Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 2024/ШЦТ/34

 

   

 

 

 

 

 

 

   2023          12          28                                    2024/ШЦТ/34

 

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

нарийн бичгийн дарга:Б.Сарантуяа

улсын яллагч:Ж.Бат-Эрдэнэ  

шүүгдэгч: Б.Б нарыг оролцуулан Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б.Б холбогдох эрүүгийн 2308000002236 тоот хэргийг 2023.12.25-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

           Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ****** хотод *****-нд төрсөн, **** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа барилгын ажил хийдэг гэх, ам бүл-6, эх, ах, дүү нарын хамт **** дүүргийн ***** хороо, *******  тоотод оршин суух бүртгэлтэй, одоо ганцаараа ****** дүүргийн **** хороо, ****** тоотод оршин сууж байгаа гэх, урьд ял шийтгэлгүй. /РД:*******/ Б овогт Б.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Шүүгдэгч Б.Б нь 2023 оны 11 дүгээр сарын 04-өөс 5-нд шилжих шөнийн 02 цагийн орчимд  Сонгинохайрхан дүүргийн ***** хороо, ******** тоотод байрлах өөрийн гэртээ найз бүсгүй У.О зодож, түүний бие махбодод хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь  дараах баримтуудаар тогтоогдож байна.Үүнд:

- Гэмт хэрэг, зөрчлийн талаарх дуудлага, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-2/,

- Хохирогч У.О "... Би 2023 оны 11 дүгээр сарын 04 орой 19 цагийн орчим би өөрийн найз залуу болох Б.Б гэрт нь буюу Сонгинохайрхан дүүргийн **** хороо, Тахилтын эцсийн автобусны буудлаас хойшоо байдаг гэрт нь явж очиход Б гэртээ ганцаараа архи уучихсан согтуу байж байсан, тэгээд би тэдний гэрт нь өөрийн 2 найз болох У, Г гэх хоёр найз нарыгаа дуудсан. Тэгээд манай хоёр найз хүрч ирээд би найз залуу болон 2 найзынхаа хамтаар хэсэг юм яриад сууж байтал У, Г хоёр гэрээс гадагшаа нойл руу явах хооронд манай найз залуу болох Б босож ирээд миний нүүр лүү гараараа 3 удаа цохиж намайг зодсон. Тухайн үед гадаа байсан У, Г хоёр гэрийн гаднаас намайг зодуулж байгааг цонхоор гараад Ганаа байшингийн цонх хагалж орж ирэх гэтэл Б гэрийнхээ хаалгыг онгойлгож өгсөн. Гаднаас У Г хоёр орж ирээд цагдаа дуудсан. Миний нүүр хэсэг хавдаж хөхөрсөн, шүд хугарсан уруул сэтэрсэн " гэх мэдүүлгүүд /хх-9, 11, 14/

        - Шүүх-эмнэлгийн шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 14144 дугаартай "У.О биед хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, хуйх, 2 нүдний эргэн тойрон, баруун хацар хоншоорын зөөлөн эдийн гэмтэл, уруулд язарсан шарх, зүүн сарвуу, зүүн гуянд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн цохих үйлдлээр үүсэх боломжтой. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1- д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэгт хамаарагдана” гэх дүгнэлт /хх-21/,

        - Яллагдагч Б.Б: ”Прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-59-60/  зэрэг баримтууд хамаарч байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд, шүүгдэгч Б.Бхувийн байдалтай холбоотой болон бусад баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил болон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.Б нь 2023 оны 11 дүгээр сарын 04-өөс 5-нд шилжих шөнийн 02 цагийн орчимд  Сонгинохайрхан дүүргийн ***** хороо, ***** тоотод байрлах өөрийн гэртээ найз бүсгүй У.О ямар ч шалтгаангүйгээр зодож, түүний бие махбодод хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь дуудлагын хуудас,  хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн 14144 дугаартай дүгнэлт, мөн шүүгдэгч Б.Б гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг зэрэг баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах , хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд Б.Б нь танхайн сэдэлтээр найз бүсгүй У.О  эрх, эрх чөлөөнд нь хүч хэрэглэн халдаж, бие махбодод нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь баримтаар нотлогдсон тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Б хууль бус санаатай үйлдлийн улмаас хохирогч У.О эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон ба хохирогч У.О “Би ГССҮТ-ийн хажууд байрлах эмнэлэгт томографикт үзүүлсэн бөгөөд 150.000 төгрөг болсон. Уг мөнгөө нэхэмжлэх хүсэлтэй байна. Сэтгэл санааны хохирол тогтоолгохгүй. Эмчилгээний зардал мөнгөө гаргуулаад авчихвал надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн /хх-13/, мөн хохирогч прокурорт хандаж гаргасан хүсэлтдээ  “2023.12.18-ны өдөр хохиролд 150000 төгрөг авлаа цаашид гомдол санал байхгүй. Уг хэргийг хялбаршуулсан замаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт гаргаж,  иргэний нэхэмжлэл гаргаагүй байна.

Иймд шүүх иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудал шийдвэрлэсэнгүй, хэлэлцэхгүй орхилоо. Хохирогч У.О нь шаардлагатай гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлж, Б.Боос иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болно.

Шүүгдэгч Б.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар /хх-26/ тогтоогдож байна.

Гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан эд хөрөнгийн хохирлыг баримтаар нотлогдсон хэмжээнд сайн дураараа нөхөн төлсөн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Дээрх нөхцөл байдал болон хохирогч, яллагдагч нарын хэн аль нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хүсэлт гаргасан, прокурортой тохиролцсон ялыг биелүүлээгүй тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг ойлгосноо шүүхэд илэрхийлсэн зэргийг харгалзан прокурортой “2 сарын хугацаагаар Сонгинохайрхан дүүргийн **** хорооны нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрх хязгаарлах ял оногдуулах” тохиролцоог хангаж, тухайн байдлаар ял оногдуулж шийтгэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Б.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1  дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б Сонгинохайрхан дүүргийн **** хорооны нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүргийг 2 /хоёр/ сарын хугацаагаар хүлээлгэх зорчих эрх хязгаарлах ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Б.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хувийн эд зүйл, бичиг баримт хураалгаж битүүмжлүүлээгүй, хохирогчид 150.000 төгрөг шилжүүлэн өгсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй Б.Бнь бусдад төлбөргүй  болохыг тус тус дурдсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан хохирогч У.О иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж,  хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлэн өөрийн болон Б.Б оршин суугаа иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсугай.

5. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           6. Дээрх дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй тохиолдолд зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн тооцож хорих ялаар солино гэдгийг Б.Б мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                              С.СЭРЖМЯДАГ