Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2026/0701

 

 

 

Г.Чийн нэхэмжлэлтэй захиргааны

хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч:Шүүгч С.Мөнхжаргал

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Д.Оюумаа

Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл

Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгч Г.Ч

Нэхэмжлэгч: Г.Ч

Хариуцагч: Т аймгийн Ц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Гуравдагч этгээд: Ш.Ах

Нэхэмжлэлийн шаардлага: “Т аймгийн Ц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 7 дугаар хуралдааны 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 01 дүгээр Г.Чийг хурлын даргын албан тушаалаас огцруулах тухай тогтоолыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож, хурлын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, хөлсийг гаргуулж, холбогдох шимтгэлийг нөхөн төлүүлэх”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Т аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 50 дугаар шийдвэр,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгч Г.Ч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Уб, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мс

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Хатантуул

Хэргийн индекс: 123/2026/0030/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Т аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 50 дугаар шийдвэрээр:

“Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1. дэх хэсгийн 12.1.8., 39 дүгээр зүйлийн 39.1. дэх хэсгийн 39.1.4., 48 дугаар зүйлийн 48.1. дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Чийн Т аймгийн Ц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 7 дугаар хуралдааны 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 01 дүгээр Г.Чийг хурлын даргын албан тушаалаас огцруулах тухай тогтоолыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож, хурлын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, хөлсийг гаргуулж, холбогдох шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

2.Нэхэмжлэгч Г.Чийн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдлын агуулга:

“Г.Ч би Т аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 07 дугаар сарын 22-ны өдөр дугаар 123/ШШ2026/0050 шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дараах гомдлыг гаргаж байна. Т аймгийн Ц сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар 2024 оны 10 дугаар сарын 31 өдөр сонгогдон ажиллаж эхэлсэн. Гэтэл хэсэг бүлэг Ардчилсан намын хүмүүс улс төрийн зорилгоор үндэслэлгүй Т аймгийн Ц сумын иргэдийн төлөөлөгчийн хурлын дарга Г.Ч намайг албан тушаалаас үндэслэлгүйгээр чөлөөлөх тухай тогтоол гаргаж иргэдийн хурлын даргаар хууль бусаар Ш.Ахийг томилсон үйл явдал болсон. Дээрх асуудлаар нэхэмжлэгч Г.Ч миний зүгээс Т аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд дээрх хууль бус шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан.

Т аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2025 оны 03 дугаар сарын 20 өдрийн 123/ШШ2025/0029 дугаар шийдвэрээр "Т аймгийн Ц сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны 12 дугаар сарын 13 өдрийн 13 дугаар "Хурлын дарга сонгож батлах тогтоолын төслийг хүчингүйд тооцох тухай" тогтоол, 14 дүгээр "Тооллогын комисс томилсон тогтоолыг хүчингүй болгох тухай" тогтоол, 16 дугаар "Хурлын даргыг сонгох, батлах тухай" тогтоол, 19 дүгээр "Г.Ч намайг ажлаас чөлөөлөх тогтоолыг тус тус хууль бус болохыг тогтоож" Т аймгийн Ц сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн.

Мөн 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 221/МА2025/0412 дугаар магадлалаар Т аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

Түүнчлэн Монгол улсын дээд шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 30 өдөр 001/ШХТ2025/012 дугаар "Хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзах тухай" тогтоол гарч албан ёсоор шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болж ШШГГ-аар дамжин хурлын даргын үүрэгт ажлаа аваад 3 сар болоогүй байхад дахин хууль зөрчсөн үйлдлээр Т аймгийн Ц сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргыг хууль бус байдлаар дахин чөлөөлсөн.

Тодруулбал 2026 оны 03 дугаар сарын 12 өдөр дугаар 01 тогтоол нь Монгол Улсын Засаг Захиргаа Нутаг Дэвсгэрийн Нэгж Түүний Удирдлагын Тухай Хуулийн 52 - дугаар зүйлийн 52.1.3, 52.1.4-т заалтад тусгагдсан бүрэн эрхээ хэрэгжүүлээгүй санаатайгаар зөрчсөн үйлдэл, удаа дараалан гаргасан, хурлын төлөөлөгчийн хуулиар олгогдсон эрх, хурлын хуралдаан зохиох санал оруулах эрхээ хэрэгжүүлэх явцад хувийн ашиг сонирхлын үүднээс хандан хэлэлцүүлэхээс татгалзсан, хурлын зөвлөл, хурлын хороодыг удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллаагүй тул иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргын албан тушаалаас огцруулсугай гэж байгаа нь огт үндэслэлгүй юм.

Монгол Улсын Засаг Захиргаа Нутаг Дэвсгэрийн Нэгж Түүний Удирдлагын Тухай Хуулийн 52 дугаар зүйл нь Иргэдийн төлөөлөгчийн хурлын даргын бүрэн эрхийг заасан болохоос үүрэг болгосон заалт биш боловч миний хувьд ажил үүрэгтэй холбоотой ямар нэг асуудал алдаа дутагдал байхгүй. Монгол Улсын Засаг Захиргаа Нутаг Дэвсгэрийн Нэгж Түүний Удирдлагын Тухай Хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.3-т Хурлын хороо, төлөөлөгчийг бүрэн эрхээ хэрэгжүүлэх нөхцөл бололцоогоор хангах ажлыг зохион байгуулалтын удирдлагаар хангаагүй гэсэн байх ба яг ямар хурлын хороо, хэн гэж төлөөлөгчийн ямар асуудлаар бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь зохион байгуулалтын удирдлагаар хангаагүй нь тодорхойгүй, мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.4-т Эрх бүхий этгээдээс Хурлаар хэлэлцүүлэхээр тавьсан саналыг хүлээн авах, гарах шийдвэрийн төслийг боловсруулах, хуралдаанаар хэлэлцэх асуудлыг зохион байгуулах, эрхээ хэрэгжүүлээгүй гэдэг нь тодорхойгүй, зөвхөн сандал ширээ булаацалдан зөвхөн хурлын дарга намайг үндэслэлгүй ямар ч хамаагүй аргаар чөлөөлөх гэсэн хэрүүлийн чанартай асуудлыг хүлээж аваагүй нь хууль зөрчсөн гэж үзэхгүй юм. Өөрөөр хэлбэл намайг хурлын даргаар сонгогдсон 2024 оны 10 дугаар сарын 31 өдрийн 04 дугаартай тогтоолын асуудлаар гурван шатны шүүх хянан эцэслэж шийдвэрлэсэн.

Т аймгийн Ц сумын иргэдийн хурлын дарга Г.Ч 2026 оны 03 дугааp сарын 04 өдөр "Хурлын тов тогтоож, хэлэлцэх асуудал батлах тухай” А/03 дугаартай захирамжийн нэг дүгээр заалтаар Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит 7 дугаар хуралдааныг 2026 оны 03 дугаар сарын 12 өдөр зарлан хуралдуулахаар товлож Үүнд: 1.2026 оны иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хуралдааны жагсаалтыг баталж. 2.Сумын газар тариалангийн бодлогын хөтөлбөр боловсруулах. 3. Хүний эрх жендер эрх тэгш байдлыг хангах салбар зөвлөлийн 2026 оны төлөвлөгөөг батлах тухай, 4.Хүүхдийн төлөө зөвлөлийн 2026 оны төлөвлөгөө батлах, 5. Хоршоо хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах тов тогтоох тухай. 6. Сум иргэдийн төлөөлөгчдийн хурлын зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах. 7. Төлөөлөгчийн бүрэн эрхийн тухай. 8. Нөхөн сонгуулийг зарлан, санал хураах өдрийг зарлах тухай. 9. Сумын сонгуулийн хороо байгуулах тухай нийт есөн асуудал хэлэлцэхээр тогтсон.

2026 оны 03 дугаар сарын 12 өдөр дээрх асуудлуудыг шийдвэрлэхээр хурал нээж хурлын дарга Г.Ч би хурал нээж үг хэлэхэд заалнаас Д.Уб гэж төлөөлөгч хэлэлцэх асуудалд ороогүй хурлын даргыг чөлөөлөх санал гарган өөрөө хурал удирдан дахин Ш.Ахийг сонгууль явуулахгүй өрсөлдөгчгүй шууд томилсон байдаг.

Монгол Улсын Засаг Захиргаа Нутаг Дэвсгэрийн Нэгж Түүний Удирдлагын Тухай Хуулийн 46 дугаар зүйлийн 46.6-д заасан Анхдугаар хуралдаанаас бусад хуралдааныг тухайн Хурлын дарга хуралдаан эхлэхээс долоогоос доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна. Хуралдааныг Хурлын дарга, түүний эзгүйд Хурлын даргын санал болгосноор төлөөлөгчдийн аль нэг нь удирдана гэсэн заалтыг зөрчин хуралдаан хийж хууль зөрчсөн.

Гэтэл анхан шатны шүүх дээрх хууль зөрчсөн үйлдлийг хууль дээдлэх зарчимд нийцсэн гэж үзсэн нь үндэслэлгүй шийдвэр болсон. Монгол Улсын Засаг Захиргаа Нутаг Дэвсгэрийн Нэгж Түүний Удирдлагын Тухай Хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-т заасан Иргэдийн төлөөлөгчдийн Хурал нь тухайн засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжид байнга оршин суугаа сонгуулийн эрх бүхий иргэдээс сонгогддог хуулиар тусгайлан олгогдсон чиг үүрэг бүрэн эрхийг хамтын удирдлагын зарчмын үндсэн дээр хэрэгжүүлдэг нутгийн өөрөө удирдах байгууллага мөн гэхдээ дээрх хамтын зарчмаар шийдвэрлэх асууд, хурлаар хэлэлцэх асуудал дараалал гэж байна. Мөн хуулийн 35.1.2-т Хурлын даргыг сонгох, чөлөөлөх, огцруулах эрх байгаа боловч хэн нэгэн хүний дураар ёс журамгүй шийдэх асуудал биш юм.

Т аймаг дах захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026оны 07 дугаар сарын 22 өдрийн дугаар 123/ШШ2026/0050 шийдвэрийн гуравдугаар хэсэг Хууль зүйн үндэслэлийн 3.6 дахь хэсэгт ... Монгол Улсын Засаг Захиргаа Нутаг Дэвсгэрийн Нэгж Түүний Удирдлагын Тухай Хуулийн 46 дугаар зүйлийн 46.8 Хүндэтгэн үзэхээс бусад шалтгаанаар Хурлын төлөөлөгч хуралдаанд оролцохгүй байх, түүнийг орхиж гарахыг хориглоно гэж тус тус хуульчилсан байхад 2026 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн товлосон хуралдааны асуудал, санал хэлэлцэхгүйгээр хааж, хурал орхиж гарсан нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, шүүх хуралдааны мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул хуулийн заалт зөрчсөн гэж үзлээ гэх зэргээр хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан. Хурлын дарга хурал орхиж гараагүй бөгөөд цаашид хурлыг хэвийн үргэлжлүүлэх боломж бололцоогүй болгосон тул хуульд буюу хуралдааны дэгд зааснаар миний бие хуралдааныг хааж гарсан. Нэгэнт хурлын дарга хуралдааныг хаасан бол дараагийн хурал хуулийн дагуу зарлагдах ёстой. Анхан шатны шүүх Монгол Улсын Засаг Захиргаа Нутаг Дэвсгэрийн Нэгж Түүний Удирдлагын Тухай Хуулийн 47.2 хуулийн заалтыг илтэд буруу тайлбарлаж хэрэглэсэн. Сумын ИТХ-ын даргыг чөлөөлөхдөө ямар нэгэн тооцоо судалгаа, үндэслэл хэрэггүй гэж үзсэн нь хуульд нийцэхгүй байна. Хуралдааны үеэр төлөөлөгч Д.Уб нь заалнаас Г.Ч миний биеийг огцруулна гэж оруулсан нь хууль зөрчсөн үйлдэл бөгөөд анхан шатны шүүх тухайн үйлдлийг дүгнээгүй. Учир нь хуралдаанаар хэлэлцэх асуудлыг 48 цагийн өмнө төлөөлөгч нарт тооцоо судалгаатай танилцуулсан байх ёстой гэдэг хуулийн заалтыг илтэд зөрчсөн.

Иймд Т аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 07 дугаар сарын 22 өдөр дугаар 123/ ШШ2026/0050 шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож 2026 оны 03 дугаар сарын 12 өдрийн 01 дүгээр Г.Ч намайг хурлын даргын албан тушаалаас огцруулах тухай тогтоолыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож, хурлын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, хөлсийг гаргуулж, холбогдох шимтгэл нөхөн төлүүлж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв. 

1.Нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтын тухайд:

1.1.Нэхэмжлэгч Г.Чээс “Т аймгийн Ц сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 01 дугаартай Г.Чийг хурлын даргын албан тушаалаас огцруулах тухай тогтоолыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгож, Хурлын даргын албан тушаалд нэхэмжлэгчийг эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, холбогдох шимтгэлийн нөхөн төлүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг Т аймгийн Ц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан гаргажээ. 

1.2.Нэхэмжлэгч Г.Ч нь Т аймгийн Ц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 04 дүгээр тогтоолоор тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар сонгогджээ.

1.3.Улмаар мөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 13 дугаар тогтоолоор “...2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн анхдугаар хуралдааны үеэр Хуралдааны дэгийн 7.5 дах заалтыг зөрчиж байгуулагдсан тооллогын комиссын шийдвэрийг үндэслэн Хурлын даргыг батлах эсэх тогтоолын төслийг хэлэлцүүлээгүй, мөн 11 дүгээр сарын 04-ний өдрийн хуралдаанаар тогтоолын төслийг хэлэлцүүлсэн боловч олонх буюу 52.4 хувийн саналаар батлагдаагүй байхад Ганболдын Чийг батлагдсан гэж үзсэн нь хууль бус” гэх үндэслэлээр хурлын дарга Г.Чийг сонгож баталсан тогтоолын төслийг хүчингүйд тооцож, мөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 1-р хуралдааны 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 19 дүгээр тогтоолоор “...сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг шинээр сонгон баталсан” гэх үндэслэлээр Г.Чийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

1.4.Дээрх тогтоолуудыг эс зөвшөөрч Г.Чээс Т аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 29 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Г.Чийг ажлаас чөлөөлсөн 19 дүгээр тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна. Уг шийдвэрийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 412 дугаар магадлалаар хэвээр үлдээж, Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 412 дугаар тогтоолоор хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсан байна.

1.5.Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүдийн дагуу Г.Ч нь ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулан авч, ажилдаа буцаж орон 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн А/03 дугаар захирамжаар “сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 7 дугаар хуралдааныг 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 10 цагт хийхээр товлож, уг хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг баталсан байна.

1.6.Уг хуралдаанаар 1.2026 оны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалт батлах тухай. 2.Сумын газар тариалангийн бодлогын хөтөлбөрийг батлах. 3.Хүний эрх, жендерийн эрх тэгш байдлыг хангах салбар зөвлөлийн 2026 оны төлөвлөгөөг батлах тухай. 4.Хүүхдийн төлөө зөвлөлийн 2026 оны төлөвлөгөө батлах. 5.Хоршоо хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах тов тогтоох тухай. 6.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай. 7.Төлөөлөгчийн бүрэн эрхийн тухай. 8.Нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдөр зарлах тухай. 9.Сумын сонгуулийн хороо байгуулах тухай гэсэн нийт 9 асуудлыг хэлэлцэхээр тогтжээ.

1.7.Т аймгийн Ц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 7 дугаар хурлын 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор Г.Чийг хурлын даргын албан тушаалаас огцруулж, 2 дугаар тогтоолоор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад нэр дэвшүүлэх, сонгох санал хураалтыг зохион байгуулж, 3 дугаар тогтоолоор нийт төлөөлөгчдийн 57.8 хувь буюу 11 төлөөлөгчийн саналаар Ш.Ахийг тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар сонгож, 4 дүгээр тогтоолоор сумын иргэдийн Төлөөлөгчдийн хуралдаанаар 2026 онд хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг баталж, 9 дүгээр тогтоолоор хурлын зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталсан байна.

1.8.Маргаан бүхий 1 дүгээр тогтоолоор “...Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.3, 52.1.4 дэх заалтад тусгагдсан бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад хувийн ашиг сонирхлын үүднээс хандан хэлэлцүүлэхээс татгалзсан, хурлын зөвлөл, хурлын хороодыг удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллаагүй тул иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга “Г.Чт итгэл үзүүлэх эсэх асуудал”-ыг хэлэлцээд Г.Чийг үргэлжлүүлэн ажиллуулахыг дэмжихгүй гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад төлөөлөгчдийн 57.8 хувь буюу 11 төлөөлөгч нь дэмжсэн” гэх үндэслэлээр Г.Чийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын албан тушаалаас огцруулж, мөн хурлын 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааны “Хурлын даргыг сонгож батлах тухай” 04 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцжээ.

Хоёр.Төлөөлөгчдийн санал гаргах эрх болон Хурлын даргын зохион байгуулалтын бүрэн эрхтэй холбоотой маргаж буй үндэслэлийн тухайд:

2.1.Монгол Улсын Үндсэн хуулийн тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх зүйн үндсийг тодорхойлсон бөгөөд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хуулиар тусгайлан олгосон чиг үүрэг, бүрэн эрхийг хамтын удирдлагын зарчмын үндсэн дээр хэрэгжүүлэх нутгийн өөрөө удирдах байгууллага байхаар заажээ. Мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2-т Хурлын даргыг сонгох, чөлөөлөх, огцруулах асуудлыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхэд хамааруулсан, түүнчлэн 52 дугаар зүйлд  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын бүрэн эрхийг зохицуулжээ.

2.2.Эдгээр зохицуулалтын агуулгаас үзвэл иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нь Хурлын үйл ажиллагааг зохион байгуулах, удирдлагаар хангах чиг үүрэг бүхий албан тушаалтан боловч түүнийг сонгох, чөлөөлөх, огцруулах асуудлыг шийдвэрлэх эрх нь Хурлын даргад бус, хамтын удирдлагын зарчмаар ажилладаг иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хадгалагдахаар байна.

2.3.Өөрөөр хэлбэл, Хурлын даргын албан тушаал нь төлөөлөгчдийн сонголт, итгэлд тулгуурлан хэрэгждэг улс төрийн шинжтэй албан тушаал бөгөөд түүний бүрэн эрхийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх эсэх асуудал нь хуульд заасан хүрээнд Хурлын хамтын шийдвэрээр тодорхойлогдох онцлогтой.

2.4.Түүнчлэн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д төлөөлөгч нь асуудал хэлэлцэн шийдвэрлэхэд таслах эрхтэй оролцох, 39.1.4-т Хуралд тодорхой асуудал хэлэлцүүлэхээр санаачлах, санал оруулах эрхтэй байхаар заасан. Харин мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.4-т Хурлын дарга нь эрх бүхий этгээдээс Хурлаар хэлэлцүүлэхээр тавьсан саналыг хүлээн авах, гарах шийдвэрийн төслийг боловсруулах, хуралдаанаар хэлэлцүүлэх ажлыг зохион байгуулах бүрэн эрхтэй байхаар зохицуулжээ.

2.5.Эдгээр хуулийн зохицуулалтаас үзэхэд төлөөлөгчийн асуудал санаачлах, санал оруулах эрх нь Хурлын даргын зөвшөөрлөөс хамааран үүсэх эрх биш бөгөөд Хурлын даргын зохион байгуулалтын бүрэн эрх нь уг эрхийг хэрэгжүүлэх нөхцөлийг хангахад чиглэнэ. Тодруулбал, Хурлын дарга нь хэлэлцэх асуудлын бэлтгэлийг хангах, холбогдох баримт бичгийг бүрдүүлэх, хуралдааныг зохион байгуулах эрхтэй боловч төлөөлөгчийн гаргасан саналыг Хурлаар хэлэлцэх эсэхийг эцэслэн дангаар шийдвэрлэх эрхтэй гэж үзэхгүй.

2.6.Учир нь Хурлын даргыг сонгох, чөлөөлөх, огцруулах асуудлыг шийдвэрлэх эрхийг хууль тогтоогч Хуралд олгосон байхад уг асуудлыг хэлэлцүүлэх эсэхийг Хурлын даргын дангаар гаргасан шийдвэрт хамааруулах нь хамтын удирдлагын зарчим болон төлөөлөгчийн хуулиар олгогдсон эрхийн агуулгад нийцэхгүй.

2.7.Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Хурлын төлөөлөгч болон нэр бүхий төлөөлөгчдөөс 2025 оны 12 дугаар сарын 19, 24, 2026 оны 03 дугаар сарын 02, 10-ны өдрүүдэд Хурлын даргыг огцруулах, түүнд итгэл үзүүлэх эсэх асуудлыг хэлэлцүүлэх, ээлжит бус хуралдаан хуралдуулах саналыг удаа дараа гаргаж байжээ.

Гэвч нэхэмжлэгчийн 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн А/03 дугаар захирамжаар товлосон 7 дугаар хуралдааны хэлэлцэх асуудлын жагсаалтад эдгээр саналыг тусгаагүй байна.

2.8.Нэхэмжлэгчээс уг саналыг холбогдох тооцоо, судалгаа, баримт бичиггүй ирүүлсэн гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан гэж тайлбарлаж байгаа боловч төлөөлөгчийн гаргасан саналд шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэх асуудал болон тухайн саналыг Хурлаар хэлэлцүүлэх боломжийг хязгаарлах асуудлыг ялгаж үзэх шаардлагатай. Хэлэлцүүлэхээр санал болгосон асуудал нь Хурлын өөрийнх нь бүрэн эрхэд хамаарч байгаа тохиолдолд баримт бичгийн бүрдүүлбэртэй холбоотой шаардлагыг төлөөлөгчийн санал гаргах эрхийг үгүйсгэх байдлаар авч үзэх нь үндэслэлгүй юм.

2.9.Иймээс нэхэмжлэгч нь төлөөлөгчдийн удаа дараа гаргасан саналыг хэлэлцэх асуудлын жагсаалтад тусгаагүй, улмаар уг асуудлыг Хурлаар хэлэлцэх эсэхийг хамтын шийдвэрээр тодорхойлуулах боломж бүрдүүлээгүй нь төлөөлөгчдийн хуулиар олгогдсон эрхийг хэрэгжүүлэхэд саад учруулсан гэж анхан шатны шүүх дүгнэснийг буруутгах үндэслэлгүй байна.

Гурав.Хуралдааныг үргэлжлүүлсэн ажиллагаа болон маргаан бүхий тогтоолыг баталсан журамтай холбоотой маргаж буй үндэслэлийн тухайд:

3.1.Нэхэмжлэгчээс 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн хуралдааныг өөрөө зарлан хуралдуулж, даргалж байсан бөгөөд төлөөлөгчдийн зүгээс хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй асуудлаар маргаан үүсгэсний улмаас хуралдааныг хаасан, иймд түүний дараа үргэлжилсэн хуралдаан хууль бус гэж маргажээ.

3.2.Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.6-д анхдугаар хуралдаанаас бусад хуралдааныг Хурлын дарга товлон зарлах, хуралдааныг Хурлын дарга, түүний эзгүйд Хурлын даргын санал болгосноор төлөөлөгчдийн аль нэг нь удирдахаар зохицуулсан.

Мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.7-д Хурлын нийт төлөөлөгчдийн олонх хүрэлцэн ирсэн бол хуралдааныг хүчинтэйд тооцох, 46.8-д хүндэтгэн үзэхээс бусад шалтгаанаар төлөөлөгч хуралдаанд оролцохгүй байх, түүнийг орхиж гарахыг хориглосон байна.

3.3.Эдгээр зохицуулалтын зорилго нь Хурлын үйл ажиллагааны тасралтгүй байдлыг хангахын зэрэгцээ хуралдааныг зохион байгуулах, удирдах эрх хэмжээг хуульд заасан журмаар хэрэгжүүлэхэд чиглэгджээ.

3.4.Хэрэгт авагдсан 7 дугаар хуралдааны тэмдэглэлээс үзвэл хуралдаан 19 төлөөлөгчийн ирцтэй эхэлж, Хурлын даргад итгэл үзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэх санал гарсантай холбогдон маргаан үүссэний дараа нэхэмжлэгч хуралдааныг хааж, зарим төлөөлөгчийн хамт гарсан байна. Үүний дараа 12 төлөөлөгч хуралдааныг үргэлжлүүлж, 11 төлөөлөгчийн саналаар өөр төлөөлөгчийг хуралдаан даргалагчаар сонгон, хэлэлцэх асуудлын жагсаалтад Хурлын даргад итгэл үзүүлэх эсэх асуудлыг нэмж хэлэлцэхийг 12 төлөөлөгч дэмжиж, улмаар 11 төлөөлөгчийн саналаар нэхэмжлэгчийг огцруулах шийдвэр гаргажээ.

3.5.Эндээс Хурлын дарга хуралдааныг хаасан гэх нөхцөл нь төлөөлөгчдийн санал гаргах эрхийг үгүйсгэх, эсхүл Хурлын бүрэн эрхэд хамаарах асуудлыг цаашид хэлэлцэх боломжийг хязгаарлах үндэслэл болохгүйг тэмдэглэх нь зүйтэй.

3.6.Нэхэмжлэгчийн тайлбарласан хуралдааны үеийн санал зөрөлдөөн нь түүнийг хуралдааныг үргэлжлүүлэх боломжгүй болсон гэж үзэх хангалттай үндэслэл болохгүй бөгөөд төлөөлөгчдийн гаргасан саналыг хуульд заасан журмаар хэлэлцэн шийдвэрлэх боломжийг хангах нь Хурлын даргын зохион байгуулалтын бүрэн эрхийн агуулгад хамаарна. Түүнчлэн 12 төлөөлөгч хуралдааныг үргэлжлүүлсэн, 11 төлөөлөгч огцруулах саналыг дэмжсэн нь тухайн шийдвэрийг нийт төлөөлөгчдийн олонхын саналаар гаргасан болохыг илэрхийлнэ.

Дөрөв.Өмнөх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн эрх зүйн үр дагаврын тухайд:

4.1.Хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 04 дүгээр тогтоолоор Хурлын даргаар сонгогдсон бөгөөд 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн тогтоолуудаар уг сонголттой холбоотой шийдвэрүүдийг хүчингүйд тооцож, түүнийг албан тушаалаас чөлөөлжээ.

4.2.Эдгээр тогтоолуудтай холбоотой маргааныг захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэж, 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 29 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, уг шийдвэрийг давж заалдах шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 412 дугаар магадлалаар хэвээр үлдээсэн бөгөөд Улсын дээд шүүх хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсан байна.

4.3.Шүүхийн уг шийдвэр нь нэхэмжлэгчийг бүрэн эрхийн хугацаа дуустал ямар ч нөхцөлд огцруулах боломжгүй гэсэн үндэслэлээр гараагүй байна. Учир нь өмнөх хэрэгт 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн тогтоолуудын хууль ёсны байдлыг хянасан бол энэ хэрэгт 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдөр гарсан, өөр цаг хугацаа болон үйл баримтад үндэслэсэн шинээр гаргасан шийдвэр байна.

4.4.Иймд өмнөх шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон, түүнийг биелүүлсний дараа нэхэмжлэгч гурван сар хүрэхгүй хугацаанд ажилласан гэх нэхэмжлэлийн маргаж буй үндэслэл нь маргаан бүхий тогтоолыг хууль бус гэж үзэх үндэслэл болохгүй юм.

Тав. Дүгнэлт:

5.1.Нэгтгэн дүгнэвэл, нэхэмжлэгчийн өмнөх шүүхийн шийдвэрээр Хурлын даргын албан тушаалд эгүүлэн тогтоогдсон, түүнээс хойш богино хугацаанд ажилласан гэх үндэслэл нь Хурал хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд даргаа огцруулах асуудлыг дахин хэлэлцэх эрхгүй гэж үзэх үндэслэлд хамаарахгүй юм.

5.2.Түүнчлэн Хурлын даргад итгэл үзүүлэх эсэх асуудлыг хэлэлцүүлэхээр төлөөлөгчид удаа дараа санал гаргаж байсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа тул уг асуудлыг хэлэлцүүлэх саналыг нэхэмжлэгчийн тайлбарласнаар зөвхөн хуралдааны үеэр гэнэт гарсан, ямар ч үндэслэлгүй санал байсан гэж үзэхээргүй байна.

5.3.Хурлын дарга нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 52 дугаар зүйлд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ төлөөлөгчдийн санал гаргах, асуудал хэлэлцүүлэх эрхийг хангах зохион байгуулалтын чиг үүрэгтэй бөгөөд өөрийн албан тушаалтай холбоотой асуудлыг хэлэлцүүлэхгүй байх зорилгоор уг эрх хэмжээг хэрэгжүүлэх боломжгүй.

            Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс гаргасан давж гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Т аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 50 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй

 

 

 

ШҮҮГЧ                                                      С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                       Д.ОЮУМАА

ШҮҮГЧ                                                       А.САРАНГЭРЭЛ