Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 36

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга Х.Батжаргал,

Улсын яллагч Ц.Батзориг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Хандмаа,

Шүүгдэгч Л.Нямжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145  дугаар зүйлийн 145.1-д зааснаар ял сонсгож, яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Думаа овгийн Лхагвадоржийн Нямжаргалд холбогдох эрүүгийн 201715000017 тоот хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд 1987 оны 08 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, боловсрол, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, аав дүү нарын хамт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр багийн 5-2 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Думаа овгийн Лхагвадоржийн Нямжаргал. /РД:ЙЮ87082317/

Шүүгдэгч Л.Нямжаргал нь согтууруулах ундааны зүйл хэрэглсэн үедээ 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Хүнс бараан” захын баруун талд “Андууд” худалдааны төвийн урд байсан иргэн А.Юндэнгийн улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоциклийг  хулгайлж иргэн А.Юндэнд 500.000  төгрөгний хохирол буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Л.Нямжаргал шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “… Тухайн үйл явдал болсон өдрийн сар, өдрийг сайн санахгүй байна. Захын хажуугаас мотоциклийг олж унаад хашаандаа аваачиж тавьсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахиж ийм зүйл хийхгүй” гэв.

Хохирогч А.Юндэнгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... Би 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 14 цагийн үед хөдөөнөөс аймагт орж ирээд Хүнс бараан захын баруун талын “Андууд” төвийн үүдэн дээр өөрийн эзэмшлийн улсын дугааргүй, улаангийн “Мустанг-5” маркийн мотоциклио тавьсан. Би зах руу ороод ломбард орчихоод 30 гаран минутын дараа мотоцикль дээрээ ирсэн чинь миний мотоцикль алга болсон байсан. Би ойр хавиар хайсан боловч байхгүй хулгай аваад явсан байсан. Би энэ мотоциклийг 2013 оны 06 дугаар сард аймгийн зах дээрээс 1.300.000 төгрөгөөр худалдаж авч байсан...” гэсэн мэдүүлэг.  /хх-ийн 15 дугаар хуудас/,

Гэрч Ц.Должингийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... А.Юндэн миний 3 дахь хүү байгаа юм. 2013 онд А.Юндэнгийн том охин Болороо А.Юндэнд улаан өнгийн Хятад мотоцикль аймгийн зах дээрээс худалдаж авч өгч байсан. Хэдэн төгрөгөөр худалдаж авч өгч байсныг мэдэхгүй. Би 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод байхад А.Юндэн хөдөөнөөс аймагт орж ирээд зах дээрээс мотоциклио хулгайд алдсан байсан…” гэсэн мэдүүлэг /хх-ийн18 дугаар хуудас/,

Гэрч Ц.Батжаргалын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... Би 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Л.Нямжаргалтай 9 дүгээр хорооны “Гарьд” дэлгүүрийн гадаа таарсан. Л.Нямжаргал мотоцикльтойгоо таксинд зогсч байсан. Би Л.Нямжаргалыг аваад гэр лүүгээ явсан. Бид 2 манай гэрт ороод нэг шил 0.5 грамтай Улаанбаатар архи хувааж уусан. Бид 2 архи ууж дуусаад хамт зах руу явсан. Зах орж малын үнэ асуух гэж захын хойд хаалгаар ороод Л.Нямжаргал мотоциклио махны хойд талд тавьсан. Бид 2 нэг шил Улаанбаатар гэдэг архи хувааж уусан. Би их согтоогүй, Л.Нямжаргал их согтоогүй гайгүй байсан…” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 17 дугаар хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах тогтоол /хх-ийн 1 дүгээр хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/,

Эд хөрнөг битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-ийн 8-9 дүгээр хуудас/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийж, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 10-13 дугаар хуудас/,

Хөрөнгийн үнэлгээ төслийн “Лэндс” ХХК-ий 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн №01/28 тоот үнэлгээний тайлан /хх-ийн 21-23 дугаар хуудас/,

Шүүгдэгч Л.Нямжаргалын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 37-38, 40-41 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Л.Нямжаргалын ял шалгах хуудас /хх-ийн 39 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Л.Нямжаргалыг сэжигтнээр болон яллагдагчаар байцааж авсан тэмдэглэлүүд /хх-ийн 33-36 дугаар хуудас/ зэрэг болно.,

Шүүгдэгч Л.Нямжаргал нь согтууруулах ундааны зүйл хэрэглсэн үедээ 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Хүнс бараан” захын баруун талд “Андууд” худалдааны төвийн урд байсан иргэн А.Юндэнгийн улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоциклийг хулгайлж иргэн А.Юндэнд 500.000  төгрөгний хохирол буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Үүнд: Хавтаст хэрэгт авагдсан хохирогч А.Юндэнгийн “... Би 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 14 цагийн үед хөдөөнөөс аймагт орж ирээд Хүнс бараан захын баруун талын “Андууд” төвийн үүдэн дээр өөрийн эзэмшлийн улсын дугааргүй, улаангийн “Мустанг-5” маркийн мотоциклио тавьсан. Би зах руу ороод ломбард орчихоод 30 гаран минутын дараа мотоцикль дээрээ ирсэн чинь миний мотоцикль алга болсон байсан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 15/, гэрч Ц.Должингийн “... Би 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод байхад А.Юндэн хөдөөнөөс аймагт орж ирээд зах дээрээс мотоциклио хулгайд алдсан байсан…” гэсэн мэдүүлэг /хх-ийн18/, гэрч Ц.Батжаргалын мэдүүлэг. /хх-ийн 17/, Эрүүгийн хэрэг үүсгэж хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах тогтоол /хх-ийн 1/, Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3/, Эд хөрнөг битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-ийн 8-9/, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийж, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 10-13/, Хөрөнгийн үнэлгээ төслийн “Лэндс” ХХК-ий 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн №01/28 тоот үнэлгээний тайлан /хх-ийн 21-23/, Шүүгдэгч Л.Нямжаргалын хэрэг бүртгэлт болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд зэрэг болно.,

Шүүгдэгч Л.Нямжаргалыг бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч Л.Нямжаргал нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгч Л.Нямжаргалаас AQ 5757304 серийн дугаартай 1000  төгрөгийн дэвсгэрт битүүмжилсэн хэрэг бүртгэгчийн 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгохыг тус тус дурьдав.

Шүүгдэгч Л.Нямжаргал нь бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байх боловч шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, сайн дураараа шүүгдэгчтэй эвлэрсэн талаараа шүүхэд хүсэлт ирүүлсэн байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар шүүгдэгч Л.Нямжаргалыг  эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Л.Нямжаргал нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 23 дугаар зүйлийн 23.1-д “согтуурал буюу мансуурлын байдалтай байхдаа гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхгүй” гэж заасан боловч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн этгээд нь хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасан тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-д заасныг удирдлага болгон шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд  заасныг тус тус  удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Думаа овгийн Лхагвадоржийн Нямжаргалд бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар шүүгдэгч Думаа овгийн Лхагвадоржийн Нямжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар  зүйлийн 145.1-д заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Шүүгдэгч Л.Нямжаргал нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар хэрэгт шүүгдэгч Л.Нямжаргалаас AQ 5757304 серийн дугаартай 1000 төгрөгийн дэвсгэрт битүүмжилсэн хэрэг бүртгэгчийн 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Л.Нямжаргалд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр 304.1-д  зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Л.Нямжаргалд    урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            М.МАНДАХБАЯР