Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 144/2020/00195/И |
Дугаар | 001/ХТ2022/01236 |
Огноо | 2022-12-08 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2022 оны 12 сарын 08 өдөр
Дугаар 001/ХТ2022/01236
“С” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, шүүгч Н.Баярмаа, П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2020/02937 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 156 дугаар магадлалтай,
“С” ХХК-ийн нэхэмжлэлтэй
“А” ХХК-д холбогдох
900,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн төлөөлөгч П.Нямцогтын хяналтын журмаар гаргасан гомдлоор
шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Төмөр, хариуцагчийн өмгөөлөгч Б.Гомбодорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгч “С” ХХК хариуцагч “А” ХХК-д холбогдуулан гэрээний үүргийн үлдэгдэл төлбөрт 600,000,000 төгрөг, алданги 300,000,000 төгрөг, нийт 900,000,000 төгрөг гаргуулахаар шаарджээ.
2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.10.30-ны өдрийн 183/ШШ2020/02937 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “А” ХХК-иас гэрээний үүрэгт 900,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “С” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “С” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 4,657,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “А” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд 4,657,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “С” ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.01.15-ны өдрийн 156 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2020/02937 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,657,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
4. Хариуцагчийн төлөөлөгч П.Нямцогт хяналтын журмаар гаргасан гомдолдоо:
4.1 Хоёр шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг талуудын тайлбартай нэг бүрчлэн харьцуулан үзэж тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй байх талаас нь үнэлэх үүргээ зохих ёсоор, шударгаар хэрэгжүүлж чадаагүй төдийгүй хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
Шийдвэрийн тодорхойлох хэсэгт: нэхэмжлэгч тал ...“Асартайн говь” ХХК-ийн манай компанид төлөх төлбөрийн үлдэгдэл 2020.07.30-ны өдрийн байдлаар 600,000,000 төгрөг байгаа бөгөөд тус төлбөрийн үлдэгдлийг талууд тооцоо нийлсэн акт үйлдэж баталгаажуулсан. Талуудын хооронд байгуулсан гэрээний 3.3-д “Худалдан авагч төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд” хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алдангийг худалдан авагч талд төлөхөөр заасан. Тус заалтын дагуу “Асартай говь” ХХК-ийн манай компанид төлөх алдангийн хэмжээ 2020.07.30-ны өдрийн байдлаар 578,494,780 төгрөг болсон...” гэж тодорхойлсон талаар давж заалдах гомдолдоо дурдсан боловч энэ талаар давж заалдах шатны шүүх огт дүгнэлт хийгээгүй орхигдуулсан гэж үзэж байгаа нэхэмжлэгч тал алдангийг хэзээнээс шаардах эрх үүсч байгаа талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй ба ИХ-ийн холбогдох заалтуудыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Манай компани “Сод Монгол” ХХК-тай 2018.05.07-ны өдөр, 2018.05.17-ны өдөр Шатахуун зээлээр худалдан авах гэрээ байгуулсан үйл баримтын талаар ямар нэгэн маргаан байхгүй болно.
4.2 Харин тооцоо нийлсний дараа манай компани шатахуун хүлээн авсан анхан шатны баримтуудаа нэг бүрчлэн тулган үзэхэд хүлээн авсан шатахууны тоо хэмжээ нь дээр зөрүү гарсан ба энэ нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзах үндэслэл болж байгаа юм. ХХША-ны явцад тухайн хэрэг маргааныг манай компаниас гаргасан хүсэлтийн дагуу Ханбогд сум дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээс харьяаллын дагуу шилжүүлж ирсэн байдаг. Хэрэг шилжиж ирсэнтэй холбогдуулан нэхэмжлэгч талаас шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах хүсэлтийг гаргаж, шүүх хүсэлтийг хангаж захирамж гарсан ба уг захирамжид ИХШХШТХ-ийн 170.1-т заасны дагуу гомдол гаргаж Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж байх явцад шүүх хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэр гаргасан болохыг олж мэдсэн байхад давж заалдах шатны шүүх хариуцагч талыг ХХША-нд огт оролцоогүй, тайлбар татгалзлаа гаргаагүй, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн гэх дүгнэлт хийсэн нь илт үндэслэлгүй болжээ.
Талууд 2020.07.30-ны өдөр тооцоо нийлэхэд алдангийн хэмжээ 578,494,780 төгрөг байсан гэсэн нэхэмжлэгчийн тайлбар нь илтэд үндэслэлгүй байхад энэ талаар давж заалдах шатны шүүх зөвтгөсөн дүгнэлтийг хийж чадаагүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байна. Өөрөөр хэлбэл, талууд тооцоо нийлж манай компанийн гүйцэтгээгүй үүргийг 600,000,000 төгрөг гэж тодорхойлж байгаа тохиолдолд алдангийг гүйцэтгээгүй үүрэг болох уг дүнгээс тооцож хугацааг нь 2020.07.30-с хойш тооцон нэхэмжлэх нь хуульд нийцнэ гэж үзэж байна. Хэрэгт зөвхөн тооцоо нийлсэн акт авагдсан ба шатахуун хүлээлгэж өгч, авч байсан анхан шатны баримтууд авагдаагүй байхад тооцоо нийлсэн актын хүрээнд эрх зүйн дүгнэлт хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт буруу бөгөөд анхан шатны шүүхийн энэ алдааг давж заалдах шатны шүүх зөвтгөөгүй нь буруу юм. ИХ-н 232.4, 232.6-д зааснаар хариуцагчийн гүйцэтгээгүй үүргээс алданги тооцохдоо тооцоо нийлсэн акт үйлдсэнээс хойш хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс алданги тооцох ёстой байхад нэхэмжлэгчийн тооцоо нийлэхээс өмнө гаргасан алдангийн хэмжээгээр хариуцагчаас гаргуулж шийдвэрлэж байгаа нь буруу байна.
Түүнчлэн шүүх талуудын хооронд үүссэн гэрээний эрх зүйн харилцааг худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж буруу тодорхойлжээ. Талуудын хооронд ИХ-н 262.1-т заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байхад давж заалдах шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж чадаагүй байгааг дурдаж байна.
4.3 Дэлхий нийтэд тархсан Ковид-19 цар тахлын улмаас Монгол Улс 2020.02.01-с эхлэн бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж хилээ хаасантай холбогдуулан манай компани уурхайн үйл ажиллагаанд оролцох боломжгүй нөхцөл байдал үүссэн. Өөрөөр хэлбэл талууд 2020.07.30-ны өдөр тооцоо нийлэхэд энэ нөхцөл байдал үүссэн байсныг шүүх бүрэлдэхүүн онцгой анхаарна уу. Энэ нь гэнэтийн давагдашгүй хүчйн зүйл болох учраас гэрээний хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэлтэй гэж үзэж байна. Мөн хариуцагч талд шүүх хуралдааныг хэзээ, хаана, хэдэн цагт болох талаар огт мэдэгдээгүй, хэргийн материалтай ч танилцуулалгүй шүүх хуралдааныг явуулсан нь ХХША-ны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл болж байгаа юм. Иймд дээр дурьдсан үндэслэлүүдээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
5. Хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч “С” ХХК нь хариуцагч “А” ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 900,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн, хариуцагч нэхэмжлэлд тайлбар, татгалзал гаргаагүй байна.
Анхан шатны шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “А” ХХК-аас гэрээний үүрэгт 900,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шийдвэрийг хэвээр үлдээжээ.
Анхан болон давж заалдах шатны шүүх маргаанд Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
6. Хариуцагчийн төлөөлөгчийн “...анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа хариуцагч талыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй, тайлбар, татгалзлаа гаргаагүй, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн гэх дүгнэлт хийсэн нь илт үндэслэлгүй. ...талууд 2020.07.30-ны өдөр тооцоо нийлэхэд алдангийн хэмжээ 578,494,780 төгрөг байсан гэсэн нэхэмжлэгчийн тайлбар нь илтэд үндэслэлгүй, ...давж заалдах шатны шүүх зөвтгөсөн дүгнэлтийг хийж чадаагүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. ...талууд тооцоо нийлж, манай компанийн гүйцэтгээгүй үүргийг 600,000,000 төгрөг гэж тодорхойлж байгаа тохиолдолд алдангийг гүйцэтгээгүй үүрэг болох уг дүнгээс тооцож, хугацааг нь 2020.07.30-наас хойш тооцон нэхэмжлэх нь хуульд нийцнэ гэж үзэж байна...” гэсэн хяналтын гомдлыг хангах үндэслэлгүй байна.
Хоёр шатны шүүх талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасантай нийцсэн, нэхэмжлэгч “С” ХХК нь гэрээний үүргийн биелэлтийг буюу нийлүүлсэн шатахууны үнэ 600,000,000 төгрөгийг, гэрээнд заасан алдангийн хамт хариуцагчаас шаардах эрхтэй талаар зөв дүгнэжээ.
Нэхэмжлэгч “С” ХХК нь хариуцагч “А” ХХК-тай 2018.05.07-ны өдөр “Шатахуун дараа төлбөрт нөхцөлөөр худалдах, худалдан авах гэрээ” байгуулсан байх ба уг гэрээний 3.1-д Гэрээний нийт үнэ сар бүр 600,000,000 төгрөг болно. /2018 оны 05 дугаар сард 1 л дизелийн түлшийг 1,950 төгрөгөөр тооцож 300,000 л дизелийн түлш олгохоор тохиролцов/. Цаашид гэрээний үнэ Цогтцэций суманд байрлах ШТС-50, ШТС-51-д мөрдөгдөж буй ...үнээр тодорхойлогдоно, 3.2-т ...Худалдан авагч ...шатахууны төлбөрийг дараа сарын 20-ны дотор багтааж ...худалдагч талын Хаан банкны..., Худалдаа хөгжлийн банкны дахь... дансанд шилжүүлэх буюу касст бэлнээр төлнө, 3.3-т Худалдан авагч гэрээний 3.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.5 хувиар тооцож алданги төлнө гэж тус тус зааж харилцан тохиролцсон.
Улмаар талууд 2018.5.17-ны 18-194 тоот шатахуун дараа төлбөрт нөхцөлөөр худалдах, худалдан авах гэрээний нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулж, уг гэрээгээр дээрх гэрээний хугацааг 2020.12.31-ний өдрийг хүртэл хугацаагаар сунгасан байх ба гэрээний хугацаанд нэхэмжлэгч хуулийн этгээд 2,317,664,904 төгрөгийн шатахуун нийлүүлж, хариуцагч нь худалдан авсан шатахууны үнээс 2,150,000,000 төгрөгийг төлж, 669,354,485 төгрөгийн үлдэгдэлтэй болох нь талуудын тооцоо нийлсэн акт болон бусад баримтаар тогтоогдсон, нэхэмжлэгч гэрээний үүрэгт 600,000,000 төгрөгийг алдангийн хамт нэхэмжилсэн байна.
Талууд худалдах, худалдан авах гэрээний 3.3-т алданги төлөхөөр харилцан тохиролцсон тул хоёр шатны шүүх хариуцагч “А” ХХК-аас шатахууны үнэ 600,000,000 төгрөг, алданги 300,000,000 төгрөг, нийт 900,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасантай нийцжээ.
7. Дээрх үндэслэлээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч Д.Нямцогтын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2020/02937 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 156 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2021.02.18-ны өдөр төлсөн 4,657,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦОЛМОН
ШҮҮГЧИД Н.БАЯРМАА
П.ЗОЛЗАЯА
Б.МӨНХТУЯА
Х.ЭРДЭНЭСУВД