| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Халамханы Мейримбек |
| Хэргийн индекс | 110/2020/0847/З |
| Дугаар | 130/ШШ2020/00907 |
| Огноо | 2020-09-03 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 09 сарын 03 өдөр
Дугаар 130/ШШ2020/00907
Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б аймгийн А сумын 3 дугаар багт оршин суух, С овогт Т.Я-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар /дарга Б.С/-т холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Е.Х нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж 1,200,000 төгрөг гаргуулах тухай.
Нэхэмжлэгч Т.Яийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б аймгийн А сумын иргэн Т.Я нь Нийгмийн халамжийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5.2-т зааснаар 18 нас хүрээгүй байхдаа бүтэн өнчин болсон 18-24 насны иргэнд олгох онцгой тохиолдлын буюу амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж хүсэж А сумын Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн С.Мд 2017 онд ханджээ. А сумын амьжиргааг дэмжих зөвлөлийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 18 нас хүрээгүй байхдаа бүтэн өнчин болсон иргэнд амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж олгох тухай тогтоол гарснаар Т.Я нь амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж 1,200,000 төгрөгийг хууль ёсоор авах эрх үүссэн байна. Т.Я нь 1998 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн, одоо 22 настай ба түүний аав, ээж нь 18 нас хүрээгүй байхад нас барсан буюу Нийгмийн халамжийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5.2, Засгийн газрын 2012 оны 185 дугаар тогтоолын 1-р хавсралтаар баталсан Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох журмын 4.18-д зааснаар уг тэтгэмжийг авах ёстой гэж үзэж байна. Гэтэл аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас элдэв шалтаг зааж одоо хүртэл Т.Ят 1,200,000 төгрөгийн амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийг өгөхгүй байгаа явдалд гомдолтой байна. Иймд Б аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын нийгмийн халамжийн сангаас амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж 1,200,000 төгрөг гаргуулан Т.Ят олгох тухай шийдвэр гаргаж өгөхийг хүсэж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн үндэслэлийн талаар тайлбарлахад нэхэмжлэгч бол одоо 22 настай Нийгмийн халамжийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5.2 дахь хэсэгт зааснаар 18 нас хүрээгүй байхдаа бүтэн өнчин болсон 18-24 насны иргэнд олгох онцгой тохиолдолд буюу амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж авах ёстой гэж бидний зүгээс үзэж байгаа. Нэхэмжлэгчийн эцэг, эх нь нэхэмжлэгчийг 18 нас хүрээгүй байхад нь нас барсан гэдгийг нас барсны лавлагаа, А сумын Засаг даргын орлогч Н.М-ын тодорхойлолт, алтай сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байгаа. Нэхэмжлэгч 2020 оны 10 дугаар сард алтай сумын Амьжиргааг дэмжих зөвлөлд хандсан. Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2020 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн *** дугаартай тушаалаар баталсан амьжиргаа дэмжих зөвлөлийн дүрэм байдаг. Нэхэмжлэгчийн оршин сугаа газарт амьжиргаа дэмжих зөвлөл ажилладаг. Тус дүрмийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтад Нийгмийн халамжийн тухай хуулийн 12.1 дэх хэсэгт, 12.5 дахь хэсэгт заасан тэтгэвэр, 13.2 дахь хэсэгт, 13.5.1 хэсгээс 13.1.5 дахь заалтад хамаарах хүсэлт гаргасан бол иргэний баримт бичиг, амьдралын нөхцөлийг нь судалж үзээд тэдгээрт зохих нийгмийн халамж үйлчилгээ хамаарах эсэхийг хэлэлцэн шийдвэрлэнэ гэсэн байгаа. Сумын Амьжиргааг дэмжих зөвлөл хуралдаж 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 18 нас хүрээгүй байхад бүтэн өнчин болсон Т.Я-д нэг удаагийн тэтгэмж болон 1,2 сая төгрөгийн тэтгэмжийг Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын мэргэжилтэнд олгохыг зөвшөөрч шийдвэр гаргасан байдаг. Тухайн зөвлөлийн тогтоол өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр байгаа. Тухайн баримтыг аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэст уламжлахдаа тухайн иргэн Ааас Тд үрчлүүлсэн тухай Сумын Засаг даргын захирамж байхгүй байна гэсэн үндэслэлээр тухайн тэтгэмжийг олгохоос татгалзсан. Засгийн газрын тогтоолоор баталсан Халамжийн тэтгэвэр олгох журамд заасан бүрдүүлэх бичиг баримтад заавал сумын Засаг даргын захирамжийг хавсаргах ёстой гэсэн шаардлага байхгүй. Тухайн журамд заасан бүрдүүлэх баримтуудыг нэхэмжлэгч бүрэн дүүрэн бүрдүүлсэн байдаг. Ийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч Б аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Б.С шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нийгмийн халамжийн тухай хуулийн 3.1.7-д “бүтэн өнчин хүүхэд” гэж эцэг, эх нь тогтоогдоогүй эсхүл эцэг, эх нь хоёул нас барсан, сураггүй алга болсон, эрх зүйн чадамжгүй, эцэг, эх байх эрхээ шүүхийн шийдвэрээр хязгаарлуулсан, хасуулсан бол тухайн шийдвэр хүчин төгөлдөр байх хугацаанд, түүнчлэн эцэг тодорхойгүйн улмаас эхтэйгээ амьдарч байгаад эх нь нас барсан, гэр бүл салсны улмаас асрамждаа авсан эх /эцэг/ нь нас барсан 18 хүртэлх насны хүүхдийг, /бүтэн өнчин хүүхэд гэж тодорхой заасан байдаг/.
Т овогтой Я нь 1998 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр алтай сумын эмнэлэгт төрсөн ба тус сумын иргэний бүртгэлийн улсын бүртгэгч Д.Б нь 1998 оны 02 дугаар сарын 17-ны өдөр бүртгэж, гэрчилгээ олгохдоо гэрчилгээний эхний хуудас дээр Яийн эцгийн нэр Т гэж бичсэн мөртлөө, дараагийн хуудас дээр эцгийн нэр Т овогтой А РД: /Б*****/, эхийн нэр Е А РД: /Б****** гэж бүртгэсэн байдаг. Я нь өвөө болох Тн нэр дээр бүртгэгдсэнээс биш өөрийн төрсөн эцэг, эх нь амьд сэрүүн амьдарч байгаа болно.
Т нь тухайн үед хүүхэд үрчилж авах тухай хуулийн дагуу сумын Засаг даргын захирамжаар А овогтой Яийг үрчилж авч байсан бол тухайн үеийн алтай сумын засаг даргын захирамж гарсан байх ёстой тул аймгийн төв архиваас тухайн үед ажиллаж байсан Засаг даргын хүүхэд үрчлүүлэх тухай гаргаж байсан захирамжийн хуулбарыг гаргуулан авч, хуулбар үнэн гэсэн тамга даруулан хавтаст хэрэгт хавсрахыг нэхэмжлэгч талаас шаардаж байна.
алтай сумын амьжиргаа дэмжих зөвлөлийн 2017 оны 10 дугаар сарын 16- ны өдрийн тогтоолоор “18 нас хүрээгүй байхдаа бүтэн өнчин болсон иргэнд амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж” болох 1,200,000 төгрөгийг Т.Я-д олгохоор шийдвэрлэж, аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газарт уламжилсан билээ. 2018 оны 11 дүгээр сард миний бие Б.Д нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан бөгөөд тус материалыг хянаж үзээд тус сумын тухайн үеийн Засаг даргын хүүхэд үрчлүүлэх тухай захирамж нь дутуу байгаа учир амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж олгох боломжгүй гэж үзээд материалыг алтай сум хариуцсан мэргэжилтэн С.М буцаасан болно. Яийн төрсний бүртгэлийн гэрчилгээн дээр аав нь Т гэж бүртгэсэн боловч нас барсны бүртгэлийн лавлагаа нь дээр Мг Т гэж бүртгэсэн бол үрчилсний бүртгэлийн лавлагаанд үрчлэгч эцэг Мг Т РД:***********6 нарт үрчлүүлж 1998/02/25-нд Б аймгийн алтай сумын үрчлэхийн 3-рт О овгийнТны Я болгон бүртгэсэн үрчлэхийн бүртгэл байгаа тул лавлагаа олгосон хуурамч бичиг баримт бүрдүүлсэн байх магадлал өндөр гэж үзэж байна. Дээр нь нэмж хэлэхэд нас барсны бүртгэлийн лавлагаа болон үрчлэхийн лавлагаа нь олгогдсон өдрөөс эхэлж 45 хоногийн хугацаанд хүчинтэй гэж заасан байдаг.
Эцэст нь дүгнэж үзэхэд Т.Яийн бүрдүүлсэн бичиг баримт нь Нийгмийн халамжийн тухай хуулийн 3.1.7-д заасан шаардлагыг хангаагүй учир “18 нас хүрээгүй байхдаа бүтэн өнчин болсон 18-24 насны иргэн”-д олгох амьжиргаа дэмжих мөнгөн тэтгэмж олгох боломжгүй гэдгийг үүгээр мэдэгдэж байна гэжээ.
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Д шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд Засгийн газрын 2012 оны 185 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох тухай журмын 4 дүгээр зүйлийн 18 дахь хэсэгт зааснаар гэж бичсэн байна. Гэхдээ тухайн журамд тийм заалт байхгүй байгаа бөгөөд 14 дүгээр зүйлийн 17 дугаар зүйлээр тухай журам дуусаж байна. Мөн нэхэмжлэгчийг үрчилж авсан гэсэн. Шүүхээс гаргаж өгсөн төрсний гэрчилгээнээс харахад үрчилж авсан эцгийн нэрийг л бичсэн байдаг бөгөөд тухайн хэсэгт үрчлэгдсэн тухай болон төрсөн эцгийнхэн нэрийг нь мөн бичих ёстой байдаг. Үүнээс харахад төрсний гэрчилгээ нь асуудалтай байна. Үрчлэлтийн гэрчилгээнд нэхэмжлэгчийн Т гэдэг хүн үрчилж авсан гэж бичсэн мөртлөө алтай сум үрчлэлтийн 3 дугаарт О овогтой Тны Я болон үрчлүүлсүгэй гэсэн үрчлэлтийн лавлагаа гарсан. Тийм учраас манай байгууллагын зүгээс хүүхэд үрчлүүлэхэд гаргадаг сумын Засаг даргын захирамжийг шаардсан. Гэхдээ нэхэмжлэгч талаас тухайн захирамжийг гаргаж өгөөгүй. Нас барсны бүртгэлийг харахад Т гэдэг хүний нас барсны лавлагаа харагдаж байгаа. Харин нэхэмжлэлд Т овогтой Я гэж нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа. Тийм учраас тэр хоёр хүн өөр хүн байх боломжтой. Мөн хуулийн зөрчилдөөн үүсэж байгаа учраас манай байгууллагын зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна гэв.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигч нарын хүсэлтээр шинжлэн судалж,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.Я нь Б аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын нийгмийн халамжийн сангаас амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж 1.200.000 төгрөгийг гаргуулж өгөхийг хүссэн байна.
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ Нийгмийн халамжийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5.2-т зааснаар 18 нас хүрээгүй байхдаа бүтэн өнчин болсон 18-24 насны иргэнд олгох ёстой онцгой тохиолдлын буюу амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж хүсэж алтай сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэнд хандсан бөгөөд А сумын Амьжиргааг дэмжих зөвлөлийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн тогтоолоор уг тэтгэмжийг олгохыг зөвшөөрсөн боловч аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас 1.200.000 төгрөгийг олгохгүй байгаа гэж тайлбарлажээ.
Хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.
Нийгмийн халамжийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5-д “Онцгой тохиолдлын болон амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийг дор дурдсан өрх, иргэнд олгоно”. 13.5.2-т “18 нас хүрээгүй байхдаа бүтэн өнчин болсон 18-24 насны иргэн” гэж тус тус заажээ. Монгол улсын Засгийн газрын 2012 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 185 дугаартай Журам батлах тухай тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох журмын хоёрдугаар зүйлийн 2.1-д Тэтгэвэр, тэтгэмж тогтоолгон авахыг хүссэн иргэн энэхүү журмын 6 дугаар зүйлд заасан баримт бичгийг бүрдүүлж сум, хорооны нийгмийн ажилтанд өгнө, 2.2-т Сум, хорооны нийгмийн ажилтан нь Нийгмийн халамжийн тухай хуулийн 12.1.4, 12.1.5, 13.2, 13.5.1-13.5.4, 13.5.6-13.5.8-д заасан тэтгэвэр, тэтгэмжид хамрагдах хүсэлт гаргасан иргэний бүрдүүлсэн баримт бичгийг хүлээн авч амьдралын нөхцөлийг нь судлан үзэж, холбогдох саналаа ажлын 10 хоногт багтаан сум, хорооны Амьжиргааг дэмжих зөвлөлөөр хэлэлцүүлж, шийдвэрлүүлнэ гэж заасны дагуу алтай сумын амьжиргаа дэмжих зөвлөлийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 18 насанд хүрээгүй байхдаа бүтэн өнчин болсон иргэнд амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж олгох тухай тогтоолоор 18 нас хүрээгүй байхдаа бүтэн өнчин болсон Т овогтой Ят нэг удаагийн тэтгэмж болох 1.200.000 төгрөгийн тусламжийг олгохыг зөвшөөрч шийдвэрлэжээ.
Хариуцагчаас Т.Ят тэтгэмж олгохоос татгалзаж байгаа үндэслэлээ бичиг баримтын хувьд зөрүүтэй, хүүхэд үрчлүүлсэн тухай Засаг даргын захирамж байхгүй гэж тайлбарлажээ. Нэхэмжлэгчийн Монгол Улсын иргэний үнэмлэхээс үзэхэд овог С төре ж, эцгийн нэр Т, нэр Я, регистрийн дугаар ********* гэж бичигджээ. Улсын бүртгэлийн хэлтсээс олгосон 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн үрчилсний бүртгэлийн лавлагаанаас үзэхэд ************* регистрийн дугаартай Аы Яийг үрчлэгч М.Т-д /РД: 000000000/ үрчлүүлж 1998 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Б аймгийн алтай сумын үрчлэлтийн 3-рт С овгийн Т Я болгон бүртгэсэн үрчлэлтийн бүртгэл байгаа болох талаар, мөн тус хэлтсээс олгосон нас барсны бүртгэлийн лавлагаанд Монгол улсын иргэн БА*********** регистрийн дугаартай Мын Т нь 2006 оны 02 дугаар сарын 24-ний өдөр нас барсныг Б аймгийн алтай сумын 2006 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 7 дугаарт бүртгүүлсэн нас барсны бүртгэл байгаа гэж тус тус бичигдсэн байх ба тухайн лавлагаануудаар Аы Яийг М-ийн Тд үрчлүүлсэн нь, М.Т-д /Т/ нь 2006 онд буюу Яийн 8 настайд нь нас барсан болох нь тогтоогджээ.
Дээрх лавлагаануудад үрчлэн авагч, нас барагчийн нэрийг Т, Т гэж бичигдсэн байгаа боловч тухайн баримтуудад бичигдсэн регистрийн дугаар, эцгийн нэр зэрэг нь ижил байх тул Т, Т нар нь өөр өөр хүн гэж үзэх боломжгүй бөгөөд Т, Тогтаубай нар нь нэг хүн гэж дүгнэлээ. Гэр бүлийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д Сум, дүүргийн Засаг дарга хүүхэд үрчлэн авах тухай хүсэлтийг хянан үзэж, үрчлүүлэх эсэх тухай шийдвэрийг 20 хоногт багтаан гаргана, 55.8-д Хүүхэд үрчилсэн тухай шийдвэрийг үндэслэн иргэний гэр бүлийн бүртгэлийн ажилтан хүүхэд үрчилснийг бүртгэнэ гэж заажээ.
Хүүхэд үрчлүүлэх тухай захирамж байхгүй байгаа байдал болон иргэний бичиг баримтуудын зөрүүтэй байгаа байдалд иргэнийг буруутгах боломжгүй бөгөөд нэхэмжлэгч Т.Я нь 18 нас хүрээгүй байхдаа бүтэн өнчин болсон нь тогтоогдсон тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэж үзлээ.
Монгол улсын Засгийн газрын 2018 оны 96 дугаар тогтоолын хавсралтаар нэг удаад олгох тэтгэмжийн хэмжээ 1200000 төгрөг байгаа тул Б аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын халамжийн сангаас 1200000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Ят олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Нийгмийн халамжийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5, 13.5.2-т заасныг баримтлан Б аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын халамжийн сангаас 1200000 /нэг сая хоёр зуун мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Ят олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан Б аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас 33350 төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М