Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 130/ШШ2020/01104

 

Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б даргалж, шүүгчид М, М нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 1 дүгээр багт оршин суух, Р овогт Б.Д-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн С /дарга Ж.К/-т холбогдох иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Д, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч А, иргэдийн төлөөлөгч Б.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Х нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Цахигааны хүчдэлийн хэлбэлзлээс болж эд хөрөнгөд учирсан хохирол 1205000 төгрөг гаргуулах тухай.

Нэхэмжлэгч Б.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манайх Өлгий сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байнга оршин сууж амьдардаг. 2020 оны 8 дугаар сарын 08-ний өдөр 21 цаг 30 минутын орчим манай хашаанд байршилтай Цахилгаан шугам сүлжээний газрын АТП-8 дэд станцын 0,4 КВ гаргалгааны төгсгөлийн 15 дугаар баганад байрлуулсан 12 дугаар хайрцагт манай айлуудын цахилгаан хэрэгсэл шатаж эхэлсэн тул бид Ст дуудлага өгсөн. Тэр үед Цахилгаан шугам сүлжээний газрын монтёр Ж гэдэг хүн ирж, уртын кабелиас гэмтэл гарсан байна. “0” утас тасарч 380 ваттын хүчдэл орсон байна гэж таслаад явсан. Урьд нь монтёр Нурболат нь автоматыг авч хаяад дахиж шууд холбоход гүйдлийн утасны үзүүр сайн хүрэхгүй байгаа үед сул контакаар холбоод явснаас болсон гэж үзэж байна.

Аймгийн Цахилгаан шугам сүлжээний газраас 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдөр комиссын шийдвэрээр Гэмтлийн акт тогтоосон. Цахилгаан түгээгч байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болж гэмтэл гарч манай хашаанд байдаг 3 айл /манайх болон миний 2 хүүхдийн гэр/-ын тухайн үед асаалттай байсан бүх гэрлийн лампууд болон гэр ахуйн цахилгаан хэрэгслүүд бүгд шатаж дахин ашиглах боломжгүй болсон. Урьд нь 2018 онд мөн гэмтэл гарч миний зурагт шатаж байсан, би тухайн үед зарга үүсгэлгүй орхиж байсан.

Тэр өдөр 49 инчийн Скайворт маркийн телевиз 1 ширхэг 1.000.000 төгрөг, үүнийг засварлах боломжгүй болсон, 42 инчийн Монел маркийн телевизийг 120,000 төгрөгөөр засварлуулсан. Үүнээс гадна 20,000 төгрөгийн 1 ширхэг ус буцалгагч , 12.000 төгрөгийн үнэтэй 3 ширхэг утасны цэнэглэгч, нэг бүр нь 6500 төгрөгийн үнэтэй, 4 ширэг лед гэрэл, нэг бүр нь 500 төгрөгийн үнэтэй 6 ширхэг ламп 3000 төгрөг, бүгд 1.205.000 төгрөгийн хохирол учирсан. Тухайн өдөр Өлгий хотод бороо ороогүй, цаг агаар тогтуун байсан талаарх нотолгоог аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс бичгээр гаргаж өгсөн.

Мөн аймгийн Мэргэжлийн хяналтын газарт 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдөр гомдол гаргасны дагуу шалгаж, АТП-8 дэд станцын 15 дугаар баганы 12 дугаар хайрцагт буусан кабелийн “0” фазын утас тасарч, хүчдэлийн хэлбэлзэл гарсны улмаас тухайн шугамд холбогдсон айл өрхүүдэд 380 В-ын хүчдэл орж, цахилгаан хэрэгслүүд шатаж хохирол учирсан талаар 2020 оны 08 дугаар сарын 18-ний өдрийн 04-07-002/143 тоот улсын байцаагчийн дүгнэлт гарсан. Иймд Б аймгийн Цахилгаан шугам сүлжээний газраас цахилгааны хүчдэлийн хэлбэлзлээс болж Б.Д миний эд хөрөнгөд учирсан хохирол болох 1,205,000 төгрөг гаргуулж хохиролгүй болгож өгнө  үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.Д шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр цахилгаан шугам сүлжээний гэмтлээс болж манай гэрийн бүх цахилгаан бараанууд шатсан. Тэр талаар 13:10 минутад цахилгаан сүлжээний газрын жижүүрт мэдэгдсэн. 16:00 цагийн үед монтёр ирсэн. Монтёр автомат шатсан гэж үзэж авч хаяад шууд холбоод явсан байна. Тэр үед зах хаагаагүй байсан би тэр автоматыг кодоор нь авчраад залгуулъя гэсэн боловч шууд залгахад зүгээрээ гэж хэлээд холбоод явсан. Холбоод явсны дараагаар 21:00 цагийн үед бид гадуур ажил хийж байхад гэртээ ороод тогоо асаахад бүх цахилгаан бараа маань буудаж шатсан. Бид дахиад дуудлага өгөхөд монтёр ирээд таны цахилгаанаас мас гарсан гэж хэлээд цахилгааныг тасалж явсан. Дараа нь хагас, бүтэн сайн өдөр таарсан тул нэг дэх өдөр ирж тогийг залгаж өгсөн. Хэрэв анх дуудлага өгөхөд стандартын дагуу хийсэн бол миний бүх зүйл тэгж шатахгүй байх байсан. Харин монтёр стандартын дагуу ажиллаагүй, тогийг шууд залгасан байсан. Цахилгаан шугам сүлжээний газрын хариуцлагагүй байдлаас болж бид нар хохиролд орж байна. Өмнө нь бас нэг удаа ийм явдал гарч миний зурагт шатаж байсан. Тухайн үед би хэлэхэд бас л шалтаг хэлээд төлөөгүй байсан. Энэ удаа хоёр дахь тохиолдол болохоор шүүхэд хандсан. Миний бие шударгаар өөрийн хөдөлмөрөөр худалдаж авсан эд хөрөнгө маань шатсан. Тэгээд би Цахилгаан шугам сүлжээний газраас акт гаргуулж аваад мэргэжлийн хяналтын албанд акт тогтоолгосон. Шинжээч томилж тогтоосон ч болно. Бүх шатсан зүйлс байгаа харж болно. Чийдэн болон цэнэглэгч нарыг засвар хийж авсан. Нэгэнт аймгийн Цахилгаан шугам сүлжээний газрын буруутай үйл ажиллагаанаас миний бие хохирч байгаа тул хохирлоо гаргуулж авмаар байна гэв.

Хариуцагч Б аймгийн Цахилгаан шугам сүлжээний газрын дарга Ж.К шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 2020 оны 08 дугаар сарын 08-ний өдөр 1 дүгээр багийн нутагт орших АТП-8 дэд станцаас тэжээгдэж, 15 дугаар баганад байрлах 12 дугаар хайрцагт “О” утас нь тасарч уг хайрцагын хэрэглэгчдэд 380 В-ийн хүчдэл оржээ. Үүнийг тухайн өдрийн дуудлагын монтёр Х.Жардем очиж аюулгүй болгон хүчдэлийг нь тасалж, гэмтлийг арилгасан болно. Энэ гэмтэл нь СИП кабельд холбосон “О”-ийн зажим буюу хавчаард гэмтэл гарсны улмаас болсон гэж гэмтэл тогтоох комисс акт тогтоосон байгаа.

Үүнийг мөн аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хяналтын улсын байцаагч Ш.Серикболын 04-07-002/143 дугаар дүгнэлтэд тодорхой тусгасан. Иймд уг гэмтэл нь техникийн гэмтэл учраас гарсан хохирлыг манай байгууллага хариуцах үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч А шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Өдрийн цагаар автомат шатсан нь үнэн. Тухайн өдөр автомат нь шатсан учир шууд холбож өгөөд энэ автомат шатсан байна уг автоматыг солих шаардлагатай бид нарт ийм автомат байхгүй гээд гарт нь өгсөн, тогийг залгаад явсан байдаг. Тухайн үед энэ хүмүүсийн гол хүсэж байсан зүйл нь тогийг залгуулах байсан. Автоматыг шууд залгаснаас болж энэ айлын цахилгаан шатаагүй. Үүнтэй ямар ч холбоогүй. Контактыг шууд холбосноос болоод энэ айлд 380В хүчдэл ороогүй. Шууд холбосон нь салчихвал тоггүй болчихдог. Уг хүчин 3 фаз нэг 0-тэй байдаг. Энэ хүний тог шатсан асуудал бол 0 тасарсан. Харин 3 фазын нэгт нь автоматыг тавьдаг. Автомат тасарснаас болоод айлууд зүгээр л тоггүй болдог, юм шатна гэсэн ойлголт байхгүй. Хоёрдугаарт энэ айлын цахилгаан шатахын өмнө хэдэн өдөр дараалан бороо орсон. Бороо кабелийн хайрцагт орж гэмтээсэн тул ийм асуудал гарсан. Энэ бол манай байгууллагатай ямар ч холбоогүй. Байгалийн гамшгийн үүдэлтэй. Хэрэв эд зүйлээ даатгуулсан байсан бол даатгалаар гаргуулж авч болно. Тийм учраас манай байгууллага хариуцах боломжгүй гэв.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судалж,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Д нь Б аймгийн Цахилгаан шугам сүлжээний газраас эд хөрөнгөд учирсан хохирол 1205000 төгрөг гаргуулж өгөхийг шаарджээ.

Шүүх  хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн үндэслэлээ цахилгааны хүчдэлийн хэлбэлзлээс болж ахуйн хэрэглээний цахилгаан хэрэгслүүд болох 2 ширхэг зурагт, ус буцалгагч, утасны цэнэглэгч, лед гэрэл, ламп зэрэг эд хөрөнгүүд гэмтэж хохирол учирсан тул уг эд хөрөнгүүдийн үнэ  болон засварлахад гарсан зардлыг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б аймгийн С нь уг гэмтэл нь байгалийн үзэгдлээс болж гарсан техникийн гэмтэл учраас гарсан хохирлыг манай байгууллага хариуцах үндэслэлгүй гэж тайлбарлажээ.

Гэмтэл гарсан шалтгааны талаар:

Б аймгийн Цахилгаан шугам сүлжээний газраас 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр шалгаж гэмтлийн акт тогтоож СИП шугамаас буусан кабелийн дээд үзүүрээс ус орж тусгаарлагч гэмтэж кабельд богино залгаа болж “0” утас тасарсан байсныг дахиж үзүүрлэн холболт хийж гэмтлийг арилгуулан хүчдэлд залгасан байна. Тухайн 12 дугаар хайрцагны газардуулгын буултын төмөр дамжуулагчийг тасалж салгасан, газардуулгагүй байсан талаар дурдаж “Гэмтэл нь АТП-8 дэд станцын 15 дугаар баганы 12 дугаар хайрцагт буусан кабелийн “0” фазын утас тасарч хүчдэлийн хэлбэлзэл гарснаас тухайн шугамд холбогдсон айл өрхүүдэд 380 В-ын хүчдэл орж цахилгаан хэрэгслүүд шатаж хохирол учирсан байна” гэж дүгнэжээ.

            Б аймгийн Цахилгаан шугам сүлжээний газрын гэмтэл судалсан комиссын 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн гэмтлийн актад: “... Гэмтэл үүссэн ба үүний явц гүнзгийрсэн, устгасан байдал гэх хэсэгт: АТП-8-ын 12 дугаар хайрцагт 380 В орж байсан (“0” тасарч) тул өдөр үзэхээр хүчдлийг тасалж явсан. ... Буултын кабелийн оройноос ус орж кабелийн изолияци ялзарч кабель гэмтсэн байна. Иймд кабелийг дахин үзүүрлэн гэмтлийг арилгаж холбож хүчдлийг хэвийн болгов. Гэмтэл гарсан шалтгаан гэх хэсэгт: Бороо их орсноос болж кабелийн хуягны завсраар ус орсон байна” гэж дурджээ.

Б аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2020 оны 8 дугаар  сарын 18-ний  өдрийн 04-07-002/143 дугаартай дүгнэлтэд:  “2020 оны 08 дугаар сарын 08-ний өдрийн 13:10 цагт Ст хүчдэл тасарсан тухай дуудлагаар иргэн Б.Дн хашаанд байршилтай АТП-8 дэд станцын 0,4 кВ гаргалгааны төгсгөлийн 15 дугаар баганад байрлуулсан 12 дугаар хайрцагт 25 А-ийн автомат шатсаныг монтёр Нурбол шууд холбож өгч хүчдэлд залгасан байна. Дахиж 21:40 цагт цахилгаан хэрэгсэл шатаж байгаа тухай дуудлагаар монтёр Жардем очиж мөн хайрцагт хэрэглэгч нарын “0” утас тасарч 380В-ын хүчдэл орж байсан тул тасалж явсан байна.

“Өлгий экран” телевиз засварын газрын  2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн тодорхойлолтод: “Иргэн Б.Дгийн Skyworth model N49E2 загварын 49 инчийн Led телевизор, мөн Monel-42 АО загварын 42 инчийн лед телевизор нь цахилгааны гэнэтийн ихсэлтээс болж шатаж гэмтсэн болно. Monel-ийг засварлахад  120000 төгрөгийн засвар сэлбэг хийлгэсэн.  49 инчийн Skyworth телевизор нь 400 вольтын конденсатор буудсаны улмаас электролит конденсаторын шингэн нь гоожиж дэлгэцийн уян хэсэг руу орж гэмтсэн учир манайд засварлах боломжгүй юм. Хэрэв дэлгэц сольсон нөхцөлд телевизорын үнийн дүнгийн 80 хувьтай тэнцэх болно” гэжээ.

Дээрх нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Б.Дгийн цахилгаан хэрэгслүүд нь хүчдэлийн хэлбэлзэл үүссэний улмаас гэмтсэн болох нь тогтоогджээ.

Б аймгийн Цахилгаан шугам сүлжээний газраас хэрэглэгч Б.Дтэй байгуулсан “Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ”-ний 6.5-д цахилгаан эрчим хүчний тасалдал, чанарын үзүүлэлтийн хэлбэлзлээс болж хэрэглэгчид хохирол учирсан тохиолдолд 24 цагийн дотор хэрэглэгч хангагчид мэдэгдэж, хангагчтай  хамтарсан комисс акт үйлдэж гарсан шийдвэрийн дагуу тогтоогдсон буруутай этгээд хохирлыг төлнө гэж  харилцан тохиролцсон, мөн Цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрмийн 10 дугаар зүйлд хохирлыг тооцох, нөхөн төлөх талаар зохицуулсан бөгөөд уг дүрмийн  10.1 Цахилгаан эрчим хүч тасалдсан, чанарын үзүүлэлтийн хэлбэлзлээс үүссэн хохирлыг тогтоохдоо хэрэглэгчид тавигдсан өөрөө бичигч хэмжих хэрэгсэл болон түгээгчийн шуурхай ажиллагааны бичлэгийг баримталж, хангагч, хэрэглэгчийн хамтран үйлдсэн актыг үндэс болгоно”, 10.2 Энэ дүрмийн 10.1-д заасан актыг ажлын 5 хоногийн дотор гаргаж, актад цахилгаан эрчим хүч тасалдсан, хэлбэлзсэн он, сар, өдөр, үргэлжилсэн хугацаа, шалтгаан, үйлдвэрлэл, үйлчилгээнд учруулсан шууд хохирол (цахилгаан хангамж тасалдсан, чанарын үзүүлэлт хэлбэлзсэнээс хэрэглэгчид учирсан бүтээгдэхүүний чанарын гологдол, цахилгаан хэрэгслийн гэмтэл)-ын хэмжээ, хангагч, хэрэглэгчийн төлөөлөгчийн нэр, албан тушаалыг тодорхой тусгаж, гарын үсэг зурж, баталгаажуулсан байна” гэж тус тус заажээ.

Б аймгийн Цахилгаан шугам сүлжээний газраас тогтоосон гэмтлийн актаас үзэхэд цахилгаан эрчим хүчний хэлбэлзэл үүсэхэд хэрэглэгч Б.Дгийн гэм буруутай ажиллагаа байсан талаар тусгаагүй бөгөөд цахилгаан эрчим хүчээр хангагч болох Б аймгийн Цахилгаан шугам сүлжээний газрын гэмтлийн акт нь Цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрэмд заасан шаардлагыг хангаагүй байх тул гэмтэл гарахад хэрэглэгчийн буруутай үйл ажиллагаа байсан нь  тогтоогдоогүй гэж дүгнэх боломжтой байна.

Мөн гэмтэл гарсан эзэмшлийн зааг нь хариуцагчийн эзэмшил болох нь хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байх ба шугам сүлжээний эзэмшлийн заагийн холболтын бүрэн бүтэн байдлыг эзэмшигч хариуцах бөгөөд хангагч нь хэрэглэгчийг стандартын шаардлага хангасан цахилгаан эрчим хүчээр хангах үүрэгтэй тул буултын кабелийн оройноос ус орж кабелийн изоляци ялзарч кабель гэмтсэн үндэслэл нь хангагч буюу Б аймгийн Цахилгаан шугам сүлжээний газрын үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй байдалтай холбоотой гэж дүгнэлээ.

Хариуцагч талаас тухайн гэмтэл байгалийн үзэгдлийн улмаас гарсан техникийн гэмтэл гэж тайлбарлаж байгаа боловч цахилгаан эрчим хүчний хэлбэлзэл нь байгалийн гэнэтийн аюул /аянга, салхи, мөстлөг, үер, гал түймэр гэх мэт/ тохиолдсоны улмаас болсон талаар болон хангагчтай тохиролцсон горимыг хэрэглэгч мөрдөөгүйг нотлох баримт байхгүй байгаа бөгөөд нэхэмжлэгч Б.Дгийн цахилгаан хэрэгслүүд гэмтэж эд хөрөнгөд гэм хор учирсан нь Б аймгийн Цахилгаан шугам сүлжээний газрын гэм буруугаас болоогүй гэдгийг хариуцагч нотолж чадаагүй тул хариуцагчийг гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй гэж үзлээ.

2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн эд зүйлийн үнэлгээ тогтоолгох баримтаар Өлгий сумын 1-р багт оршин суух Б.Дгийн эд хөрөнгийн үнэлгээг 2020 оны 8 дугаар сарын байдлаар гаргасан байх ба үүнд: 1. 49 инчийн Skyworth маркийн зурагтын үнийг 1100000 төгрөгөөр, 42 инчийн Монел маркийн зурагтын сэлбэг засварын үнийг 120000 төгрөгөөр, ус буцалгагчийн үнийг 20000 төгрөгөөр, утасны цэнэглэгчийн нэг бүрийн үнийг 15000 төгрөгөөр тооцож 45000 /3 ширхэг х 15000 төгрөг/ төгрөгөөр, лед гэрлийн нэг бүрийн үнийг 6500 төгрөгөөр тооцож нийт 26000 /4 ширхэг х 6500 төгрөг/ төгрөгөөр, ламп 40вт-ын нэг бүрийн үнийг 500 төгрөгөөр тооцож нийт 3000 /6 ширхэг х 500 төгрөг/ төгрөгөөр тус тус үнэлсэн байх ба хариуцагчаас тухайн үнэлгээг болон хариуцагчийн цахилгаан хэлбэлзлээс болж эвдэрсэн гэх дээрх нэр төрлийн эд хөрөнгө гэмтсэн гэх үндэслэлийг няцааж тайлбар болон нотлох баримт гаргаагүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжилсэн хэмжээгээр гэм хорын хохирлыг гаргуулах нь зүйтэй байна. Эд зүйлийн үнэлгээ тогтоолгох баримтад комиссын нийт үнэлгээ нь 1314000 төгрөг гэж дурдсан боловч нэхэмжлэгч өөрийн үнэлсэн үнэлгээгээр тооцож нэхэмжилсэн байх тул Б аймгийн Цахилгаан шугам сүлжээний газраас эд хөрөнгөд учирсан хохирол 1205000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Дд олгох нь зүйтэй байна.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Б аймгийн Цахилгаан шугам сүлжээний газраас эд хөрөнгөнд учирсан хохирол 1205000 /нэг сая хоёр зуун таван мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Д-д олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33470 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч  Б аймгийн Цахилгаан шугам сүлжээний газраас 33470 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Д-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4. Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б

                                         ШҮҮГЧИД                                      М

                                              М