Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 37

 

Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Х.Отгонжаргал даргалж, шүүгч М.Мандахбаяр, Д.Цэцэгээ нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга Ц.Болормаа,

Улсын яллагч Ц.Батзориг,

Иргэдийн төлөөлөгч Б.Дэлгэрэхбулаг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адъяасүрэн,

       Шүүгдэгч Х.Мөнхбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Харваачин овгийн Хасдоржийн Мөнхбатад холбогдох эрүүгийн 201615000040 тоот хэргийг 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцээд,

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Өвөрхангай аймгийн Хужирт суманд 1977 оны 10 дугаар сарын 16-ны өдөр төрсөн 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, өргөн тээвэрлэх барилга замын машин төхөөрөмж, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Хархорин сум, Ганган Орхон багийн Мойлтын 11-6 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Харваачин овгийн Хасдоржийн Мөнхбат. РД: ЙС 77101618,

Шүүгдэгч Х.Мөнхбат нь Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргаар ажиллаж байх үедээ 2014 оны 03 дугаар сард иргэн С.Саранцэцэгийг Өвөрхангай аймгийн Уянга сумын Засаг даргын тамгын газарт Байгаль орчны хяналтын улсын байцаагч болгож өгнө, “Чиний юмыг хөөцөлдөхийн тулд наад зах нь хүнийг хоол унданд оруулна, чи эхлээд түүнд зарцуулах мөнгөө өг” гэж гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлаж, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Онги” нэртэй зоогийн газарт 500.000 төгрөгийг хясан боогдуулах замаар хээл хахуульд авсан,

Мөн давтан үйлдлээр 2014 оны 08, 10 дугаар саруудад Өвөрхангай аймгийн Уянга сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр, “Өлтийн Уурхай” гэх газарт Гол мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн хамгаалалтын бүсэд алт олборлох үйл ажиллагаа явуулж байсан “Эх нутгийн буян” ХХК-ий захирал Д.Давааноров, “Эрдэнэсийн ордон” ХХК-ий захирал Т.Тулгабат, “Өлтийн Буян” ХХК-ий захирал П.Мэндбаяр нараас Ганц цоохор цаас шидэхэд танай уурхай хаагдана” гэж хясан боогдуулах замаар, албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэлгүй Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэрт 44.000.000 төгрөгийн хээл хахууль авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/,

ТОДОРХОЙЛОХ нь:

              Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Мөнхбат мэдүүлэхдээ: “…Шүүх анх 11 дүгээр сарын 01-ний өдөр энэ хэргийг хэлэлцээд мэдүүлгийн зөрүү арилаагүй, нотлох баримтын шаардлага хангаагүй, Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэж үзэж мөрдөн байцаалтын шатанд буцаасан. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлгүүдийн зөрүүг арилгасан зүйл огт байхгүй. Нотлох баримт бүрдсэн зүйл огт байхгүй. Ажиллагааг хийж, мэдүүлгүүдийг авсан боловч мэдүүлгүүд нь түрүү түрүүчийнхээсээ бүр зөрөөд явчихсан байдаг. С.Саранцэцэг гэдэг хүн Мөнхбат гэдэг хүнд 500000 төгрөг өгсөн гэдэг. ...Гэтэл гэрч Бямбадорж гэдэг хүн нь “2014 оны 03 сард эхнэрээ аймгийн төв орсон эсэхийг санахгүй” байна гэдэг. Мөн дээрээс нь Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Х.Мөнхбат гэдэг хүнд хээл хахууль болгож 500000 төгрөг өгөөд явж байсныг би мэдээгүй гэсэн байдаг. Тухайн үед ч надад хэлээгүй. Гэрч болох хүн хамгийн гол байдлыг тодорхойгоор ярьсан байхад “манай өрхийн төсөв тийм, ийм байдаг” гэсэн дэл сул үг бичээд түүнийгээ нотлох баримт гэж үзээд байдаг. Би Саранцэцэг гэдэг хүнтэй “Онги” болон “Өшгөг” баарнуудын алинд нь ч уулзаж байгаагүй. Би “Гарьд” бааранд хоол идээд байж байхдаа дуудаж уулзсан. Саранцэцэгийг ирэхэд нь кабинд нь сууж байгаад би зөөгчид “Миний хоол ундыг заал руу зөөгөөд өг” гээд үйлчлэгчээр нь зөөлгөөд кабинаасаа гараад заалны ширээнд суусан. Авлига авах гэж байсан хүн бол заалнаас кабинд суух ёстой биз дээ. Саранцэцэгтэй уулзахдаа “Ахыгаа битий залхаагаад бай” гэж хэлээд загнаад хөөгөөд явуулсан. Саранцэцэгийн хувьд халамцуу байсан явахдаа ороолтоо ширээн дээр үлдээгээд явсан тул би  түүний утас руу мессэж бичиж “Ороолтоо үлдээчихлээ, ирж ав” хүмүүс ч юу гэж бодох юм гэсэн. Тэгэхэд Уянгын хүнээр авахуулсан. Тэр хүн эрүүл байсан бол юу гэж ороолтоо хүртэл хаяад, мартаад явж байх вэ дээ. Утсанд нь мессэж хүртэл байгаа. Саранцэцэгийн хувьд өөрийгөө байцаагч болгож өгөөгүй гэж надад өс санаад намайг гүтгээд байгаа юм. Давааноровын хувьд надтай уулзаад би 100.000.000 төгрөг нэхсэн тэгэхээр нь  50.000.000 төгрөг болгож тохирсон гээд байдаг. Намайг “Ганц ширхэг цоохор цаас шидэхэд танай уурхай хаагдана, 50.000.000 төгрөг өг гэдгийг би хэнд хэлсэн юм бэ? тэгж хэлснийг хэн мэдэж байгаа юм бэ? Мэндбаяр, Тулгабат хоёр гэдэг хүмүүс болохоор Давааноровоос энэ тухай сонссон гэж ярьдаг.  Тухайн үед бид хоёр тавхан минут л уулзсан. Би бол танай уурхайн асуудлыг мэдэхгүй ээ. Хэд хоногийн өмнө Ганчимэг,  Хишигт хоёр шалгалт хийсэн. Тэд илтгэх хуудсандаа надад тодорхой зүйл танилцуулаагүй. Энэ уурхай зөрчилтэй байсан бол байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч хэлтсийн дарга, байгаль орчны байцаагч нар шалгалт хийж зөрчил байсан бол надад илрүүлээд мэдэгдэх байсан. Харин тэгээгүй. Мэргэжлийн хяналтын дарга гэдэг хүн бол хяналтын 27 чиглэлийн хяналт шалгалтыг хийгээд байж байдаг хүн биш. Тэр чинь тус, тусдаа мэргэжлийн дагуу шалгалт явуулах эрх, үүрэгтэй байцаагчтай байдаг. Энэ дагуу ажил үүргээ хэрэгжүүлдэг. “Их хэмжээний мөнгө нэхээд байна. ямар ч байсан уурхайгаа хаахгүй ажиллаж байя” гэж мэдүүлсэн Мэндбаярын мэдүүлэг байдаг үүнийг үнэлсэн. Тэгтэл Тулгабат юу гэж хэлдэг вэ? гэхээр Давааноров тэгж хэлсэн гэдэг. Давааноровт би тэгж хэлснийг Давааноров юугаар нотолж байгаа юм бэ?. Ямар ч нотолгоо байдаггүй. Би Давааноровтой тухайн үед 5-хан минут уулзсан. Ийм жаахан хугацаанд учраа олчихно гэж байдаггүй байх. Би чамтай энэ талаар юм ярихгүй. Тэр чиглэл асуудал байцаагч нар чинь л мэднэ. Танай асуудал болж байгаа ч юм шиг болохгүй байгаа  ч юм шиг байдаг. “Чи гар аа” л гэж хэлсэн. Энэ нь тодорхой байдаг надтай уулзаагүй, удалгүй гараад ирсэн гэж байгаа. Давааноров 44.000.000 төгрөгийг 15.000.000 төгрөгөөр, 29.000.000 төгрөгөөр хоёр удаа хувааж өгсөн гэдэг. 29.000.000 төгрөгийг эхнэрээсээ авч өгсөн гэдэг. Би энэ яллах дүгнэлт дээрээс уншаад хэдэн 29.000.000 сая төгрөг яриад байгааг гайхаж байна. Гэрч нарынх нь мэдүүлэг хэдэн янз болоод яваад байдаг. Гэрч нар  яаж ч худлаа ярих бүрэн боломжтой байгаа юм. Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга Эрдэнэбилэг гэрчээр мэдүүлэг өгөхдөө “Хяналт шалгалт хийхдээ цаад байгууллагаасаа дэмжлэг туслалцаа авч бай” гэж Мэргэжлийн хяналтын газрын удирдлагын зүгээс огт хэлээгүй гэж хэлсэн байдаг. Тэгтэл файлыг нь шалгаад үзэхээр тийм үүрэг өгсөн байдаг. Тэр Эрдэнэбилэг гэж гэрч худал хэлсэн байхад ямар ч хариуцлага тооцоогүй. Миний хувьд аваагүй учраас хэргийн бодит байдалтай холбогдуулж ярих зүйл маш бага болчихоод байдаг юм. Би нэгэнт мөнгө аваагүй юм чинь. Би Давааноровтой тавхан минут уулзсан би хөөгөөд гаргасан. Д.Даваанорвын дансаар 2 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгдсэн байгаа нь надад мөнгө өгсөн гэсэн үг биш байх.      Давааноровын эхнэр болохоор хагас, бүтэн сайнд л мөнгө өгсөн гэдэг. Би 2014 оны 08 дугаар сараас 10 дугаар саруудын хагас бүтэн сайн өдөр хаана байсанаа бүр тодорхой тайлбарлаад бичээд ирсэн.  Би энэ хугацаанд Хархорин суманд гэртээ харьж  Эрдэнэзуу хийдэд номонд нь суудаг байсан. ...Энэ хэргийн хувьд Д.Давааноров өс хонзон санасандаа л ийм зүйл боллоо гэж үзэж байгаа. Миний хувьд хийсэн хэрэг байхгүй, хийсэн хэрэгтэйгээ ярья гэхээр ганц нэг зүйлийг үгүйсгэх л зүйл байхаар өөр юм байдаггүй ийм л байдаг. Би гэмт хэрэг нь хангалттай нотлох баримтаар тогтоогдож байж гэмт хэрэг болно гэж үзэж байна.  Гэтэл мөрдөн байцаагч, прокурор хоёр яагаад ингээд зүтгүүлээд байгааг би ойлгохгүй байна гэв.

Хавтаст хэрэгт авагдсан яллагдагч С.Саранцэцэгийн: “... 2014 оны 02 дугаар сард Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газарт Уянга сумын Засаг дарга З.Дагвасүрэн нь тус суманд байгаа байгаль орчны улсын байцаагчийн сул орон тоон дээр намайг томилуулах хүсэлт болох албан тоотыг надаар хүргүүлсэн. Би өөрийнхөө хувийн бусад шаардлагатай бичиг баримтуудыг хамт өгсөн. Тэгж материал өгөхдөө анх Х.Мөнхбат даргатай уулзсан. Х.Мөнхбат миний бүрдүүлсэн материалыг сөхөж ч хараагүй. Ерөнхийдөө ойлголоо, Байгаль орчны байцаагч болоход тийм амар зүйл биш, нилээн мөнгө төгрөг хэрэг болох байх, их мөнгөн дээр очно гэсэн үг шүү дээ. Чи дараа надтай тухтай уулзаарай гэж хэлээд миний материалыг аваагүй буцаасан. Үүнээс хойш 10 орчим хоногийн дараа Х.Мөнхбат даргын утсаар нь ярьж байгаад уулзъя гэхэд чи бэлтгэлтэй ирсэн үү, юм хумаа бэлдсэн үү гэхэд нь би түрүүн ирэхдээ таньд үзүүлэх гэж авч ирсэн материалуудаа дахиад аваад ирлээ гэхэд чи бид хоёр ерөөсөө ойлголцохгүй юм байна. Чамайг байцаагч болно гэхэд тэнцэхгүй хүн байна гэж би хувийн зүгээс үзэж байна. Чамтай яриа нийлэхгүй байна гэхэд нь би шаардлагатай бүх материалуудаа бүрдүүлээд аваад ирсэн. Тамгын газрын даргаас хүртэл тодорхойлолт гаргуулаад ирлээ, би уг нь сургуулийг нь төгссөн, дараа нь Удирдлагын академи хүртэл төгссөн гэхэд “байцаагчийн эрх авахад чинь зөндөө их хүнтэй уулзана, олон шат дамжлагаар орно, хүн амьтан хоол унданд оруулна, ядаж тэр мөнгөтэйгөө хамт бичиг баримтаа аваад ир гэж хэлсэн.” Яг энэ үед л надаас мөнгө хараад байгаа юм байна гэдгийг мэдсэн. Х.Мөнхбаттай нийтдээ 2 удаа уулзсан. Эхний удаа Бүсийн Оношилгоо Эмчилгээний Төвийн ертөнцийн зүгээр хойд талд байрлах “Өшгөг” нэртэй 4 давхар шилэн нүүртэй улаан тоосгон байшин байсан. Ресторан нь буюу хоолны газар нь 2 давхарт байрладаг ба тэнд анх Х.Мөнхбаттай уулзсан. Эхлээд утсаар ярихад Х.Мөнхбат намайг “Өшгөг” хоолны газар очоод байж бай гэж хэлсэн. Би хэлсэн ёсоор нь ороод “Өшгөг”-т ирсэн тухайгаа хэлсэн чинь Х.Мөнхбат за сууж бай, хуралтай байна, тараад очъё гэж хэлсэн. Тэгээд 30-40 минутын дараа Х.Мөнхбат орж ирсэн. Тэгж уулзаж бичиг баримтаа өгөх гэхэд аваагүй. Наад бичиг баримтыг чинь дараа авъя гэсэн. Энэ уулзалт 2014 оны 02 дугаар сард байсан, өдрийг нь одоо санахгүй байна. 2 дахь удаагаа Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газраас ертөнцийн зүгээр баруун хойд зүгт байрлах машин замынхаа эсрэг талд байрлах Мэргэжлийн хяналтын газраас ойролцоогоор 300-400 метр орчим зайтай “Онги” нэртэй 1 давхар улбар шар өнгийн кафе баар байсан. Би Уянга сумаас өдөр 13 цагийн орчим орж ирээд Х.Мөнхбат руу утсаар ярьсан чинь би хуралтай байна, 2-3 цаг болох байх чамд гадуур явах ажил байвал явж бай гэхээр нь би надад захаар орох ажил байгаа тэгвэл би зах ороод байж байя гэж хэлсэн. Тэгээд 17 цаг болоод манай сумын унаа явах гээд байхаар дахиж Х.Мөнхбат руу утсаар яриад манай сумын унаа явах гээд байна, та болж байна уу гэхэд “за удахгүй” гэсэн. Тэгтэл тэрнээс хойш 5-10 минутын дараагаар “Онгид хүрээд” ир гэж хэлсэн. Тэгээд би хэлсэн газар нь ороход Х.Мөнхбат дөнгөж сая хурал тарлаа гээд ганцаараа сууж байсан. Өмнө нь утсаар яриад 1 удаа биечилж уулзаж байсан болохоор өөрийнхөө бичиг баримтуудыг 500.000 төгрөгтэй хамт Х.Мөнхбатад өгсөн. Энэ үед араас сумын машин утасдаад байсан. Тэгээд би түрүүлээд гараад явсан. ...Би өөрөө сумын төвд амьдардаг тул аймгийн төвд байдаг рестораны газруудыг сайн мэдэхгүй тул анх байцаалт өгөхдөө нэр усыг нь тогтоогоогүй болохоор тухайн үед тодорхой хэлж чадахгүй байсан. Сүүлд нөхөртэйгээ хамт аймгийн төвд явж байгаад эхлээд энэ газар, дараа нь энэ газарт уулзаж мөнгөө өгсөн гэж Х.Мөнхбаттай уулзсан газраа зааж өгөхөд Х.Мөнхбаттай анх уулзсан газар нь “Өшгөг”, дараагийн уулзаж мөнгөө өгсөн газар нь “Онги” гэдэг нэртэй газар байгааг би өөрөө харсан. Одоо бол эргэлзээгүй байна. Би “Гарьд” гэж бааранд Х.Мөнхбаттай уулзаагүй. Миний Х.Мөнхбаттай уулзсан газар “Өшгөг”, “Онги” нэртэй газар байсан. Жирэмсэн хүн согтуу байдаг юмуу тэгээд ч би архи уудаггүй, би мөнгө өгөх гэж мөн ажлаа ярих гэж уулзахгүй бол Х.Мөнхбат яах гэж надтай уулзах юм. Тэгээд ч тэр хүн чинь тухайн үед надаас албан тушаал дээгүүр хүн байсан. Намайг тоож уулзахгүй биздээ. Харин Х.Мөнхбат өөрөө худлаа ярьж байна. “Өшгөг” нэртэй хоолны газар нь ертөнцийн зүгээр хойшоо харсан хойноосоо ордог, харин “Онги” нь ертөнцийн зүгээр зүүн талаасаа ордог юм байна лээ. Миний сарын үндсэн цалин 404.159 төгрөг авдаг бөгөөд үүнээс нийгмийн даатгал болон Эрүүл мэндийн даатгал зэргийг төлөөд гар дээр 330.000 төгрөг авдаг. Үлдсэн мөнгийг нь нөхөр Б.Бямбадоржоос авсан. Манай нөхөр тухайн үед сургуульд багш хийдэг байсан бөгөөд цалингаа авчраад өгдөг, харин хэрэгцээний мөнгөө надаас хэлээд авчихдаг юм. Айлд нэг нь гэрийн төсөв санхүүгээ барьдаг шүү дээ. Тэр нь би юм. Өмнө нь энэ талаар дэлгэрэнгүй яриагүй л дээ. Нэг их хамааралгүй байх гэж бодсон. Х.Мөнхбатад өгсөн 500.000 төгрөг бол манай өрхийн төсвөөс гарсан мөнгө гэж үзэж болно. Тухайн үед Хаан банкаар цалингаа авдаг байсан, одоо бол Төрийн банкаар авч байгаа. Манай цалин сарын сүүлд 1 удаа өгдөг. Бусад газрууд шиг сардаа 2 хувааж өгдөггүй…” гэсэн мэдүүлэг /4-р хх-ийн 216-220 дугаар хуудас, 6-р хх-ийн 142-143 дугаар хуудас/,

Гэрч Б.Бямбадоржийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...С.Саранцэцэг бид 2 эхнэр, нөхрийн харилцаатай, хамт амьдраад 7 жил болж байна. Дундаасаа хүү, охин 2 хүүхэдтэй. ...С.Саранцэцэг нь надад 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр “намайг авлигатай тэмцэх газраас дуудаад байна, намайг шалгана гэж байна” гэхээр нь “чамайг яасан гэж шалгадаг юм бэ” гэхэд “2014 онд Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Х.Мөнхбатад Уянга сумандаа байгаль орчны байцаагч болгож өгөөч гээд 500.000 төгрөгийн хээл хахууль өгсөн юм, тэгсэн намайг төрийн албан тушаалтанд хээл

хахууль өгсөн асуудлаар хэрэгт холбогдуулж шалгана гэнээ. Тэгээд батлан даалтад
авах 2 хүнтэй ирээрэй гэж хэллээ” гэж надад хэлэхэд нь тэр үед л би мэдсэн.
Тухайн үед С.Саранцэцэгийг буруутгаж зэмлээд яагаад надад хэлээгүй юм бэ гэхэд
“айгаад байсан юм” гэж хэлсэн. Яг 2014 оны 03 дугаар сард аймгийн төв орж байсан
эсэхийг сайн санахгүй байна. Жирэмсний хяналтанд аймгийн төв дээр ордог байсан
тул аймгийн төв явж байсан. Тэгээд явахад нь мөнгө төгрөг өгдөг байсан. Би
тухайн үед сумынхаа ерөнхий боловсролын сургуульд багшаар ажиллаж байсан.
600 орчим мянган төгрөгийн цалин авдаг, хоол хүнс болон гэр бүлийн хэрэгцээний
зүйлээ аваарай гээд цалингаа мөнгөө эхнэртээ өгдөг. Одоо ч өгч байгаа, өөрт
хэрэгтэй хэдэн төгрөгөө авч үлдээд бусад мөнгөө өгдөг. Суманд нээх их мөнгө
үрэгдээд байх бишдээ. Ялангуяа С.Саранцэцэгийг жирэмсэн байх үед бол хэлсэн
мөнгийг нь өгчихдөг байсан. ...С.Саранцэцэг жирэмсний амралттай байсан хүний
оронд түр зуурын газрын даамлаар ажиллаж байсан. Тэгээд нөгөө хүн нь
ажилдаа орчихвол ажилгүй болчих юм байна. ...Харин манай суманд байгаль орчны
байцаагчийн нэг орон тоо байдаг талаар бол хэлж байсан. ... Өвөрхангай аймгийн
Мэргэжлийн хяналтын газрын даргаар ажиллаж байсан гэх Х.Мөнхбат гэж хүнд
500.000 төгрөгийн хээл хахууль өгөөд явж байсан талаар бол би мэдээгүй, тухайн
үед ч надад хэлээгүй, өөрийнхөө үндсэн цалин дээрээ надаас авсан мөнгөө
нийлүүлээд 500.000 төгрөг болгож аймгийн төв орохдоо аваачиж өгсөн. Тэгсэн
Х.Мөнхбат нь дахиж нэмж мөнгө нэхсэн түүнийг нь өгч чадаагүй талаар С.Саранцэцэг
сүүлд надад хэлсэн. ... Тухайн үед ажилгүй болчих байх гэж бодсондоо энэ бүгдийг
хийсэн гэж надад хэлж байсан, би ч итгэж байна…” гэсэн мэдүүлэг /6-р хх-ийн 140-
141-р хуудас/,

Хавтаст хэрэгт авагдсан яллагдагч Д.Давааноровын: “...Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Х.Мөнхбат гэж хүн ирээд ...өөрийгөө Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Х.Мөнхбат гэж танилцуулаад манай 3 компаний 4 экскаваторуудыг карьер дотроос гаргаад бүгдийг нь парклаад тавь эсвэл гаднаа аваачиж тавь, үйл ажиллагааг чинь зогсооно, ганц цоохор цаас шидэхэд танай

уурхай хаагдана, араас дагаад яв гээд “АУМ алт” компаний байр луу явсан. ...Х.Мөнхбаттай ороод уулзсан чинь шууд үгийн зөрүүгүй танай 3 компани нийлүүлээд 100 сая төгрөг өг, хагасыг нь намдаа өгөх гэж байгаа, би өөрөө МАХН-ын гишүүн, хагасыг нь би өөрөө авна гэж хэлсэн. Бидэнд тийм хэмжээний мөнгө байхгүй ээ, бид дөнгөж гарч ирээд байна, алтаа угааж ч эхлээгүй байна, 20 саяыг өгч болох уу гэхэд үгүй ээ тэгвэл 50 сая төгрөг өг гэсэн. ...Х.Мөнхбат 50 сая төгрөг нэхснээс нийтдээ 44 сая төгрөг өгсөн. Үүнээс П.Мэндбаяр 5 сая төгрөг, Т.Тулгабат 14.600.000 төгрөг, үлдсэн 24.600.000 төгрөгийг би Х.Мөнхбатад өгсөн. ...Уурхай дээр их оройтож гарсан бөгөөд шатахуун тосны зардал ажилчдын цалин мөнгө гээд бөөн зардал гаргасан байсан болохоор гаргасан зардлаа нөхөж авах, чадвал тав арван төгрөгийн ашиг хийх гэж л тэнд гэр орноосоо хол ажиллаж байгаа. Тэгтэл Мэргэжлийн хяналтын газрын дарга гээд албан тушаалтан ирчихээд дарамтлаад уурхайг чинь ганц цоохор цаас шидээд хаачихна гээд байхаар чинь үндсэндээ хаалгахгүй гэж айсандаа л авлигал өгчихсөн юм…” гэсэн мэдүүлэг, /3-р хх-ийн 98-99 дүгээр хуудас/,

Хавтаст хэрэгт авагдсан яллагдагч Т.Тулгабатын: “...Х.Мөнхбат дарга “АУМ алт” ХХК-ий байранд байна гэхээр нь яваад очсон чинь П.Мэндбаяр, Д.Давааноров ах хоёр байсан. Мэргэжлийн хяналтын газрын дарга Х.Мөнхбат 50 сая төгрөг өг гэнэ, өгөхгүй бол уурхайг чинь хаана, ажиллуулахгүй гэж байна, яах вэ гэхэд бид 3 ярилцаад дундаасаа гаргаж өгье гэж ярилцсан. ... Миний хувьд нийтдээ Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Х.Мөнхбатад 14.600.000 төгрөг хээл хахууль гэж өгсөн. Д.Давааноров ах, П.Мэндбаяр бид 3 нийлээд 44.000.000 сая төгрөг өгсөн. ...Уурхайн ажлаа явуулах гэж Д.Давааноров, П.Мэндбаяр, бид 3 ярилцаж байгаад шийдсэн. Уурхай орой гарсан, гаргасан зардлаа нөхөж чадахгүй байсан. Богино хугацаанд зардлаа нөхөж ашиг олох зорилготой ажиллаж байгаа. Тэгтэл Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга ирээд уурхайг чинь хаана, ажиллуулахгүй гээд байхаар нь айсандаа нэхсэн мөнгийг нь өгсөн юм...” гэсэн мэдүүлэг, /3-р хх-ийн 111-112 дугаар хуудас/,

Хавтаст хэрэгт авагдсан яллагдагч П.Мэндбаярын: “...Карьер дээр яваад очиход өөрийгөө аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга гэж танилцуулсан халзандуу толгойтой өндөр биерхүү залуу байсан. Танай үйл ажиллагааг зогсоосон, үйл ажиллагаа явуулахгүй. Та нар араас “АУМ алт” ХХК-ий кемп дээр ирж уулзаарай гэж хэлээд явсан. Араас нь Д.Давааноров ах, Т.Тулгабат бид 3 очоод Х.Мөнхбат дарга “АУМ алт” ХХК-ий уулзалтын зааланд орсон байхад нь араас нь Д.Давааноров ах орж уулзсан. ...Д.Давааноров ах орж уулзаад удаагүй гарч ирээд та нар дундаасаа 100 сая төгрөг гаргаж өг гэнэ ээ, тэгэхэд нь би чадахгүй тийм боломж байхгүй гэхэд тэгвэл 50 сая төгрөг өг, тэгэхгүй бол ганц эрээн цаас шидэхэд танай уурхай хаагдах болно гэж байна, яах уу гэж бид хоёроос асуухад нь одоо ямар уурхайгаа хаалгалтай биш дээ шатахуун техник гээд бөөн зардал гаргасан байхад түүнийгээ нөхөж авч чадахгүй болно гэж үзээд нэхсэн мөнгийг нь өгөхөөр зөвшөөрсөн. ... Миний хувьд өнөөдрийн байдлаар Х.Мөнхбатад Д.Давааноров ахаар дамжуулж 5 сая төгрөг өгсөн байна. ...Тэр хүн чинь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга хүн болохоор эрх мэдэлтэй албан тушаалтан хүн ёстой өөрийнх нь хэлсэнээр нэг цоохор цаас шидэхэд хаагдчих юм болов уу гэж бодсон юм. Энэ талаар Д.Давааноров, Т.Тулгабат бид 3 ярьж байж шийдсэн юм...” гэсэн мэдүүлэг. /3-р хх-ийн 124-125 дугаар хуудас/,

Гэрч Г.Гүндсамбын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... 2014 оны 8 дугаар сарын дундуур манай уурхай дээр жолоочтойгоо ирсэн. Өдрийн ундны дараагаар өөрийгөө Мэргэжлийн хяналтын газрын дарга байна гэж хэлээд карьер дотор ажил хийж байсан экскаваторуудыг гаргачихлаа гэж экскаваторчин Б.Батнасан надад утсаар хэлэхээр нь би яваад очсон. П.Мэндбаяр, Т.Тулгабат болон манай экскаваторуудыг бүгдийг нь карьераас гаргаад жагсаагаад зогсоосон байсан. Д.Давааноров ах өөрөө уурхай дээр тэр үед байсан тул Х.Мөнхбат даргатай уулзаж байсан. Тэр үед Т.Тулгабат, П.Мэндбаяр нар ч бас байсан. Манай хэдэн компаниуд оройтож ажилд гарсан. Х.Мөнхбат нь доошоо “АУМ алт” компаний кэмп рүү араас дагаад яв гээд Д.Давааноров ах, Т.Тулгабат, П.Мэндбаяр нарыг дагуулаад явсан. Д.Давааноров ах өөрөө байсан тул би Х.Мөнхбат даргатай уулзаагүй хараад зогсож байсан. 1 цаг гаран болоод Т.Тулгабат, П.Мэндбаяр, Д.Давааноров нар ирээд яанаа их хэмжээний мөнгө нэхээд байх юм, мөнгөө өгвөл хаахгүй гэнэ, за юу ч гэсэн ажиллаж л байя, экскаваторуудаа оруулчих гэхээр нь экскаваторуудаа карьер луу оруулж ажлыг нь хийлгэсэн. ... Д.Давааноров ах л Х.Мөнхбат мөнгө нэхээд байна, П.Мэндбаярын өмнөөс мөнгө өгчихсөн чинь П.Мэндбаяр одоо надад мөнгөнийхөө хагасыг өгөхгүй юм гэж ярьж байсан…” гэсэн мэдүүлэг. /2-р хх-ийн 124-125 дугаар хуудас/,

Гэрч А.Пүрэвжамбын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... 2014 оны 08 дугаар сарын 20-ны үеэр байхаа одоо өдрийг нь сайн санахгүй байна. Д.Давааноров гуай П.Мэндбаяр бид хоёрт “Х.Мөнхбат эхний ээлжид 15.000.000 төгрөг өг гээд байна. Т.Тулгабат, П.Мэндбаяр бид гурвуулаа хүний 5 сая төгрөг өгье” гэхэд яг тэр үед бэлэн мөнгө бол байгаагүй. П.Мэндбаяр хэлэхдээ та эхлээд аргалаад өгөөч би таньд дараа нь өгье гэж хэлж байсан. Д.Давааноров гуай за гэж байсан. Яг тэр үед бэлэн 2.000.000 төгрөг байсан, дээр нь угаасаа жаахан алт байсныгаа зарж борлуулаад 5 сая гаран төгрөг болсон. Эхний удаа 5.000.000 төгрөг гэсэн болохоор П.Мэндбаяр 5.000.000 төгрөгөө Д.Давааноров гуайд өгсөн. 2014 оны тухайд гэвэл Д.Давааноров ах Т.Тулгабат манай 3 их оройтож гарсан, машин техник хөлслөөд бензин шатахуун зээлж авсан тийм үе байсан. Тэгсэн хэдий ч 5, 10 сая төгрөгийн алт бол угаагаад олчихдог байсан. Угаагаад олсон алтаа зарж бензин, шатахуун авч, өрөө дарж дахиж шатахуун зээлээр аваад тэгж л явдаг ер нь их эрсдэлтэй байдаг. Х.Мөнхбатад өгсөн 5.000.000 төгрөг бол яг манай өөрийн үйл ажиллагаанаас олсон мөнгө байсан. Тухайн үед яалт ч үгүй өгөхөөс өөр аргагүй, оройтож гарсан болохоор Мэргэжпийн хяналтын газраас ирээд үйл ажиллагаа зогсоогоод хаачихвал өр зээлээ яаж төлөх вэ гэдэг асуудал гарна биз дээ гэж тухайн үед П.Мэндбаяр хэлж байсан. Нөхөр бид 2 хамт л амьдарч, хамт л зүтгэж байгаагийн хувьд зөрөөд байх асуудал гардаггүй. ... Өөр мөнгө өгөөгүй. Нэмж мөнгө өгөхөөр алт олборлож чадаагүй. Шүүхийн хэлэлцүүлэгт тухайн үед хэлэх үг олдохгүй сандраад хүнээс мөнгө зээлээд аваад өгсөн гэж хариулчихсан. Тэгтэл хэн гэж хүнээс авсан бэ, зээлсэн мөнгөө буцааж төлсөн үү гээд бүр лавлаж асуухаар нь хүнээс авч өгөөгүй учир бүр сандраад хэсэг дуугүй зогсож байгаад би сандарсандаа буруу хариулчихлаа, би хэн нэгнээс мөнгө зээлээгүй, би өөрөөсөө өгсөн гэж дараа нь залруулж хэлсэн. Миний хувьд 43 нас хүртлээ урд өмнө шүүх болон хуулийн аль нэг байгууллага дээр дуудагдаж байгаагүй. Тэр тусмаа шүүх гэдэг чинь над шиг хүн айж сүрдмээр газар байна лээ. Миний хувьд хууль шүүхийн байгууллагыг хүндэтгэж байдаг, тиймээс хууль дүрэм зөрчихгүй мөрөөрөө амьдаръя гэж бодож явдаг. Шүүх танхимд олон хүний өмнө гараад асуугдаад байхаар үнэхээр их сандарсан. Тийм дээ л би буруу зөрүү хариулсан байх. Ямар ч хүнээс мөнгө төгрөг зээлээгүй. ... П.Мэндбаяр ямар ч байсан 5.000.000 төгрөг Д.Давааноров ахад хүргэж өгсөн. Д.Давааноров ахыг ч гэсэн цааш нь Х.Мөнхбатад өгсөн гэдэгт итгэж байна. Д.Давааноров ах юу гэж худлаа П.Мэндбаяр, Т.Тулгабат нараас мөнгө авах билээ. Бид нар 1 сумандаа олон жил хамт амьдарч байгаа тэгээд ч Д.Давааноров ах хүнээс 5, 10 сая төгрөг худлаа ярьж авахаар хүн биш. Манайхыг бодвол тогтсон үйл ажиллагаатай Шатахуун Түгээх Станц ажиллуулдаг чадалтай хүмүүс. П.Мэндбаяр, Т.Тулгабат нар бол яг өөрсдөө өгөөгүй юм билээ. Миний хувьд 5.000.000 төгрөгийг бэлдэж өгсөн...” гэсэн мэдүүлэг. /6-р хх-ийн 144-145 дугаар хуудас/,

Гэрч Б.Нямсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... 2014 оны 9 дүгээр сарын дундуур шиг санаж байна. Т.Тулгабат захирал байхгүй байсан. Д.Давааноров ирээд Т.Тулгабат бид нар хүний 5 сая төгрөг шалгалтаар ирсэн хүнд мөнгө өгсөн. Тухайн үед Тулгаа мөнгөгүй тул би өмнөөс нь өгсөн. Надад Тулгаа 5 сая төгрөг өгөх ёстой гэхээр нь Тулгаагаас утасдаж лавлаж асуухад, тийм ээ тийм Д.Давааноров ахад өгөх ёстой юм. Та өгчихөөрэй гэхээр нь Д.Давааноровт 5 сая төгрөг өгсөн. ... Т.Тулгабат хүнд өгөх гэж байгаа юм аа гэж хэлээд бэлнээр 9.600.000 төгрөг 2014 оны 9 дүгээр сарын сүүлчээр авсан…” гэсэн мэдүүлэг. /2-p хх-ийн 147-148 дугаар хуудас/,

Гэрч Ө.Оюунчимэгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... 2014 оны 8 дугаар сарын дундуур байсан шиг санаж байна. Би сумын төв дээр байсан. Манай нөхөр Д.Давааноров Өлтийн уурхай дээр байсан. Орой нь Д.Давааноров над руу утсаар яриад аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Х.Мөнхбат мөнгө нэхээд байна. 50 орчим сая төгрөг нэхсэн, мөнгө бэлдэж бай, ажил зогсчихоод байна гэж уурлангуй ярьсан. Тэгээд нэг орой ирээд надаас 29 сая төгрөг аваад Х.Мөнхбатад өгнө гэж хэлээд аймгийн төв явсан. Д.Давааноров өөрөө ярихдаа өмнө нь Т.Тулгабат, П.Мэндбаяр бид 3 нийлээд тав таван сая, нийтдээ 15 сая төгрөг өгсөн гэж хэлж байсан. ... Энэ хэргийн талаар шүүх хуралд би гэрчээр дуудагдан Эрүүгийн хуулийн 254, 255 дугаар зүйл ангиудыг сануулж хэрвээ худлаа мэдүүлэг өгвөл хүлээлгэх хариуцлагын талаар тайлбарлан өгч мэдүүлэг авсан. Би шүүх хурал дээр ч хэлсэн. Манай нөхөр Д.Давааноров 2014 оны 08 дугаар сард гэдгийг одоо санаж байна, харин өдрийг нь тодорхой санахгүй байна. Намайг эзгүй байхад колонкын орлогоос 10.000.000 төгрөг авч Х.Мөнхбатад өгсөн талаар дараа нь надад хэлсэн. Харин 2014 оны 10 дугаар сарын эхээр шиг санаж байна, бас өдрийг нь сайн санахгүй байна. Д.Давааноров над руу намайг сумын төв дээр байхад Өлтийн уурхай дээрээс яриад Х.Мөнхбат яриад үлдсэн мөнгөө нэхээд байна, чи мөнгө бэлдээд байж бай, би яг одоо уурхай дээрээс гарлаа гэж утсаар ярьсан. ... Тэгээд кассанд бэлэн байсан 29.000.000 төгрөг Д.Давааноров ирж аваад явсан. Тухайн үед байсан мөнгө нь 29.000.000 төгрөг байсан. Д.Давааноров намайг мөнгө бэлдэж бай гэж хэлсэн. Хэн нэгнээс зээлсэн асуудал байхгүй. Өөрт бэлэн байгаа мөнгөө л бэлдэж өгсөн. Учир нь хагас бүтэн сайнд банк ажиллахгүй болохоор 2-3 өдрийн Шатахуун түгээх станцын орлого кассанд бэлнээр хуримтлагддаг. Мөн манай Шатахуун түгээх станцаас зээлээр алтны уурхайнууд түлш авдаг. Тэр хүмүүс түлшний мөнгөө бэлнээр өгдөг. Уянга суманд хүмүүс алт олборлодог болохоор зуны улиралд манай Шатахуун түгээх станцын түлш сайн борлогддог. Ер нь дундажаар 5-10 сая төгрөг зуны улиралдаа бол кассанд байж байдаг мөнгө юм. Тухайн үед Д.Давааноров мөнгө бэлд гэхэд байгаа нь 29.000.000 төгрөг байсан. Эхлээд 15.000.000 төгрөг өгсөн гэж байсан. Түүний 5.000.000 төгрөгийг П.Мэндбаяр өгсөн гэж хэлсэн. Тэгэхээр 44.000.000 төгрөгнөөс 5.000.000 төгрөгийг Д.Мэндбаяр, 14.660.000 төгрөгийг Т.Тулгабат, үлдсэн 24.334.000 төгрөг Д.Давааноровоос гарсан байна лээ. “Эх нутгийн буян” ХХК-ий захирлаар би өөрөө ажилладаг бөгөөд манай компани Шатахуун түгээх станц болон уул уурхайн ажлыг Уянга сумын Өлтийн уурхайд гэрээгээр туслан гүйцэтгэгчээр ажилладаг. Өвөрхангай аймгийн төвд 1 болон Бат-Өлзий суманд 2, Уянга, Хайрхандулаан сумдад саяхан шинээр 1 тус бүр нийтдээ 5 Шатахуун түгээх станц ажиллуулж байна. Хаан банкинд манай компаний 2 харилцах данс байдаг бөгөөд энэ 2 дансаар орсон эргэлтийн нийт хөрөнгө 2 тэрбум гаран төгрөг болдог. Энэ нь нийтдээ орж гарсан мөнгөн дүн юм. Татвар болон нийгмийн даатгалын шимтгэл төлдөг. Учир нь хахуульд өгсөн мөнгө учир ямар ч тайлан бүртгэлд тусгаагүй. ... Хамгийн гол нь Уянга суманд жижиг алтны бичил уурхай ихтэй байдаг бөгөөд тэр уурхайнууд зээлээр аваад шатааж дуусаад түүнээс олсон орлогоо авчирч өгөөд дараагийн түлшээ авах жишээтэй. Тийм болохоор гар дээр бэлэн мөнгө эргэлдээд байдаг байсан. ...Түүнчлэн Шатахуун түгээх станцын өдрийн орлогоо заримдаа тушааж амжихгүй хуримтлал үүсэх үе байдаг. Тийм болохоор манай шатахуун борлуулсан орлого гэж үзэж болно. Манай компаний дансны хуулгыг үзэхэд хэдэн төгрөг орж гардаг гэдэг нь тодорхой харагдана…” гэсэн мэдүүлэг. /2-p хх-ийн 166-167, 6-р хх-ийн 136-137 дугаар хуудас/,

Гэрч Б.Батнасангийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... 2014 оны 8 дугаар сарын 20-ны үеэр Х.Мөнхбат гэх хүн ирээд та нар наад техникүүдээ карьераас гаргаж энд парклаж тавь, техникүүдийг чинь лацдана, та нарыг ажиллуулахгүй гэсэн. Тэгтэл удаа ч үгүй захирлууд ирээд техникүүдээ энд лацдуулахгүй кемп дээрээ аваачиж лацдуулья гэсэн. Х.Мөнхбат гэж хүн араас ир гэж хэлээд машиндаа суугаад явсан. Д.Давааноров, Т.Тулгабат, П.Мэндбаяр захирлууд араас нь явсан. Би орой ээлж солигдоод буугаад явсан. Маргааш нь ирсэн экскаваторууд хэвийн ажиллаж байсан…” гэсэн мэдүүлэг. /2-р хх-ийн 168 дугаар хуудас/,

Гэрч Б.Цэрэнпагмын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... Манай нөхөр Т.Тулгабат нь Эрдэнэсийн хотхон нэртэй уул уурхайн нөхөн сэргээлтийн компани ажиллуулдаг бөгөөд Өвөрхангай аймгийн Уянга суманд үйл ажиллагаа явуулдаг юм. Уянга суманд сүүлийн бараг 3 жил гаран ажиллаж байна. ... Т.Тулгабат, Д.Давааноров ахад 10 гаран сая төгрөгийн өглөгтэй байсан, түүнийгээ өглөө гэж надад 2014 оны 9 дүгээр сарын дундуур шиг санаж байна хэлж байсан…” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 178-179 дүгээр хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тогтоол /1-р хх-ийн 1-2 дугаар хуудас/,

Эрүүгийн хэргийг хүлээн авч байцаан шийтгэх ажиллагаа явуулах тогтоол /4-р хх-ийн 183-184 дүгээр хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /2-р хх-ийн 33, 37 дугаар хуудас/,

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /1-р хх-ийн 42-45, 53-56 дугаар хуудас/,

Бичиг баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл /6-р хх-ийн 121 дүгээр хуудас/,

Схем зураг үйлдсэн тухай тэмдэглэл /6-р хх-ийн 132-135 дугаар хуудас/,

Шүүгдэгч Х.Мөнхбатын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /1-р хх-ийн 59-60, 3-р хх-ийн 210-224, 226 дугаар хуудас/,

Шүүгдэгч Х.Мөнхбатын ял шалгах хуудас /3-р хх-ийн 225 дугаар хуудас/,

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Мөнхбат, түүний өмгөөлөгч П.Адъяасүрэн нараас гаргаж өгсөн “утасны яриа бүхий уян диск”

Шүүгдэгч Х.Мөнхбатыг сэжигнээр болон яллагдагчаар байцааж авсан тэмдэглэлүүд /3-р хх-ийн 30-52, 4-р хх-ийн 225-226 дугаар хуудас/ зэрэг болно.,

Шүүгдэгч Х.Мөнхбат нь Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргаар ажиллаж байх үедээ 2014 оны 03 дугаар сард иргэн С.Саранцэцэгийг Өвөрхангай аймгийн Уянга сумын Засаг даргын тамгын газарт Байгаль орчны хяналтын улсын байцаагч болгож өгнө, “Чиний юмыг хөөцөлдөхийн тулд наад зах нь хүнийг хоол унданд оруулна, чи эхлээд түүнд зарцуулах мөнгөө өг” гэж гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлаж, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Онги” нэртэй зоогийн газарт 500.000 төгрөгийг хясан боогдуулах замаар хээл хахуульд авсан,

Мөн давтан үйлдлээр 2014 оны 08, 10 дугаар саруудад Өвөрхангай аймгийн Уянга сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр, “Өлтийн Уурхай” гэх газарт Гол мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн хамгаалалтын бүсэд алт олборлох үйл ажиллагаа явуулж байсан “Эх нутгийн буян” ХХК-ий захирал Д.Давааноров, “Эрдэнэсийн ордон” ХХК-ий захирал Т.Тулгабат, “Өлтийн Буян” ХХК-ий захирал П.Мэндбаяр нараас Ганц цоохор цаас шидэхэд танай уурхай хаагдана” гэж хясан боогдуулах замаар, албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэлгүй Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэрт 44.000.000 төгрөгийн хээл хахууль авсан гэмт хэрэгт тус тус үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Үүнд: Хавтаст хэрэгт авагдсан яллагдагч С.Саранцэцэгийн: “... Би хэлсэн газар нь ороход Х.Мөнхбат дөнгөж сая хурал тарлаа гээд ганцаараа сууж байсан. Өмнө нь утсаар яриад 1 удаа биечилж уулзаж байсан болохоор өөрийнхөө бичиг баримтуудыг 500.000 төгрөгтэй хамт Х.Мөнхбатад өгсөн. Энэ үед араас сумын машин утасдаад байсан. Тэгээд би түрүүлээд гараад явсан. ... Би өөрөө сумын төвд амьдардаг тул аймгийн төвд байдаг рестораны газруудыг сайн мэдэхгүй тул анх байцаалт өгөхдөө нэр усыг нь тогтоогоогүй болохоор тухайн үед тодорхой хэлж чадахгүй байсан. Сүүлд нөхөртэйгээ хамт аймгийн төвд явж байгаад эхлээд энэ газар, дараа нь энэ газарт уулзаж мөнгөө өгсөн гэж Х.Мөнхбаттай уулзсан газраа зааж өгөхөд Х.Мөнхбаттай анх уулзсан газар нь “Өшгөг”, дараагийн уулзаж мөнгөө өгсөн газар нь “Онги” гэдэг нэртэй газар байгааг би өөрөө харсан. Одоо бол эргэлзээгүй байна. Би “Гарьд” гэж бааранд Х.Мөнхбаттай уулзаагүй. Миний Х.Мөнхбаттай уулзсан газар “Өшгөг”, “Онги” нэртэй газар байсан. Жирэмсэн хүн согтуу байдаг юмуу тэгээд ч би архи уудаггүй, би мөнгө өгөх гэж мөн ажлаа ярих гэж уулзахгүй бол Х.Мөнхбат яах гэж надтай уулзах юм. Тэгээд ч тэр хүн чинь тухайн үед надаас албан тушаал дээгүүр хүн байсан. Намайг тоож уулзахгүй биздээ. Харин Х.Мөнхбат өөрөө худлаа ярьж байна. “Өшгөг” нэртэй хоолны газар нь ертөнцийн зүгээр хойшоо харсан хойноосоо ордог, харин “Онги” нь ертөнцийн зүгээр зүүн талаасаа ордог юм байна…” гэсэн мэдүүлэг /4-р хх-ийн 216-220, 6-р хх-ийн 142-143/, гэрч Б.Бямбадоржийн “... С.Саранцэцэг бид 2 эхнэр, нөхрийн харилцаатай, хамт амьдраад 7 жил болж байна. Дундаасаа хүү, охин 2 хүүхэдтэй. ... С.Саранцэцэг нь надад 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр “намайг авлигатай тэмцэх газраас дуудаад байна, намайг шалгана гэж байна” гэхээр нь “чамайг яасан гэж шалгадаг юм бэ” гэхэд “2014 онд Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Х.Мөнхбатад Уянга сумандаа байгаль орчны байцаагч болгож өгөөч гээд 500.000 төгрөгийн хээл хахууль өгсөн юм. Тэгсэн намайг төрийн албан тушаалтанд хээл хахууль өгсөн асуудлаар хэрэгт холбогдуулж шалгана гэнэ. Тэгээд батлан даалтад авах 2 хүнтэй ирээрэй гэж хэллээ” гэж надад хэлэхэд нь тэр үед л би мэдсэн. ... Өвөрхангангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргаар ажиллаж байсан гэх Х.Мөнхбат гэж хүнд 500.000 төгрөгийн хээл хахууль өгөөд явж байсан талаар бол би мэдээгүй, тухайн үед ч надад хэлээгүй, өөрийнхөө үндсэн цалин дээрээ надаас авсан мөнгөө нийлүүлээд 500.000 төгрөг болгож аймгийн төв орохдоо аваачиж өгсөн. Тэгсэн Х.Мөнхбат нь дахиж нэмж мөнгө нэхсэн түүнийг нь өгч чадаагүй талаар С.Саранцэцэг сүүлд надад хэлсэн …” гэсэн мэдүүлэг /6-р хх-ийн 140-141/, яллагдагч Д.Давааноровын: “...Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Х.Мөнхбат гэж хүн ирээд ...өөрийгөө Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Х.Мөнхбат гэж танилцуулаад манай 3 компаний 4 экскаваторуудыг карьер дотроос гаргаад бүгдийг нь парклаад тавь эсвэл гаднаа аваачиж тавь, үйл ажиллагааг чинь зогсооно, ганц цоохор цаас шидэхэд танай уурхай хаагдана, араас дагаад яв гээд “АУМ алт” компаний байр луу явсан. ... Х.Мөнхбаттай ороод уулзсан чинь шууд үгийн зөрүүгүй танай 3 компани нийлүүлээд 100 сая төгрөг өг, хагасыг нь намдаа өгөх гэж байгаа, би өөрөө МАХН-ын гишүүн, хагасыг нь би өөрөө авна гэж хэлсэн. Бидэнд тийм хэмжээний мөнгө байхгүй, бид дөнгөж гарч ирээд байна, алтаа угааж ч эхлээгүй байна, 20 саяыг өгч болох уу гэхэд үгүй ээ тэгвэл 50 сая төгрөг өг гэсэн. ... Х.Мөнхбат 50 сая төгрөг нэхснээс нийтдээ 44 сая төгрөг өгсөн. Үүнээс П.Мэндбаяр 5 сая төгрөг, Т.Тулгабат 14.600.000 төгрөг, үлдсэн 24.600.000 төгрөгийг би Х.Мөнхбатад өгсөн…” гэсэн мэдүүлэг, /3-р хх-ийн 98-99/, яллагдагч Т.Тулгабатын: “... Х.Мөнхбат дарга “Аум алт” ХХК-ий байранд байна гэхээр нь яваад очсон чинь П.Мэндбаяр, Д.Давааноров ах хоёр байсан. Мэргэжлийн хяналтын газрын дарга Х.Мөнхбат 50 сая төгрөг өг гэнэ, өгөхгүй бол уурхайг чинь хаана, ажиллуулахгүй гэж байна яах уу гэхэд бид 3 ярилцаад дундаасаа гаргаж өгье гэж ярилцсан. ... Миний хувьд нийтдээ Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Х.Мөнхбатад 14.600.000 төгрөг хээл хахууль гэж өгсөн. Д.Давааноров ах, П.Мэндбаяр бид 3 нийлээд 44.000.000 сая төгрөг өгсөн. ... Уурхайн ажлаа явуулах гэж Д.Давааноров, П.Мэндбаяр, бид 3 ярилцаж байгаад шийдсэн...” гэсэн мэдүүлэг, /3-р хх-ийн 111-112/, яллагдагч П.Мэндбаярын: “...  Д.Давааноров ах орж уулзаад удаагүй гарч ирээд та нар дундаасаа 100 сая төгрөг гаргаж өг гэнэ, тэгэхэд нь би чадахгүй тийм боломж байхгүй гэхэд тэгвэл 50 сая төгрөг өг, тэгэхгүй бол ганц эрээн цаас шидэхэд танай уурхай хаагдах болно гэж байна, яах вэ гэж бид хоёроос асуухад нь одоо ямар уурхайгаа хаалгалтай биш дээ шатахуун техник гээд бөөн зардал гаргасан байхад түүнийгээ нөхөж авч чадахгүй болно гэж үзээд нэхсэн мөнгийг нь өгөхөөр зөвшөөрсөн. ... Миний хувьд өнөөдрийн байдлаар Х.Мөнхбатад Д.Давааноров ахаар дамжуулж 5 сая төгрөг өгсөн байна. ... Энэ талаар Д.Давааноров, Т.Тулгабат бид 3 ярьж байж шийдсэн...” гэсэн мэдүүлэг. /3-р хх-ийн 124-125/, гэрч Г.Гүндсамбын “... Д.Давааноров ах өөрөө байсан тул би Х.Мөнхбат даргатай уулзаагүй хараад зогсож байсан. 1 цаг гаран болоод Т.Тулгабат, П.Мэндбаяр, Д.Давааноров нар ирээд яанаа их хэмжээний мөнгө нэхээд байх юм, мөнгөө өгвөл хаахгүй гэнэ, за юу ч гэсэн ажиллаж л байя, экскаваторуудаа оруулчих гэхээр нь экскаваторуудаа карьер луу оруулж ажлыг нь хийлгэсэн. ... Д.Давааноров ах л Х.Мөнхбат мөнгө нэхээд байна, П.Мэндбаярын өмнөөс мөнгө өгчихсөн чинь П.Мэндбаяр одоо надад мөнгөнийхөө хагасыг өгөхгүй юм гэж ярьж байсан…” гэсэн мэдүүлэг. /2-р хх-ийн 124-125/, гэрч А.Пүрэвжамбын “... 2014 оны 08 дугаар сарын 20-ны үеэр байхаа одоо өдрийг нь сайн санахгүй байна. Д.Давааноров гуай П.Мэндбаяр бид хоёрт “Х.Мөнхбат эхний ээлжид 15.000.000 төгрөг өг гээд байна. Т.Тулгабат, П.Мэндбаяр бид гурвуулаа хүний 5 сая төгрөг өгье” гэхэд яг тэр үед бэлэн мөнгө бол байгаагүй. П.Мэндбаяр хэлэхдээ та эхлээд аргалаад өгөөч би таньд дараа нь өгье гэж хэлж байсан. Д.Давааноров гуай за гэж байсан. Яг тэр үед бэлэн 2.000.000 төгрөг байсан, дээр нь угаасаа жаахан алт байсныгаа зарж борлуулаад 5 сая гаран төгрөг болсон. Эхний удаа 5.000.000 төгрөг гэсэн болохоор П.Мэндбаяр 5.000.000 төгрөгөө Д.Давааноров гуайд өгсөн. ... Х.Мөнхбатад өгсөн 5.000.000 төгрөг бол яг манай өөрийн үйл ажиллагаанаас олсон мөнгө байсан. ... Шүүхийн хэлэлцүүлэгт тухайн үед хэлэх үг олдохгүй сандраад хүнээс мөнгө зээлээд аваад өгсөн гэж хариулчихсан. Тэгтэл хэн гэж хүнээс авсан бэ, зээлсэн мөнгөө буцааж төлсөн үү гээд бүр лавлаж асуухаар нь хүнээс авч өгөөгүй учир бүр сандраад хэсэг дуугүй зогсож байгаад би сандарсандаа буруу хариулчихлаа, би хэн нэгнээс мөнгө зээлээгүй, би өөрөөсөө өгсөн гэж дараа нь залруулж хэлсэн. Миний хувьд 43 нас хүртлээ урд өмнө шүүх болон хуулийн аль нэг байгууллага дээр дуудагдаж байгаагүй. Тэр тусмаа шүүх гэдэг чинь над шиг хүн айж сүрдмээр газар байна лээ. Миний хувьд хууль шүүхийн байгууллагыг хүндэтгэж байдаг, тиймээс хууль дүрэм зөрчихгүй мөрөөрөө амьдаръя гэж бодож явдаг. Шүүх танхимд олон хүний өмнө гараад асуугдаад байхаар үнэхээр их сандарсан. Тийм дээ л би буруу зөрүү хариулсан байх. Ямар ч хүнээс мөнгө төгрөг зээлээгүй. ... П.Мэндбаяр ямар ч байсан 5.000.000 төгрөг Д.Давааноров ахад хүргэж өгсөн. Д.Давааноров ахыг ч гэсэн цааш нь Х.Мөнхбатад өгсөн гэдэгт итгэж байна. ... Миний хувьд 5.000.000 төгрөгийг бэлдэж өгсөн...” гэсэн мэдүүлэг. /6-р хх-ийн 144-145/, гэрч Б.Нямсүрэнгийн “... 2014 оны 9 дүгээр сарын дундуур шиг санаж байна. Т.Тулгабат захирал байхгүй байсан. Д.Давааноров ирээд Т.Тулгабат бид нар хүний 5 сая төгрөг шалгалтаар ирсэн хүнд мөнгө өгсөн. Тухайн үед Тулгаа мөнгөгүй тул би өмнөөс нь өгсөн. Надад Тулгаа 5 сая төгрөг өгөх ёстой гэхээр нь Тулгаагаас утасдаж лавлаж асуухад, тийм ээ тийм Д.Давааноров ахад өгөх ёстой юм. Та өгчихөөрэй гэхээр нь Д.Давааноровт 5 сая төгрөг өгсөн. ... Т.Тулгабат хүнд өгөх гэж байгаа юм аа гэж хэлээд бэлнээр 9.600.000 төгрөг 2014 оны 9 дүгээр сарын сүүлчээр авсан…” гэсэн мэдүүлэг. /2-p хх-ийн 147-148/, гэрч Ө.Оюунчимэгийн “... 2014 оны 8 дугаар сарын дундуур байсан шиг байна. Би сумын төв дээр байсан. Манай нөхөр Д.Давааноров Өлтийн уурхай дээр байсан. Орой нь Д.Давааноров над руу утсаар яриад аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Х.Мөнхбат мөнгө нэхээд байна. 50 орчим сая төгрөг нэхсэн, мөнгө бэлдэж бай, ажил зогсчихоод байна гэж уурлангуй ярьсан. Тэгээд нэг орой ирээд надаас 29 сая төгрөг аваад Х.Мөнхбатад өгнө гэж хэлээд аймгийн төв явсан. Д.Давааноров өөрөө ярихдаа өмнө нь Т.Тулгабат, П.Мэндбаяр бид 3 нийлээд тав таван сая, нийтдээ 15 сая төгрөг өгсөн гэж хэлж байсан. ... Энэ хэргийн талаар шүүх хуралд би гэрчээр дуудагдан Эрүүгийн хуулийн 254, 255 дугаар зүйл ангиудыг сануулж хэрвээ худлаа мэдүүлэг өгвөл хүлээлгэх хариуцлагын талаар тайлбарлан өгч мэдүүлэг авсан. Би шүүх хурал дээр ч хэлсэн. Манай нөхөр Д.Давааноров 2014 оны 08 дугаар сард гэдгийг одоо санаж байна, харин өдрийг нь тодорхой санахгүй байна. Намайг эзгүй байхад колонкын орлогоос 10.000.000 төгрөг авч Х.Мөнхбатад өгсөн талаар дараа нь надад хэлсэн. Харин 2014 оны 10 дугаар сарын эхээр шиг санаж байна, бас өдрийг нь сайн санахгүй байна. Д.Давааноров над руу намайг сумын төв дээр байхад Өлтийн уурхай дээрээс яриад Х.Мөнхбат яриад үлдсэн мөнгөө нэхээд байна, чи мөнгө бэлдээд байж бай, би яг одоо уурхай дээрээс гарлаа гэж утсаар ярьсан. ... Тэгээд кассанд бэлэн байсан 29.000.000 төгрөг Д.Давааноров ирж аваад явсан. Тухайн үед байсан мөнгө нь 29.000.000 төгрөг байсан. Д.Давааноров намайг мөнгө бэлдэж бай гэж хэлсэн. Хэн нэгнээс зээлсэн асуудал байхгүй. Өөрт бэлэн байгаа мөнгөө л бэлдэж өгсөн. Учир нь хагас бүтэн сайнд банк ажиллахгүй болохоор 2-3 өдрийн Шатахуун түгээх станцын орлого кассанд бэлнээр хуримтлагддаг. Мөн манай Шатахуун түгээх станцаас зээлээр алтны уурхайнууд түлш авдаг. Тэр хүмүүс түлшний мөнгөө бэлнээр өгдөг. Уянга суманд хүмүүс алт олборлодог болохоор зуны улиралд манай Шатахуун түгээх станцын түлш сайн борлогддог. Ер нь дундажаар 5-10 сая төгрөг зуны улиралдаа бол кассанд байж байдаг мөнгө юм. Тухайн үед Д.Давааноров мөнгө бэлд гэхэд байгаа нь 29.000.000 төгрөг байсан. Эхлээд 15.000.000 төгрөг өгсөн гэж байсан. Түүний 5.000.000 төгрөгийг П.Мэндбаяр өгсөн гэж хэлсэн. Тэгэхээр 44.000.000 төгрөгнөөс 5.000.000 төгрөгийг Д.Мэндбаяр, 14.660.000 төгрөгийг Т.Тулгабат, үлдсэн 24.334.000 төгрөг Д.Давааноровоос гарсан…” гэсэн мэдүүлэг. /2-p хх-ийн 166-167, 6-р хх-ийн 136-137/, гэрч Б.Батнасангийн “... 2014 оны 8 дугаар сарын 20-ны үеэр Х.Мөнхбат гэх хүн ирээд та нар наад техникүүдээ карьераас гаргаж энд парклаж тавь, техникүүдийг чинь лацдана, та нарыг ажиллуулахгүй гээд байсан…” гэсэн мэдүүлэг. /2-р хх-ийн 168/, гэрч Б.Цэрэнпагмын “...Т.Тулгабат, Д.Давааноров ахад 10 гаран сая төгрөгийн өглөгтэй байсан, түүнийгээ өглөө гэж надад 2014 оны 9 дүгээр сарын дундуур шиг санаж байна хэлж байсан…” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 178-179/, Эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тогтоол /1-р хх-ийн 1-2/, Эрүүгийн хэргийг хүлээн авч байцаан шийтгэх ажиллагаа явуулах тогтоол /4-р хх-ийн 183-184/, Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /2-р хх-ийн 33, 37/, Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /1-р хх-ийн 42-45, 53-56/, Бичиг баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл /6-р хх-ийн 121/, Схем зураг үйлдсэн тухай тэмдэглэл /6-р хх-ийн 132-135/ зэрэг болно.

Шүүгдэгч Х.Мөнхбат нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...Энэ гэмт хэргийг үйлдээгүй,  хясан боогдуулж авилга аваагүй, шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адъяасүрэн нь “энэ гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдоогүй тул мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү...” гэж тус тус мэдүүлж, тайлбарлаж байгаа боловч энэ нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар няцаагдаж байна. Иймд хэргийн бүрдэл хангагдсан, хэргийн талаар нотолбол зохих асуудлыг бүрэн шалгасан байх тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаах шаардлагагүй гэж үзсэн болно.

Энэ гэмт хэрэг нь албан тушаалтан хууль бус үйл явдлаа хийж гүйцэтгэхэд бодит хор уршиг бий болгосон эсэхийг харгалзахгүй, хээл хахууль авснаар бүрдэл төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

Шүүгдэгч Х.Мөнхбат нь хэрэг үйлдэх үедээ буюу 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргаар /албан тушаалтан/ ажиллаж байсан болох нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2013 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн ¹324 дугаар “Ажилд томилох тухай”, /3-р хх-ийн 211/, 2015 оны 03 дугаар сарын 11-ны өдрийн ¹123 дугаар “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” /3-р хх-ийн 215/ тушаалуудаар тус тус нотлогдож байна.

Шүүгдэгч Х.Мөнхбатад холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс шүүгдэгч Х.Мөнхбатыг давтан үйлдлээр, хясан боогдуулах замаар бусдаас хээл хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцож хуульд заасан хорих ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Х.Мөнхбат нь С.Саранцэцэг, Д.Давааноров, Т.Тулгабат, П.Мэндбаяр нараас хээл хахууль өгөхийг тулган шаардаж буюу хясан боогдуулах замаар, давтан үйлдлээр хээл хахууль авсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг бүрэн агуулсан байх тул шүүгдэгчийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Х.Мөнхбатад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж түүнд ял оногдуулсан болно.

Шүүгдэгч Х.Мөнхбат нь Эрүүгийн хуульд заасан хүнд гэмт хэрэг үйлдсэн байх тул мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар чанга дэглэмтэй хорих ангид ялыг эдлүүлэхээр хуульчилсан хэдий ч Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасан гэмт хэргийн нийгмийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг нь харгалзан хорих ял эдлүүлэх дэглэмийг хөнгөрүүлэн өөрчилж, жирийн дэглэмтэй хорих ангид ялыг эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Х.Мөнхбат нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдсан бичиг баримтгүй, шүүгдэгч Х.Мөнхбатын цагдан хоригдсон 114 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож,

Хэрэгт шүүгдэгч Х.Мөнхбат болон түүний гэр бүлийн гишүүд болох Т.Сэрчмаа, М.Сайнзаяа, М.Оюундүүрэн, М.Элбэгзаяа нарын 5 хүний өмчлөлийн Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ганган Орхон 2 дугаар баг, Мойлтын 11-06 тоотод байрлах 30,470,200 төгрөгийн үнэ бүхий 133,8 М2  талбайтай амины орон сууц 1 ширхэг, Х.Мөнхбат,  Т.Сэрчмаа, М.Сайнзаяа нарын өмчлөлийн Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ганган Орхон 2 дугаар баг, Мойлтын 11-06 тоот, 891 м2 талбайтай 3.614.000 төгрөгийн үнэ бүхий газар зэрэг эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн тогтоолуудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг уян диск-/Sony уян дискийг бичигтэй 2,585 кв эзлэхүүнтэй, уян диск-/Sony уян дискийг бичигтэй 2,585 кв эзлэхүүнтэй 4 минут 40 секунд бичлэгтэй уян диск/, мөн М.Мөнхбатын мэдүүлэг бүхий 4 ширхэг уян диск, утасны бичлэг бүхий 1 ширхэг уян дискийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж,  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т “гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл буюу түүний үнийг…эд хөрөнгө хураах ялаас гадуур заавал хураана” гэж заасны дагуу шүүгдэгч Х.Мөнхбатаас гэмт хэрэг үйлдэж олсон 44.500.000 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж тус тус шийдвэрлэсэн болохыг дурьдав.

Яллагдагч П.Мөнхбаярыг 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдөр, яллагдагч Б.Даваадагвыг 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр, Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Х.Мөнхбаттай бүлэглэн иргэн Ө.Баасандорж, Ж.Бямбатогтоол, Ж.Амаржаргал, Д.Цэрэнбавуу нараас албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэлгүй, 2.000.000 төгрөгийн хээл хахууль авсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1-д зааснаар тус тус яллагдагчаар татаж ял сонсгосон ба улмаар 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр тус бүрээс нь 500.000 төгрөг нийт 1.000.000 төгрөгийг  Төрийн сангийн 0000000900033401 тоот дансанд байршуулсан, мөн гэрч Б.Баттөрөөс 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 500.000 төгрөг гаргуулж  төрийн сангийн 900033401 тоот дансанд байршуулсан байна. 

Яллагдагч П.Мөнхбаяр, Б.Даваадагва Х.Мөнхбат нарт холбогдох Ө.Баасандорж, Ж.Бямбатогтоол, Ж.Амаржаргал, Д.Цэрэнбавуу нараас албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэлгүй, 2.000.000 төгрөгийн хээл хахууль авсан гэх хэргийг Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 72 тоот прокурорын тогтоолоор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2-т заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. П.Мөнхбаяр, Б.Даваадагва Х.Мөнхбат нарт холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2, 24.1.3-т заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгоогүй, Ө.Баасандорж, Ж.Бямбатогтоол, Ж.Амаржаргал, Д.Цэрэнбавуу нарыг тус хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоогоогүй байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.6-д зааснаар яллагдагч П.Мөнхбаяр, Б.Даваадагва нараас 0000000900033401 тоот дансанд байршуулсан 1.000.000 төгрөг, гэрч Б.Баттөрөөс  900033401 тоот дансанд байршуулсан 500.000 төгрөг, нийт 1.500.000 төгрөгийг  шүүх шийдвэрлэх боломжгүй байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88-р зүйлийн 88.1.5-д зааснаар иргэний журмаар шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө шүүгдэгч Х.Мөнхбат болон түүний өмгөөлөгч П.Адъяасүрэн нар утасны ярианы бичлэг бүхий 1 ширхэг уян дискийг шүүхийн хэлэлцүүлэгт нотлох баримтаар шинжлэн судлуулахаар гаргаж өгсний дагуу тус уян дискийг шинжлэн судалсан боловч  шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргаж өгсөн утасны ярианы бичлэг бүхий 1 ширхэг уян диск нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлд зааснаар хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан, цуглуулсан, бэхжүүлсэн нотлох баримт гэж үзэх боломжгүй, нотлох баримтад тавигдах шаардлагыг хангаагүй тул нотлох баримтаар үнэлээгүй болохыг дурьдаж байна.

Эрүүгийн Байцаан  Шийтгэх  Хуулийн 283, 284, 286, 290 дүгээр  зүйлийн 290.3,  294, 295, 296, 297, 298-р зүйлүүдэд заасныг удирдлага болгон

  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Харваачин овгийн Хасдоржийн Мөнхбатыг давтан үйлдлээр, хясан боогдуулах замаар бусдаас хээл хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2-д зааснаар шүүгдэгч Х.Мөнхбатад 100.000 /нэг зуун мянга/ төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.     

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг журамлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Х.Мөнхбатад  оногдуулсан 5 жил 1 сар хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих анги эдлүүлсүгэй.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-т зааснаар шүүгдэгч Х.Мөнхбатын цагдан хоригдсон 114 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон 44.500.000 төгрөгийг шүүгдэгч Х.Мөнхбатаас гаргуулж улсын орлого болгосугай.  

6. Шүүгдэгч Х.Мөнхбат нь бусдад төлөх төлбөргүй, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Мөнхбат, түүний өмгөөлөгч П.Адъяасүрэн нараас гаргаж өгсөн “утасны яриа бүхий уян дискийг” нотлох баримтаар үнэлээгүй, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй болохыг тус тус дурьдсугай.  

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн  88.1.7-д  зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг уян диск-/Sony уян дискийг бичигтэй 2,585 кв эзлэхүүнтэй, уян диск-/Sony уян дискийг бичигтэй 2,585 кв эзлэхүүнтэй 4 минут 40 секунд бичлэгтэй уян диск/, мөн М.Мөнхбатын мэдүүлэг бүхий 4 ширхэг уян диск, утасны бичлэг бүхий 1 ширхэг уян дискийг  уг хэргийн  хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар  шүүгдэгч Х.Мөнхбат болон түүний гэр бүлийн гишүүд болох Т.Сэрчмаа, М.Сайнзаяа, М.Оюундүүрэн, М.Элбэгзаяа нарын 5 хүний өмчлөлийн Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ганган Орхон 2 дугаар баг, Мойлтын 11-06 тоотод байрлах 30,470,200 төгрөгийн үнэ бүхий 133,8 М2  талбайтай амины орон сууц 1 ширхэг, Х.Мөнхбат,  Т.Сэрчмаа, М.Сайнзаяа нарын өмчлөлийн Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ганган Орхон 2 дугаар баг, Мойлтын 11-06 тоот, 891 м2 талбайтай 3.614.000 төгрөгийн үнэ бүхий газар зэрэг эд хөрөнгө  битүүмжилсэн  мөрдөн байцаагчийн 2016 оны 04 дугаар сарын 29-ны өдрийн тогтоолуудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88-р зүйлийн 88.1.5-д зааснаар яллагдагч П.Мөнхбаяр, Б.Даваадагва нараас 0000000900033401 тоот дансанд байршуулсан 1.000.000 төгрөг, гэрч Б.Баттөрөөс  900033401 тоот дансанд байршуулсан 500.000 төгрөг, нийт 1.500.000 төгрөгийг  иргэний журмаар шийдвэрлүүлсүгэй.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дугаар зүйлийн 299.3-д  зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Х.Мөнхбатад урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  улсын яллагч, дээд шатны прокурор  эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

12. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Х.Мөнхбатад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Х.ОТГОНЖАРГАЛ

               ШҮҮГЧИД                                       М.МАНДАХБАЯР

                                                                        Д.ЦЭЦЭГЭЭ