Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 130/ШШ2021/00035

 

Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 4 дүгээр багт оршин суух, А овогт Х.С-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн Б сумын 3 дугаар багт оршин суух, А овогт Т.Т,

Хариуцагч: Б аймгийн Б сумын 3 дугаар багт оршин суух, Ж овогт М.А нарт холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.М,  хариуцагч Т.Т, М.А, орчуулагч Б.А, гэрч Х.Б М., З.С, З.Ж, А.А,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Х нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлээр өгсөн 44559590 төгрөг гаргуулах тухай.

Нэхэмжлэгч Х.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Б аймгийн Өлгий сумын 5 дугаар цэцэрлэгт манаачаар ажиллаж байгаад 2018 онд өндөр насны тэтгэвэрт гарсан. Төрсөн эгч болох Х.Д-ийн хүү болох Т.Т, бэр болох М.А нарт өөрийнхөө бололцоогоор тэдний хэлсэн болгоныг биелүүлж дэмжлэг үзүүлж байсан. Х.С би өөрөө ганц бие бөгөөд өөрөө ажил хийж тогтмол цалин орлого олж байсан ба өндөр насны тэтгэвэрт гарахад 3 жилийн цалин хөлстэй тэнцэх хэмжээний буцалтгүй тусламж авсан тэтгэмжийг өөрийн дансанд хийж байсан юм.

ХААН банк дахь хадгаламжид байгаа дансанд уг мөнгийг хүүтэй хадгалуулж байсан. Миний бие Х.С нь зээ дүү болох Т.Т, бэр болох М.А нарын хүсэлтээр өөрийн хадгаламжид байгаа бэлэн мөнгөнөөс 2017 онд 11415310 төгрөг, 2018 онд 21340693 төгрөг, 2019 онд 11803588 төгрөг буюу нийт 44559590 төгрөгийг зээлээр өгсөн юм. Зээлсэн мөнгийг одоо хүртэл элдэв шалтаг тоочиж өгөхгүй байна. Уг мөнгийг удаа дараа шаардсан боловч надтай хэрүүл маргаан үүсгэж өгөхгүй намайг маш ихээр гомдоож хохироож байна. Мөн хариуцагч Т.Тий хүү Т.Елигжаны нэр дээр 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хадгаламжийн дэвтэр нээлгэж 600000 төгрөгийг хадгалуулсан байна. Иймд Т.Т, М.А нараас зээлж авсан 44559590 төгрөгийг гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэжээ.

Хариуцагч Т.Т, М.А нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагч Т.Т, М.А бид хоёр нэхэмжлэгч Х.Сн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Т.Т, М.А би хоёр нэг гэр бүлийн хүмүүс бөгөөд Х.Стай холын хамаатан хүмүүс юм. Бид нар өөрсдөө хар бор ажил хийж хийсэн хөдөлмөрөөрөө амьдралаа залгуулж яваа хүмүүс юм. Бид хоёр Х.Сгаас ямар нэгэн мөнгө зээлж аваагүй бөгөөд түүний биднээс нэхэмжилж байгаа 44559591төгрөгийг амьдралдаа сонсоогүй мөнгө байна.

Нэхэмжлэгч Х.С нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа ХААН банкны 00000000 дугаартай данстай хүнд мөнгө шилжүүлсэн тухай баримтыг хавсаргаж өгснийг харлаа. Харин Т.Т, М.А бид хоёр ХААН банканд 00000000 дугаартай данс эзэмшдэггүй бөгөөд энэ нь бидний данс биш, өөр хүний данс байна.

Мөн Х.С нь бидний хүү Т.Е-ны нэр дээр хадгаламж нээж өгч байгаагүй бөгөөд Т.Т, М.А бид хоёр өөрсдөө хүүгийн нэр дээр мөнгө хийж, хадгаламж нээж өгч байсан билээ. Иймд Х.Сн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь огт үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.М багасгасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.М миний бие нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, бусад бичиг баримттай танилцаж үзээд дараах нэмэлт тайлбар гаргаж нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж байна.

Хариуцагч Т.Т шүүхэд гаргасан тайлбартаа нэхэмжлэгч Х.Сг огт танихгүй гэсэн байна. Гэтэл Т.Т нь Х.Сн төрсөн эгч болох Х.Д-ийн хэнз хүүхэд ба Х овогтой С төрсөн зээ болох билээ. Тийм учраас огт танихгүй, төрөл садангийн холбоогүй гэдэг нь үндэслэлгүй юм.

Нэхэмжлэгч Х.С анх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 44559590 төгрөгийг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох Т.Тий хүүхдийн нэр дээрх хадгаламжийн 600000 төгрөг, Т.Т нь “Акцент” маркийн машин худалдаж авахад өгсөн 4000000 төгрөг, Хятад улсад үйлдвэрлэгдсэн “Мустанг” маркийн мотоцикл худалдаж авахад өгсөн 1000000 төгрөг, бүгд 5600000 төгрөг гаргуулж өгөхийг хүсэж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.М шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Миний бие Х.М авга ах Х.Сн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр өнөөдрийн шүүх хуралдаад оролцож байна. Х.С өөрийн төрсөн зээ дүү болох Т.Тд 4 сая төгрөгийн машин, нэг сая төгрөгөөр мотоцикл авч өгсөн. Мөн Т.Тий том хүүхдийнхээ нэр дээр данс нээж 600000 төгрөгийг хадгаламжид хийж өгсөн. Одоо тэр мөнгөө авъя гэхээр энэ хүмүүс татгалзаж, асуудал үүсгэн өгөхгүй байгаа тул аль болох хурдан гаргуулж авах үүднээс шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд хариуцагч нараас хүүхдийн нэр дээр хийсэн 600000 төгрөг, машин худалдаж авахад өгсөн 4 сая төгрөг, мотоцикл авахад өгсөн нэг сая төгрөг нийт 5600000 төгрөг гаргуулж өгөхийг хүсэж байна гэв.

Хариуцагч  Т.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Машин авч өгсөн мотоцикл авч өгсөн гэж байна. Нэхэмжлэгч тал надад 1 сая төгрөгөөр мотоцикл авсан гэж байгаа боловч би шинэ мотоциклыг 1750000 төгрөгөөр авсан. Машиныг Жыргау гэдэг хүнээс авсан. Хүүхдийн нэр дээр дансанд 600000 төгрөгийг би өөрийн мөнгөөр хийж өгсөн. Би өөрийн малаа борлуулаад хүүхдийн нэр дээр хадгаламж нээж хийсэн. Энэ бүхэнд Х.Сн ямар ч оролцоо байхгүй. Би мотоциклээ зээлээр авсан бөгөөд баримт нь байгаа гэв.

Хариуцагч М.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид мотоцикл болон машинаа өөрсдийн мөнгөөр худалдаж авсан. Х.С гэдэг хүн манайд байнга ирж байдаг манай хадам ээжийн дүү нь байгаа. Нэг удаа бид хүүхдээ хувцас авч өгөх гээд хадгаламжийн дэвтрийг хайж байхад харж байсан. Х.С албаар бид нарыг гүтгэж байна гэж харж байна. Бид мал борлуулсан мөнгөөрөө машин авсан. Бид зуны цагаар түлээ зарж, гүү сааж, айраг зардаг, малаа борлуулж амьдардаг хүмүүс. Хоёулаа монгол хэл мэдэхгүй. Нөхөр маань толгойдоо хагалгаа хийлгэж байсан. Нэг нүд нь хараагүй, архи, тамхи хэрэглэдэггүй. Өмнө тахир дутуугийн тэтгэмж авдаг байсан одоо авахгүй байгаа. Бид нар хүнээс үндэслэлгүй мөнгө авдаг хүмүүс биш. Өмнө нь 45 сая төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна. Гэхдээ энэ ямар ч үндэслэлгүй. Бид нар хүүхдүүдийнхээ мөнгөөр өөрсдийн зээлээ барагдуулж зарж боловсруулсан зүйлийнхээ мөнгөөр амьдардаг хүмүүс. Бид нар машинаа хүүхдүүдээ хичээлд хүргэж өгөх зорилгоор өөрсдөө зээлээр авч байсан гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.С нь хариуцагч Т.Т, М.А нарт зээлээр өгсөн 44559590 төгрөгийг гаргуулж өгөхийг шаарджээ.

Хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж Т.Т нь “Акцент” маркийн автомашин худалдаж авахад өгсөн 4000000 төгрөг, Хятад улсад үйлдвэрлэгдсэн  “Мустанг” маркийн мотоцикл худалдаж авахад өгсөн  1000000 төгрөг, хүүхдийн хадгаламж нээхэд өгсөн 600000 төгрөг, нийт 5600000 төгрөгийг Т.Т, М.А нараас гаргуулж өгөхийг хүссэн байна.

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн үндэслэлээ миний бие ганц бие, ажил хийж тогтмол цалин хөлс авч байсан ба өндөр насны тэтгэвэрт гарахад 3 жилийн цалин хөлстэй тэнцэх буцалтгүй тэтгэмж авч, тэтгэмжийг ХААН банкны хадгаламжийн дансанд хадгалуулж байсан бөгөөд зээ дүү Т.Т, бэр М.А нарын хүсэлтээр зээлээр өгсөн боловч элдэв шалтаг зааж өгөхгүй байгаа тул гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч нар нэхэмжлэгч Х.Сгаас ямар ч мөнгө зээлсэн асуудал байхгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй болно.

Нэхэмжлэгчээс нотлох баримтаар харилцагч Халым Сгийн 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэлх  ХААН банкны депозит дансны хуулга, 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн мөнгөн шилжүүлгүүд , мөн өдийн зарлагын мэдүүлэг, 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн зарлагын мэдүүлэг, 2017 оны 12 дугаар сарын сарын 25-ны өдрийн мөнгөн шилгүүлэг, 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн мөнгөн шилжүүлэг, 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн мөнгөн шилжүүлэг, 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн зарлагын мэдүүлэг, 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн мөнгөн шилжүүлэг, Т.Е-ийн ХААН банкин дахь хадгаламжийн дэвтэр зэрэг баримтуудыг гаргаж ирүүлсэн боловч энэхүү баримтууд нь Х.Сгаас хариуцагч Т.Т, М.А нарт зээлээр мөнгө шилжүүлснийг нотлохгүй байна.

Мөн нэхэмжлэгч талын хүсэлтээр гэрчүүд болох Х.Б, М.С, З.Б, З.Ж, А.А нарыг шүүх хуралдаанд оролцуулж мэдүүлэг авсан боловч дээрх гэрч нар нь “Х.С нь Т.Т, М.А нарт мөнгө зээлүүлсэн, мөн Т.Т нь автомашин болон мотоцикл худалдаж авахад Х.С мөнгө өгсөн талаар мэдэхгүй, сонсоогүй” гэж мэдүүлсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь нотлох баримтын хүрээнд тогтоогдохгүй байна.

Иймд нэхэмжлэгч Х.Сгийн Т.Т, М.А нараас Т.Тийн хүүхдийн нэр дээрх хадгаламжийн 600000 төгрөг, Т.Т нь “Акцент” маркийн машин худалдаж авахад өгсөн 4000000 төгрөг, Хятад улсад үйлдвэрлэгдсэн “Мустанг” маркийн мотоцикл худалдаж авахад өгсөн 1000000 төгрөг, нийт 5600000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Сгийн  хариуцагч Т.Т, М.А нараас Т.Тийн хүүхдийн нэр дээрх хадгаламжийн 600000 төгрөг, Т.Т нь “Акцент” маркийн машин худалдаж авахад өгсөн 4000000 төгрөг, Хятад улсад үйлдвэрлэгдсэн “Мустанг” маркийн мотоцикл худалдаж авахад өгсөн 1000000 төгрөг, нийт 5600000 /таван сая зургаан зуун мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Х.Сгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 380748 төгрөгийг улсын орлого болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдааны оролцогчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                М