Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 130/ШШ2020/01069

 

            Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 0 дугаар багт оршин суух, О овогт Хийн Сын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн Ө сумын 0 дүгээр багт оршин суух, М овогт Аын Нд холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.С, хариуцагч А.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хундыз нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэлийн шаардлага: 6,800,000 төгрөг гаргуулах тухай.

            Нэхэмжлэгч Х.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би иргэн А.Нд 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 6,800,000 төгрөг зээлдүүлсэн. Түүнээс хойш өгөөгүй байсан ба 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр уулзаж мөнгө асуухад хамгийн сүүлийн өдөр болох 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр өгнө гээд өөрийн гараар казах хэл дээр баримт бичиж өгөөд явсан.

         Мөн дараа нь дахин асуухад 2020 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүртэл бүрэн төлж өгнө гээд монгол хэл дээр баримт бичиж өгсөн болно. Миний бие А.Нурсаулегээс зээлийн мөнгө өг, хугацаа чинь боллоо гээд удаа дараа сануулан хэлсэн боловч одоо хүртэл өгөхгүй байна. Иймд иргэн А.Нгээс надаас зээлж авсан 6,800,000 төгрөгийг гаргуулан өгөхийг хүсье гэжээ.

Нэхэмжлэгч Х.Сд шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Миний бие А.Нд 6800000 төгрөг зээлсэн. Уг мөнгийг зээлэхдээ би банкнаас зээл авсан. А.Н авсан зээлээ төлөхгүй байгаа учраас миний бие банкнаас авсан зээлийн хүүг төлж байгаа. А.Н уг зээлсэн мөнгөнөөс 2 сая төгрөг төлсөн. Одоо би шүүхээс 11 сарын хүү 1254330 төгрөг болон зээлийн үлдэгдэл 4800000 төгрөг, нийт 6054330 төгрөгийг А.Нгээс гаргуулж өгөхийг хүсэж байна гэв.

Хариуцагч А.Н шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие иргэн Х.Саас нөхөр бид хоёр 6,700,000 төгрөг зээлээр авсан. Энэ мөнгөнөөс 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 5******* данснаас Х.Стын 5****** дансанд 2,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Одоо нөхөр бид хоёр үлдэгдэл 4,700,000 төгрөгийг төлнө гэжээ.

Хариуцагч А.Н шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нөхөр бид хоёр энэ хүнээс мөнгө зээлж авсан нь үнэн. Бид нар хувийн бизнес хийж эмийн сан ажиллуулж байгаа. Уг бизнес маань алдагдалд ороод бид нар банкнаас зээл авах гэсэн боловч бид нарт зээл авах нөхцөл үүсээгүй гэж зээл авч чадаагүй. Тэгээд боломжоороо зээлээр авсан мөнгөний 2 сая төгрөгийг өгсөн. Одоо бид нар алдагдалд орсон байгаа тул Х.Ст эгчээс зээлийн хүүг бодохгүйгээр үлдэгдэл болох 4800000 төгрөгийг хуваарь гарган боломжоороо төлж өгье гэж гуйж байна. Өөрөөр хэлбэл зээлийн үлдэгдэл 4800000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна, харин бид анх зээл авахдаа хүүгийн талаар тохиролцоогүй байсан гэв.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судалж,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.С нь хариуцагч А.Нгээс зээлээр авсан 6800000 төгрөгийг гаргуулахыг шаарджээ.

Шүүх  хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Х.Ст нь хариуцагч А.Нтэй зээлийн гэрээ байгуулж 6800000 төгрөгийг зээлээр олгосон болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар болон нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн нотлох баримт болох А.Нгийн гарын баримтуудаар тогтоогджээ.

Хариуцагчаас Х.Стаас зээлээр авсан 6800000 төгрөгөөс 2000000 төгрөгийг өгсөн талаар тайлбарлаж Х банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгыг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

Нэхэмжлэгч шүүх хуралдаан дээр хариуцагчийн тайлбарлаж байгаа 2000000 төгрөг төлөгдсөн болохыг хүлээн зөвшөөрч тайлбарласан ба 6800000 төгрөг нэхэмжилж байгаа үндэслэлээ хариуцагч А.Н нь зээлээр авсан мөнгөө хугацаанд буцааж өгөөгүй тул хүү нэхэмжилж байгаа гэж тайлбарлажээ.

Нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд талууд зээлийн гэрээг байгуулахдаа хүү тогтоосон нь тогтоогдохгүй байна.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно, 282.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж тус тус заажээ.

Талууд хүү тогтоож бичгээр гэрээ байгуулсан талаар нотлох баримтгүй,  нэхэмжлэгч нь хүү тогтоосон талаар бичгээр гэрээ хийгээгүйн улмаас хүү авах эрхээ алдсан байх бөгөөд нэхэмжлэгчээс шүүх хуралдаанд 11 сарын хүү 1254330 төгрөг нэхэмжилж байгаа талаар тайлбарлаж байгаа боловч ямар байдлаар хүү тооцож, хэчнээн хувийн хүү нэхэмжилж байгаа үндэслэлээ тодорхой тайлбарлаж чадаагүй тул нэхэмжлэгчийн хүү гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй байна.

Иймд хариуцагч А.Нгээс 4800000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Стад олгож, илүү нэхэмжилсэн 2000000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-т заасныг баримтлан  хариуцагч А.Нгээс 4800000 /дөрвөн сая найман зуун мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Стад олгож, илүү нэхэмжилсэн 2000000 /хоёр сая/  төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 123750 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч А.Нгээс 91750 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Стад олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Х.МЕЙРАМБЕК