| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхбаатарын Сэржмядаг |
| Хэргийн индекс | 188/2024/0051/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/119 |
| Огноо | 2024-01-23 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ж.С |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 2024/ШЦТ/119
2024 01 23 2024/ШЦТ/119
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
нарийн бичгийн дарга: Б.Сарантуяа,
улсын яллагч:Ж.Сувданчимэг
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Б.Нандинцэцэг
шүүгдэгч: Л.М нарыг оролцуулан Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Мөнхчимэгт холбогдох эрүүгийн 2308000001940 тоот хэргийг 2023.12.08-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод **** дугаар сарын ***-ний өдөр төрсөн, *** настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, нарийн бичиг мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-6, эх, эгч, хамтран амьдрагч, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо Сансарын 10 дугаар гудамжны 14 тоотод оршин суух, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй. /РД:********/ М овогт Л.М нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг “бага насны хүүхэд болохыг мэдсээр байж”, “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Л.М нь 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 15 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн ***** хорооны **** гудамжинд “хүүхдүүд дагуулж тэнэдэг, уруу татдаг” гэх шалтгаанаар зээ дүү 10 настай Ч.Тэлмүүн рүү чулуу шидэж, түүний бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
- Гэмт хэргийн гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-2 тал/,
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /5-6-р тал/,
- Бага насны хохирогч Ч.Т: “...Би Сонгинохайрхан дүүргийн 2: дугаар хороо Сансар 10 дугаар гудамж 14 тоотод эгч Л.М эгчийн монгол гэрт ээж Ч хамт амьдардаг байсан. 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр гэрт 1 шилтэй архи ээж Ч, аав З, эгч М нар хувааж уугаад гэнэт М эгч над руу уурлаад манай хоёр хүүхэд хаана байна. чи битгий хүүхэд дагуулж яваад золбинтоод байгаарай гээд уурласан. Тэгээд намайг цохих гээд байхаар нь гараад зугтаасан. Намайг гүйцэхгүй байсан. Тэгээд араас хөөж байгаад над руу араас чулуу шидээд миний толгойг оноод толгойн ар хэсэгт хагарсан. Миний толгой бүрэн эдгэрсэн, одоо ямар нэгэн өвдөж байгаа зүйл байхгүй. Тэгээд удалгүй ирээд миний толгойг боож өгсөн ” гэх мэдүүлэг /хх-17-18/,
- Гэрч Л.Ч /хохирогчийн эх/: “Т толгойноос нь цус гарчихсан... надад хандаж, “ээж энэ М эгч над руу чулуу шидээд миний толгойг хагалчихла”а гэж хэлсэн... Тэр үед М архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Манай хүү Тэлмүүн ганцаараа ирсэн, араас нь М ирсэн ба цаанаас танихгүй эрэгтэй, эмэгтэй хүмүүс ирсэн” гэх мэдүүлэг /хх-20/,
- Гэрч Ц.Б: “...Өчигдөр буюу 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 15 цаг өнгөрч байхад гэрээсээ гараад ажил руугаа алхаж байгаад хүүхэд уйлаад байхаар нь хартал миний баруун талд 10-11 орчим насны, эрэгтэй уйлчихсан гүйж байхаар нь хартал араас нь хар урт куртик өмссөн, 35-40 орчим насны бололтой хүүхэд дагуулчихсан тухайн хүүхдийн араас чулуу шидээд алхаад байсан. Тэгэхээр нь би хөөе гээд орилтол нөгөө эмэгтэй зогссон. Тэгтэл нөгөө эрэгтэй холдоод 2-3 хашааны цаана очоод нуугдсан. Тэгсэн нөгөө хар куртиктай эмэгтэй хэсэг гайхаж зогсож байснаа эргээд хашаа руугаа алхаад орсон. Эргэж явахдаа согтуу байгаа бололтой бүдэрч унаад явсан. Тэгэхээр нь нөгөө хүүхэд дээр яваад очтол толгойных нь ар хэсэгт хагарсан бололтой цус гарчихсан байхаар нь юу болсон юм гэхэд манай саяны эгч чулуугаар цохисон гэж хэлсэн. Тэгэхээр нь эмнэлэг дуудах уу, цагдаа дуудах уу гэхэд нөгөө 10-11 орчим насны эрэгтэй хүүхэд яах юм бэ, манай ээж тэнд арай гайгүй согтуу байгаа гэхээр нь согтуу хүмүүс дээр ганцаараа очихоос айгаад нөхрийгөө дуудсан. Удалгүй нөхөр ирээд цагдаа дуудаад нөгөө хүүг дагуулаад ээж болон эгч дээр нь очиход тухайн ээж болон эгч нь гэх хүмүүс согтуу байсан. Тэгсэн тухайн хүүхдийн толгойг хагалсан гэх урт хар куртиктай эмэгтэй нэлээн согтуу байсан бөгөөд гарч явъя гээд байхаар нь байж бай гэж манай нөхөр хэлээд цагдаа ирэхээр нь хүлээлгэж өгөөд явсан... хүүхдийн араас чулуу шидээд явсан эмэгтэй бол урт хар куртиктай, 35-40 орчим насны эмэгтэй байсан” гэх мэдүүлэг /хх-26-28/,
- Гэрч Б.О “...2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ****** хороо ***** тоот гэртээ эхнэрийн хамтаар байж байтал эхнэр маань 15 цагийн үед ажил руугаа явлаа гээд гараад явсан ба утсаа үлдээгээд явчихсан байсан... танихгүй дугаараас над руу залгахаар нь аваад ярихад эхнэр Ц.Б ярьж байсан ба Хөтлийн өргөн чөлөөний энд хүүхэд нэг эмэгтэй чулуугаар шидээд хөөгөөд гүйгээд байна толгой руу нь цохичих шиг болсон гэж хэлэхээр нь би гэрээс гараад Хөтлийн өргөн чөлөөн дээр очиход 3 том хүн, нэг хүүхэд байсан ба хүүхдээс юу болсныг асуухад урт хар куртиктай эгч чулуу шидээд толгой гэмтээчихсэн гэж хэлсэн. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан. Тухайн 3 том хүн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байсан. Тухайн хүүхэд 11 настай гэж байсан, нэрээ хэлээгүй, толгойн ар дагз хэсэг дээрээ цус гарчихсан байдалтай л харагдсан. Надад хэлэхдээ урт хар куртиктай эгчийг заагаад энэ эгч чулуу шидсэн гэж хэлсэн. Цагдаа нар ирээд тухайн эмэгтэйг хамаатных нь хүн байна гэж хэлсэн. Миний харснаар 40 орчим насны, шар царайтай, урт хар өнгийн куртиктай харагдаж байсан...” гэх мэдүүлэг /хх-23-24/,
- Шүүх-эмнэлгийн шинжээчийн 2023.10.25-ны өдрийн 13334 дугаартай: “Хэсэг газрын үзлэгт: Дагзны ар талын хуйханд 1,3см, 0,6см зах ирмэг тэгш бус мэс заслын оёдол тавигдсан эдгэрч буй шархтай.Дүгнэлт: Ч.Тбиед дагзны хуйханд шарх гэмтлүүд тогтоогдлоо.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байна.Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо” гэх дүгнэлт /хх-35-36/,
- Яллагдагч Л.М: ”Прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр эгч Чимгээгийн хамт архи уугаад нилээн согтсон. Тэгээд “манай хүүхдийг уруу татдаг” гэж уурлаад согтуу хөөгөөд чулуу шидэж толгойг нь хагалсан. Хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Мнай эгч Чимгээ нь 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр цус харваад бурхан болсон. Түүний хүү Ч.Т нь одоо том ах Т гэрт байгаа” гэх мэдүүлэг /хх-115/ зэрэг баримтууд хамаарч байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд, шүүгдэгч Л.М хувийн байдалтай холбоотой болон бусад баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил болон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Л.М нь эх, хамтран амьдрагч, хүүхдүүд, төрсөн эгч Л.Ч, түүний хамтран амьдрагч болон хүү Ч.Тэлмүүн нарын хамт нэг өрхөд бүртгэлтэй амьдардаг болох нь Сонгинохайрхан дүүргийн ****** хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэлүүд /хх-93-101/, Гэр бүлийн нөхцөл байдал, хэрэгцээний үнэлгээ /хх-102-104/, Хүүхдийн эрсдэлийн нөхцөл байдлын үнэлгээ /хх-105-107/, Аюулын зэргийн үнэлгээ /хх-108/ зэрэг баримтуудаар тогтоогдож тул Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар шүүгдэгч Л.М, хохирогч Ч.Т нарыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээдэд тооцно.
Шүүгдэгч Л.М нь 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 15 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн **** хорооны Сансарын 10 дугаар гудамжинд “хүүхдүүд дагуулж тэнэдэг, уруу татдаг” гэх шалтгаанаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай зээ дүү 10 нас 10 сар 02 хоногтой /хх-39/ Ч.Т рүү чулуу шидсэний улмаас бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь шүүхийн хэлэлүүлгээр шинжлэн судалсан дээр дурьдсан баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Л.М хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг “хохирогчийн бага насны хүүхэд болохыг мэдсээр байж”, “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.
Бага насны хохирогч Ч.Т хууль ёсны асран хамгаалагч болох төрсөн эх Л.Ч 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр өвчний улмаас нас барсан тул түүний хууль ёсны төлөөлөгчөөр Сонгинохайрхан дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөглийн хэлтсийг томилсон бөгөөд тухайн байгууллагыг төлөөлж ажилтан Б.Н хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүхэд “Хүүхдийн биеийн байдал хэвийн болсон. Бүрэн эдгэрсэн. Хичээлдээ явж байгаа. Сургуулийн сэтгэл зүйчтэй уулзуулж байгаа. Ч.Т асран хамгаалалтын асуудлыг хөөцөлдөөд шийдэгдэх шатандаа явж байгаа. Т өөрөө эгч Л.М ээнэгшин дассан байнга гэр лүү нь гүйгээд байгаа. Асуудал одоохондоо шийдэгдээгүй байгаа тул жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү” гэх хүсэлт гаргасан бөгөөд бага насны хохирогч : Манай ээж өвчний улмаас нас барсан, би одоо өөрийн төрсөн эгч Энхжин эгчийн гэрт хамт амьдардаг. Би эгчтэйгээ амьдрах хүсэлтэй байгаа, намайг хорооноос хэнтэй амьдрах талаар шийдэж өгнө гэсэн. Манай ээж өнгөрсөн учраас хүлээгдэж байгаа юм шиг байна билээ. Би анх толгойгоо боолгоод тэгээд гэртээ байж байгаад эдгэрсэн. Намайг Л.М эгч цохиж зодож байгаагүй, анх удаагаа чулуу шидэж миний толгойг хагалсан. Надаас М эгч уучлалт гуйгаад ахиж зодохгүй гэсэн, би уучилсан” гэж мэдүүлсэн /хх-17-18/ байна. Иймд өнөөдрийн шүүх хуралдаанаар иргэний нэхэмжлэл хэлэлцэхгүй орхиж, жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдэрлэв.
Шүүгдэгч Л.Мнь урьд 2 удаа ял шийтгүүлж байсан болох нь дараахь баримтуудаар тогтоогдож байна. үүнд:
Шүүгдэгч Л.М нь тогтоол биелүүлэхийг хойшлуулсан болон, хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдээгүй байх тул ялгүй болсон байна. Иймд түүний урьд 2 удаа шийтгүүлсэн байдлыг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсонгүй.
Шүүгдэгч Л.М үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Дээрх нөхцөл байдал болон Л.М хувийн байдлыг харгалзан, улсын яллагчийн санал болгосончлон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялаас зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгон хэрэглэж, Сонгинохайрхан дүүргийн ****** хорооны нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын зөвшөөрөлтэйгөөр зорчих үүргийг гурван сарын хугацаагаар хүлээлгэх зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, шийтгэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М овогт Л.М хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг “хохирогчийг бага насны хүүхэд болохыг мэдсээр байж”, “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. . Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар М овогт Л.М Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын зөвшөөрөлтэйгөөр зорчих үүргийг 3 /гурван/ сарын хугацаагаар хүлээлгэх зорчих эрх хязгаарлах ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Л.М нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хувийн эд зүйл, бичиг баримт хураалгаж битүүмжлүүлээгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч иргэний нэхэмжлэл гаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэйг заасугай.
5. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Дээрх дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.М урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй тохиолдолд зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн тооцож хорих ялаар солино гэдгийг Л.М мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ С.СЭРЖМЯДАГ