Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 2024/ШЦТ/104

 

 

 

 

 

 

 

          2024          01          18                                    2024/ШЦТ/104

 

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

нарийн бичгийн дарга:Б.Бат-Оргил

улсын яллагч:С.Батгэрэл 

шүүгдэгчийн өмгөөлөгч:Б.Ганболд   

шүүгдэгч: Р.Д нарыг оролцуулан Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Р.Д холбогдох эрүүгийн 2308035500006 тоот хэргийг 2024.01.11-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

           Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***** оны *** сарын ***-ний өдөр **** аймгийн **** суманд төрсөн, *** настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч нарийн боовчин мэргэжилтэй гэх, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-4, нөхөр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан ***** хороо, ******* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:*********/ Ш овогт Р.Д нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүгдэгч Р.Д нь 2023 оны 11 дүгээр сарын 19-өөс 20-нд шилжих шөнийн 03 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн ***** хорооны нутаг дэвсгэр ***** дүгээр гудамжны ****** тоотод оршин суух хадам эгч Д.Э гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хэрүүл маргаан үүсгэн Д.Э баруун шуу хэсэгт хутгаар зүсэж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

- Гэмт хэрэг, зөрчлийн талаарх дуудлага, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-2/,

- Хохирогч Д.Э “Би 2023 оны 11 дүгээр сарын 19-ний орой төрсөн дүү Э төрсөн өдөр нь болсон гээд гэрт нь очиж төрсөн өдрийг нь тэмдэглэчхээд тэдний гэрт байхдаа 4 том пиво уусан. Тэгээд төрсөн өдөр тараад гэртээ харих гэсэн чинь манай дүү Э эхнэр хүүхдүүдийнхээ хамт танайд очно гээд бүгдээрээ манай гэрт ирээд замаасаа 6 лааз пиво, 2 шил 0,75-тай архи аваад манай гэрт очиж Э манай нөхөр Б, бэр Д болон бид 4 хамт ууцгаасан. Тэгээд уугаад нилээн согтоцгоосон чинь манай бэр гэртээ харих талаар нөхөр Э маргалдаж байгаад намайг “боль” гэсэн чинь над руу уурлаад, хэрүүл хийгээд маргалдаж байгаад гэнэтхэн манай гал тогоонд байсан жижигхэн хар бариултай хутга бариад орилоод байхаар нь би хутгыг нь тавиулах гээд ноцолдсон чинь үгэнд орохгүй болохоор нь би нүүрэнд нь 2 удаа алгадсан, тэгсэн чинь манай нөхөр болон дүү Э нар салгасан бөгөөд тэр үед миний баруун гарын шууны ар хэсэгт 2 газар жижигхэн зүсэгдсэн, мөн манай дүүгийн зүүн гарын булчингийн дотор талд зүсэгдсэн байхаар нь би уурлаад цагдаад дуудлага өгсөн юм. Ямар шалтгаанаас болж маргалдсан талаараа  тухайн үед нэлээн согтсон байсан болохоор сайн санахгүй байна. Д тэр үед миний биед гэмтэл учруулсан зүйл байхгүй маргалдаж байгаад хутга авахаар нь салгах гээд ноцолдож байхад миний гар зүсэгдсэн байсан. Надад өөрийн бэр дүү Р.Д ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Надаас уучлалт гуйж бид нар эвлэрсэн байгаа " гэх мэдүүлэг /хх-ийн 10/, 

        - Шүүх-эмнэлгийн шинжээчийн 2023.11.29-ний өдрийн 14702 дугаартай:  Хэсэг газрын үзлэгт: Баруун шуунд 6x0,3 см, 1x0,2 см 2 ширхэг, 0,8x0,2 см өнгөц зүсэгдсэн шархтай, 6x4 см хөх ягаан өнгийн бүдэг цус хуралттай, Дүгнэлт: Д.Эбиед баруун шуунд цус хуралт, зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх баруун шууны цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн, цохих цохигдох, унах үйлчлэлээр, бусад гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн тус бүр 1 удаагийн зүсэгдэх, хатгагдах үйлчлэлээр, 2023 оны 11 сарын 19-20-нд шилжих шөнө үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдоно. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хх-23-24/,

       - Шинжээч эмч С.Чулуунсүхийн “ Хохирогчийн баруун шуунд цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй, харин зүсэгдсэн шарх нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх мэдүүлэг /хх-29/,

            - Шүүх-эмнэлгийн шинжээчийн 2023.11.24-ний өдрийн 14660 дугаартай: “Д.Э биед зүүн бугалга, хэвлийд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг сарниулахгүй тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх дүгнэлт /хх-20/,

            - Хохирогч Д.Э: “...02 цагийн орчимд манай эхнэр гэнэт манай эгч Энхчимэгтэй маргалдаад хэрэлдээд эхэлсэн. Тэгснээ уурлаад гал тогоонд байсан жижиг хутга аваад эгчтэй муудалцаад дуу нь чангараад байхаар нь би тэр хоёрыг салгах гээд дундуур нь орсон чинь манай эхнэр Р.Д барьж байсан хутгандт зүүн гарын дээд булчингийн дотор талд хутгаараа нэг удаа зүссэн. . тэгэхээр нь би хутгыг нь авах гэсэн чинь Э баруун гар болон өгзөг хэсэгт бас бага зэрэг зүсэгдсэн бөгөөд би хутгыг нь салгаж аваад тайвшруулж байтал манай эгч цагдаад дуудлага өгсөн байсан. Би согтуу байсан болохоор яг ямар шалтгаанаас болсон талаар сайн санахгүй байна. Намайг очиж салгахад манай эгч манай эхнэр Р.Д үснээс нь зулгаасан, толгой болон нүүр рүү нь гутлаар цохиж харагдсан. Харин манай эхнэр Р.Д болохоор манай эгчийг цохиж байхыг хараагүй, хөл гар нь сарвалзаад цохих гээд айлгаад байсан. Миний биед сүртэй гэмтэл гээд байх зүйл учраагүй болохоор би эмнэлэгт үзүүлээгүй, тийм шаардлага байхгүй” гэх мэдүүлэг /хх-16/,

            - Шүүгдэгч Р.Д сэжигтнээр өгсөн:...бид нар үргэлжлүүлээд  архиа уугаад хоол идээд сууж байсан чинь нөхөр Энхдөлгөөн элдвээр хэлээд бас архи уулаа гээд загнаад байхаар нь бид хоёр маргалдсан чинь эгч Э нь дүүгээ өмөөрөөд байхаар нь би уурлаад хоёр хүүхдээ дагуулаад гэр лүүгээ такси бариад явсан. Гэртээ орох гэсэн чинь түлхүүрээ орхисон байхаар нь эргээд Э эгч намайг загнаад доромжлоод байхаар нь би уурлаад гал тогоонд нь байсан хар бариултай жижигхэн хутгыг айлгах санаатай авсан чинь Э эгч орилоод манай нөхөр болон Энхчимэг эгчийн нөхөр хоёр бидний дундуур ороод салгасан. Тэр үед Э эгчийн баруун гарын ар талд болон манай нөхөр Энхдөлгөөний зүүн гарын булчингийн дотор талд хутгаар зүсэгдсэн байсан чинь Энхчимэг уурлаад цагдаад дуудлага өгсөн. Би тухайн үед Э эгч дүүгээ өмөөрч  намайг элдвээр хэлж загнаад доромжлоод нүүр лүү алгадаад бас гутлаар цохиод үснээс зулгаагаад байхаар нь уурандаа айлгах зорилгоор хутга авсан чинь Э, Б ах хоёр салгасан тэр үед Э эгч, Э хоёрын биед зүсэгдсэн байсан юм гэх мэдүүлэг /хх-33/,

        - Яллагдагч Р.Д : ”Прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-56/  зэрэг баримтууд хамаарч байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд, шүүгдэгч Р.Д  хувийн байдалтай холбоотой болон бусад баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил болон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Р.Д нь 2023 оны 11 дүгээр сарын 19-өөс 20-нд шилжих шөнийн 03 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн ***** хорооны нутаг дэвсгэр ***** тоотод оршин суух хадам эгч Д.Э гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хэрүүл маргаан үүсгэн Д.Э баруун шуу хэсэгт хутгаар зүсэж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээр дурьдсан баримтууд болон шүүгдэгч Р.Д гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг зэрэг баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Р.Д нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах , хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд Р.Д нь согтууруулах ундаа зүйл хэрэглэсэн үедээ хутгаар хохирогч Д.Э бие махбодод нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь баримтаар нотлогдсон тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Р.Д хууль бус санаатай үйлдлийн улмаас хохирогч Д.Э эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон ба хохирогч Д.Э “.Би бэр дүү Р.Д ямар нэгэн гомдол санал  нэхэмжлэх зүйл байхгүй. Надаас уучлалт гуйж бид эвлэрсэн. Сэтгэл санааны хохирол тогтоолгохгүй” гэж мэдүүлсэн /хх-10, 60/, мөн прокурорт хандаж гаргасан хүсэлтдээ: “Би бэр дүү Р.Д эвлэрсэн одоо ямар асуудал байхгүй сэтгэл санаа биеийн хохирол байхгүй болно. Сэтгэл санааны хохирол болон эмчилгээний зардал нэхэмжлэхгүй. Мөн шүүх хуралдаанд оролцохгүй хөдөө байгаа учир” гэх хүсэлт гаргаж,  иргэний нэхэмжлэл гаргаагүй байна.

Иймд шүүх иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудал шийдвэрлэсэнгүй, хэлэлцэхгүй орхилоо. Хохирогч Д.Э нь шаардлагатай гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлж, Р.Д иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болно.

Шүүгдэгч Р.Д нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар /хх-34/ тогтоогдож байна.

Шүүгдэгч Р.Д үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Дээрх нөхцөл байдал болон хохирогч, яллагдагч нарын хэн аль нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хүсэлт гаргасан, прокурортой тохиролцсон ялыг биелүүлээгүй тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг ойлгосноо шүүхэд илэрхийлсэн зэргийг харгалзан прокурортой “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 560 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 560.000 төгрөг торгох ял оногдуулах” тохиролцоог хангаж, тухайн байдлаар ял оногдуулж шийтгэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ш овогт Р.Д хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ш овогт Р.Д 560 /таван зуун жаран/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 560.000 /таван зуун жаран мянган/  төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Р.Д оногдуулсан торгох ялыг энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсоноос хойш  4 /дөрвөн/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Шүүгдэгч Р.Д нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хувийн эд зүйл, бичиг баримт хураалгаж битүүмжлүүлээгүй, хохирогч Д.Э нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй Р.Д нь бусдад төлбөргүй  болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           6. Дээрх дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.Д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийн торгох ялыг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн тооцож хорих ялаар солино гэдгийг Р.Д мэдэгдсүгэй

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                              С.СЭРЖМЯДАГ