Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 803

 

 

 

 

 

 

 

2020          6             18                                            2020/ДШМ/803

 

Б.Өт холбогдох эрүүгийн

     хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Мягмаржав, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Б.Уянга,

шүүгдэгч Б.Ө, түүний өмгөөлөгч Д.Дарханбаатар,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргиийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж хийсэн 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 2020/ШЦТ/827 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Ө, түүний өмгөөлөгч Д.Дарханбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн Б.Өт холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Ө овгийн Бийн Ө, 2000 оны 2 дугаар сарын 27-ны өдөр Увс аймагт төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, ах, дүү нарын хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй /РД:.../;

 

Б.Ө нь 2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд ... тоотын үүдэнд иргэн З.Гийг зодож, нүүрэн тус газар нь цохин эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх прокурорын газраас: Б.Өын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ө овогт Бийн Өыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Өыг 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Өт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагийн хугацаагаар тооцож хийлгэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нь уг гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс хохирол нэхэмжлэх эрхтэйг дурдаж, хэргийн учир шүүгдэгч нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн гэмт хэрэг үйлдэгдэж байгаа талаарх бичлэг бүхий сидиг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт шилжүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.Ө давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байна. Би нагац эгч болох Х.Сувдаа гэх эгчийнхээ лангуу дээр худалдагчаар зогсдог. Ингэж би гар аргаар хийсэн эсгий эдлэл зарж орлого олдог. Би өмнө гэмт хэрэгт холбогдож байгаагүй. Хохирогч З.Г нь эмчилгээний төлбөрөө нотлох баримтаар гаргаж ирнэ гэсэн ба үүнийг нь би төлж барагдуулна. Иймд миний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг минь харгалзан үзэж, оногдуулсан ялыг минь хөнгөрүүлж, торгож өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дарханбаатар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “...шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн болох нь камерын бичлэгээр эргэлзээгүйгээр нотлогдож байхад тэрээр гэм буруугийн талаар маргаж байгаа учир хуульд заасан хөнгөн ялыг оногдуулах үндэслэлгүй...” гэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх энэ зүйлд заагаагүй нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж байна. Өөрөөр хэлбэл, шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заагаагүй нөхцөл байдлыг харгалзан үзэж эрүүгийн хариуцлагыг хүндрүүлсэн байна. Б.Ө нь одоо гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа ба түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан оногдуулсан ялыг нь хөнгөрүүлж, торгож өгнө үү. ...” гэв.  

 

Прокурор Б.Уянга тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 827 дугаартай шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг харгалзан үзэж ял шийтгэлийг хөнгөрүүлэх боломжтой гэж үзэж байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг бүхэлд нь хянав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай нотолсон, мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд оролцогчдын эрхийг хасаж хязгаарласан, бусад байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй. 

 

Шүүгдэгч Б.Ө нь 2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд ... тоот хашааны үүдэнд иргэн З.Гийг зодож, нүүрэн тус газар нь цохин эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч З.Гийн “...Тухайн үед мөнгөгүй байсан учир ах Гаанжуураас мөнгө авахаар гэр рүү нь ороход ах хаалгаа тайлаагүй тул буцаж гараад такси руугаа очтол таксины жолооч гарч ирээд намайг учир зүггүй зодоод, чирж унагаагаад, дэвсээд, өшиглөсөн. ...” /хх 10/,

гэрч З.Гаанжуурын “...Тэгэхээр нь би хаалга тайлж өгөх гэж байхад манай дүү хэн нэгэнтэй зодолдоод байх шиг байсан. Гэрийн хаалга онгойлгоод харахад хашааны хаалганы хажууд манай дүү газарт унасан, хажууд нь үл таних малгайтай залуу зогсож байхаар нь “хөөш юу болж байна” гээд хашгираад гүйгээд очиход үл таних залуу хашаанаас гараад төв зам руу зугтсан. ...” /хх 13/,

гэрч Ц.Данзангийн “...Тэгтэл хашааны хаалга онгойгоод буцаад хаагдаад байхаар нь би машинаасаа буугаад хардаг юм билүү гэж бодож байтал манай найз гарч ирээд миний цонхыг цохиод “зугтаарай” гэж орилоод доошоо гүйгээд явахаар нь би араас нь машинтайгаа явж хажууд нь очоод найзыгаа суулгаад “юу болсон бэ” гэж асуухад “тас” гээд хойд салхины шил хагарсан. ...” /хх 15/,

шүүгдэгч Б.Өын “...Би тэр ахад хандаж “мөнгөгүй байж яах гэж такси барьсан юм бэ, би явлаа” гэхэд миний энгэрээс заамдаж аваад “чи өөрөө ороод мөнгө авахгүй” гээд байсан. Би “болиоч” гээд түлхсэн боловч гараас бариад тавихгүй байсан. Гараа тавиулах санаатай тэр хүнтэй зууралдаж бид хамтдаа 2-3 удаа газарт унасан. Унасан байхад хөлөөрөө миний хөлийг хавчаад тавихгүй байсан. Босож зууралдсаар байгаад хашааны үүдэнд очсон. Тэр намайг тавихгүй байсан. Тухайн газар нь уруу байсан ба хамт газар унаад би түрүүлээд боссон чинь нийтийн байрнаас нэг эрэгтэй хүн гарч ирээд “юу болоод байна” гэж хэлээд ханцуйгаа шумлаад над руу хүрч ирэхээр нь намайг зодох гэж байна гэж бодоод хашаанаас гараад Данзанг “машинтайгаа яваарай” гэж хэлээд гүйгээт төв зам руу зугтсан. ...” /хх 36-37/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн “...1. З.Гийн биед хамар ясны хугарал, зүүн чамархайд шарх, зүүн дээд зовхи, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. ...” гэх 1871 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 21-22/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох талуудын тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Б.Өыг  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

 

Шүүгдэгч Б.Өын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэжээ.

 

Харин анхан шатны шүүх шүүгдэгч Б.Өт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ “...Шүүгдэгч Б.Өт ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. ...Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн болох нь камерын бичлэгээр эргэлзээгүйгээр нотлогдож байхад тэрээр гэм буруугийн талаар маргаж байх учир хуульд заасан хөнгөн ялыг оногдуулах үндэслэлгүй бөгөөд шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулах нь зүйтэй...” гэсэн дүгнэлтүүдийг хийсэн нь логик үндэслэгээ байхгүй, шүүгдэгч гэм буруугийн асуудлаар маргасан нь түүнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах байдлаар дүгнэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх энэ зүйлд заагаагүй нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэхийг хориглоно” гэснийг зөрчсөн байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Б.Ө болон түүний өмгөөлөгч Д.Дарханбаатар нарын гаргасан “...оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар сольж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хүлээн авч шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 2020/ШЦТ/827 дугаартай шийтгэх тогтоолын:

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Өыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.” гэж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Өт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэхийг үүрэг болгосугай.” гэж,

тогтоох хэсгийн 4 дэх заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ө нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.” гэж тус тус өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Ө, түүний өмгөөлөгч Д.Дарханбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авсугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ш.БАТ-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                            Д.МЯГМАРЖАВ

                        ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ