| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Хишигдэлгэр |
| Хэргийн индекс | 132/2020/00981/И |
| Дугаар | 132/ШШ2020/01049 |
| Огноо | 2020-12-21 |
| Маргааны төрөл | Төрийн болон орон нутгийн өмчийн бусад, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 12 сарын 21 өдөр
Дугаар 132/ШШ2020/01049
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Хишигдэлгэр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Булган аймаг, ... од оршин суух, А овогт С.Б //-ны нэхэмжлэлтэй
Хариуцагч: Булган аймгийн ...т байрлах Булган аймгийн Орон нутгийн өмчийн газарт холбогдох, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Жаргалмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ... ... багт 2006 оноос хойш тус байшиндаа 14 жил амьдарч байна. Тухайн үед байшингийнхаа өмчлөгчөөр тогтоолгоогүй байсан. Улсын бүртгэлд бүртгүүлэх гэхэд байшингийн өмчлөгч мөн гэсэн Шүүхийн шийдвэр гаргуулж ир гэсэн.
Иймд Булган аймгийн ...од байрлах 54 мкв байрны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...од оршин суух иргэн С.Б нь ...од байрлах 54 мкв байрны өмчлөгчөөр тогтоолгохоор иргэний хэргийн шүүхэд хандсан байна.
Манай алба нь аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2011 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 50 тоот тогтоолоор байгуулагдсан.
Иймд дээрх иргэний өмчлөгчөөр тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан байшинг хувьчилсан тухай тогтоол шийдвэр, бусад нотлох баримт манай газарт байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэв.
Хэрэгт цугларсан нотлох баримтууд болон зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Б нь хариуцагч Булган аймгийн Орон нутгийн өмчийн газарт холбогдуулан Булган аймгийн ...од байрлах 54 мкв байрны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Булган аймгийн Орон нутгийн өмчийн газар нь нэхэмжлэгч С.Б ы эзэмшлийн үл хөдлөх эд хөрөнгийг хувьчилсан тухай тогтоол, шийдвэр болон тухайн үл хөдлөх эд хөрөнгө нь Орон нутгийн өмчийн газрын бүртгэлд байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Нэхэмжлэгч С.Б ы эзэмшиж, ашиглаж байгаа Булган аймгийн ...од байрлах 54 мкв талбайтай орон сууцны зориулалттай байрыг нэхэмжлэгч 2006 оноос хойш эзэмшиж, ашиглаж байгаа бөгөөд тухайн үл хөдлөх эд хөрөнгө байрлах газар нь нэхэмжлэгчийн өмчлөлийн газар болох нь хэрэгт авагдсан Г-********* дугаартай газрын гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна. Мөн нэхэмжлэгч тухайн орон сууцыг өмчилж авсан өмчлөл хувьчлалын эрхийн акт, шийдвэрүүд байхгүй болох нь дараах нотлох баримтаар тогтоогдож байна.
- Булган аймгийн Архивын тасгийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 63 дугаартай албан бичиг /хэргийн 21-р хуудас/
- Хариуцагчийн хариу тайлбар /хэргийн 19-р хуудас/
Дээрхи байрыг нэхэмжлэгч 2006 оноос хойш өмчлөх эрхийн гэрчилгээгүйгээр өнөөдрийг хүртэл эзэмшиж, ашиглаж байгаа болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл, газрын гэрчилгээний хуулбар, нэхэмжлэгчийн ЭБЦТС ТӨХК Булган салбарт цахилгааны төлбөр төлсөн баримт, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна.
Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол төр, аймаг, нийслэл, сум дүүрэг, иргэн болон хуулийн этгээд өмчлөгч байна. Мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй гэжээ.
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэгчийн өмчлөгчөөр тогтоолгох гэж буй орон сууц нь Орон нутгийн өмчийн газарт бүртгэлгүй тул нэхэмжлэгчийг тухайн орон сууцны өмчлөгчөөр тогтоохыг дэмжиж байна гэх тайлбарыг шүүх хуралдаанд гаргаж байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэж шүүх үзлээ.
Иймд дээрх үндэслэлүүд тогтоогдож байх тул Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг Булган аймгийн ...од байрлах 54 мкв орон сууцны зориулалттай байрны өмчлөгчөөр тогтоож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг Төрийн санд үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 101 дүгээр зүйлийн 101.1-д зааснаар С.Б нэхэмжлэлтэй хариуцагч Булган аймгийн Орон нутгийн өмчийн газарт холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч С.Б ыг Булган аймгийн ...од байрлах 54 мкв орон сууцны зориулалтай байрны өмчлөгч болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Л.ХИШИГДЭЛГЭР