Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 2024/ШЦТ/74

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,

нарийн бичгийн дарга: Э.Мөнхтуяа, 

улсын яллагч: С.Батгэрэл,  

шүүгдэгч Б.Б, Г.М нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б, Г.М нарт холбогдох эрүүгийн ***************** дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. ******** ******** /регистрийн дугаар: **********/,

Монгол Улсын иргэн, ***********-ны өдөр ************ суманд төрсөн, 19 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5 эцэг, эх 2 дүүгийн хамт ********* дүүргийн ************** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй.

 

2. ********* ******** /регистрийн дугаар: ******/

Монгол Улсын иргэн, *************-ний өдөр ********* хотод төрсөн, 20 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4 эх,ах, дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн *************** тоотод оршин суух хаягтай, урьд:

2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шүүхийн 1506 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлж байсан.

 

Холбогдсон эрүүгийн хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

  Шүүгдэгч Б.Б, Г.М нар нь бүлэглэж, 2023 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ******** дугаар хорооны нутаг дэвсгэрт насанд хүрээгүй хохирогч ********ын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж ********** маркийн гар утсыг нь дээрэмдэж авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.           

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдал, үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг бүрэн тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:

Шүүгдэгч Б.Б, Г.М нар нь бүлэглэж, 2023 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт гудамжинд “мөнгө хэрэгтэй байсан” гэх шалтгаанаар насанд хүрээгүй хохирогч ********ыг айлган сүрдүүлж, шүүгдэгч Б.Б нь хохирогчийг гараараа нэгээс хоёр удаа цохиж, шүүгдэгч Г.М хүн харж айлган сүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх байдлаар оролцон Z Blade V-40 маркийн гар утсыг нь хүч хэрэглэн авч 699,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.     

        

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй нотлогдсон болно. Үүнд:

Шүүгдэгч Б.Б, ******** нар бүлэглэн насанд хүрээгүй хохирогч ********ын гар утсыг хүч хэрэглэж авахаар довтолж 699,000 төгрөгийн хохирол учруулсан нотлох баримтууд:

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 7 дахь тал/,

-таньж олуулах ажиллагааны хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 18-27 дахь тал/,

-Насанд хүрээгүй хохирогч ********ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би өнөөдөр буюу 2023 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ********** дугаар хорооны нутаг дэвсгэрт *********** тоот гэртээ амарч байгаад орой 21 цаг орчимд нэгж авахаар гудамжны үзүүрт байдаг дэлгүүр орохоор гэрээсээ гараад явсан. Намайг дэлгүүр орох замд гудамжны үзүүрт 2 үл таних хүн намайг цэнэглэгч байна уу гэж асуухаар нь би тоолгүй цаашаа алхсан. Дахиад намайг дуудахад нь би инээгээд "байхгүй ахаа гэж хэлэхэд махлагдуу ах нь намайг "Чи яасан их инээдэг юм бэ" гээд миний шилэн хүзүүнээс бариад жалга руу дагуулж орсон. Тэгээд өндөр махлаг ах нь "за чамд би 10 минутын хугацаа өгье 30.000-40.000 төгрөг сэтгээдэх" гэхээр нь би тухайн ахаас гуйж "ахаа битгий л дээ, оронд нь 5.000 төгрөг л байна" гэхэд махлах ах "Наадахаар чинь яадаг юм” гэж хэлээд миний нүүр хэсэг рүү гараараа 1 удаа цохиж, 10 минут өнгөрчихлөө гэж хэлээд миний гарт байсан *********** загварын гар утсыг аваад "Би энийг чинь 25 дугаар эмийн сангийн 24 цагийн ломбарданд тавина өөрөө очиж аваарай одоо зайл" гээд намайг хөөхөөр нь би гэртээ ирээд яаралтай цагдаа дуудсан. Би сар гарангийн өмнө *********** лизингээр ээжээр 699.999 төгрөгөөр авахуулж байсан. Саарал цэнхэр өнгийн хэрэглээний сэвгүй шинэвтэр утас байгаа. Тухайн хоёр этгээдийг би харвал сайн танина цагдаад мэдэгдэж царайг нь дүрсэлж өгнө гээд царайг нь сайн харсан одоо харвал би шууд танина. Өндөр махлагдуу ах нь миний нүүр рүү нэг удаа алгадсан, дахиад нэг цохьсон, хамт явж байсан намхан ах нь надад гар хүрээгүй хүн харж байх шиг байсан. Тийм ч хүчтэй цохиулаагүй би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Би гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14-15 дахь тал/,

-********** ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 38-41 дэх тал/ зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

 

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

Өөрөөр хэлбэл хохирогч, гэрчийн мэдүүлэг цаг хугацаа, үйл явдлын дарааллын хувьд хоорондоо зөрүүгүй байх бөгөөд шинжээчийн дүгнэлт нь мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, эд зүйлийн үнэлгээ бодитой тогтоосон дүгнэлт байх тул эдгээр баримтуудыг үнэн зөвд тооцож, шийдвэрийн үндэслэл болголоо.

Шүүгдэгч Б.Бийн хувийн байдлын талаарх: Хавтаст хэргээс гэрлэсний бүртэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 50 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 51 дэх тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 52 дахь тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 53 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 62 дахь тал/, зэрэг баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүгдэгч Г.Мийн хувийн байдлын талаарх: гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 57 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 58 дахь тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 59 дахь тал/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 63 дахь тал/, зэрэг баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүгдэгч нар шүүхийн хэлэлцүүлэгт: “... Мэдүүлэг өгөхгүй...” гэцгээв.

 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Б, Г.М нар нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болно.

 

1.4.Хууль зүйн дүгнэлт

Монгол улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3-д “Монгол улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно...” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “ Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус хуульчилсан.

Шүүгдэгч Б.Б, Г.М нарын дээрх эрхэд халдаж, эд зүйлийг нь шунахай сэдэлтээр хүч хэрэглэн өөрийн эзэмшилдээ авч байгаа нь хууль бусаар бусдын өмчлөлд халдсан гэмт үйлдэл юм.

Гэмт хэргийн шинжийн хувьд: бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэргийн шинжид хохирлын хэмжээ хамаарахгүй. Харин эд хөрөнгийг нь айлган сүрдүүлж хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авснаар гэмт хэрэг төгсдөг бөгөөд шүүгдэгч Б.Б хохирогчийн эрүүл мэндэд халдсанаар дээрх шинжийг хангасан бөгөөд шүүгдэгч Г.М нь хамтран оролцож хүн харж байснаараа үйлдлээрээ санаатай нэгдсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ.” гэж заасан бөгөөд шүүгдэгч Г.М, Б.Б нарын үйлдэл нь санаагаараа болон үйлдлээрээ нэгдэн дээрх гэмт хэргийг үйлдсэн байх тул бүлэглэн гүйцэтгэсэн гэж дүгнэсэн.

Иймд тогтоосон хэргийн нөхцөл байдлаас дүгнэн шүүгдэгч Г.М, Б.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн тус тус гэм буруутайд тооцож, тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

1.5. Хохирол, хор уршиг

Насанд хүрээгүй хохирогч ********т 699,000 төгрөгийн хохирол учирсан болох нь ************ ХХК-ийн үнэлгээгээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Б, Г.М нар шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирол төлбөр төлж барагдуулсан талаарх баримт гаргаж өгсөн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүйг дурдах нь зүйтэй байна.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “...Шүүгдэгч Г.М, Б.Б нар нь бүлэглэж, 2023 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт насанд хүрээгүй хохирогч ********ын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж Z Blade V-40  маркийн гар утсыг нь дээрэмдэж авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байгаа тул гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцуулж, эрүүгийн хариуцлага оногдуулах нь үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгч Г.М, Б.Б нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд 2 жил 5 сар хорих ял, Г.Мэд 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх заалтад зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй байна. Шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өнөөдрөөс эхлэн өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах саналтай байна...” гэв.

 

Шүүгдэгч Б.Б: “...Манай эхнэр жирэмсэн...” гэв.

 

Шүүгдэгч Г.М: “...Дахиж тийм зүйл хийхгүй, гэм буруутай үйлдэл дээрээ харамсаж байна...” гэв.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Г.М, Б.Б нарыг гэм буруутайд тооцсон гэмт хэрэг болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дах хэсэгт хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэлтэй.    

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Шүүгдэгч Г.Мэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн” /шүүхийн хэлэлцүүлэгт хохирол төлбөр төлсөн баримт гаргаж өгсөн/, харин 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн” /шүүхийн хэлэлцүүлэгт хохирол төлбөр төлсөн баримт гаргаж өгсөн/, харин 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.   

Шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа хувийн байдлыг болон хохирлыг төлсөн нөхцөл байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах;” гэж заасныг хэрэглэн хорих ялын доод хэмжээнээс доогуур ял шийтгэл оногдуулах нь үндэслэлтэй гэж үзсэн.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дох хэсэгт “Бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэргийг гүйцэтгэгчдийн үйлдлийг нэгтгэн зүйлчилж гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулна.” гэж заасан.

Иймд дээрх хөнгөрүүлэх болон бусад нөхцөл байдлуудаас гадна шүүгдэгч нарын үйлдэл оролцоог харгалзан /Б.Б хохирогчид хүч хэрэглэсэн/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Г.Мэд 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэх нь зүйтэй байна.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно.” гэж зааснаар шүүгдэгч Г.М, Б.Б нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.    

 

2.3. Бусад асуудлын талаар

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

          1. Шүүгдэгч ******** ********, ************ ******** нарыг бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

          2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бийг 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Г.Мийг 1 жил хугацаагаар хорих тус тус шийтгэсүгэй.

 

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Г.М нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 

 

          4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

          5. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Б.Б, Г.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

          6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

          7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ц.УРАНГУА