Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 2024/ШЦТ/68

 

     

 

 

 

 

 

     2024         01          05                                    2024/ШЦТ/68

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

нарийн бичгийн дарга: Б.Сарантуяа,

улсын яллагч:Г.Янжиндулам  

шүүгдэгч: Д.С нарыг оролцуулан Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Д.С холбогдох эрүүгийн 2308000001867 тоот хэргийг 2023.12.28-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

 

           Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, **** оны *** сарын **-ний өдөр **** аймгийн **** суманд төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Барилгын политехникийн коллежид барилгын техникчийн 1-р дамжаанд оюутан гэх, хувиараа “Хос хаш багана” ХХК-д барилгын өрлөг хийдэг гэх, ам бүл 3, ээж, дүүгийн хамт ****** аймгийн ***** сумын **** баг, ***** тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Баянгол дүүргийн **** хороо, ***** тоотод оршин сууж байгаа гэх, урьд ял шийтгэлгүй /РД:******/ Т овогт Д.С нь гээгдэл эд хөрөнгө завших буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.             

ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүгдэгч Д.Снь 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Цуйвандаа” цайны газарт үйлчлүүлсэн иргэн Б.Б гээгдүүлсэн гар утсыг завшин авсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд

          - Гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-1/,

         - Хохирогч Б.Б:  “...Би 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо цуйвандаа хоолны газарт 12 цаг 20 минутад хамт ажилладаг хүмүүстэйгээ хамт хоол идчихээд 13 цагт гарч явцгаасан. Манай ажил ойрхон тул ажил дээрээ 3 минут орчмын дараа очиж гар утсаа шалгахад байхгүй байсан. Би хоолны газарт  гар утсаа орхисон гэдгээ санаад буцаж очиход байхгүй байсан” гэх мэдүүлэг /хх-7-11/,

        - Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “...Хэрэг учрал болсон гэх Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Цуйвандаа" нэртэй цайны газрын 2 дугаартай ширээний хажууд сэжигтэй этгээд зогсож байгаа дүрс зургийг харуулав. Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Цуйвандаа" нэртэй цайны газрын 2 дугаартай ширээн дээрээс сэжигтэй этгээд "Хуавай нова 9 эс" загварын гар утсыг авч байгаа дүрс зургийг харуулав” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, диск /хх-27-29/,

        - Д.С гар утас хураан авсан гэх илтгэх хуудас, гэрэл зургийн үзүүлэлт/хх-58/,

       -  Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-30-33/,

- Яллагдагч Д.С: ”Прокурорын тогтоолыг болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний бие 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр мөн хоолны газарт хоол идсэн бөгөөд хоолоо идэж дуусчхаад гарах гэтэл үүдний хажуу талын ширээн дээр хуавэй маркийн гар утас байсан бөгөөд би “гар утас оллоо, эзэнд нь өгье” гэж бодсон бөгөөд ойр хавьд эзэн нь байхгүй болохоор нь өөртөө авсан. Ингээд гар утсыг форматлаж бүх зүйлийг утсгасан ба сим нь мөн гээгдсэн байсан. Гэтэл нөгөөдөр нь цагдаагаас дуудаж улмаар миний олсон гар утас эзэн нь айгаад цагдаад мэдэгдсэн байсан” гэх мэдүүлэг /хх-46/  зэрэг баримтууд хамаарч байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд, шүүгдэгч Д.С хувийн байдалтай холбоотой болон бусад баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил болон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

 Шүүгдэгч Д.Снь 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо байрлах  “Цуйвандаа” хоолны газарт хохирогч Б.Б ширээн дээр үлдээгээд явсан   Хуйвэй нова 9 эс маркийн гар утсыг завшсаны улмаас бусдад 400.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь нь хохирогчийн мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний шинжээчийн дүгнэлт, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гар утсыг хураан авч үзлэг хийсэн тэмдэглэл,  мөн шүүгдэгч  Д.С гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг зэрэг баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.С нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах , хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Д.С нь “Хуавай Нова 9” загварын гар утсыг өөрийнх биш, бусдын өмчлөл, эзэмшлийн эд зүйлс гэдгийг мэдсээр байж цагдаагийн байгууллагад аваачиж өгөхгүйгээр өөрийн өмчлөлийн эд зүйлс мэтээр тухайн гар утсанд байсан мэдээллийг форматлан устгаж, хувьдаа хэрэглэсэн үйлдэл нь Иргэний хуулийн 116 дугаар зүйлд заасан “гээгдэл эд хөрөнгө олсон этгээд тухайн эд хөрөнгийн өмчлөгч буюу шаардах эрх бүхий этгээдэд нэн даруй мэдэгдэж, хүлээлгэн өгөх үүрэгтэй. Хэрэв тийм этгээд байхгүй бол орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэж, тухайн эд хөрөнгийг хадгалж хамгаалах, эсхүл тэдгээр байгууллагад шилжүүлэх үүрэгтэй” гэх заалтыг зөрчсөн байна.

Шүүгдэгч Д.С хууль бус санаатай үйлдлийн улмаас иргэн Б.Б 400000  төгрөгийн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3 дахь хэсэгт заасан бага хэмжээнээс дээш хэмжээний хохиролд хамаарч байх тул түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь тохирсон байна.

Хохирогч Б.Б гар утсыг буцаан хүлээлгэж өгсөн /хх-67, 68/ байх тул Д.С нь бусад төлбөргүй байна.

Иймд Д.С гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

         Шүүгдэгч Д.С нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна /хх-49/

         Түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

         Дээрх нөхцөл байдал болон хохирогч, яллагдагч нарын хэн аль нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хүсэлт гаргасан, прокурортой тохиролцсон ялыг биелүүлээгүй тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг ойлгосноо шүүхэд илэрхийлсэн зэргийг харгалзан прокурортой “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөг торгох ял оногдуулсан ” тохиролцоог хангаж, тухайн байдлаар ял оногдуулж шийтгэхээр шийдвэрлэв.

         Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д зааснаар ялтан нь торгох ял оногдуулсан шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд биелүүлэх үүрэгтэй гэж хуулиар зохицуулсан байгаа тул талуудын тохиролцсон 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх талаар шийдвэр тусгайлан гаргах шаардлагагүй гэж дүгнэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Т овогт Д.С  эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  5.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Д.С 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Д.С нь  хувийн эд зүйл, бичиг баримт хураалгаж, битүүмжлүүлээгүй, хохирогч Б.Б алдсан эд хөрөнгөө буцааж авсан ба  иргэний нэхэмжлэл гаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй  болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Дээрх дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.С урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийн торгох ялыг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн тооцож хорих ялаар солино  гэдгийг Д.С мэдэгдсүгэй.

         

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ                              С.СЭРЖМЯДАГ