Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 221/МА2026/0641

 

 

  Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн

Л /L***/-ны нэхэмжлэлтэй

                                       захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Хонинхүү,

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Долгорсүрэн,

Илтгэсэн шүүгч Г.Мөнхтулга,

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д,

Нэхэмжлэлийн шаардлага: Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналтын улсын байцаагчийн 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 4483 дугаартай “Г” ГХОХХК-ийн бүртгэлийг хүчингүй болгох тухай”, 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 4484 дугаартай “Ж “ГХОХХК-ийн бүртгэл хүчингүй болгох тухай” дүгнэлтүүдийг хүчингүй болгуулах.

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Л /L***/

Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагч Б.Д,

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2026/0497 дугаар шийдвэр,

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А,

Хариуцагч хяналтын улсын байцаагч Б.Д, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр,

Хэргийн индекс: 128/2026/0024/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Л /L***/-аас Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналтын улсын байцаагч Б.Д-эд холбогдуулан, “Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагчийн 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 4483 дугаартай “Г” ГХОХХК-ийн бүртгэлийг хүчингүй болгох тухай”, 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 4484 дугаартай “Ж “ГХОХХК-ийн бүртгэл хүчингүй болгох тухай” дүгнэлтүүдийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гарган маргасан.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2026/0497 дугаар шийдвэрээр Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 4.1.5, 18 дугаар зүйлийн 18.2, 18.7, 18.7.1, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 16 дугаар зүйлийн 16.2, 16.2.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Үүнд:

3.1. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноос зөрүүтэй байна. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгохдоо нэхэмжлэлийг гаргах эрхгүй этгээд буюу компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бус Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэнийг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул Компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр зэргийг үндэслэн шүүхэд дахин нэхэмжлэл гаргах нь нээлттэй гэж сонсгосон атлаа албажиж цаасаар гарсан шийдвэртэй танилцахад дээрх нөхцлөөр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоогүй байх ба шийдвэрийн үндэслэх хэсгийн 6-д “...4483, 4484 дугаартай дүгнэлтээр зөв тогтоосон байна” гэж маргааныг бүхэлд нь дүгнэлт хийсэн.

3.2 Мөн 9 дэх хэсэгт нэхэмжлэгч нь “Ж” ХХК-ийн 55%, “Г” ХХК-ийн 47%-ийн хувьцаа эзэмшигч бөгөөд түүний нэр 2 хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлагын мэдээлэлд бүртгэлтэй байгааг харгалзан маргаан бүхий захиргааны актууд түүнд чиглэгдэн гараагүй ч түүний зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхол байх боломжтой гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсныг дурдан нь зүйтэй гэжээ. Энэ нь шүүхийн шийдвэрийн тухай 2006 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн Улсын дээд шүүхийн тогтоолын 2.1-д заасныг зөрчсөн.

3.3 Мөн Шүүхийн шийдвэрийн тухай 2006 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн Монгол Улсын дээд шүүхийн тогтоолын 2.2.2.Хэрэгт ач холбогдох бүхий нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 11, 12 дугаар бүлэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр бүлэг, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр бүлэгт заасан журмын дагуу хуулиар зөвшөөрөгдсөн арга хэрэгсэл, хэлбэрээр гаргасан, цугларсан, бүрдсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн үндэслэл болох боломжтой болно. Хуулиар зөвшөөрөгдөөгүй арга хэрэгслээр олж авсан, хуульд заасан хэлбэрээр бэхжүүлээгүй, гэрчлэгдээгүй баримтыг шүүх нотлох баримт гэж үзэж, шийдвэрийн үндэслэл болгож болохгүй гэснийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй тул шүүхийн шийдвэр хууль ёсны байх зарчмыг алдагдуулсан гэж үзэж байна.

3.4 Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бүхэлд нь тал бүрээс нь шинжлэн судлалгүй дүгнэлт хийсэн. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 8-д “...маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна гэж үзсэн нь “Г” ХХК, “Ж” ХХК нарын нэр дээр эзэмшиж буй ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл, хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий “В” ХХК нарын үйл ажиллагаа бүхэлдээ ашиглах боломжгүй болж, 2 тэрбум гаран төгрөгийн хохирол үүсэж буйг шүүхээс дүгнэлт хийлгүй, тухайн 2 аж ахуй нэгжийн хувьд эрх, ашиг сонирхол зөрчигдөөгүй гэж дүгнэсэн нь хууль ёсны байх зарчмыг алдагдуулсан гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

4. Хариуцагчаас нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

3. Маргаан бүхий үйл баримтын тухайд хэрэгт авагдсан баримтаар,

3.1. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Л нарын нэр бүхий 3 иргэн 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 01 дүгээр үүсгэн байгуулах хурлын тогтоолоор “Г” ХХК-ийг үүсгэн байгуулахаар шийдвэрлэж, компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ 1,014,900,000 төгрөг байхаар, компанийн нийт хувьцааны 47%-г Л /L***/, 33%-г Та*** /Та***/, 20%-г Ин*** /Yi***/ тус тус эзэмшихээр хуулийн этгээдийн дүрэмд тусган, Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хандан өргөдөл, УБ-01, УБ-03 болон УБ-06 маягт, холбогдох бусад баримтын хамт гаргаж, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 901*** дугаарт бүртгүүлсэн.

Ингэхдээ хөрөнгө оруулалтыг нотолсон баримтаар хятад хэл дээр бичигдсэн 2024 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн огноо бүхий 700,000 юань, 2024 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн огноо бүхий 715,000 юань, 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн огноо бүхий 700,000 юанийн гаалийн мэдүүлгийг тус тус хавсаргасан.

3.2 Мөн нэхэмжлэгч Л /L***/ нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Лэ*** /Le***/, Рэ*** /Re***/ нартай хамтран, 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 01 дугаар үүсгэн байгуулах хурлын тогтоолоор “Ж” ХХК-ийг үүсгэн байгуулахаар шийдвэрлэж, компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ 1,020,000,000 төгрөг байхаар, компанийн нийт хувьцааны 55%-г нэхэмжлэгч Л /L***/, 23%-г Лэ*** /Le***/ 22%-г Рэ*** /Re***/ тус тус эзэмшихээр дүрэмдээ тусгаж, УБ-01, УБ-03, УБ-06 маягт, холбогдох бусад баримтын хамт улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл гарган, 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 901*** дугаарт бүртгүүлсэн.

Өргөдөлд, хөрөнгө оруулалтыг нотолсон баримт болох Гаалийн ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 02-1/5133 дугаартай “БНХАУ-ын иргэн L***-д хандсан “...2024 оны 8 дугаар сарын 24-ний өдөр 715,000 юаныг гаалийн байгууллагад мэдүүлснийг Гаалийн автоматжуулсан удирдлагын систем CAIS-ийн бэлэн мөнгөний хяналт цэсэнд бүртгэсэн” гэх агуулгатай албан бичгийг хятад хэл дээрх 715,000 юаны гаалийн мэдүүлгийн хамт,

мөн өдрийн 02-1/5134 дугаартай “БНХАУ-ын иргэн Le***-д хандсан “...2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 700,000 юаныг гаалийн байгууллагад мэдүүлснийг Гаалийн автоматжуулсан удирдлагын систем CAIS-ийн бэлэн мөнгөний хяналт цэсэнд бүртгэсэн” гэх агуулгатай албан бичгийг хятад хэл дээрх 700,000 юаны гаалийн мэдүүлгийн хамт,

мөн 02-1/5135 дугаартай “БНХАУ-ын иргэн Re***-д хандсан “...2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 700,000 юаныг гаалийн байгууллагад мэдүүлснийг Гаалийн автоматжуулсан удирдлагын систем CAIS-ийн бэлэн мөнгөний хяналт цэсэнд бүртгэсэн” гэх агуулгатай албан бичгийг хятад хэл дээрх 700,000 юаны гаалийн мэдүүлгийн хамт тус тус хавсаргасан.

3.3 Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн “Хяналт шалгалт хийлгүүлж, хариуцлага тооцуулах тухай” 06/16309 дугаар албан бичгээр Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газарт хандан “...Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэд болох L***, Та***, Yi***, Le***, Re*** нарын Монгол Улсын хилийн Замын-Үүд боомтоор бэлэн мөнгө оруулж, гаалийн мэдээллийг хуурамчаар үйлдсэн, эдгээр иргэдийн үүсгэн байгуулсан гадаадын хөрөнгө оруулалттай “Ж” ХХК болон “Г” ХХК нарын улсын бүртгэл нь гаалийн бүртгэлд хуурамчаар бүртгэгдсэн мэдээлэлд үндэслэсэн нь Хөрөнгө оруулалтын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн тул хууль тогтоомжийн дагуу хяналт шалгалт хийж, зөрчлийг арилгах арга хэмжээ авах”-ыг мэдэгдсэн.

3.4. Албан бичгийн дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газраас холбогдох хяналт шалгалтын ажиллагааг эхлүүлж, “Г” ХХК болон “Ж” ХХК-ийн төлөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тайлбар, мэдүүлгийг авах, Гаалийн ерөнхий газраас мэдээлэл гаргуулах зэрэг ажиллагааг хийсэн.

Энэ хүрээнд Гаалийн ерөнхий газрын 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 01-1.2/4282 дугаар албан бичгээр “...БНХАУ-ын иргэн L***, Le***, Re***, Та***, Yi*** нарыг Замын-Үүд боомтоор бэлэн мөнгө, вальют оруулсан гэж хуурамчаар гаалийн мэдээллийн цахим CAIS системд бүртгэсэн бүртгэлийг “хүчингүй” төлөвт шилжүүлж, залруулсан” хэмээн мэдэгдсэн.

3.5. Улмаар маргаан бүхий Хяналтын улсын байцаагчийн 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 4483 болон 4484 дугаартай дүгнэлтүүдээр Хуулийн этгээдийн мэдээллийн санд 70*** регистрийн дугаартай бүртгэгдсэн “Г” ГХОХХК-ийн, 70*** регистрийн дугаартай  бүртгэгдсэн “Ж” ГХОХХК-ийн улсын бүртгэлийг тус тус хүчингүй болгосон болох нь тогтоогдсон.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д "нэхэмжлэл" гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг”, 17 дугаар зүйлийн 17.3-д “Энэ хуулийн 3.1.3-т заасан нэхэмжлэлийг гаргасан этгээдийг нэхэмжлэгч гэнэ”, 27 дугаар зүйлийн 27.2-т “Хууль, эрх зүйн бусад акт болон үүсгэн байгуулах баримт бичгийн дагуу олгогдсон эрх хэмжээний хүрээнд байгууллагыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуулийн этгээдийг төлөөлнө” хэмээн тус тус заасан.

           Хуулийн тус зохицуулалтын дагуу захиргааны хэргийн шүүх хуулийн этгээдээс гаргасан нэхэмжлэлийн хувьд тухайн хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдээс гаргасан эсхүл хуулийн шаардлага хангасан итгэмжлэлийн үндсэн дээр бүхий итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлд заасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй тохиолдолд хүлээн авч захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах ёстой.

           5. Тухайн тохиолдолд, хэрэгт нотлох баримтаар авагдсан “Г” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар нэхэмжлэгч Л нь тус компанийг үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд 47%-ийн хувьцаа эзэмшигч хэдий ч 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс компанийн гүйцэтгэх удирдлага /компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд/-аар Монгол Улсын иргэн Б.Э*** бүртгэгдсэн.

           Маргаан бүхий Хяналтын улсын байцаагчийн дүгнэлт гаргах ажиллагааны хүрээнд хариуцагчаас явуулсан хяналт шалгалтын ажиллагаанд гүйцэтгэх захирал Б.Э***ээс олгосон итгэмжлэлийн үндсэн дээр хуульч С.Д гэх хүн оролцож байсан болох нь тус тус тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын “Г” ХХК-д холбогдох хуулийн этгээдийн улсын бүртгэлийг хүчингүй болгосон Улсын байцаагчийн 2025 оны 4483 дугаар дүгнэлтэд холбогдох шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д “нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан”, 109 дүгээр зүйлийн 109.2-д “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж тус тус заасныг үндэслэн хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

           6. Хяналтын улсын байцаагчийн 2025 оны 4484 дүгээр дүгнэлтэд холбогдох нэхэмжлэлийн шаардлагын тухайд,

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д “хуулийн этгээдийн улсын бүртгэл гэж хуулийн этгээдийн эрх, үүрэг үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болохтой холбоотой хуульд заасан бүртгэлийн үйл ажиллагааг”, 3.1.7-д “эх нотлох баримт бичиг” гэж улсын бүртгэлд бүртгэхэд шаардагдах хууль тогтоомжид заасан нотлох баримт болон улсын бүртгэл хөтөлсөн цаасан маягтыг”, 4 дүгээр зүйлийн 4.1-д “Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална:” гээд 4.1.4-т “үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх”, 4.1.5-д “нотлох баримтад үндэслэж хуульд заасан журмын дагуу хөтлөх”, 14 дүгээр зүйлийн 14.4-т “Улсын бүртгэлд бүртгүүлэхээр хүсэлт гаргаж байгаа этгээд нь бүртгүүлэхээр мэдүүлж байгаа нотлох баримтыг бүрэн гүйцэд, үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй...” гэж,

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д “хуулийн этгээдийн улсын бүртгэл” гэж Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3.1.3-т заасныг”, 4.1.8-д “улсын бүртгэлийн мэдээллийн сан” гэж Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 7 дугаар зүйлд заасан улсын бүртгэлийн эх нотлох баримт бичгийн архив, цахим мэдээллийн сангийн бүрдлийг”, 12 дугаар зүйлийн 12.1-д  “Хуульд өөрөөр заагаагүй бол улсын бүртгэлийн байгууллага энэ хуулийн 16.1, 16.2, 16.3-т заасан баримт бичгийг бүрэн гүйцэд хүлээн авснаас хойш гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийг бүртгэх эсэх талаар ажлын 5 өдрийн дотор, бусад хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэх эсэх талаар ажлын 2 өдрийн дотор шийдвэр гаргаж, энэ тухай өргөдөл гаргагчид бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэнэ”, 16 дугаар зүйлийн 16.2-д “Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж нь энэ хуулийн 16.1-д зааснаас гадна дараах баримт бичгийг бүрдүүлнэ” гээд 16.2.4-т “гадаадын хөрөнгө оруулагч мөнгөн хөрөнгө, бэлэн мөнгө, хөдлөх эд хөрөнгө, оюуны өмчөөр хөрөнгө оруулалт хийж байгаа тохиолдолд гадаад улсаас мөнгөн хөрөнгө шилжүүлснийг нотолсон банкны тодорхойлолт, дансны хуулга, гаалийн мэдүүлэг, эрх бүхий байгууллагаас олгосон гэрчлэх баримт бичиг” гэж,

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д "гадаадын хөрөнгө оруулагч" гэж Монгол Улсад хөрөнгө оруулалт хийж байгаа гадаадын хуулийн этгээд, хувь хүн /Монгол Улсад байнга оршин суудаггүй гадаадын иргэн болон харьяалалгүй хүн, түүнчлэн гадаад улсад байнга оршин суудаг Монгол Улсын иргэн/-ийг;”, 3.1.5-д “гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд" гэж Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдсан, хуулийн этгээдийн нийт гаргасан хувьцааны 25 буюу түүнээс дээш хувийг гадаадын хөрөнгө оруулагч эзэмшиж байгаа бөгөөд гадаадын хөрөнгө оруулагч тус бүрийн оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ нь 100 мянган америк доллар буюу түүнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөс дээш байх хуулийн этгээдийг” ойлгохоор тус тус заасан.

Хууль тогтоомжийн дээрх зохицуулалтын дагуу гадаадын иргэн, харъяалалгүй хүн, гадаадын хуулийн этгээд нь тус улсад хуульд заасан журмын дагуу хуулийн этгээд байгуулах эрхтэй.

7. Тухайн тохиолдолд, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын нэр бүхий иргэд нь  Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалттай “Ж” ХХК-ийг үүсгэн байгуулахдаа гаалийн болон улсын бүртгэлийн тухай хууль тогтоомжийг зөрчсөн болох нь Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаалтын ажиллагаа, Гаалийн ерөнхий газрын дотоод хяналт шалгалт болон Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын дотоод хяналт шалгалтаар тус тус тогтоогдсон.

Үүнтэй холбоотойгоор анхан шатны шүүх нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан “...Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бүхэлд нь тал бүрээс нь шинжлэн судлалгүй дүгнэлт хийсэн... “Г” ХХК, “Ж” ХХК нарын нэр дээр эзэмшиж буй ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл, хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий “В” ХХК нарын үйл ажиллагаа бүхэлдээ ашиглах боломжгүй болж, 2 тэрбум гаран төгрөгийн хохирол үүсэж буйг шүүхээс дүгнэлт хийлгүй, тухайн 2 аж ахуй нэгжийн хувьд эрх, ашиг сонирхол зөрчигдөөгүй гэж дүгнэсэн нь хууль ёсны байх зарчмыг алдагдуулсан...” гэх зэрэг гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй.

8. Иймд, дээрх үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2026/0497 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 4.1.5, 18 дугаар зүйлийн 18.2, 18.7, 18.7.1,Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 16 дугаар зүйлийн 16.2, 16.2.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Л /L***/-аас Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагч Б.Дэд холбогдуулан гаргасан “Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 4484 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, 2 дахь заалтаар “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасныг үндэслэн нэхэмжлэгч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн L***-аас Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагч Б.Д-эд холбогдуулан гаргасан “Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 4483 дүгнэлтийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж нэмж, 2 дахь заалтын дугаарыг 3 болгож, бусад хэсгийг хэвээр үлдээн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

        

 

 

                  ШҮҮГЧ                                                 Н.ХОНИНХҮҮ

 

                 ШҮҮГЧ                                                 Н.ДОЛГОРСҮРЭН

 

                            ШҮҮГЧ                                                 Г.МӨНХТУЛГА