварын гар утас 500000 төгрөгөнд худалдаж авах уу гэж санал тавьсан. Би тухайн гар утсыг нь үзэж хараад М бэлэн 500000 төгрөг өгч тус гар утсыг худалдан авсан. Тэгсэн удалгүй манай гэрт миний М худалдаж авсан гар утасны эзэн гэх эрэгтэй, эмэгтэй 2 хүн ирээд гар утсаа авмаар байна гэж хэлсэн. Би тэр хүмүүст худалдан авсан гар утсаа өгөөгүй. Тэр хүмүүс дараагаар нь цагдаад хандсан байсныг би мэдсэн. Тэгээд Сонгинохайрхан дүүргийн цагдаагаас тухайн гар утас нь хулгайн гар утас гэж хэлсэн. Намайг М авсан гар утсаа сайн дураараа хүлээлгэн өгөх, эсвэл хурааж авдаг гэж хэлэхээр нь би өгөөгүй юм. Би тэр хүмүүс болон цагдаа нарт хэлэхдээ М өгсөн 500,000 төгрөгөө авчихвал гар утсыг нь өгнө гэж хэлсэн. Тэгээд хэд хоногийн дараа гар утасны эзэд гэх эрэгтэй, эмэгтэй 2 хүн бэлэн 500000 төгрөгөөр Мөнх-Эрдэнэ гэх залуугийн надад өгсөн гар утсыг авч явсан. Мөнх-Эрдэнэ надад хэлэхдээ өөрийнхөө гар утсыг зарж байна гэж хэлсэн. М ихэвчлэн Сонгинохайрхан дүүргийн **** хороо  орчим архи уугаад явж байдаг. Би хуучин хүнсний дэлгүүр ажиллуулдаг байсан учраас таньдаг болохоор М итгээд гар утсыг нь авчихсан юм. Надтай бол ганцаараа уулзаж гар утас зарж мөнгө авсан" гэх мэдүүлэг /хх-ийн 31/,

            - Хөрөнгийн үнэлгээний шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 17-ны 826 дугаартай “Айфон 11 гар утас-1000000 төгрөг, Айфон икс эс гар утас-700000 төгрөг, монетон бөгж-1120000 төгрөг, нийт-2820000 төгрөг” гэх үнэлгээ /хх-23-24/,

            - Яллагдагчийн сэжигтнээр өгсөн “Би 2023 оны 03 дугаар сарын 12-13 нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн  **** хорооны нутаг дэвсгэр ***** байрны гадна 2.5 литртэй Нийслэл нэртэй нэг пиво авчихсан явж байгаад ул таних настай ахтай таараад бид хоёр цаашаа явж байгаад дахин үл таних 30 орчим насны архи уусан байдалтай залуутай таарсан. Тэгээд бид гурав миний авсан пивийг 8-58 дугаар байрны 3 дугаар орцонд орж уусан. Тус байрны орцонд орж авсан пивээ ууж дуусчхаад дахин сүүлд таарсан 30 орчим насны залуу мөнгө өгч дахин 2.5 литртэй пиво авсан. Бид гурав дахиад пивээ ууж дуусчхаад байж байхад надтай эхэнд таарсан хог түүдэг байрын настай ах орцноос түрүүлээд гараад явчихсан. Харин сүүлд таарсан 30 орчим насны залуу орцны шатан дээр тасраад унтчихсан бөгөөд гартаа барьж байсан айфоне загварын гар утсаа газар унагаасан. Тэгэхээр нь би авчихсан юм. Мөн халаасанд нь дахиад загварын гар утас байхаар нь аваад гартаа зүүсэн байсан монетон бөгжийг нь авчихсан. Би тухайн залуугаас авсан хоёр гар утасныхаа нэгийг нь Хархорин захын гар утас авдаг ченжид 120 мянган төгрөгөөр, нөгөөг нь Б гэх танил ахад 500 мянган төгрөгөөр тус тус зарж борлуулсан. Монетон бөгжийг мөн Хархорин зах дээр 350 мянган төгрөгөөр зарсан. Энэ асуудлаас болж цагдаагийн байгууллага дээр ирсэн юм. Би тус Хархорин захын ченж нарыг танихгүй. Одоо бүр мартчихсан байна. Хамт пиво уусан гэх 30 орчим насны эрэгтэй хүний хоёр ширхэг гар утас болон монетон бөгжийг би тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглээд дахиж уумаар санагдаад авчихсан юм. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна“ гэх мэдүүлэг /хх-62/ зэрэг баримтууд хамаарч байна.

         Шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дээрх баримтууд, шүүгдэгч Ц.М хувийн байдалтай холбоотой болон бусад баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил болон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Ц.М нь 2023 оны 03 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнийн 01 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ***** хороо, **** орцонд Ч.М, М.Б нартай архидан согтуурч, улмаар согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж унтсан шалтгаанаар тухайн үед болж байгаа үйл явдлыг мэдрэхгүй, ойлгож мэдэхгүй, илчлэх чадваргүй байгааг нь далимдуулан шунахайн сэдэлтээр, шууд санаатайгаар иргэн  М.Б 2 ширхэг гар утас, монетон бөгж зэрэг эд зүйлийг сэм авч явсан бөгөөд Айфон 11 гар утсыг нь иргэн Г.Б 500000 төгрөгөөр, Айфон икс эс гар утсыг болон монетон бөгжийг нь Хархорин зах дээр худалдан борлуулж мөнгийг нь хувьдаа хэрэглэсэн үйлдлийн улмаас бусдад  2820000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний шинжээчийн дүгнэлт, өөрийнх нь хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай  гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг  гэмт хэрэгт тооцно” гэж заасан байх ба  “Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг”-т ямар гэмт хэргүүд хамаарахыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлэгт хуульчлан тогтоожээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйл /Хулгайлах гэмт хэрэг/-ийн 1 дэх хэсэгт “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор тусгасан байна. Тухайн гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахайн сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бүр мөсөн, үнэ төлбөргүй өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулсан шууд санаатай үйлдлийг ойлгоно.

Шүүгдэгч Ц.М дээр дурдсан хууль бус үйлдэл нь түүнд ял сонсгон яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Иймд шүүгдэгч Ц.М бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

               

            2/ Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

            Шүүгдэгч Ц.М хууль бус санаатай үйлдлийн улмаас иргэн М.Б мөнгөн дүнгээр 2820000 төгрөгийн хохирол учирсан болох нь хөрөнгийн үнэлгээний шинжээчийн 2023 оны 10-р сарын 17-ны  өдрийн 826  дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.

        Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасны дагуу өөрийн хууль бус санаатай үйлдлийн улмаас бусдын эд хөрөнгөд учирсан гэм хорыг гэм буруутай этгээд болох Ц.М нь хуульд заасан арга, журмаар хариуцан арилгах үүрэгтэй, хохирогч М.Б нь  өөрсдийн эд хөрөнгөд учирсан хохирлыг нөхөн төлөхийг Ц.М шаардах эрхтэй байна.

            Шүүгдэгч Ц.М яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: Би хохирогч гэх залууд 175.000 төгрөгөөр нэг удаа, 200000 төгрөгөөр нэг удаа өгсөн байгаа. Мөн хүүхдийн скутер өгсөн байгаа. Гэхдээ хохирлоо барагдуулчхаад хүүхдийн скутерийг буцааж авах юм “ гэж /хх-62/,  хохирогчоос “Мөнх-Эрдэнэ гэх залуугаас 200000 төгрөг бэлэн мөнгөөр авч, өөрөөсөө 300000 төгрөг гаргаж Базархүү гэх хүнээс айфон11 про загварын гар утсаа буцааж авсан” гэж /хх-18/ тус тус мэдүүлсэн байна.

Иймд Ц.М айфон икс эс загварын гар утасны төлбөрт 700000 төгрөг, монетон бөгжний төлбөрт 1120000 төгрөг, айфон 11 загварын гар утсыг буцаан авахад хохирогчоос зарцуулсан 300000 төгрөг, нийт  2120000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгох үндэслэлтэй байна. Тухайн мөнгөн дүнгээс хохирогчийн хүлээн авсан гэж хүлээн зөвшөөрсөн 200000 төгрөгийг хасч тооцоход 1920000 төгрөгийг Ц.М нь хохирогч М.Б төлж барагдуулах үүрэгтэй байна. Хохирогч нь айфон 11 загварын гар утсаа биет байдлаар олж авсан байгааг дурьдах нь зүйтэй.

           

3/ Эрүүгийн хариуцлагын талаар:

 

           Шүүгдэгч Ц.М нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-59

          Шүүгдэгч Ц.М нь гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоос зарим хэсгийг төлж барагдуулсан, үлдэх төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа нь  эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

            Дээрх нөхцөл байдал болон Ц.М хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа зэргийг харгалзан улсын яллагчийн санал болгосончлон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон хэрэглэж, тухайн ял эдлэх хугацааг 320 цагаар тогтоох байдлаар ял оногдуулж шийтгэхээр шийдвэрлэв.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заажээ. Мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тухайн зорилгыг хангахад шаардлагатай гэж үзвэл гэмт хэрэг үйлдсэн хүнд оногдуулсан ял дээр нэмж албадлагын арга хэмжээ хэрэглэх эрхийг шүүхэд олгосон.

Иймд шүүгдэгч Ц.М нь хохирогчид учруулсан хохирлоо 2024 оны 1 дүгээр сарын 20-ны дотор төлж барагдуулна гэдгээ илэрхийлж байгааг харгалзан түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял дээр нэмж гэмт хэргийн хор уршгийг арилгах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэв.

 

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

            1. Шүүгдэгч Б овогт Ц.М бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.М өдөрт наймаас дээшгүй цагаар нийт 320 /гурван зуун хорин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар Ц.М оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх  ял дээр нэмж, энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 40 /дөч/ хоногийн дотор хохирогч М.Б учруулсан хохирлоо төлж барагдуулах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй. 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Ц.М 1.920.000 /нэг сая есөн зуун хорин мянган/ төгрөгийг  гаргуулж хохирогч Ч овогт М.Б олгосугай.

5. Шүүгдэгч Ц.М нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хувийн эд зүйл, бичиг баримт хураалгаж, битүүмжлүүлээгүй, хохирогч М.Б нь айфон 11 про загварын гар утсаа биетээр олж авсан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ц.М урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

         8. Шийтгэх тогтоолоор оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг болон шүүхээс хүлээлгэсэн хохирол, хор уршгийг арилгах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг биелүүлээгүй тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн тооцож, хорих ялаар солино гэдгийг Ц.М мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                С.СЭРЖМЯДАГ