| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганбаатарын Мягмарсүрэн |
| Хэргийн индекс | 132/2020/00990/И |
| Дугаар | 132/ШШ2020/01042 |
| Огноо | 2020-12-17 |
| Маргааны төрөл | Төрийн болон орон нутгийн өмчийн бусад, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 132/ШШ2020/01042
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: 1969 онд төрсөн, 52 настай, эмэгтэй, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын ...од оршин суух, Т овогт О.Ш -ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Булган аймгийн ... газарт холбогдох,
орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2020/00990/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Ш , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Булган аймгийн ... од оршин суух, Булган аймгийн ... газарт ахлах мэргэжилтэн ажилтай, С овогт Д.У , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.Ш нь шүүхэд гаргасан тайлбартаа: Тус сумын “М“ Сангийн аж ахуй нь 1980 онд ажилчдын байрыг барьж ашиглалтанд оруулах үед 4 айл уг байшинд орж байсан. Миний хадам эцэг, эх анх тэр байшинд амьдарч байсан. Би 1988 онд Х од байрлах Б гэх айлд бэр болж очсон. Нөхөр Б бид хоёрыг айл болоход уг байшинг өгч, бид амьдарч байгаад хөдөө мал маллахаар явсан. Хүүхдүүдээ сургуульд ороход нь уг байшиндаа ирж хүүхдүүдээ суулгаж өөрсдөө ирэн очин байдаг байсан. Нөхөр маань 1998 онд нас барж, би хүүхдүүдийнхээ хамт уг байшинд өнөөдрийг хүртэл амьдарч байна. Хадам аав, ээж нар тухайн үед байшингийнхаа өмчлөгчийг тогтоолгоогүй байсан. Энэ жил Улсын бүртгэлд бүртгүүлэх гээд хандахад Улсын бүртгэлийн хэлтсээс байшингийн өмчлөгч мөн гэсэн шүүхийн шийдвэр гаргуулж ир гэсэн. Эцэг, эхээс үлдсэн байшингийн өмчлөгчөөр О.Ш намайг тогтоож өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Булган аймгийн ... газарт холбогдох Булган аймгийн ... т байрлах 35.3 мкв байшингийн өмчлөгчөөр тогтоолгохоор шүүхэд хандсан байна.
Манай алба нь аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2011 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 50 тоот тогтоолоор байгуулагдсан. Иймд дээрх иргэний өмчлөгчөөр тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан байшинг хувьчилсан тухай тогтоол шийдвэр, бусад нотлох баримт манай газарт байхгүй. Иймд бидэнд маргах зүйл байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэв.
Хэрэгт цугларсан нотлох баримтууд болон зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.Ш нь хариуцагч Булган аймгийн ... газарт холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Булган аймгийн ... газар нь нэхэмжлэгч О.Ш ийн эзэмшлийн үл хөдлөх эд хөрөнгийг хувьчилсан тухай тогтоол, шийдвэр болон тухайн үл хөдлөх эд хөрөнгө нь ... газрын бүртгэлд байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт “хуульд өөрөөр заагаагүй бол төр, аймаг, нийслэл, сум дүүрэг, иргэн болон хуулийн этгээд өмчлөгч байна” гэж, 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус заажээ.
Булган аймгийн Х /хуучнаар/, одоогийн тус сумын ... од байрлах 35.3 м2 хэмжээтэй байр нь анх 1980 онд ашиглалтанд орж, “М” сангийн аж ахуйн ажилчид амьдарч байгаад өмч хувьчлалаар хувьчлагдсан гэх бөгөөд энэ талаарх бүртгэл болон өмч хувьчлалын эрхийн акт, шийдвэрүүд Булган аймгийн ... газарт байхгүй болох нь Булган аймгийн Архивын тасгийн 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 43 дугаартай лавлагаагаар тогтоогдож байна. /хх-ийн 27/
Дээрх орон сууцны зориулалттай байрыг эцэг, эхээс өвлөн авсан гэх тайлбарыг нэхэмжлэгч гаргаж байгаа хэдий ч өнөөг хүртэл өмчлөх эрхийн гэрчилгээгүйгээр эзэмшиж, ашиглаж байгаа болох нь нэхэмжлэгчийн тайлбар, гэрч Ө.Х, П.Г нарын шүүхэд өгсөн мэдүүлэг, цахилгааны төлбөр төлсөн тухай дансны дэлгэрэнгүй тайлан зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна./хх-ийн 19-24, 30-33/
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У ын “...тус алба нь аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2011 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 50 тоот тогтоолоор байгуулагдсан. Дээрх байрыг хувьчилсан тухай тогтоол шийдвэр, бусад нотлох баримт манай газарт байхгүй. Дээрхи байршилд байгаа байшин нь манай ... бүртгэлд байхгүй байгаа болно...” гэх тайлбараас үзэхэд О.Ш ийг дээрх үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтооход маргаагүй байна гэж үзлээ. /хх-ийн 18/
Иймд Булган аймгийн ... албанд холбогдуулан гаргасан Булган аймгийн ... , ...од байрлах 35.3 м2 хэмжээтэй байрны өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн нэхэмжлэгч О.Ш ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 101 дүгээр зүйлийн 101.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Т овогт О.Ш -ийг Булган аймгийн ... , ...од байрлах 35.3 м2 хэмжээтэй байрны өмчлөгч болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МЯГМАРСҮРЭН